Ардчиллын дууч, сэтгүүлч С.Цогтсайхан агсны гэгээн дурсгалд зориулсан "АМЬДРАЛ, ТЭМЦЭЛ, УРАН БҮТЭЭЛ" ном уншигчдын хүртээл болсон билээ. Энэ номонд түүний нийтлэлүүдийг эмхтгэн оруулсан байна. Манай сонин уг номонд орсон нийтлэлүүдийн цувралаар хүргэж байна.
С.Цогтсайхан
Хэдэн жилийн өмнө “Бизнес таймс” сонинд Баабарын бичсэн “Эльдорадо” өгүүлэл хэвлэгдэж билээ. Европчууд Америк тивийг нутгийн индианчуудыг хүйс тэмтэрч байх үеэр Эльдорадо гэдэг цул алтаар бүрмэл газар байдаг гэсэн домог яриа сонсогджээ. Европчууд энэ хоосон ярианд иргэд бүхэн 200 жилийн турш уг газрыг эрээд олоогүй юм гэдэг. Ийм газар байдаг ч үгүй бөгөөд үүгээр Баабар бэлэн хэвтэж байдаг хоол гэж байхгүй, хөдөлмөрлөхгүйгээр хөлжиж, баяжиж болдоггүй гэсэн санааг хэлсэн хэрэг. Монголчуудад тун зохисон үг санагддаг юм.
Бид эртнээс хот босгож суурин соёл иргэншил хөгжүүлэхийг чухал болгосонгүй. Байлдан дагуулж, булаан эзлэхийг эрхэм болгож ирсэн түүх бий.
Бүтээх биш булаах бэлэн сэтгэлгээ мөхлөө хүлээж шарын шашинтай золгов. Ажил хийж, худалдаа соёлыг хөгжүүлэх нь бас л нөр их хөдөлмөр тул хоосон ном цээжилж сүм хийдийн олбог дээр өргөл барьцны хоол идэж суух бэлэн сэтгэлгээнд автав. Зуун мянган ажиллах хүчээ олбог дээр залсан түүх саяхных. Ямар нэг аргаар юу ч хийж бүтээхгүй хоол идэхийг л монголчууд бид дээдэлдэг ажээ.
Монгол хүн нүүдэлчин гэдэг нэрнээс салах тун дургүй байна. Чухамдаа нүүдэл хийнэ гэдэг фермерийн аж ахуй эрхлэхээс залхуурч бэлэн өвс дагасан бэлчээрийн аж ахуй гэдгийг бид мэднэ. Нүүдэлчний хоцрогдлоо соёл иргэншил гэж хаацайлсаар өнөөг хүрлээ.
Чадалтай нь чадалгүйгээ, ажил хэрэгч нь залхуугаа ялан дийлдэг зах зээл шударга өрсөлдөөний эрин үетэй учирлаа. Гэвч эндээс бид бас л бэлэн сэтгэлгээ “Эльдорадо”-г эрж хайж эхлэв.
Нэг л сайхан том бурхан хийчихье. Тэр бурхан маань биднийг бүх л гай зовлонгоос гэтэлгэж бидний ам руу бэлэн хоол халбагадаад л өгч байг гэсэн хамгийн амархан, хамгийн гэнэн хувилбарыг сонголоо. Ингээд сая долларын хөрөнгөөр лут том Жанрайсаг гэдэг түвд бурхан бүтээгээд авав.
80 тохой өндөр бурхны суурийг тун хэврэг хийсэн тухай инженерүүд ярьж байна. Нэг нартай өдөр нурж унаад өчнөөн зуун хүнийг ламтай нь хамт няц дарах вий гэдэг болгоомжлол бодит үнэнд тун ойрхон сонсогдоно. Түүнээс биш ам руу хоол халбагадаад ард олныг амар сайхан жаргаагаад өгнө гэдэг хийсвэрлэл үнэн мөнөөс нэлээд хол сонсогдоно. Харин гадаадын зочдод гайхуулж болох эд.
Улс орон жинхэнэ утгаар хөгжих асуудал нэгдүгээрт тавигдахгүй байна. Харин хөгжиж байгаа дүр үзүүлэх нь юуны түрүүн шийдэх асуудал болжээ. Яагаад гэвэл хөгжлийн замаар явах хэцүү болохоор дүр үзүүлэх хялбар замыг сонгох нь бэлэнчлэх сэтгэлгээний сонгодог хувилбар билээ. Жишээ нь нисэхийн цагаан хаалгыг шавраар хийжээ. Түүнийг гантиглавал Азийн цагаан дагины хүзүүнд зүүсэн чимэг болно гэж үзээд 30 сая төгрөг үрсэн байна. Гоё хаалгатай юм чинь гоё сайхан хот байж таарна гэж гадаадынханд бодуулах гэсэн оролдлого. Санаа нь их ядуу. гантиган хаалгаар шургаад гарахад цаана нь “Да хүрээний” хашаа гэрүүд ил жорлонтойгоо ярайж л байгаа шүү дээ. Хашаа гэрээ далдлах гэж хайс барьж мөнгө үрэн мод тарихыг хичээсэн тал бий. Ургаад ч халхлахгүй мод нь олигтой ч ургасангүй.
Тэгтэл бас үзэл суртлын үнэр 120 мянгат хавиас ханхалж байгааг хэн нэг нь олоод мэдээдэхлээ. Харийн зочин гийчний өөдөөс хоёрдугаар дайны танк хүйтэн хошуугаа чиглүүлж байна гэнэ ээ. Ингээд өчнөөн арван жил хэнд ч гэмгүй гэдийгээд зогсч байсан танкийг хүзүүгээр нь эргүүлж Богд уул руу чиглүүлэх асуудал яригдах болов. Ингэхлээр гадны зочин руу бөгсөө хариулах болов уу гэж төсөөлж байна.
Монголын төв болсон Сүхбаатарын талбайн хөшөө тойрсон арслангуудыг шавраар хийсэн нь сүр хүчгүй оргиод байна гэсэн хөндлөн санаа хэн нэгэнд нь төрчихжээ. Ингээд архирч үзээгүй оригиналь шавар арсланг харуулын албанаас огцруулах юм болов. Ингэлээ гээд юу хожих билээ? Аан тийм. Гадаадын жуулчид ирээд Монгол орныг өндөр хөгжилтэй юм гэж санана. Ердөө л энэ үү? Үгүй ээ, ард түмэн П.Очирбат “хааны” үед үүнийг шинэчилсэн юм гэж ярина. Зарим нь Ж.Наранцацралт дарга ч их юм хийж байна шүү гэж санаг. Шавар арсланг чулуу болгох нь ийм их нэр нүүрийг тагладаг болохоор төрөөс дэмжлэг авч байгаа юм. Дараагийн засгийн үед жанжны хөшөөг чулуу болгосон хүн өөрөө “чүнчигноров” болж үнэлэгдэнэ. Би Ерөнхий сайд байсан бол ерэн тохой Чингисийн хөшөө бүтээлгэж Айдсын даваан дээр босоогоор нь байрлуулах байлаа.
Бидний хийх дуртай, хийж чадах зүйл гэвэл нэг иймэрхүү. Гадаадын жуулчид Монголыг зорихдоо хөгжилтэй улс, гоё хот үзье гэж бодоогүй нь мэдээж.
-Манай хот ямар байна? гэж бид асуухаар
-Сайхан сайхан. Азийн цагаан дагина гэж хариулна. Ямар ч тэнэг хүн өөр улсад оччихоод түүнийг муулахгүй шүү дээ. Энэ үгэнд нь манайхан итгэж нээрээ Улаанбаатар хот маань Азийн цагаан дагина юм байна гэж зүүдлээд жил болгон байшингуудаа цагаан өнгөөр шохойдно. Үнэндээ нэлээд бүдүүлэгдүү газар жил бүр шохойтойгоо зууралддаг юм билээ. Жуулчдын ихэнх нь Монголын хоцрогдлыг сонирхох гэж ирдэг нь нууц биш.
Улаанбаатарын сонин хачин юм нь тэнэмэл хүүхэд. Өмнө зүгийн нутгаар говь, төвийн нутгаар Хөвсгөл нуур.
Гадныхан монгол гэрийг бас их сонирхоно. Учир нь үр хүүхдийнхээ дэргэд эцэг эх нь унтаж, зочны болон гал тогоо, унтлага, угаалгын өрөө цөм нэг дороо байрласан яг л хүй нэгдлийн үедээ амьдарч байгаа дүр зураг Африкийн ширэнгэ, Хойд мөсөн далайн урт овоохой, монголын тал нутагт тод үзэгддэг. Хоцрогдлоороо бизнес хийх арга ухаанд зарим уран бүтээлч суралцаж монголын бүх л муу муухайг үзүүлсэн кино хийж гадаадад худалдахыг санаархах болсныг хэлэх хэрэгтэй.
Том бурхан бүтээгээд, танкийн хөшөө, талбайн арсланг өөрчилчихвөл Монгол Улс хөгжинө гэдэгт бид тун дуртай итгэдэг. Яагаад гэвэл бидний сонгосон зам бэлэнчлэх сэтгэлгээ хялбар арга.
Их мөнгөтэй баян чинээлэг болмоор байна гэж хүсвэл хөдөлмөрлөх замыг сонгохгүй, шуудхан Гандан ороод “Алтангэрэлийн даллага” авхуулахыг урьтал болгоно. Ажил хэрэг нь бүтэж өөдлөхгүй бол “яагаад бүтэхгүй байна вэ?” гэдэг асуултыг өөрөөсөө биш, лам, мэргэч төлөгчөөс очиж асууна. Тэд хариуд нь хийморийн сан уншуул сүлдээ дуудуул гээд баахан мөнгөөр нь шатаах жишээтэй. Эсвэл “чи нэг хүнээс хэдэн жилийн өмнө бараан өнгийн эд авсан байна, түүнийгээ шатаа” гэж зөвлөнө. Мань эр бодтол тийм эд зүйл өөрт байх нь гарцаагүй. Телевизор ч байж магад. Түүнийгээ цонхоор гаргаж шидээд л сэтгэл амрах нь тэр. Ажил хийж махран зүтгэснээс телевизороо цонхоор шидчих нь амархан тул аль хялбарыг нь сонгох нь бидний цусны зан.
Өнгөлөн далдлах юманд өчнөөн сая төгрөгөө үрэхээс өөр хийж бүтээх, засаж янзлах ажил их байна. Дэлхийн хамгийн муу авто зам тэгш тал нутгийн Монгол оронд байна гэхэд хэн ч маргахгүй. Цахилгаан станц нь хэчнээн сайн усаа халаагаад ч түүнийг дамжуулдаг шугам хоолой бөглөрсөн, зэвэрсэн, хуучирсан болохоор айлууд нь хүйтэн, ард түмэн ханиад, томуунаас сална гэж үгүй. Хүний насыг уртасгадаг эмнэлгийн шидэт техник “барокамер” улсын хэмжээнд цор ганц. Бид яагаад нэн чухал зүйлд гол анхаарлаа хандуулахгүй байна вэ. Замаа засч, сантехникийн шугам хоолойгоо сольж, хүмүүсийнхээ эрүүл мэндийг анхаарч үзсэний эцэст танк, арслан мэтийн зүйлээр оролдвол зүгээр сэн.
Найман жилийн дараа Монголын нийслэлийг Хархоринд шилжүүлнэ гэсэн яриа хамгийн сүүлд сонсогдлоо. Тун догь. Ажлаа онохгүй байгаа албан тушаалтнууд ширээ сандалтайгаа хотоос зайдуу байхдаа гэмгүй. Энд хүмүүс нэн тэргүүнд хийх ёстой зүйлээ хийх боломжтой болно. Тэгэхгүй бол Азийн бар улс болохын тулд барын хашааг эрээн чулуугаар хийнэ гээд зүтгэчхэж чадах улс. Эцэст нь нэгэн зүйлийн учрыг хэлье. Гарын уртай Гомбо цаасан дээр арсланг бар болгоод ч юм уу хачин чамин юм зурж түүнийгээ найз түшмэл Дамбад танилцуулна. Түшмэл бодолхийснээ:
-Наад төслийг чинь батлуулах гээд үзье. Ямар миний халааснаас гарах биш, төсвөө ахиухан хийгээрэй, гэж зөвлөнө. Хоёр сая төгрөгөөр бүтэх ажлыг тав зургаан саяд хүргэж батлуулна. Илүү гарсан мөнгөө Гомбо найз Дамба, төсөл баталсан бас нэг түшмэл гурав хуваагаад авчих жишээтэй. Ийм систем манай нийгмийн бүх тогтолцоонд өөрийнхөө өнгө төрхөөр амьдарч цэцэглэн хөгжиж байна. Энэ тухай дараачийн нийтлэлдээ өгүүлэх болно.
1997 он