Өглөөний нар мандахтай зэрэгцэн Улаанбаатар хотоос Төв аймгийг чиглэн гарлаа. Хотоос холгүйхэн нутаглах малчны нэг өдрийг сурвалжлахаар зорьж яваа минь энэ. Төвийн бүсийн тулгуур төв болох Зуунмод хотод амралтын өдөр ч бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байлаа. Угтах хаалганаас нэг орчим км-ийн наах нь талд аялагч, зорчигч нарыг түр саатан тухлахад зориулсан амралтын цэг байгуулж байв. Харин хотын төвд шинээр тавьсан замын хашлагыг барих ажил хэдийн эхэлжээ. Энд хэдэн барилгачдаас өөр хотын төвөөр холхих хүн бараг л алга. Ингээд барилгачдаас малчин айлыг аль зүг тийш явбал олж болох талаар асуухад урагшаа гарвал олон айл бий гэснээр Зуунмод хотын захын хэсгээр хязгаарлагдах хар замаас шороон замтай нийллээ.
Зуны эхэн сарын шинийн 1-ний өдөр таарчээ. Улаанбаатар хотод хоёр өдөр дараалан орсон бороо Төв аймгийн нутгаар дусаагүй юм уу гэлтэй хуурай атлаа үүлэрхэг өдөр байлаа. Машинаас дөнгөж буухад дулаан санагдах ч удаан зогсвол үе үе сэвэлзэх хүйтэн салхинд жиндмээр. Уг нь хамгийн тод шороон замыг нь даган явах хэдий ч ойр орчимд айл олдохгүй л байлаа. Ингэж явтал ашгүй нэг мотоцикльтой хүүхэд таарч, түүний араас жолоо мушгив. Биднийг ийн хөтөлсөөр гэртээ хүргэх нь тэр. Гэрийн эзэн болох 40 орчим насны залуу гаднаа мотоциклио засаад сууж байв. Хэрэг зоригоо хэлтэл тийм ч нааштай хүлээж авсангүй гэхдээ ч бас нэг их цааргалсангүй. Тав гурван үг сольж, амьдрал ахуйг нь буугаад мордохын зуурт сонирхоод авлаа. Гэнэт ирсэн гийчин биднийг гэртээ ор гэж уриалгахан загнасангүй.
Зусландаа буугаад буй Н.Ариунболдынх гурван хүүхэдтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул айл юм байна. Гэрийн эзэгтэй нь хот руу явжээ. Нэг хөөрхөн хар ишиг ижил сүргээсээ тасарч, хотондоо үлдсэн байх ба байсхийгээд л майлах нь анхаарал эрхгүй татна. Амьдрал ямар байна гээд шууд асуултай нь биш сүүлийн үед асуудал болоод буй ноолуураас яриагаа эхэллээ. Тэглээ ч “Мал дагавал ам тосодно”, “Малын буян их” хэмээдэг тэд хэзээ ч “болохгүй, бүтэхгүй” гэсэн бэлгэгүй үгээр мууг далладаггүй. Н.Ариунболд “Манайх 300 тооны ямаатай. Энэ жил 100 кг ноолуур самнасан.
Аймгийн төв дээр нэг кг-ийг нь 50 мянгаар үнэлж, ченжүүдэд өгсөн. Уг нь 100 мянга хүрнэ гээд хэсэг дараад байлаа. Гэсэн ч мөнгөний хэрэг гарч, зээлээ төлөх болсон учраас 50-д өгчихлөө” гэв. Н.Ариунболдынх 1000-аад тооны бог малтай бөгөөд энэ жил малаа тоолуулаад 1000-т малчин болчих байх гэсэн хүлээлттэй байгаагаа нуусангүй. Банкнаас 10 сая төгрөгийн зээл аваад байшин барьсан гэнэ. Залуу хүмүүс учраас болгож, бүтээх гэж мэрийж байна гээд баруун хойд талын зүгийг заагаад тийш явбал олон айлтай таарна хэмээлээ.
Ингээд Н.Ариунболдын заасан зүг рүү овоо өнгөрөөд явж байтал хоёр гэр байна. Нүүх гэж буй бололтой гэрийн эзэгтэй тун чиг завгүй, дээш доош тонгочиж, портер машин дээрээ эд хогшлоо зөөж байлаа. Бас л учир байдлаа хэлтэл баруун талын гэрийг заагаад, хоёр хөгшин бий, тэд ярьчих байх гэсээр биднийг гэрт хөтлөн оруулав. Одоо байгаа газраасаа холгүйхэн буйр сэлгэх гэж байгаа учраас гэрийн доторх эд хогшил ундуй сундуй харагдана. Хоёр хөгшинд хэрэг зоригоо хэлж хотоос авчирсан тавгийн боов, чихрээ өгөөд өвөлжилт, хаваржилт ямар байснаас яриагаа эхлэв.
“Эрдэнэ сумын нутагт өвлийг өнтэй сайхан давсан. Малын гарз хохиролгүй. Харин хаваржилт л хүндэрчих гээд ихэд ширүүхэн байлаа. Ер бороо орж өгөхгүй, өвс ногоо тааруухан, мал идэх юмгүй тиймхэн л байна” хэмээн ярих гэрийн эзнийг С.Адилбиш гэдэг. Тэрбээр Төв аймгийн Сэргэлэн сумын Бор үзүүр гэдэг газар зуншихаар буусан нь энэ бөгөөд мөн аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул малчин удмын айл юм байна.
С.Адилбишийнх зургаан хүүхэдтэй том хүү нь гэр бүлтэйгээ айлсаж буусан нь эхний гэр байж. Анх угтан авсан эмэгтэй түүний бэр нь. Том хүүгийнхээ малыг оролцуулаад хоёр гэрээрээ тоолбол 1000-аад тооны тэмээнээс бусад малтай ажээ. Арай жаахан ногоорсон нь Бор үзүүрийн орчим учраас нутгийн уугуул айлаас эхлээд говийнхон хүртэл Зуунмодын “Муу ус” нэртэй голыг бараадан нүүдэллээд ирсэн гэнэ. Ийн биднийг ярилцах зуур гэрийн эзэгтэй түүнийг малдаа явахгүй бол нийлэх нь байна гэснээр ах хүү бор дээлээ өмсч, шар бүсээ ороогоод гарч одов. Түүний гэргийг Д.Цэцэгээ гэдэг. Сүү саалиндаа гарамгай болох нь гар хурууных нь үрчийж, эвэршсэнээс нь төвөггүй таньж болохоор. Ингээд малчдын дунд өрнөж буй “халуун” сэдэв болох ноолуурыг “барьж” аваад бид хоёр жаал хөөрөлдлөө.
-Танайх энэ жил хэдэн кг ноолуур самнасан бэ. Ноолуураа үнэд хүргэж өгч чадав уу?
-Манайх жилдээ 200 гаруй тооны ямаанаас 100 орчим кг ноолуур самнадаг юм. Эхэндээ ноолуураа зарахгүй хав дарж байсан. Сүүлдээ хулхидуулах шинжтэй болоод ирэхээр нь кг-ийг нь 55 мянган төгрөгөөр ар, өвөр, таньдаг хүн амьтнаа гуйж түүж байж арай чүү үнэд хүргэж өгсөн. Одоо бол аймаг дээр кг нь 35 мянгатай байна шүү дээ.
-Өнгөрсөн жил хэдээр өгч байсан бэ?
-Түрүү жил дээд тал нь кг нь 110-130 мянга хүрч байсан.Ч.Улаан сайд ноолуурын үнийг өсгөх нь битгий хэл бүр буулгачихлаа. Тал үнэд ч хүрэхгүй нь. Малчид бид ноолуураасаа л хамаг орлогоо олдог. За бид ч яах вэ, тэтгэврийн насныхан учраас учиртай. Зээл хүүтэй залуучуудад л хэцүүхэн байх шиг байна. ХХААХҮЯ-ны тогтоосон үнээр бол Төвийн бүсийнх кг нь 85 мянга байх ёстой үнэндээ 35-аар авч байна. 100 кг нь 10 сая хүрдэг байсан ноолуур өнөөдөр таван саяд хүрэхтэй үгүй л байна. Анхнаасаа л ноолуураа тушаагаарай, дараа нь урамшуулал олгоно гэчихсэн бол малчид бид ингэж хүлээн, бухимдаж байхын шаардлагагүй байсан. 85-аар нь өгчих санаатай нэг сарын хугацаанд ноолуураа дарж дарж эцэстээ худлаа гэдгийг нь мэдээд 55-аар өглөө шүү дээ.
-Ямаагаа хэдийгээр самнадаг бэ?
-Манайх ч аажуу самнасан. Гуравдугаар сарын 15-даар самнаж эхэлдэг. Эрт ямаагаа самнасан айлууд худалч хүнд 100 хоног лав дарсан байх. Одоо бүр голоод авахгүй байна шүү дээ. Корона гараад хятадууд ноолуур авахгүй, улсын авна гэсэн Хөдөө аж ахуйн биржийг хайгаад олоогүй дээ. 2015 онд 52 мянга байсан ноолуур 2016-2018 онд өссөөр, өнгөрсөн жил 100 гаргаад дээд цэгтээ хүртэл нэмэгдсэн. Худалдаж авах хүмүүс нь олшрохоор үнэ нь нэмэгдээд байдаг бололтой. Дээр үед чухам оросууд л авдаг байсан байх даа. Бидний захиргаадалтын үед лав дугаарлаад, хялгасыг нь түүгээд сайн чанарын ноолуур тушаадаг байсан. Сүүлийн үед уг нь тааруухан байсан ч авдаг байсан чинь энэ жил жаахан хялгастай байх төдийд л голоод байх юм. Манай борлонгийн ноолуур шуудайтайгаа гэрт хэвтэж л байна. Хэнтийн Жаргалтхааны ноолуур гэж өөрөөр хэлж, дам дамаа хүн гуйж байж худалдсан.
-Зовлон болж байгаа ямар асуудал байна вэ?
-Цаг агаар, бэлчээр, Ч.Улаан сайд гурав л толгойны өвчин болж байна даа. Уг нь хоёр зовлонтой байтал Ч.Улаан нэмэгдчихлээ. Цаг агаар ч яах вэ. Бороо хур орохгүй, гандуу гундуу байна. Угаас ойрын 10 орчим жил иймэрдүү л байна. Дээрээс нь бэлчээргүйн улмаас хаа явсан газраа хөөгдөж туугдсаар таарах юм. Манайх Зуунмодны харьяалалтай боловч бэлчээргүй, эзэмшээд авах газаргүй болсон. Энэ жил харин энд буугаад овоо хөөгдөхгүй байна.
-Хаанаас хөөдөг юм бэ?
-Сум захиргаанаас хөөдөг. Хөөхөөс ч аргагүй. Хаа хамаагүй нутгийн хүн нутагт нь буучхаад бэлчээрийг нь идээд байвал хэн дуртай байх вэ. Одоо чинь өвөлжөө, хаваржаа, худаг усаа бүгдийг нь эзэмшээд авчихсан шүү дээ. Эзэмшилгүй газар гэж нэгээхэн ч үгүй. Зуунмодны гол л үнэгүй урсч байгаа тулдаа мал амьтан ундаалж байгаа болохоос биш хаа сайгүй эзэмшлийн бүс болсон. Айлын худгаас малаа услахаар бол мөнгө цаас төлнө, эсвэл өвс ногоо идлээ гэж уурладаг. Сумын захиргаанаас бэлчээр ашигласны мөнгө гэж татвар авдаг хэрнээ л хөөгөөд байх болсон.
-Хэдэн төгрөгийн татвар төлдөг вэ?
-Малынхаа тооноос хамаарч хөөрхөн юм авдаг аа. Манай хүү лав хоёр адуу өгсөн гэж ярьсан. Нэг адуу 400-500 мянган төгрөгийн хавьцаа ханштай байдаг. Сумын Засаг ноён малчдаас авсан бэлчээр ашигласны төлбөрийг юунд зарцуулдгийг чөтгөр бүү мэд. Магадгүй бригадын өдөр, хурал хуйндаа зарцуулдаг байлгүй. Түүнээс барьж босгох юм юу л байлаа гэж гэлээ.
Д.Адилбишийнх 200 гаруй тооны ямаатай учир үр хүүхдүүдийнхээ ач тусаар элбэж дэлбээд өөрсдөө ямаагаа самнадаг аж. Харин олон малтай айл нэг ямааг хамгийн багадаа 5000 төгрөг өгч, хүнээр самнуулдаг гэх. Тэгэхээр нэг ямаанд 300 грамм, гурван ямаанаас нэг кг ноолуур гарах ба кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал өгнө гээд бодвол нэгд нь 7000 төгрөг ногдож байна. Ингээд самнасан малчиндаа 5000-г өгчихөөр нэг кг ноолуураас 5000 төгрөг авахаар байгаа. Ноолуурын 20 мянган төгрөгийн урамшууллыг олгохдоо малын “А” дансаар буюу хамгийн сүүлд тоолсон тооллогын дүнгээр тооцох аж. Түүнээс биш малдчын ойлгож байгаа биш ноолуурынхаа бичиг баримтаар кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал авахгүй юм гэдгийг Д.Цэцэгээ сүүлд ухаж ойлгосноо бидэнд тайлбарлаж өгөв. Өөрөөр хэлбэл, жилийн эцсийн тооллогын бүртгэл дээр хэчнээн тооны ямаа тоолуулсан тэрүүгээр нь тооцож өгөх юм байна. Ухаандаа гурван ямаа тутамд 20 мянган төгрөг өгнө гэсэн үг бололтой.
Энэ ойлголтыг малчдад буруу тайлбарлаж өгсөн нь салбарын сайдын балаг гэдгийг ч тэрбээр зэмлэн хэлж байв. Хэрэв анхнаас нь зөв ойлголт өгчихсөн бол эхэн хэсэгтэээ 85 мянган төгрөгийн үнэд хүрээд байсан ноолуураа ченжүүдэд өгчих байсан хэмээн халаглангуй хэлэв. Д.Цэцэгээ “Ч.Улаан сайд хар толгойгоороо махны үнэ өсгөхгүй, хариуцна гээд гээд бидэнд хонио алж өгөх үү. Ямаагаа самнаад ноолуураа өгөх үү, тийм мал амьтан Ч.Улаанд байгаа юу, шал худал, хулхидсан зүйл байсан. Үнэмшилгүй сонгуулийн шоу хийж байх юм” гэв.
Эднийх тэмээнээс бусад малтай учраас зөвхөн ноолуураас орлого хардаггүй гэнэ. Зундаа гүүгээ бариад айргаа эсгэчихдэг, 60-аад тооны үнээтэй учир сүү саалиа аваад цагаан идээгээ борлуулчихдаг аж. Угаас хотын ойролцоох малчин өрхүүд алслагдсан малчдыг бодвол амьжиргаатай байдаг гэдэг нь үнэн бололтой.
Зуны эхэн сар гарсан амралтын өдөр Д.Адилбишийнх ийн нүүдэл суудалтай өнжиж байна. Ирэх долоо хоногийн амралтын өдөр билэгт сайн өдөр таарч буй тул хурга, ишиг, үрээгээ засахын зэрэгцээ хот хүрээнд байдаг үр хүүхдүүд нь халуун бүлээрээ цуглаж, засаагаа иднэ гэсэн хүлээлттэй малчны гэргий Д.Цэцэгээ үлдсэн.
Хотонд нь эхийгээ хөхөөд зүггүйтдэг “сахилгагүй” хэдэн тугал, хурга, ишиг үлджээ. Ямар ч амьтны төл хөөрхөн байдаг. Дүрлэгэр алаг нүдтэй, уртаас урт сормуустай шаргал тугал мөөрч, хар халзан толгойтой сэвсгэр цагаан хурга майлсаар хорвоогийн нэг өдөр ийн өнгөрлөө. Мал, хэл, хил гуравтайгаа байвал хэн баян Монгол баян гэдгийн адилаар малчид минь чинээлэг болж, малын буян арвижих болтугай.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН