Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан юм. Ингээд уншигч та бүхэнд зарим мэдэээллийг тоймлон хүргэж байна.
Тухайлбал, коронавирусийн халдварын тархалтаас үүдсэн хөл хорио, хязгаарлалттай холбоотойгоор нийгэмд ажилгүйдлийн хэмжээ ихэсч, өрхийн орлого буурсаар байна хэмээн эдийн засагчид анхааруулсаар байгаа.
Харин манай Статистикийн төв байгууллагын танилцуулж байгаагаар бол энэ оны эхний улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх улирлаас 74.6 мянган төгрөгөөр буюу 6.6 хувиар өссөн юм байна. Эндээс үзэхэд манай улсын иргэдийн орлого буурсан биш өссөн нь тодорхой боллоо. Ийнхүү өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэврийн хэмжээг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмсэн нь нөлөөлсөн гэнэ.
Түүнчлэн өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2020 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс
- 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 15.6 мянгаар,
- 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 13.0 мянгаар,
- 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 41.0 мянгаар,
- 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 29.3 мянгаар,
- 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 6.7 мянгаар буурсан бол 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 24.8 мянгаар, 2.1-3 сая төгрөгийн орлоготой өрх 42.1 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 34.9 мянгаар нэмэгджээ.
Харин Статистикийн энэ байгууллага эдийн засгийн хямрал, коронавирусийн тархалтаас үүдээд бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн нэмэгдэж, айл өрх, ард иргэдийн худалдан авах чадвар хэр буурсан талаар тодорхой дурдаагүй байна.
Харин хөдөлмөр эрхлэлтийн тухайд бас бүхий л зүйл сайн сайхан байгаа гэж энэ мэдээлэлд дурджээ. Хил хаасан, дотоодод хөл хорио, хязгаарлалт тогтоосноос үүдээд аж ахуйн нэгж, компаниуд орон тоогоо цомхотгож ажиллагсадаа халж байна хэмээн эдийн засагчид, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим албан ёсоор мэдээлсээр байгаа нь манай статистикийн хорооны дарга удирдлага, мэргэжилтнүүдийн хажуугаар өнгөрсөн юм байна.
Энд мэдээлснээр дөрөвдүгээр сард хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн ажилд зуучлагдан орсон иргэдийн тоо энэ сард 7739 иргэн шинээр бүртгүүлснээс 1763 иргэн ажилд орсон гэнэ. Харин үлдсэн 5976 иргэн ажил хайсаар байгаа гэсэн үг юм. Харин өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард 6996 иргэн ажил хайж бүтгүүлснээс 1767 иргэн ажилд зуучлуулан орсон байна.
Эцэст нь энэ оны эхний дөрвөн сарын бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо 33 мянга байгаа нь өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар буурсан үзүүлэлт гарсан бол өмнөх сарын үзүүлэлтээс 6.5 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Энэ мэдээллээс харахад харин ч ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс буурсан, бүх зүйл сайн сайхан байгаа нь мөн л тодорхой боллоо.
Тэгэхээр цаашид коронавирусийн улмаас ажилгүй иргэдийн тоо өссөн. Иргэдийн өрхийн орлого буурсан гэж хэлж байгаа хүмүүс дэгсдүүлсэн болж таарах нь.
Харин өрхийн орлого өссөн, ажил хайгч иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс буурсан энэ сард өрхийн сарын дундаж нийт зарлага 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 228.2 мянган төгрөгөөр буюу 17.1 хувиар өссөн байна. Манайхан л болсон хойно олсныхоо хэрээр үрдэг уламжлалаар ийнхүү орлогын хэмжээг дагаад зарлага ийнхүү өссөн байгаа нь үнэнд нийцэх биз ээ. Мөн зарлагын хувьд өмнөх улирлаас 120.5 мянган төгрөгөөр буюу 8.3 хувиар өссөн байна. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа үйлчилгээний зарлага 177.8 мянган төгрөгөөр буюу 22.3 хувь, хүнсний бүтээгдэхүүний зарлага 43.9 мянган төгрөгөөр буюу 16.5 хувь өссөн нь нөлөөлсөн байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын нийгмийн даатгалын сангийн орлого 867.7 тэрбум төгрөг байгаа бол зарлага нь 868.1 тэрбум төгрөг болоод байгаа аж. Энэ үнийн дүнгээс харахад нийгмийн даатгалын сангийн орлогоос зарлага нь 400 саяар давсан нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл халамжийн бодлогыг хавтгайруулсны улмаас манай улсын нийгмийн даатгалын сан эхний дөрвөн сарын байдлаар 400 сая төгрөгийн алдагдал хүлээгээд байгааг харж болохоор байна.
Мөн ажилгүйдлийн даатгалын сангаас 7.5 мянган хүнд 17 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 39 хувиар өссөн үзүүлэлт аж. Дахиад л эргэлзээтэй тоо баримтууд хөвөрсөөр. Дээр дурдсанаар бол бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байсан бол ажилгүйдлийн сангаас 17 тэрбум төгрөгийн тэтгэмж авсан 7.5 мянган хүн ажил хайгч иргэнээр бүртгүүлээгүй байгаа бололтой.
Цаашлаад Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний дөрвөн сард 352.1 мянган хүнд 103 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Мөн 18 нас хүртэлх насны 1.1 сая хүүхдэд 89.4 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгожээ.Тэтгэвэр тэтгэмж, халамжийн бодлогын зарлага өссөн дүнтэй зэрэгцээд улсын төсвийн талаарх мэдээллийг хүргэе.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого тусламжийн хэмжээ энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.9 их наяд төгрөг болжээ. Үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого тусламж нь 2.7 их наяд төгрөг болж нийт орлогын 93.4 хувийг эзэлсэн байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3.3 их наяд төгрөг болж тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 643.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Татварын нийт орлого 2.5 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 404.5 тэрбумаар буюу 14.2 хувиар буурсан. Үүний шалтгаан нь хөрөнгийн албан татвар 1.7 тэрбум, бусад төлбөр хураамж 98.6 тэрбум төгрөг, онцгой албан татвар 64.1 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 59.9 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 42.2 сая төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн. Ямартай ч халамжийн бодлого хавтгайрч улсын төсөв тасалдсан нь дээрх тоон мэдээллүүдээс тодорхой харагдаж байна.
Цаашлаад гадаад худалдааны эргэлт дээр мөн л алдагдал хүлээсэн таагүй мэдээ дуулгах нь. Гадаад худалдааны бараа эргэлт эхний дөрвөн сарын байдлаар 3.0 тэрбум америк долларт хүрсэн. Үүнээс экспорт 1.4 тэрбум, импорт 1.6 тэрбум америк долларт хүрсэн. Гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүнг БНХАУ үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл бид өмнөх хөрштэйгээ 1.7 тэрбум америк долларын худалдаа хийсэн. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум америк доллар буюу 30.8 хувиар буурчээ. Өнгөрсөн жилийн гадаад худалдааны тэнцэл эхний дөрвөн сарын байдлаар 745.8 сая америк долларын ашигтай гарч байсан бол энэ онд өмнөх оны мөн үеэс 958.5 сая америк доллароор буурч 212.7 сая америк долларын алдагдалтай гарсан байна. Эдгээр тоо баримтыг гайхах ч хэрэггүй биз дээ. Цаг үеийн байдлаас шалтгаалсан нь тодорхой. Тэр дундаа манай улсын гадаад худалдааны нийт эргэлтэд хоёр хөршийн үзүүлэх нөлөө өндөр байдагтай холбоотой. Цаашлаад Япон, АНУ, БНСУ ордгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний үнэ 10.7 хувиар буюу 377.2 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Мөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар өссөн. Үүнд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь өссөн, мах махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 19.8 хувь өссөн гэх мэдээлэл анхаарал татсан юм. Үүнээс үзэхэд монголчууд бидний хүнсний гол хэрэглээ болсон махны үнэ 20 орчим хувиар өссөнийг харж болохоор байна.
Эцэст нь, улсын төсөв алдагдсан, гадаад худалдаа буурсан, халамжийн бодлого хавтгайрсан, улсын өр нэмэгдсэн, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн байхад өрхийн орлого нэмэгдэж, ажилгүй иргэдийн тоо буурсан сонирхолтой статистикийг та бүхэнд хүргэлээ. Бод бод....
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН