Газартай, байшинтай бас машинтай
Ням гарагийн өглөө эртлэн Баянхошуу, Хайлаастыг чиглэн автобусанд суун гарав. Баянхошуу орчим бол Сонгинохайрхан дүүрэг, Хайлааст орчим Чингэлтэй дүүрэгт багтдаг. Энэ хавийн гэр хорооллыг чиглэн гарсан нь санамсаргүй хэрэг биш. Хэдхэн жилийн өмнө Зурагт хавийн замыг зассанаас хаасан учир Баянхошуугаар дайран араар нь тойрч хотын төв рүү орж байсан юм. Зуны усан борооны дараа явж байсан учраас Далан давхрын дэргэдүүр өнгөрөхдөө хирдхийн цочиж борооны ус тогтсон энхэл донхолтой замаар хальтчиж үсчиж, өөд гарч чадахгүй суучихсан юм. Тэгээд ойр хавиар бяр чадалтай эр хар хүн хайж яваад аргагүй эрхэнд шарилан дунд буусан хэдэн айлын нэгнийх нь гадаа нэгэн хүн тонголзож байгааг зорьж очсонсон. Миний уулзаж машинаа шавраас гаргалцахыг гуйсан эр шанагатай усаа шарилын дотогшоо цөмөрсөн цеметэн дээр хэнэг ч үгүй тавьчихаад цээжээ угааж зогссон.
Дунд насны тэр эртэй ахуй амьдралын талаар хэд гурван үг солихдоо зутруу амьдралын хэцүү бэрхийг буусан газар, шарил тойрон хөөцөлдөх хэдэн нүцгэн хүүхэд, хүүхдээсээ ч олон харагдах нохой зэргээс бараг хэлүүлтгүй мэдэж болохоор байв. Хөдөө малаа бараад аргагүйн эрхэнд хот бараадсан тухайгаа тэр өгүүлж байсан нь одоо ч бүдгэрээгүй. Эхнэр нь ажил хайхаар өглөө гараад орой ядарч туйлдсан хүн ёолсоор бүтэлгүй ирдэг тухай гуниглуун харцтай нөхөр нь өгүүлж билээ. Байгаа хэдэн төгрөгөө хүүхдүүдэдээ боорцог авч өгөөрэй гээд сарвайхад чичирхийлсэн гараар авахдаа шилээ маажсан хөдөөний эрээс дахин амьдралын тухай асуулт асуух зүрх хүрээгүй.
Харин өнөөдөр тэр зүг автобусанд ойр зуурыг ажиглан сэлүүхэн шиг сууж явна. Намайг хөдөөнөөс ирсэн өрхийн тэргүүнтэй уулзуулсан энэ зам өнөөдөр ямар ч үсэргээ нугачаагүй болоод даруй 6,7 жил болж буй. Яагаад ч юм шарилын толгойн чулуун дээр хөөцөлж ядраад сандайлан суусан гэрэлт нүдтэй жаахан халтар хүү одоо том болоод хаашаа ч юм сайхан газар руу явсан байгаа даа гэж бодсон ч тэр айлын байсан газарт очмоор санагдана.
Автобуснаас буугаад Далан давхрыг чиглэн алхав. Ойртлоо, очих хэрэг алга. Далан давхрыг хашаалж тэнд байсан айлуудыг бүгдийг нь нүүлгэжээ. Ямар ч оршуулгын газарт айл байвал хүн очдог юм байна. Бушуухан буцав. Хот оронд бууриа хатгах газаргүй хөөгдөж хавчигдаж аргаа ядахдаа чимээгүй хотод амьдарч байсан олон айлууд өөрийн гэсэн газартай хашаатай болоод хаа нэгтээ нүүсэн байх гэж өөдрөгөөр бодов. Ашгүй дээ.
Сурвалжилга гэдэг сэтгүүлзүйн төрөл заавал нэг ядарсан зүдэрсэн айл амьтан олоод уйлуулж дуулуулж” “кайф” авдаг төрөл биш л дээ. Сэтгүүлч төсөөлсөн төсөөлөл, өгсөн даалгавар хоёроо заавал тулгахын ч нэр биш. Гол нь нүдээр үзэж бодитоор мэдрээд түүнийгээ хүргэх л ажил юм. Тиймээс хөглөрсөн хог новш, зовж зүдэрсэн эр, эм, өлсгөлөн хүүхдүүдийн гар дагуулах гунигт харцтай тулаагүйдээ харин ч баярлав. Сурвалжлага асуудал хөндөж болох ч заавал “хүний муу үзэх” ч албатай биш дээ гэж дотроо бодов.
Ингээд Далан давхрын гудамжуудаар өндөрлөг газрыг зорин алхав. Гудамжаар бараг хүнгүй, өмнө нь энэ хавиар нохой, шувуу хоёр л байдаг байсан. Хэдэн хар шувуу шарилын манаач хийн үлдсэнээс нохой ер харагдсангүй. Хотын дарга Э.Бат-Үүлийн үед хот даяар золбин нохой устгал явуулж бөөн хэл ам дагуулж байсныг сайн санаж байна. Хот тохижуулахын нэг ажилтан монголчууд нохой алдаггүй учраас нохой устгах хүн олддоггүй том зовлон болдог тухайгаа ярьж байсныг бас санаж байна. Ямар ч байсан энэ хавиар явган алхахад нохойд баригдахааргүй болжээ.
Айлуудын дундуур уул өөд өгсөж явахдаа өө сэв, буруу буртагт дуртай эрэлчийн зан хөдлөөд байгаагаа мэдэрч өөртэйгөө зөрчилдөв. Нөгөө л зурагтаар уйлуулж, бэлэг өгч ичээдэг, ядарсан, олон хүүхэдтэй ноорхой гэртээ айл үзсээр, харсаар өөрсдийгөө өрөвдөж, бусдыг муулсаар бүр сурчихжээ. Энэ сэтгэлгээ хандлагаасаа хэзээ нэг салах бол... Түүний үр дүн нь өнөөдрийн миний энэ “аялал” шүү дээ. “Гэр хороолол хөгжөөгүй, гэр хороололд ядуус амьдардаг, ноорхой гэртэй, хоногийн хоолгүй айл болгон аз жаргалгүй...тэднийг хайж олоод зурагтаар нүүрийг нь улалзуулж, төр засгийг муулуулж, ямар нэгэн тусламж халамжийн бодлогыг дэмжүүлэх учиртай”. Бид сүүлийн 30 жил ийм л “изм” хийж байгаа.
Баянхошууны хамгийн хойт талын уул хүртэл өө сэвгүй, хоёр талаараа явган хүний замтай сайхан зам хүргэв. Хотын төвдөө өсгийт шигдэхээргүй зам тавьчихдаггүй юм байж уулын бэлээр шахуу хэн явна гэж хоёрын хоёр явган хүний зам тавьдаг байнаа. Ямартаа ч нэг өө сэв оллоо. Улсын Их Хурлын гишүүд тойргоос буюу дүүргээс нэр дэвшдэг. Тэгээд улсын төсвөөс тойрогтоо яаж хэдэн төгрөг шийдүүлж нүүрээ тахлах юм хийлгэх вэ гэдэг бөөн уралдаан болдог. Энэ замын цагаан зураас шинээрээ, хоёр талын явган хүний замын хундан улаан өнгө гундаагүйг бодоход явган хүний замаар нь л зэлүүд салхинаас өөр юм явдаггүй бололтой. Байгаа оноогүй иймэрхүү мөнгө үрэлтийг хайвал харин хаа сайгүйгээс гарч ирж магадгүй юм.
Жишээ нь дүүргийн ганц сургуульд хүүхэд нь багтахгүй чихцэлдэж, нэгдсэн эмнэлэггүй дүүрэг хүртэл нийслэлд бий. Гэтэл хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд тойрогтоо төсөв хувиарлуулж нэг сумын хоёр сургуульд 10 гаруйхан хүүхэд хичээллэж байсан тохиолдол ч бий. Өнөөдөр үнэндээ гэр хорооллоос ядуу айл “хайж” яваа нь миний болоод бидний сэтгэлгээний ядуурал. Хайгаагүй боловч хараачлаад байгаа нь үнэн.
Бидний сэтгэлгээний ядуурал энэ. Энэ ядуурлаасаа гарахгүй бол уулан дээгүүр явган хүний зам тавьж, сумын 100 хүүхдэд 500 хүүхдийн сургууль барьсаар л байх болно. Ядуурал гэр хороололд биш, ядуурал бидний тархинд л байгаа.
Уулын орой дээрээс хараачилж явсаар хашаагүй нэгэн айлд очив. Хороо дүүргээ хэлэхгүй гэсэн Батчимэг гэх эмэгтэй хүний өөрийн нийлсэн дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг гэнэ. Нөхрөө гэж нэрлэхийг хүсээгүй гэрийн эзэн гадуур ажилтай яваа аж. Гаднаас нь харахад бидний төдийгөөс өдий хүртэл тодорхойлж томъёолж ирсэн амьжиргааны түвшингээс доогуур айл гэдэг “ангилалд” хороо хэсэгтээ багтдаг тухайгаа эзэгтэй ярив. Өрхийн тогтмол орлогын тухай ярилцахад “Өө яахав олох үедээ олно шүү дээ” гэв. Ямар ажил хийж, яаж гэдгээ тэр тойруулаад хэлсэнгүй. Амьдарч байгаа газар нь өөрийнх нь нэр дээр, мөн хашаа барих боломжгүй байна уу гэвэл эзэгтэй энэ тухай бодож байгаагүй мэт булзав. Хүүхдүүдийн хоол хүнс, гурил будааны тухай өрнөсөн бидний ярианы эцэст гэрийн эзэгтэй хол газар алхаж ядарч яваа намайг хүйтэн шар айргаар дайлахыг хүссэн юм. Хөглөрсөн хувцас хунараас нь тойрон тэднийхээс гарч явахдаа “Яагаад бид хөргөгчиндөө хүйтэн пивотой айлд халамж, хандив тусламж өгөхөөр улайрдгаа” бодоод олсонгүй.
Бодитоороо олон хүүхэдтэй, өвчтэй зовлонтой хүнтэй, орлогогүй, ажилгүй айл өрхүүд байдаг нь үнэн. Гэхдээ тэд хаа очиж арчаатай, амьдралын төлөө тэмцэлтэй амьдардаг. Харин арчаа муутай, арчаагүй амьдралаараа гол барьж шоу хийгээд сурчихсан айлуудаар дахин бид шоу хийдэг юм байна. Улаанбаатар хотын нүх сүв бүхнийг нэгжиж дуусгаагүй ч Баянхошууг явганаар ч, машинаар ч хэрэн хэсэхэд айл болгон шахуу автомашинтай, хашаа байшинтай байсан нь харин ч хотын тухай, ирээдүйн тухай өөдрөг сэтгэгдлийг төрүүлэв. Хашаагүй ноорхой гэрүүд хэн нэгний газрын манаач хийн гэм хоргүй навсайх нь жигших гэхээсээ илүү сонирхолтой дүр зураг. Тийм нэг гэрийг онилон байж эзэнтэй нь уулзахад энэ газрын манаачийг хийх гээд хулгайд алдахааргүй эд хогшилтой гэр барьснаа ярьсан юм. Хааяа ирж хонодог юм. Миний нэг давхар ажил гэлээ.
Дараа нь автомашин хөлөглөн нөгөө гоё замын төгсгөлийг үзэхээр явав. Гоё зам Хайлааст хүргээд төв замд нийлчихлээ. Буцаж уулын баруун тал руу тонгойж 21-р хорооллын худалдааны төв орчмоор аялав. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж хүмүүс дэлгүүр, ТҮЦ-ндээ ажиллаж, машин угаалга, дугуй засвар хүний хэрэгцээт бүхэн байдгаараа байж борог ч гэсэн нийслэл хотын нэгэн дүүргийн жижигхэн төв хаврын сүүлчийн өдрийн шороотойгоо нийлэн бужигнаж байна.
Илүү харсан хүнд хаа газрын “дошны атаманууд” болох архичид халаасандаа гараа хийн, газарт шүлсээ нулиман өрвийн зогсоцгоох нь содон харагдана. Яахав, хаа газрын амьдралд ийм хүмүүс байдаг л хойно. Архины мөнгө олох нь ч гэсэн энэ хүмүүсийн хувьд зорилго л юм даа гэж эерүүлэн бодов. Тэр бяцхан төвөөс хаа сайгүй хөлсөөр давхидаг таксинууд зогсдог юм. Тэд улам олон болон ирийтэл жагсчээ. Нэлээд хэдэн жилийн өмнө эндээс Өмнөговь явж байснаа санана. Хотын төвд өдөр болгон ажилдаа явахдаа хэнэггүйхэн хажуугаар нь өнгөрдөг гутал тосолдог, гуйлга гуйдаг нэг ч хүн алга. Захын судсуудаа зогсчихвий гэж айгаад хамаг анхаарлаа тавьж бүх цусыг шахагч зүрхээ мартчихсан хүн шиг гэр хороолол, хотын хороолол хоёрын ялгаа зөрүүний тухай сонин бодол төрсөөр явлаа. Орон сууцны бидэнд гэр хорооллын эдгээр эрх чөлөөнөөс ихэнх нь байдаггүй.
Хайсан “муухай” хамар дор
Амьдралын чанарын тухай, арчаатай амьдрал, анхиагүй хүмүүсийн тухай хамгийн гол нь ядуу, нэн ядуу, амьжиргааны баталгаажих доод түвшин, гэр хороолол гэх мэт олон ойлголтуудын тухай тодорхойлолт, томъёолол, индексээ өөрчлөх цаг иржээ. Харин захын хорооллоос нүдний өө сэв, сонин хэвлэлийн бай болгодог хүмүүс хамар дор минь хамтдаа шахам амьдардгийг мэднэ. Хаалганыхаа цаана хэрхэн амьдардгийг нь мэдэх хэрнээ тоодоггүй. Ер нь хүнийг ядуу, баян гэж ангилж хуваах нь орчин үед өөрөө том тэнэглэл. Амьдралын саад бэрхшээл тулгараад байгаа, дутахын гачлан, дундуурын зовлонтой хүмүүс байдаг. Тэд хэзээ ч олон хүүхэдтэйгээрээ, орох оронгүйгээрээ ер нь оюун санааны ядуурлаараа түрий барьж “шоуддаггүй”. Тэд л хүйтэн пиво санал болгохгүйгээр амьдралын үнэнийг өгүүлж чадна.
Хотын төв буюу Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр нийтийн байрны зарим нэг айлуудын хаалгыг тогшлоо. Эхний айлд гуйн байж орж ярилцав. Мэдээж хүмүүс гэртээ урилгагүй зочин хүлээн авч хэт хувийн шинжтэй юм асууж, амьдралд нь хошуу дүрэхэд дургүй. Энэ бол нэг талаараа хүн байгаагийн л шинж. Бас л эерүү зөөлнөөр нь эзэгтэйтэй нь ярилцав. Зургаан давхар энэ байр Дөлгөөн нуурт байрлах бөгөөд эзэн нь хятад хүн гэнэ. Тэд нэг өрөө байранд ирэн очин байдагтайгаа нийлээд бараг арвуулаа амьдардаг аж. Нөхөр нь ойролцоох дугуй засварын газар ажилладаг. Алтантуяа 3,5,9,15 насны хүүхдүүд болон нөхрийнхөө дүүтэй нь хамт амьдардаг гэнэ. Нөхөр нь дүүтэйгээ өдөр шөнөгүй зүтгэж мөнгө олдог ч байрны түрээсэндээ ярьж хямдруулсан хэрнээ сард 450 мянган төгрөгийг төлдөг . Наана нь ус, цахилгаанаа бас төлөх хэрэг гардаг. Байрны түрээс ус, цахилгаанаа төлөөд зуу хүрэхгүй мянган төгрөгтэй үлддэг гэж үнэнээ ярьж байна. Багыгаа томд нь харуулаад байрны эзний дэлгүүр, орц цэвэрлэх ажил хааяа хийдэг. Заавал өндөр түрээстэй байранд амьдрах хэрэг байна уу гэвэл. Гэр хөлслөөд амьдарч үзсэн, хүүхдүүдэд нь халуун уснаас эхлээд тав тухгүй, модон жорлон нь хүн орох эцэсгүй байдаг. Бас түлээ нүүрс гээд зардал нь арай бага ч хүүхдүүдээ тийм орчинд өсгөж төвдөхгүй байгаа талаараа ярив. Гол нь дулаан орчинд, халуун хүйтэн устай, ажил төрөлд ороод хүүхдээ орхиод явахад айх аюулгүй юм даа гэж шүд зуун тэссээр байгаагаа хэллээ. Урьдчилгаа төлбөргүйгээс орон сууцтай болж чадахгүй байгаа нь хамгийн том бэрхшээл аж. Хэрвээ урьдчилгаа төлбөртэй байсан бол түрээсэнд төлж байгаа мөнгөө лизингдээ өгч чадна гэдгээ ч ярив. Тиймээ тэд чадна. Урилгагүй зочинд зүсэх талхгүйдээ санаа нь зовж, оройтож ирдэг хань маань халуун усанд ороод амардаг байранд амьдарч байгаадаа баясаж суугаа энэ эмэгтэй л жинхэнэ ядуу биш сэтгэлгээтэй хүн юм даа. Ийм амьдралын төлөө тэмцдэг, ичих булчирхайтай, таваглах талхгүй ч сэтгэл дүүрэн мөрөөдөлтэй мянган мянган гэр бүл, ээж аавууд иргэдийг дэмжмээр юм.
Урьдчилгаа цуглуулах боломж алга, унаад таксинд явах машин алга, бариад суух гэртэй болж чадах ч, бууриа хатгах газар алга. Гэхдээ хэдэн хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөөд авбал... гэж ярих тэр эмэгтэйг хайрлах сэтгэл төрнө. Чаддаг бол дэмжихсэн, илүүчлэх юмтай бол өгөхсөн. Гэвч би өөрөө түүнтэй адилхан хотын төвд амьдардаг зараад идэх хөрөнгөгүй, гэрээ барих газаргүй хотын төвийн “баячуудын” нэг л шүү дээ. Цааш явлаа...
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН