Ардчилсан намын Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогын зөвлөлийн дарга, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Цахим эдийн засаг, цахим худалдаа гээд магадгүй заримынх нь мэдэхгүй зүйлийн талаар ярьдагт тань сэтгүүлч хүний хувьд сонирхоод ярилцахаар ирлээ?
-Баярлалаа. Энд ойлгож ядах юм байхгүй л дээ. Мэдээллийн технологи буюу IT, инновац гэдэг нэршил харин ч манай залуусын дунд түгээмэл хэрэглэгддэг болсон. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг шиг мэдэхгүй байгаа юм уу, ойлгохыг хүсдэггүй хүмүүс бас байна. Харин залуу үе маань энэ тал дээр маш хурдацтай хөгжиж байгаа шүү. Цахим худалдааг манайхан дотооддоо фэйсбүүк, твиттер, инстаграм ашиглаад хийж байна. Амазон, Алибаба, Таобао гээд гадаад худалдаанд ашигладаг цахим хуудас, худалдааны сувгууд олон байна. Хүний ажил хөдөлмөрийг хөнгөвчилсөн, дэлхий нийтэд энгийн хэрэглээ болчихсон.
-Ихэвчлэн залуус цахим сүлжээ ашиглаж худалдаа үйлчилгээ нэвтрүүлж байна. Цахим худалдаа, цахим үйлчилгээний талаарх иргэдийн мэдээлэл бага байна уу?
-Яг зөв. Иргэдэд цахим боловсрол олгох маш чухал. Өнөөдөр дэлхий дээр цахим боловсролын түвшингээрээ хамгийн өндөр үзүүлэлттэй нь Сингапур 95 хувьтай байдаг бол манайх дөнгөж 30 орчим хувьтай. Бид цахим эдийн засгийг номер нэгт нэвтрүүлэх хэрэгтэй. Үүнийг хөгжүүлэхэд дэд бүтэц буюу интернэтийн тархалт сайн байх ёстой. Шилэн кабель аймаг, сум бүрт холбогдсон. Тэгэхээр цахим орчин манайд бүрдсэн гэж хэлж болно.
-Цахим боловсролыг иргэддээ эзэмшүүлэх, цахим эдийн засгийг хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Өнөөдөр бид ухаалаг утсаа фэйсбүүк, твиттерт орохоос өөрөөр ашиглаж чадаж байна уу? Хот хооронд зорчихдоо автобусны билетээ цахимаар захиалдаг хүн хэчнээн байгаа бол? гээд өөрсдөөсөө асууя л даа.
Цахим боловсрол олгох гэдгийг хувь хүний цахим орчныг ашиглах чадамжийг дээшлүүлэх гээд л ойлгочих. Гэтэл өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт дуртай зүйлсээ цахимаар захиалаад авдаг болчихлоо. Манайд яагаад ийм нөхцөл бүрдэхгүй байна гэхээр шинжлэх ухаан, мэдээллийн технологийг хөгжүүлдэг нэгдсэн бодлого алга. Төр бодлогоор зохицуулах хэрэгтэй. Улс бүр цахим бодлого хэрэгжүүлдэг шинжлэх ухаан, мэдээлэл технологийн яамтай болж эхэллээ. Үүгээр юу хэлэх гээд байна гэвэл дэлхийн улс орнууд цахим боловсролоо дээшлүүлэхийг хүсч байна. Дэлхий нийтийн чиг хандлага улс орнуудаас үүнийг шаардаж байна. Энэ хандлагыг олж харсан учраас Ардчилсан нам Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогын зөвлөлийг бий болгосон.
-Дэлхийн хаанаас ч цахим эдийн засагт гар бие оролцох боломжтой болжээ?
-Бид Лос Анжелес, Токио, Парис, Сидней зэрэг томоохон хотуудад байгаа бараа бүтээгдэхүүнийг авах гэж гадаад явах шаардлагагүй болсон. Цахим орчинд бол бид тэдгээр хотуудын иргэдтэй ижил гараан дээр байна гэсэн үг.
Үүнээс гадна цахим эдийн засгийн хөгжлийг хурдасгадаг нэг хүчин зүйл нь цахим төр. Цахим төр хөгжиж байж цахим эдийн засаг хөгжинө. Цахим эдийн засаг, цахим боловсрол, цахим төр, мэдээллийн технологийн хөгжил. Энэ бүхэн бодлогоор зэрэг хөгжих хэрэгтэй. Төрөөс үйлчилгээ авахын тулд цахим орчинтой харилцахаас биш хүнтэй харьцахгүй. Авлига, хүнд суртал байхгүй болно.
ШИЙДЭЛ ГЭДЭГ ӨӨРӨӨ АСУУДЛААС ҮҮСДЭГ
-Төрийн цахим үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх гэж сүүлийн жилүүдэд олон шийдэл нэвтрүүлэх гэж оролдож байна. Тэднээс одоо хүртэл амжилттай хэрэглэгдэж байгаа ТҮЦ машин, И-баримтын программд таныг зөвлөхөөр оролцсон гэдэг?
-Аливаа шийдэл ямар нэгэн тулгамдсан асуудлаас үүсдэг. Иргэдэд төрийн үйлчилгээг авна гэдэг асар их чирэгдэл, цаг зав, мөнгө төгрөг үрсэн хүнд даваа байлаа. Түүнийг дагаад авлига хээл хахууль, хүнд суртлын асуудал ч босч ирсэн. Ингээд гарц гаргалгаа хайж, шийдлийг олсон нь ТҮЦ машин. Миний хувьд зөвлөхөөр нь ажиллаж, шавь нар маань гардан хийсэн.
И-баримт программ татвар төлөлтийг ил тод, шударга болгож, татвараас зугтах нуугдах боломж бололцоог хааж, түүнд нь иргэд өөрсдөө хяналт тавьсныхаа хариуд худалдан авсан барааныхаа тодорхой үнийн дүнг эргүүлэн авдаг болсон. Үүнээс улс оронд багагүй хэмжээний төсөв төвлөрч байгааг бүгд мэдэх байх.
-Банк санхүүгийн салбарын хүн ихэвчлэн эдийн засаг, санхүүгийн зах зээл ярьдаг шиг технологийн хүн технологио л их ярих юм.
-Энэ чинь миний ажил шүү дээ. Мэдээллийн технологийн мэргэжилтэн учраас аргагүй технологи ярих гээд байдаг юм. Дээр нь энэ салбар дэлхийн томоохон улс орнуудын эдийн засгийг өөд татаж, ашиг орлогыг тодорхойлно гэдэгт би итгэлтэй байдаг учир мэдээллийн технологийн салбарт олон залуусыг хөрөнгө оруулж, бизнес эрхэлж, өөрийгөө хөгжүүлээсэй гэж хүсдэг.
-Та өөрөө яагаад энэ салбартаа бизнес хийлгүй тэс өөр хуванцрын үйлдвэр нээчихсэн юм бэ? Ашиг орлоготой юм бол өөрөө оролцох боломж байсан биз дээ?
-Би харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-д багшилж байсан хүн. Миний шавь нараас цөөнгүй залуус энэ салбартаа бизнес эрхлээд, шинийг санаачлаад амжилттай явж байна. Пластик үйлдвэр гэж та сая хэллээ. “Метропласт” ХХК нэртэй хуванцар буюу пластик эд зүйлсийн үйлдвэрийг хэдэн жилийн өмнө найзуудтайгаа нийлж байгуулаад өдгөө гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл жижиг дунд бизнес эрхлэгч. Үйлдвэрлэлийг дагаад асар их баялаг орж ирдэг юм байна. Эднээс миний сонирхлыг татдаг зүйл нь технологи.
Мал аж ахуй дээр жишээ татъя. Бид 70 сая малтай мөртлөө хэдийг нь гадагш зарж байна вэ? Монгол малын махны 30 хувь нь өөх. Гэтэл дэлхий өөхнөөс татгалзаад байдаг. Ингэхээр бидний өсгөж байгаа малын 30 хувь нь өөх болж хоцорно. Дээрээс нь монгол мал эрүүл гэдэг баталгаагүй. Арьс ширийг нь зарах гэхээр дэлхийн зах зээл дээр зарагдахгүй байна. Яагаад? Мал нь шарх сорви ихтэй учраас боловсруулах боломжгүй, боловсрууллаа гэхэд шаардлага хангадаггүй. Тэгэхээр малынхаа эрүүл ахуйд анхаарч туулга тариа цаг тухайд нь хийлгэдэг болъё. Энэ олон малыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал магадгүй бидэнд уул уурхайгаас илүү орлого орно.
-Үүнд технологи ямар хамаатай гэж?
-Бид цаг үеэ дагаж хөгжих ёстой. Технологийн хөгжил бидэнд маш том боломж өгч байна. Мал аж ахуйгаараа дэлхийд толгой цохидог Шинэ Зеланд, Австрали, Бразил улсууд технологи нэвтрүүлээд үр дүнд нь нэг хониноос таван хонины үр шимийг хүртэж байна.
Монголын мал өсч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ бэлчээрийн даац хэтэрнэ гэж юм байна. Мал өссөн ч Монгол Улсын маань газар нутаг тэлэхгүй. Бэлчээрийн даац хэтрэхээр мал тарга тэвээрэг авахгүй. Бид тооноос чанарт шилжих цаг болсон. Технологийн хүчээр энэ асуудлыг шийднэ. Төрийн багахан зохицуулалт хэрэгтэй. Төр яах ёстой вэ гэхээр гадаадаас мах худалдаж авах нөхцөлийг нь бүрдүүлээд өгчих.
Манай зах зээлд нэг кг мах 6000 төгрөгөөр зарагддаг бол гадагшаа 20 мянган төгрөгөөр зарна. Гэхдээ тухайн малын эзэн малынхаа гурван жилийн түүхийг бүртгүүлсэн байх ёстой. Гурван жилийн настай малын түүхийг малчнаас авах нь байна. Тэр түүхийг хянадаг хувийн компани байх ёстой болно. Худалдан авагч тэндээс тухайн малын мэдээллийг авна. Дорноговь аймгийн Өргөн сумаас нэг малчны 100 хонь ирлээ гэхэд чихэнд нь суурилуулсан ээмгийг нэг бүрчлэн уншуулаад тухайн хонины түүхийг нь мэдчихнэ. Тэдэн сард төрсөн, тийм вакцин төдийд хийлгэсэн ийм бэлчээрт бэлчдэг гээд мэдээллүүд жирийтэл гараад ирнэ.
-Сайхан л сонсогдож байна. Манай улсад боломжтой гэж үү?
-Ямар ч асуудалгүй. Малчдад сайтар ярьж ойлгуулах ёстой. Малынхаа түүхийг дээр хэлсэнчлэн тэмдэглүүлж, бүх мэдээллийг сүлжээнд оруулаад эрүүл гэдгийг нь нотолсон малчны малыг олны нүдэн дээр худалдан борлуулж бусдад нь үзүүлнэ. Нүднийх нь өмнө саахалт айлын малыг дэлхийн зах зээл дээрээс гадаадын компанид хэд дахин өндөр үнээр борлуулахыг харсан хэн ч ойлгоно.
МАЛАА ГАР УТСААРАА ХЯНАДАГ БОЛЧИХВОЛ ЯМАР ВЭ
-Монгол орны мал аж ахуйн онцлог өөр. Таны нэрлэсэн улс орнуудад фермерийн аж ахуй өндөр хөгжсөн. Манайх шиг нүүдлийн бус. Гэтэл манай нөхцөлд бэлчээр байнга солигдож байдаг. Тэр бүү хэл аймаг дамнаад оторлох тохиолдол ч бий. Өнөөх ээмэг дээр байх мэдээлэл маань зөрүүтэй болно доо?
-Энэ асуудлыг шийдэхэд хялбар. Эрдэмтэн судлаачидтайгаа хамтарна. Ургамал, биологийн эрдэмтэдтэй ч холбоотой ажиллана. Монголын нутаг дэвсгэрийн энд нь ийм, тэнд нь тийм төрлийн ургамал зонхилон ургадаг гэсэн мэдээллийг хаанаас ч олоод харах боломжтой болсон. Малаа ямар газар орноор хэрхэн бэлчээрлэж байгааг тухайн малчин, хянагч компани хоёр хянана. Ингэхийн тулд тухайн малчныг тоног төхөөрөмжөөр хангаж, GPS-тэй болгоно. Амьдралд ойртуулаад Дорноговь аймгаар жишээлье. Дэлгэрэх сумын малчин тэнгэр муудаад, мал нь зутраад Өргөн сум руу нүүе. Өргөн сумын газар оронд ургаж байгаа ургамал, байгаль орчны нөхцөл байдлын мэдээлэл хянагчийн үүрэг гүйцэтгэгч компанийн мэдээллийн санд орчихсон байна. Мэдээллийг нэгэнт хийсэн бол шинэчилж байх ёстой. GPS төхөөрөмжийг бүх малд суулгах албагүй, тэгэх боломж, хүрэлцээ ч байхгүй. Интернэттэй, интернэтгүй орчинд ажилладаг янз бүр бий. Тухайн сүргийг дагуулагч малд суулгаад хөдөлгөөнийг нь дэлгэц дээрээ хянахад хаагуур явсан нь зураглалаараа гарна. Мэдээллийн санд байгаа ургамлын тухай мэдээлэл дээрээ суурилаад ямар ургамал идсэнийг нь мэдэх боломжтой.
-Бид ашиглаж л чадвал технологийн салбар өдөр болгон шинэчлэгдэж байна. Хэдэн малаа гэж яваа малчдад хэрэгжвэл сайхан л санаа байна даа.
-Ийм технологийг дэлхий нийтээрээ хэрэглэж байна. АНУ-аас ачигдах чингэлэгт яг ийм GPS суулгачихдаг. Захиалагч утсан дээрээ хянаад дэлхийн аль цэгээр дамжиж явсаар хэдий хугацааны дараа ирэхийг нь хараад сууж байна. Өдөрт хэдэн зуун мянган чингэлэг ийш тийш зөөвөрлөгдөж байхад дундаас нь өөрийнхөө чингэлгийг хараад сууж байна гээд төсөөл дөө. Технологи хөгжсөний давуу тал энэ шүү дээ. Үүн шиг малаа гар утсаараа хянадаг болчихвол ямар вэ болохгүй юмгүй.
-Энэ ажлыг эхлүүлэхээр боллоо гэхэд малчдын зүгээс юу хийх ёстой вэ. Төрийн зохицуулалт хэрэгтэй юм байна. Техник технологийн компаниудыг оролцуулах юм байна.
-Малчид маань малынхаа эрүүл мэндэд анхаарч, вацкин туулга, эм тариаг цагт нь хийлгэсэн байхад болчихно. Малын тариа вакциныг хийдэг хувийн эмнэлэг байсан ч болно. Тэндээс малчдаа тариа хийлгэхээс гадна мах, ноос ноолуурын гарц сайтай малын хөлдөөсөн үр авч болж байна. Махны чиглэлийн бух, илүү нугаламтай хонины хөлдөөсөн үр ч юм уу. Мал өсгөхдөө өөхөн тарга биш махан тарга авхуулах аргачлал зөвлөгөө өгдөг байж болно. Зуны сардаа малынхаа эм тариа, вакцин туулгыг цагт нь хийнэ. Малчин малаа наймдугаар сарын сүүлээр худалдан борлуулна гэж тооцоолж байгаа бол долдугаар сараас хойш ямар нэгэн тариа хийхийг хориглоно. Энэ бүхнийг тусгай компани тухай бүрдээ хянаад явна. Эцэст нь цаад худалдан авагч маань махаа авна. Бүх зүйлийг нээлттэй, шилэн данстай явуулж болно. Гэтэл одоогоор манайхан бараг хулгайгаар гаргаж байна. Манай дотоодын үнээс хямдаар шүү!
-Малчдын толгойны өвчин болоод байгаа малын хулгайг ч шийдэх боломжтой юм байна.
-Малын хулгай магадгүй бүр байхгүй болно. Чихэнд нь байрлуулсан ээмэг бүх мэдээллийг ил болгох учир Дорж гэж хүний малыг Дорлиг гэж хүн хаа нэг газар худалдан борлуулах боломжгүй. Заавал зуучлагч баталгаат компани оролцоно.
-Эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй вэ? Та ярианыхаа эхэнд уул уурхайгаас илүү ашиг олно гэж?
-Мал бол монголын байгалийн бас нэг баялаг. Газрын доорх баялаг шиг шавхагдах баялаг биш, харин нөхөн төлждөг, өсч үрждэг баялаг. Энэ малыг маллаж байгаа малчид нь мөн монголын баялаг. Тэд ажлын байр бий болгож, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эрүүл хүнсний бүтээгдэхүүн бол хүн амын эрүүл мэнд цаашлаад үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай. Мал аж ахуйн хөгжлийг шинэ шатанд гаргаж чадвал гарах ашгийг нь монголчууд нийтээрээ хүртэнэ. Малынхаа вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг болно. Хуучин үйлдвэрүүдээ сэргээж эрдэмтэн судлаачдаа ажилтай болгоно. Зөвхөн мах ч бус ноос ноолуур, арьс шир, яс үсийг нь ч ашиглаж чаддаг болно. Дэлхий нийт монгол малыг хэрэглээд эхэлбэл түүнээс гарах түүхий эдийг ч дагаад сонирхоно.
Зөвхөн мал аж ахуйн жишээн дээр ярихад ийм байна. Үүнээс олон гарц гаргалгаа, шийдэл байгаа.
-Мэдлэг боловсрол түүгээр бүтээгддэг техник технологийн хөгжил сүүлийн жилүүдэд асар хурдтай өрнөж байна. Энэ хөгжлийг манай улс хэрхэн өөртөө ашиглах боломжтой вэ. Технологийн эрин үе хэдий хүртэл үргэлжлэх бол?
-Шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийг хэдэн жилийн өмнө таван жилээр хэмждэг байсан бол гурван жил, нэг жил, хагас жил гэж богиносч явсаар өнөөдөр гуравхан сар болж ойртсон. Шинэ нээлт, шинэ бүтээгдэхүүн өдөр бүр гарч байна. Технологийн хөгжил бидэнд юу авч ирж байна вэ гэвэл бидний илүүдэл зардлыг багасгаж, хугацаа хэмнэнэ. Бид нэг цагт 10 үйлдэл хийх боломжтой байсан бол технологийн тусламжтайгаар цагт мянган үйлдэл хийнэ. Бүтээмж өсч байна. Өмнө нь бид таван доллар зарж байж 10 долларын бүтээгдэхүүн гаргаж байсан бол энэ таван долларын зардал техник технологийн тусаар нэг доллар болчихлоо. Ингэхээр миний ашиг есөн доллар болж байна гэсэн үг мөн үү? Тэгэхээр үнэ өсөхгүй. Үнэ өсвөл худалдан авагч багасна. Бид аль болох үнээ нэмэлгүйгээр зардлаа хэмнэхийг хичээе. Зардлаа бууруулахын тулд технологи ашиглана. Үйлдвэрлэл, үйл ажиллагаанд технологийг ашиглах тусам зардал багасч, ашиг нэмэгдэж, хугацаа хэмнэнэ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН