- Манай улсын анхны зам тээврийн осол 1923 онд бүртгэгдсэн -
Манай улсад замын хөдөлгөөний дүрэм анх үүссэнээс хойш 95 жилийн нүүрийг үзээд байна. Бидэнд мөрдвөл, хэрэгжүүлбэл хангалттай олон дүрэм бий. Харин түүний хэрэгжилт ямар байгаа бол. Бид юун дээр алдаад байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч Э.Энхболдтой ярилцлаа.
-Манай улсад хамгийн анх тээврийн хэрэгсэл хэзээ бүртгэгдсэн, замын хөдөлгөөний дүрэм хэзээ батлагдсанаас яриагаа эхлүүлэх үү?
-Манай улсад анхны замын хөдөлгөөний дүрэм 1925 оны тавдугаар сарын 22-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар батлагдаж байсан түүхтэй. Тухайн үед замын хөдөлгөөний дүрэм нэртэй байгаагүй. Харин "Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийн БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм" нэртэй батлагдаж байсан. Манай улсад 1910 оноос эхэлж анх удаа авто машин харагдаж эхэлсэн байна. Эдгээр цөөн тооны авто машинууд нь гол төлөв Орос, Хятадын худалдаа наймааны пүүс, компанийнх байсан түүхтэй. Эдгээр тээврийн хэрэгслүүд манай улсын нутгаар дамжин Хиагт-Их хүрээ-Чуулалт хаалга гэсэн чиглэлийн дагуу тээвэр хийж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ингээд 1920 оны үед Богд хааны форд маркийн авто машинаас авхуулаад 10 орчим тээврийн хэрэгсэл байсан түүхтэй.
Гэхдээ Монгол Улс статистикийн хувьд 1929 онд анх удаагаа авто машины тооллого явуулахад 20 ширхэг байсан. Үндсэндээ авто машинаа тоолох энэ үйл явц замын хөдөлгөөний дүрмийг баталснаас хойш дөрвөн жилийн дараа болсон байгаа юм. Ингэхээр 1925 оны үед авто машины тоо үүнээс бага байсан нь харагдана. Дүрэм батлагдахаас өмнө замын хөдөлгөөнтэй холбоотой хэд хэдэн зөрчил гарсан байдаг. Тухайлбал, 1923 онд Хятад пүүсийн жолооч Бронштейн согтуугаар авто машин жолоодож яваад н.Дамчаа гэгч цэргийг дайрч амь насыг нь хохироосон явдал нь нь Монгол Улсад хамгийн анхны зам тээврийн осол хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Анхны ослын хохирогч нь цэрэг гэж байгаагаас харахад цэл залуу хүн байж, дээрээс нь гадаад улсын иргэн хэрэгт холбоотой байхаас гадна тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноор хүний амь насыг хохироосон байгаа юм. Үүний дараа 1925 онд Хятад Далайн пүүсийн жолооч Ты Юань Күй гэгч хашааны гадна тоглож байсан П.Долгорсүрэн гэдэг охиныг дайрч амь насыг нь хохироосон явдал гарсан. Энэ явдлаас болоод тээврийн хэрэгсэл гээч зүйл хаа хамаагүй явах нь бусдад аюултай юм байна гэдэг ойлголтыг тухайн үеийн төр засгийн удирлагуудад өгч байсан байх. Үүний дараа Мөн онд Оросын “Центрсоюз” хэмээх хоршооны жолооч, Шавь яамны жолооч н.Загдын унаж явсан авто машинтай мөргөлдсөн осол хэрэг, түүнчлэн Цэргийн яамны жолооч н.Сыциков гэгч орос этгээд, авто машинаар хэтэрхий хурдлан давхиж яваад Дотоод явдлын яамны туслах түшмэл Цогбадрахын хүү Доржготовыг дайрч хүнд бэртээснээр манай улсад зам тээврийн осол хэрэг согтуугаар үйлдэгдсэн, явган зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хохироосон, хурд хэтрүүлсэн, хоорондоо мөргөлдсөн гэх мэт зөрчлүүд гарсан нь энэ асуудалд анхаарахгүй бол болохгүй болсныг харуулж байгаа юм. Хамгийн гол нь тухайн хэрэг зөрчлүүдийг хэрхэн шийдвэрлэх баримт бичиг манай улсад байгаагүй. Иймээс 1925 оны тавдугаар сарын 22-нд Засгийн газраас уурын тэрэг буюу авто машиныг манай улс хэрхэн хэрэглэх юм бэ гэдэг анхны түр дүрмийг 21 зүйлтэйгээр баталсан.
-Анхны дүрэмд юуг хэрхэн тусгасан нь сонирхолтой санагдаж байна л даа. Анхны баталж байсан дүрмээс одоо ч мөрдөгдөж байгаа зүйл бий болов уу?
-Хэдийгээр тухайн үеийн хэллэгээрээ бичигдсэн боловч өнөөдөр ч замын хөдөлгөөний дүрэмд хэрэглэгдэж байгаа, жолооч нар нийтлэг гаргадаг зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон зүйл заалтууд бий. Хэлж анхааруулсаар байтал баримталж хөдөлгөөнд оролцоогүйн улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирч бий. Тухайлбал, Гуравдугаар зүйл: Арван найман нас эс хүрсэн ба харалган, жич дүлий хүмүүсийг тэрэгний жолоочид хэрэглэж үл болмой хэмээн заасан. Тэгэхээр 18 нас хүрээгүй хүнийг, харалган гэдэг нь харааны ямар нэгэн бэрхшээлтэй иргэнийг, жич дүлий гэдэг нь сонсголын бэрхшээлтэй иргэнийг жолооч болгож болохгүй гэдгийг 20 хүрэхгүй тээврийн хэрэгсэлтэй байхдаа жолоочийн шаардлагыг тогтоож өгсөн байна. Үүнээс үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодоход жолооч хүний эрүүл мэнд ямар чухал болохыг харуулж байгаа юм. Магадгүй энэ ярилцлагыг уншиж байгаа жолооч нар дунд 10-20 жилийн өмнө жолооч болж байх үед нь эрүүл мэндийн байдал нь сайн байсан байж болох. Тиймээс хараа, сонсгол муудсан иргэд өөрт тохирсон шил, сонсголын аппаратыг авч хэрэглэх ёстой шүү гэдгийг зөвлөж байна. Мөн Дөрөвдүгээр зүйлд: Архич хүмүүсийг тэрэгний жолоочид хэрэглэж үл болмой гэсэн. Энэ зүйл заалтыг аваад үзэхээр архич хүн гэж хэнийг хэлэх вэ, хааяа нэг архи уудаг хүнийг хэлэх юм уу, өдөр бүр уудаг хүмүүсийг хэлэх юм уу гэдэг нь тодорхой бус байгаа ч согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн хүнээр жолоо бариулж болохгүй гэсэн санаа явж байгаа. Учир нь хамгийн анхны осол архитай холбоотой байсан. Одоо ч энэ дүрэм мөрдөгдөж байгаа. Тиймээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг зөрчилтэй бид анхны дүрмээ батлахаас эхлэн тэмцэж эхэлсэн гэсэн үг. Харамсалтай нь 2019 онд 34 мянган жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар 7792 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Тиймээс тэртээ 95 жилийн өмнө хэлсэн архич хүмүүс их байна уу гэсэн бодол төрж байгаа юм. Энэ мэтчилэн бүрээ буюу дуут дохиотой холбоотой ч зүйл заалт байсан.
-Анх 21 зүйл заалттайгаа батлагдсан замын хөдөлгөөний дүрэм өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Хамгийн сүүлд 2018 оны наймдугаар сарын 08-ны өдөр Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор баталсан Замын хөдөлгөөний дүрэм 225 зүйл заалттай. Анх 20 хүрэхгүй авто машинтай байсан манай улс одоо нэг сая орчим тээврийн хэрэгсэлтэй болоод байна.
-Замын хөдөлгөөний дүрмээс хамгийн их зөрчигдөж байгаа зүйл заалт нь юу байна. Шалтгаан нь юу юм бол оо?
-Манай улсын хэмжээнд жилд 90 орчим мянган зам тээврийн ослын дуудлага ирдэг. Нэг дуудлагын цаана хоёр машин байгаа гэж тооцох юм бол жилдээ 200 орчим мянган иргэн зам тээврийн осол хэрэгт холбогддог гэсэн үг. Осол, хэргийг тусад нь ялгаж үздэг. Осол гэдэг хоёр машин мөргөлдөх, замын хажуугийн хайс, тэмдэг тэмдэглэгээ мөргөх гэх мэт эд материалын бага хэмжээний хохирол учирсныг хэлдэг.
Харин хүний биед гэмтэл учруулсан, амь нас хохироосон, хүний эд хөрөнгөнд үлэмж хэмжээний хохирол учруулсан тохиолдолд зам тээврийн гэмт хэрэг болоод шалгагддаг юм. Нийт ослын 90 орчим хувь нь нийслэл Улаанбаатар хотод гарч байна. Шалтгаан нөхцөлийг нь аваад үзэхээр тээврийн хэрэгслийн зай баримтлаагүйгээс урдаа болон хажуу талдаа байгаа тээврийн хэрэгслийг мөргөдөг, хажуудах тээврийн хэрэгслээ шүргэдэг. Олон улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийгэмлэг, судлаачдаас өгч байгаа мэдээллээр урд явж байгаа тээврийн хэрэгслээс гурван секунтын зайтай хоцорч яв гэдэг шаардлага тавьдаг. Таны урд яваа тээврийн хэрэгсэлд ямар нэгэн саад учрахад та гурван секунтын дараа таны авто машин тэнд хүрч байвал та аюулгүйн зайгаа барьсан байна гэж үздэг байна. Дараагийн асуудал нь хүн амын нягтаршлаас үүдэлтэй. Бид хязгаарлагдмал нөөцтэй. Энэ нөөцийнхөө хэмжээнээс давсан тээврийн хэрэгсэлтэй учраас зогсох зогсоолыг зөрчсөн үйлдэл дарааагийн том зөрчлөөр нэрлэгдэж байна. Харин хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон, бусдад их хэмжээний хохирол учруулсан зам тээврийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг аваад үзэхээр нэгдүгээрт, зөвшөөрөгдсөн хурдны хэмжээг хэтрүүлсэн зөрчил их гарч байна. Үүнээс үүдэн онхолдох, мөргөлдөх тохиолдол их гарч байгаа нь харамсалтай. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, урсгал сөрөх гэх мэт зөрчлүүд орж байна л даа. Хамгийн гол нь энэ бүхний цаана өөрийн болон бусдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчдөг. Санаатай болон санамсаргүй байдлаар дүрэм зөрчсөн жолоочоос үүдэн дүрмээрээ зорчиж байсан хүмүүс хайртай дотнын хүмүүстэйгээ хохирогч болоод үлдэж байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Та дүрэм зөрчсөнөөр өөрийнхөө болон бусдын гэр бүл, эд хөрөнгө, эрүүл мэнд амь насаасаа илүү үнэт зүйл хожих гэж байна уу. Эсвэл энэ бүх эрхэм зүйлээрээ дэнчин тавьж байна уу гэдгээ үргэлж бодох хэрэгтэй.
-Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх нь жолооч нарын хариуцлага ухамсартай шууд холбоотой байх. Тэгвэл жолооч бэлдэхдээ замын хөдөлгөөний дүрмээ таньж мэдэх, дагаж мөрдөхийн ач холбогдлыг мэдүүлэх ажил дээрээ алдаад байна уу?
-Жолооны курст сууж байгаа иргэдийн хандлагыг харахаар жолооны дүрэмийн шалгалт өгч, үнэмлэх авах л хэрэгтэй мэтээр ханддаг. Дараа нь замын хөдөлгөөний дүрэм хэрэг болохгүй мэт санадаг. Замын хөдөлгөөнд хүн төрөхөөс үхэх хүртэл хугацааанд буюу амьдралынхаа туршид оролцдог учраас энэ дүрмийг таньж, мэддэг байх нь хамгийн чухал. Ажил гэр, эмнэлэг, сургууль гээд хаашаа ч явсан тээврийн хэрэгсэл бидний амьдралд байсаар л байна.
Тэгэхээр амьдралынхаа салшгүй нэг хэсэг болсон энэ харилцаанд орохдоо аюулгүй байдлыг хангахын тулд замын хөдөлгөөний дүрмийг миний амьдралд хэрэгтэй юм шүү. Үүнийг зөрчвөл би өөрийнхөө болоод бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд аюул учруулж болзошгүй юм. Эргээд би өөрөө хариуцлага хүлээнэ гэдэг үүднээсээ дүрмийн заалт шаардлагыг ухаж ойлгох хэрэгтэй. Магадгүй гарцгүй газраар гарч байгаа явган зорчигчид, бүсээ зүүгээгүй иргэнд ямар эрсдэл учирч болох талаар харилцан ярилцаж эрсдэлийг тооцож мэдлэгээ бататгахын зэрэгцээ хамт зорчиж байгаа хүмүүсээ замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй болоход нь давхар нөлөөлөх боломжтой юм. Ингэснээр харилцан замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ солилцох, тэлэх боломж үүсч байгаа юм л даа.
-Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөөгүйгээс гарсан хохирлыг ямар нэгэн байдлаар тооцож үзсэн болов уу?
-Өнгөрсөн жил зам тээврийн ослын улмаас 40 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байгаа юм. Энэ бол өнөөх замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөөгүйн улмаас өөр нэгэн жолоочид гарсан хохирлын хэмжээ. Энэ хохирлоо төлөхийн тулд бид өөрсдөө үйлдвэрлэгч орон биш учраас сэлбэг хэрэгслээ гадаадаас импортолж авч байна. Мөн хохирогч тал арай илүү чанартай гэдэг үүднээс нь вьетнам засварын газраар үйлчлүүлэх сонирхол ихтэй байдаг. Энэ мэтчилэн гадаадын улс орны иргэнийг санхүүжүүлж байгаа хэрэг юм л даа. Үүнээс сэргийлэхийн тулд нэг ч гэсэн монгол хүн битгий хохироосой, нэг ч гэсэн монгол хүн бусдад хохирол учруулж өөрөө өөрийнхөө өрх гэрт зарцуулах байсан мөнгөө бүү үрээсэй гэж боддог. Учир нь зам тээврийн ослын хохирол маань үнэлж баршгүй зүйл байдаг. Өнөөдөр хоёр машин шүргэлцээд 200 мянган төгрөгийн хохирол гарлаа гэхэд нөгөөдөхөө засуулахын тулд 2-3 хоног засварын газар машинаа өгнө. Буруутай жолооч арга хэмжээ тооцуулна гэх мэтээр дам дамаа нэгхэн хормын тэвчээр, нэг удаагийн дүрэм зөрчсөн үйлдлийн уршгаар нөхөж баршгүй, их хэмжээний хор уршгийг араасаа дагуулдаг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Үүн дээр нэмээд хэлэхэд үнэлж баршгүй хохирол буюу хүний эрүүл мэнд, амь нас хохирох тохиолдол их байна. Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирох байдал дэлхийд наймдугаарт бичигдэж байна. Дэлхий дээр 1.2 сая хүний амь хохирч байдаг. Дэлхийд өдөрт 3400-3500 орчим хүн зам тээврийн ослын улмаас зуурдаар амь насаа алдаж байна. Манай улсад өнгөрсөн жил 560 орчим хүн амь насаа алдсан тоо баримт бий. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар буурсан боловч хүний амь нас зам тээврийн ослын улмаас эрсдээд байгаа энэ байдлыг хайхрахгүй өнгөрч болохгүй. Цагдаагийн байгууллагаас боломжит бүхий л сувгийг ашиглаад гарч байгаа хэрэг, зөрчлийн талаарх үнэн бодит мэдээллийг газар дээрээс нь хүргэж хурд хэтрүүлснээс, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос, тасралтгүй олон цагаар тээврийн хэрэгсэл жолоодож үүрэглэснээс, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэж ийм осол аваар гарлаа, тээврийн хэрэгсэл нь ийм боллоо гэдгийг тогтмол мэдээлж байгаа боловч өнөөх хэнэггүй зан, надаас аюул хол байгаа гэсэн хайхрамжгүй байдлаас үүдэн осол аваар гарсаар л байна. Жилдээ хохирсон хүний амь насыг аваад үзэхээр хоёр өдөрт гурван хүний амь нас эрсдэж байна. Энэ тавдугаар сард гэхэд л Завхан, Архангай, Хэнтий аймаг, Хан-Уул дүүрэгт ноцтой осол гарсны улмаас бага насны хүүхэд болон олон хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гараад байна. Он гарснаас хойш мотоциклийн ослын улмаас 36 эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Үнэндээ бусдын бодит жишээн дээрээс сургамж авхуулахаас өөрөөр иргэдэд сануулах, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлүүлэхээс өөр бид юу хийх ёстой юм бэ. Заавал ийм гашуун зовлонг өөрийн биеэр туулах,ойр тойрныхоо хайртай хүмүүсийг алдаж байж ойлгоно гэдэг дэндүү харамсалтай шүү дээ.
-Зарим иргэд хөдөө гараад л давхичихдаг. Тэр ч бүү хэл хөдөө орон нутгийн хурдны хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг шүү дээ?
-Энэ бол иргэдийн хамгийн том алдаа, хамгийн том дэнчин. Үнэндээ 80 километр цагийн хурдтай яваа тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн хамгаалах бүсээ зүүсэн үед онхолдоход амьд гарах боломж 20 орчим хувь л байдаг. Гэтэл иргэд хурдны дээд хязгаар байгаа үүнийгээ нэмээч ээ гэсэн санал ирүүлдэг. Авто машины хурдны дээд хязгаарыг нэмэхийн тулд тухайн авто замын өргөн, хийцийн онцлог, тохиромжтой хурд, онолын хурд нөхцөлийг тооцсоны үндсэн дээр гаргадаг. Үүнийг иргэд ойлгооч ээ. Мөн иргэд унаж байгаа тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бүрэн таньж мэдээгүй байдаг. Гэтэл 50 километр цагийн хурдтай явж байгаад үл хөдлөх зүйл мөргөхөд тухайн иргэнийг 10 метрээс доошгүй зайд шидэж байгаатай адил хэмжээний доргилт авдаг. Тиймээс иргэд техникийн мэдлэг бусад физикийн хуулийг анхаарч судлах хэрэгтэй. Бид газраас атга чулуу аваад хэн нэгний нүүр лүү шидэх юм бол бүгд чулуунд оногдохгүйн тулд айж бултдаг. Гэтэл зам хөндлөн гарахдаа хүнээс 20-30 дахин илүү жинтэй буюу 2-3 тонны даацтай тээврийн хэрэгсэл ирж байхад түүнээс огтхон ч айхгүй гарцгүй газраар гардаг. Гэтэл өнөөх 2-3 тонны жинтэй тээврийн хэрэгсэл 100 килограмм жинтэй хүнийг мөргөхөд тэр хүнд амьд үлдэх магадлал байхгүй. Тиймээс бодитоор таны эрүүл мэнд, амь насанд аюул учруулах зүйлээс болгоомжилж замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох хэрэгтэй.
-Замын хөдөлгөөний дүрэм хангалттай байна. Харин түүнийг зөрчсөн иргэнд тооцох хариуцлага сул байна уу?
-2014 онд манай улсад 600 орчим иргэн авто ослоор амь насаа алдаж хамгийн их осол аваар гарч байсан. Ингээд 2015 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдаад торгууль шийтгэл нэлээд өндөр болсон. Энэ үед осол аваарын тоо буурсан. Дахиад 2017 онд Зөрчлийн тухай хууль батлагдаад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан торгууль шийтгэлийн санкц буурсан. Энэ үед буцаад зам тээврийн хэрэг, зөрчлийн тоо өссөн хандлагатай байна. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж осол аваар гаргасан зан байдлыг аваад үзэхээр өмнө нь таваас дээш удаа зөрчил гаргаж байсан иргэд хүний амь нас хохироосон эсвэл өөрсдөө эрсдэлд орсон байдаг. Өөрөөр хэлбэл олон хавар нэгэндээ гэдэг юм болж байгаа юм. Торгууль шийтгэлийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх нь зүйтэй.
Учир нь үүний цаана хариуцлага дагалдаж байгаа. Тухайн иргэнд замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй байх бүрэн боломж байгаа. Энэ бол хувь хүний хандлагатай шууд холбоотой. Дүрэм зөрчих юм бол өөртөө болон бусдад хохирол учруулна, эрсдэлд оруулна гэж боддоггүй юмаа гэхэд наад зах нь торгууль төлнө гэдгээ ухамсарладаг. Хүний халаастай яриад ирэхээр бас хариуцлагатай болдог жишиг дэлхийд бий. Жилдээ ЗХД зөрчсөн 1.5 сая зөрчил илэрч байна. Нийт илэрсэн зөрчлийн 20 орчим хувийг камерийн хяналтаар илрүүлдэг бол үлдсэн 80 орчим хувийг цагдаагийн алба хаагчид хяналт тавин илрүүлж байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН