Өнгөрсөн зууны сод авьяастнуудын нэг Ламжавын Ванган болон түүний гэргий Түмэнбаярын Пялзай нар насны зөрүүтэй хосууд. Сайхан ханийнхаа дэргэд амьдарсан он жилүүдээрээ бахархдаг энэ эмэгтэй 40 нас ч хүрээгүй байхдаа дөрвөн хүүхэдтэйгээ өнчрөн хоцорсон гэдэг. Олны өмнө элгэмсэг байдаг хүмүүс өөрөөс нь нууцаар таагүй үг хэлэлцсэнийг дуулаад толгой дээгүүр нэр бүтэн амьдрахын төлөө тэр тэмцсэн.
Урлагийн сургуулийн сурагч, театрын бүжигчин, суу билигт найруулагч, сайдын гэргий, Кино үйлдвэрийн мастер, хөдөөний малчин эмээ гээд түүний амьдралын замнал бас л сонирхолтой. Эдүгээ 87 настай ч хараа сайтай, ухаан цэлмэг, яриа нь цэгцтэй, бичих, зурах дуртай ийм хүн олон биш болов уу.
Т.Пялзай эгчээрээ дайлуулж, амттай цайг нь хуваалцангаа сонссон яриагаа уншигчдадаа хүргэе.
-Ламзавын Ванган, Нацаг гэдэг хоёр хүү хоёулаа Монголын урлагийн түүхэнд тод мөрөө үлдээжээ. Л.Ванган гуай театр, кинотой илүү холбогддог бол дүү Л.Нацаг нь циркийг үндэслэгч. Гэхдээ Л.Ванган гуай ч бас циркт цойлж явжээ. Та тэр түүхийг тодруулж өгнө үү?
-Би урлагийн сургуульд 1948-1950 онд сурсан. Гурван жил бүжгийн ангид сурч байлаа. Тэгэхэд урлагийн сургуулийн ерөнхий эрдмийн хичээлд Циркийн сургуулиас З.Дэмчигжав нарын хүүхдүүд ирж суудаг байсан. Тэр хүүхдүүдтэй ажиллаж байсан үндсэн багш нь Л.Нацаг, Ж.Раднаабазар, Д.Гомбо нар байсан юм билээ. Энэ үеэс хамаагүй өмнө 1940-1946 онд Л.Ванган Циркт манежийн эрхлэгчээр орж ажилласан байдаг. Би энэ тухай номондоо биччихсэн. Анх манай Л.Ванган циркт орохдоо манежийн эрхлэгч, лоонж баригчаар (Өндөрт үзүүлбэр хийхэд хамгаалдаг бүс) орсон. Дараа нь орос мэргэжилтэн А.М.Волошины орчуулагчаар ажиллаж байгаад дараа нь циркийн найруулагч, уран сайхны удирдагч болсон. 1940-1946 онд жилд нэг шат ахиж зургаан төрлийн ажил хийж байжээ. Тэгээд 1946 онд Л.Ванганыг шалгалтгүйгээр Москвад очиж найруулагчийн мэргэжлээр суралцуулах үүргийг Соёлын яамнаас өгсөн байдаг. Энэ хооронд Л.Ванганыг циркт орохоос өмнө нь Д.Гомбо, Л.Нацаг, Ж.Раднаабазар гурав хойно сургууль төгсч ирээд Циркийн сургуулийг байгуулчихсан байжээ. Л.Ванганыг циркт ороход тэр хүмүүс түшиг болсон. Л.Ванган унаган орос хэлтэйн зэрэгцээ Л.Нацаг дүүтэйгээ хамт нэг нэгнээ түшиж тулсаар хэн хэн нь асар богино хугацаанд хөгжсөн байдаг. Хөдөлмөрийн соёл, гадаад хэл сурсан нь гайхалтай. Ямар гоё зургууд авсан байдаг гээч. Бараг өнөөдөр авсан юм уу гэмээр тийм гоё тавигдсан, тийм гоё авсан, сценари шиг зургууд бий. Ламзав гуайн энэ хүүхдүүд гаргуун авьяастай. Манай Л.Ванган бас л циркчин. Улаан хивсэн дээгүүр гүйж байгаад трамполин дээгүүр үсэрч гараад газар буухдаа гараа мулталж байсан гэсэн. Тэр тухайгаа “Манай Хичээнгүй дарга хүн дуудаж ирж боолгоод эдгээсэн” гэж ярьдаг. Тухайн үед циркт ажиллаж байсан С.Чилаажав, Ж.Нямдаш, Т.Дорж, Б.Дамдинсүрэн, Ц.Цэрэндорж бол гэмтэх бэртэхийг тоохгүйгээр өөрсдийн эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж циркийг хөгжүүлсэн улсууд. Би урлагийн сургуульд сурч байсан болохоор ерөнхий эрдмийн хичээлд тохой залган суудаг байсан циркийн хүүхдүүдээ дагаад цирк үздэг байлаа.
Л.Ванган, Л.Нацаг хоёр Завхан аймаг буюу тухайн үед эднийг төрж байхад Засагт хан аймгийн Цэцэнсартуул хошуу Галуутайн хүрээ, Галуутайн голд төржээ. Тэр нутаг ус, удам судар ямар гайхамшгийн орон байсан юм бэ гэж би дандаа боддог, биширдэг. Нэг айлд хоёр хүү төрөхөд урлагийн тэнгэрт мөнхөрсөн авьяастан байна гэдэг тасархай. Л.Нацаг хаана байдаг билээ. Дандаа дөрвөн хүний орой дээр, тэр дээр байдаг. Тэгэхээр энэ хоёр хүүд энэ нутаг ус газраас дээш амьдрах эрч өгсөн юм биш үү. Л.Нацаг, Л.Ванган хоёрыг сэнсэртэл мост эргэдэг байсан гэж Л.Цогзолмаа ярьсан шүү.
-Завханы театр Л.Ванган гуайн нэрэмжит, Ардын цирк нь Л.Нацаг гуайн нэрэмжит бил үү?
-Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Ардын цирк гэж байсан. Үндэслэн байгуулагч нь Л.Нацаг. Багшилж, заасан нь ч Л.Нацаг. Тэр олон мэргэжилтэн циркчдийг бэлтгэсэн хүмүүс нь Л.Нацаг. Тиймээс энэ хүний нэрэмжит. Завханы театр нь Л.Ванганы нэрэмжит. Энэ жил шинэ байрандаа орчихсон хорио тавигдвал нээлтээ хийнэ гэсэн. Бас Л.Ванганы минь 100 жилийн ойг ч хийнэ гэсэн.
-Циркийн урлаг юугаараа агуу юм бэ, та өөрийнхөө бодлыг хэлж өгөөч.
-Цирк хөдөө бригад явсан ч халхын бор шороон дээр хийдгээ л хийдэг. Цирк үггүй ч гэсэн үгэнд хөтлөгддөг. Зарлаж байгаа. Циркийг хэлгүй гэж хэлэхгүй. Бүжиг ч ялгаагүй. Түмэнбаярын Пялзай гээд зарлаад л гаргаж байгаа шүү дээ.
Цирк хөгжимтэй нийлэхээрээ хүний нүдээр орж, сэтгэлд хүрч, амыг нь ангайлгадаг шидтэй.
1953 онд манай урлагийнхан БНХАУ-д хоёр сар аялан, 20 хотод тоглосон. Дандаа гадаа стадион бэлдсэн байдаг байлаа. Тэр дундаас цирк, бүжиг хоёр л хамгийн их хүнд хүрдэг байсан.
-Өнгөрсөн зуунд урлагийг эх орондоо нутагшуулж, хөгжүүлсэн хүмүүс их авьяастайн зэрэгцээ хөдөлмөрч юм аа.
-(Энэ асуултад ээжийгээ хариулахаас өмнө дунд охин Ванганы Оюунгэрэл нь нэг дурсамжаа хуваалцсан юм. Тэрбээр “Би аав, Нацаг ах хоёрыг их дагаж явдаг байлаа. Театрт орой бүр очиж тоглолт үзнэ. Аав бас бусад байгууллага руу явахдаа дагуулж явдаг байсан. Тухайн үед хүүхэд болохоор Л.Нацаг ахын албан тушаалыг мэдэхгүй л дээ. Циркт очоод Хуучин циркийн хоёрдугаар давхрын жижиг лоожноос хяналтнаас өмнөх циркийн тоглолтыг олонтоо үзсэн. Ямар ч хүнгүй аав, Л.Нацаг ах хоёр л сууж байхад бүх жүжигчин нүүрээ будаж, хувцсаа өмсөөд хүндэтгэлтэй тоглодог байсан” гэв.)
-Олон хүн бужигнаж, орж гарсан айл байсан тухай хүмүүс ярьдаг. Та бас тэр олны хөлд дарагдаж, хоол цай болсоор бүр дасчихсан байсан уу?
-Энэ айлын тогоог барьж, тоостой хувцсыг нь цэвэрлэж явснаараа бахархдаг. Ээж минь ч надад тэгж захисан. Би хадам ааваасаа тогоо, галын хайч, шанага гурвыг нь өвлөж авсан хүн шүү дээ.
Нэг удаа Л.Ванган миний дургүйг хүргэсэн. Хамгийн хүнд ялтай хэрэгтэнг манай дээр ирж тасална гэсэн гээд ярьж байснаа бүр нэгийг нь дааж аваад гэртээ авчирдаг байгаа. Би бүр ухаан алдсан. Уурлаад ижийд хэлтэл, Л.Ванган ижийг галын өрөө рүү авч орж ярьж байгаад нам болгочихсон. Би юм хэлж чадахаа больсон. Хулгайн хэргээр хүнд ял эдэлж явсан тэр хүнийг суллаж, манай Л.Ванган дааж авч гэртээ 20 гаруй хонуулаад дараа нь Зоргол хайрхны үйлдвэрт аваачсан. Дараа нь манайд мах, айраг бариад ирсэн шүү дээ. Бүр төрөөс одон медаль хүртэд мундаг явсан. (Энэ тухай охин В.Оюунгэрэл нь ч дурсамж нэмэв. Тэрбээр Сэрээтэр хэмээх тэр ахыгаа сайн хүн байсан гэж дурсаад ажилд томилогдоод очиход нь хамт явж байснаа дурссан. Харин түүнтэй хамт таслагдсан нөгөө хулгайч нь дахин хулгай хийхгүй гэж олны өмнө хуруугаа огтолсон хэрнээ дахин хулгай хийгээд шоронд орсон гэнэ)
-Та байсхийгээд сонинд сайхан дурсамж бичиж гаргадаг. Үнэхээр зүгээр суухгүй хүн юм аа.
-Хүүхдүүд хоорондоо маам зохиолоо бичиж байна гэдэг юм. Зүгээр суухгүй ээ. Би уул зурах дуртай. Уул гэдэг амьтай. Бас самади буюу нүд зурдаг. Бас дурсамжаа бичдэг. Л.Ванганыхаа 1974 оноос хойших түүвэр зохиолоор хоёр боть гаргасан. Хүүхдүүд санаачлаад тал талаасаа дэмнээд шавь нь бичээд, эмхтгэсэн. Бас дурсамжуудаа багтаагаад гурав дахь ботио гаргах гэж байгаа. Тэгэхээр нь 100 жилийн ойгоор номын нээлт хийнэ ээ.
(Энэ үеэр том охин В.Оюунбилэг өрөөнд орж ирлээ. Тэрбээр ээжийнхээ олон жилийн өмнө хүмүүсээр дурсамж яриулан авсан дүрс бичлэг энэ номын суурь болсныг онцолсон. Бас энэ дурсамжийн номд “Хүний мөр” кино зохиолыг нь багтаажээ. Тухайн үедээ нэлээд асуудал болж, хаагдаад эргэж засварлагдан гарсан энэ киноны тухай хуучны хүмүүс ярьдаг. Хаасан тогтоол, гар бичмэл гээд хуучны ховор сонин зүйл тэр номд орж буй аж.)
-Л.Ванган гуайн гэргий байснаараа та дандаа бахархах юм аа. Ханиа насаараа дээдэлж амьдрах бас нэгэн гайхамшиг шүү.
-Би хүний ганц охин байсан л даа. Ямар азаар урлагийн сургуульд орж, ямар азаар Э.Оюун багшдаа загнуулж гүйж, ямар азаар театр дээр сагсаганаж явж Л.Ванганы нүдэнд өртөв гэж боддог. Би эхнэр нь байсан гэдэггүй ээ. Тогоог нь барьж явлаа л гэж бичдэг. Эхнэр нь байсныг хүн бүр мэднэ шүү дээ.
-Гоё хүүхэн байсан болоод л тэр мундаг хүний хараанд өртсөн байх л даа.
-Сэргэлэн шар хүүхэн л байсан байх даа.
-Урлагийн хүмүүс романтик шүү дээ. Та хоёрт ч нандин гоё дурсамж олон байх даа.
-1951 оны арванхоёрдугаар сарын 31-ний орой намайг дагуулаад цирк рүү явсан. Даргынх нь өрөөнд олон хүний дунд орж шампанск буудуулаад “Би энэ бүжигчин бүсгүйтэй гэрлэлээ” гэж хэлж билээ. Би тийм зүйл мэдэхгүй, хөдөөний охин. Хаанаас ч шампанск авсан юм.
-Та сүүлд мал маллаж явсан гэв үү?
-Тэтгэвэрт гараад гурван сар суулаа. Нэг л биш ээ. Б.Норовсамбуугийн ээж Бэгзсүрэндээ хэллээ. Эднийх манай Л.Ванганы их ойрхон хамаатан шүү дээ. Ганданд нэг гэр 2000 төгрөгөөр зарах гэж байна гэхээр нь очиж аваад хүүгээрээ бариулаад айлын хашаанд буулаа. Дараа нь банкны харуул хийж үзлээ. Тэр үедээ айлаас сүү гэрээлж ууж байсан. “Ингэж мөнгөөр сүү авахаар үнээтэй болооч” гэж нэг нь хэлээд тэгэхээр нь хаана байх билээ гэж бодож байгаад Чингэлтэйд ойн хамгаалагчийн гадаа айл авна гэхээр очсон. Тэгээд ганц үнээ нь арван хэд болсон. Тэгж байтал хүү минь хүнд өгсөн мөнгөндөө 60 хонь авах болсон. Тэгэхээр нь малаа аваад Алтанбулаг руу явж 27 жил мал маллаж байгаад 2013 онд хотод орж ирсэн.
Баялаг айлын гал тогоо барьж байсандаа ч тэр үү, хөдөө мал маллаж байсандаа ч юм уу, эрүүл саруул сайхан л явна.
Мал маллах сайхан. Даарна даарна л гэнэ, даарахгүй яаж амьдрах юм. Хэцүү, хэцүү л гэнэ, хэцүүгүй юм гэж хаа байх вэ. Мал дагасан хүн халтар нохойдоо ч хайртай, хурга ишигтээ ч хайртай байдаг юм. Сүүлд цугыг нь зарчхаад ирсэн дээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН