Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Цар тахлын нөхцөлд сонгууль зохион байгуулсан Солонгосын туршлага ийм

 "Ковид-19"- ийн тархалтаас сэргийлэх зорилгоор улс даяараа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн нөхцөлд ирэх сарын 24-нд явуулахаар товлосон УИХ-ын ээлжит сонгуулийг хэрхэн эрсдэлгүй зохион байгуулах тухай асуудлаар судлаачид мэдээлэл хүргэж байна. Улсын хэмжээний томоохон сонгуулийг амжилттай зохион байгуулсан орнуудын нэг болох Бүгд Найрамдах Солонгос Улсын туршлагыг тэд онцолж буй. Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн 300 гишүүнийг сонгох 21 дэх удаагийн сонгууль нь 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр болсон юм. 

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүс нутгийн хөтөлбөрт Сонгуулийн үйл явц, улс төрийн оролцооны асуудлаар ахлах зөвлөхөөр ажилладаг Антонио Спинелли, Нээлттэй нийгэм форумын Засаглалын асуудлаар хэрэгжүүлж буй хөтөлбөрийг хариуцан ажилладаг Д.Энхцэцэг нарын судалгааны үр дүнгээс танилцуулъя.

БНХАУ-аас гадна энэ оны хоёрдугаар сарын байдлаар "КОВИД-19" хурдтай тархсан орны нэг нь Өмнөд Солонгос улс байв. Тус улсын Засгийн газар нь халдварын тархалтын эсрэг оношилгоо шинжилгээ, хяналт, хавьтлын илрүүлэлт, өөрийгөө тусгаарлах болон олон нийтийн газар бусдаас зай барих шаардлага, гадаадаас ирсэн зорчигчдыг хатуу хөл хорионд байлгах зэрэг цогц арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Үүнтэй зэрэгцэн 2020 оны Үндэсний Ассамблейн сонгуулийг дөрөвдүгээр сард товлосон хугацаанд нь зохион байгуулах боломжтой эсэх талаар улс төрийн хүрээнд болон нийгэмд маргаан өрнөж, тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байсан нь ч вирусийн халдварын тархалтыг амжилттай намжааж чадсанаар сонгуулиа цаг хугацаанд нь зохион байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ.

Онцгой нөхцөл байдалд тохируулан арга хэмжээ авсан нь

"КОВИД-19"-тэй холбоотой хямрал эхэлсэн цагаас ээлжит сонгуулийг товлосон цаг хугацаанд нь зохион байгуулах албан ёсны шийдвэр гарах хүртэл тус улсын Үндэсний сонгуулийн хорооны зүгээс сонгогчдод саналаа өгөхөд аливаа эрсдэл үүсэхгүй эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарал хандуулж, улмаар албан ёсны шийдвэр гарсан даруй яаралтай арга хэмжээ авч эхэлсэн аж. ҮСХ-ны дарга сонгогчдод хандан гаргасан мэдэгдэлдээ “Сонгуулийн зохион байгуулалтын гол ажил нь ариутгал халдваргүйжүүлэлтийг дээд зэргээр хийхэд чиглэх ба энэ хүрээнд ҮСХ сонгогч эрүүл мэнддээ санаа зовох зүйлгүй саналаа өгөх орчныг бүрдүүлэхийн төлөө зохих арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэх болно” гэж дурджээ. Ийнхүү амласнаа нэн даруй ажил хэрэг болгож сонгогч санал өгөх явцдаа вирусийн халдвар авч, бусдад түгээхээс сэргийлэх зорилготой хэд хэдэн онцгой арга хэмжээ авахаа зарласан.

Урьдчилж болон гэрээсээ санал өгөх

Эдгээр арга хэмжээний эхнийх нь сонгогчдод урьдчилж санал өгөх боломж олгосон хуулийн зохицуулалтыг аль болох түлхүү ашиглахыг хөхиүлэн дэмжих явдал байв. Энэ зохицуулалтаар сонгогчид сонгуулийн өдрөөс өмнө оршин суугаа хаяг хамаарахгүй, байгаа газраа санал өгөх боломж олгосон. Сонгуулийн урьдчилж санал хураах үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд явагдсан бөгөөд сонгогчид улс даяар үйл ажиллагаа явуулж эхэлсэн 3500 санал хураах байрны алинд ч очиж саналаа өгөх боломжтой байв. Ийнхүү аль болох олон сонгогчийн саналыг урьдчилж өгүүлэхээр хичээсэн нь сонгуулийн өдрийн ачааллыг бууруулж сонгогчид олноор бөөгнөрөхөөс сэргийлэх зорилго агуулж байлаа.

Гэрээс санал өгөх (шуудангаар урьдчилж санал өгөх) боломжийг ашиглах

Бас нэг чухал арга хэмжээ нь "ковид-19"-өөр өвчлөн эмчлүүлж байгаа хүмүүс, хөл хорионд тусгаарлагдсан болон халдвар авсан хүмүүстэй хавьталд орсны улмаас өөрийгөө тусгаарлаад буй хүмүүст “гэрээс санал өгөх (шуудангаар урьдчилж санал өгөх) боломж” олгосон. Хэвийн нөхцөлд болж өнгөрсөн өмнөх сонгуулиудад зөвхөн тусгайлан заасан тодорхой нөхцөлд сонгогч гэрээсээ санал өгөх боломжтой байж ирсэн. Энэ удаад шуудангаар санал өгөхийн тулд сонгогч гуравдугаар сарын 24-28-ны хооронд “гэрээс санал өгөх” өргөдлийн маягт бөглөн, орон нутгийн засаг захиргааны байгууллагадаа хүргүүлэх журамтай байлаа. “Гэрээс санал өгөх” хүсэлт хүлээж авах хугацаа албан ёсоор дуусгавар болсны дараа ҮСХ-ноос халдвар авсан хүмүүсийн сонгох эрхийг хангах нэмэлт арга хэмжээ авсан нь эмнэлэг болон эрүүл мэндийн байгууллага дээр тусгай санал хураах байрууд байгуулж, халдвар аван эмчлүүлж буй сонгогчид болон эмнэлгийн ажилтнуудад урьдчилж санал өгөх боломж олгосон явдал байв.

Манай нөхцөлд хэрэгжүүлэх боломж

Солонгост авч хэрэгжүүлсэн сонгогчдын саналыг урьдчилж авах арга хэмжээг Монгол Улсад авч хэрэгжүүлэх боломж хуулийн хүрээнд хязгаарлагдмал хэмээн судлаачид дүгнэж байна.
Учир нь, УИХ-ын сонгуулийн 63-р зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй, дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа болон зөрчлийн улмаас баривчлагдсан, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах боломжтой. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг сонгогчийн гаргасан хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд явуулахаар хуульчилсан байна. Харин хуульд заасан хүндэтгэх шалтгаангүй сонгогчдын хувьд санал авах өдөр өөрийн биеэр санал хураах байранд ирж саналаа өгөхөөс өөр аргагүй. Ийм нөхцөлд санал хураах байранд олон хүн бөөгнөрөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж нэг санал хураах байранд ногдох сонгогчдын тоог аль болох цөөн байхаар тооцон, ариутгал халдваргүйжүүлэлтийн бусад арга хэмжээг судалж нэвтрүүлэх нь зүйтэй хэмээн судлаач дүгнэсэн байна.

Санал авах байрны эрүүл, аюулгүй орчин

Солонгосын ҮСХ-ны зүгээс дөрөвдүгээр сарын 15 буюу сонгуулийн өдөр нийт 14,330 санал хураах байранд биеэр ирж, санал өгөх сонгогчдод эрүүл аюулгүй нөхцөлд санал өгөх боломжийг бүх талаар хангах шийдмэг арга хэмжээнүүд авсан. Энэ хүрээнд санал хураах үйл явцын бүхий л үе шатанд халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж санал хураах байрны гадна дугаарлахад зай барихаас эхлээд санал хураах байрны дотор байж болох сонгогчдын тоог зохицуулж хязгаарлах, сонгуулийн төхөөрөмж, материалтай харьцахад аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ. Үүнтэй холбоотой авсан нэг чухал арга хэмжээ нь Сонгогчдод зориулсан санал өгөхөд баримтлах журам байв. Энэхүү журамд санал өгөх алхмуудыг нарийвчлан зааварлаж, эдгээр алхам бүрт сонгогчдын дагах ёстой урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхой зааж өгсөн байлаа. Улмаар уг журмыг сонгогчдод аль болох өргөнөөр хүргэж, сонгуулийн өдөр саналаа өгөх бэлтгэл хангахад нь ҮСХ-ны зүгээс ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласан байна.

Санал өгөхөд сонгогчдын баримтлах журамд дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг тусгажээ:
- Санал өгөхөөр дугаарлахдаа амны хаалт заавал зүүх.
- Санал хураах байранд нэвтрэхийн өмнө биеийн температурыг зайнаас халуун хэмжих термометрээр шалгах ба халуун нь 37.5 хэмээс дээш байгаа болон амьсгалын замын өвчний шинж тэмдэг, зовуурь илэрсэн тохиолдолд өндөр зэрэглэлийн урьдчилан сэргийлэх хамгаалалт бүхий тусгай өрөөнд санал өгөх.
- Сонгогчид хоорондоо наад зах нь нэг метрийн зай барьж аюулгүй байдлаа хангах, ийнхүү зай барихад зориулж санал авах байруудад зохих тэмдэглэгээг хийх.
- Биеийн байцаалт иргэний үнэмлэхээ шалгуулахад бэлэн байх, гараа ариутгагчаар цэвэрлэн, тавьж өгсөн нэг удаагийн бээлий өмсөх.
- Санал хураах байранд нэвтэрсэн сонгогч тухайн хэсэгт санал өгөх сонгогч мөн эсэхээ шалгуулах үед амны хаалтаа доошлуулах буюу түр авах.
- Үүний дараа амны хаалтаа дээшлүүлэх буюу буцаан зүүж, бээлийтэй гараар саналын хуудсаа авч бөглөн саналаа өгөх.
-Эцэст нь санал хураах байрнаас гарахдаа бээлийгээ тайлж гарах хаалганы хажууд байрлах саванд хаях.

Санал хураах байранд ажиллагсад болон цагдаа, сэтгүүлчид, ажиглагчдад зориулан бас журам гаргажээ

Санал хураах байранд ажиллах сонгуулийн ажилтнуудад мөн заавал дагаж биелүүлэх тусгай журам, тодорхой заавар гарган мөрдүүлжээ. Үүнд, эрүүл ахуйн хатуу журам баримталж амны хаалт зүүх, бээлий өмсөх, сонгуулийн урд өдөр нь санал хураах байруудыг ариутган халдваргүйжүүлэх, улмаар санал хураалт эхлэхээс өмнө нэвтрэхийг хориглох, санал өгөх бүхээг, тамга болон бусад сонгуулийн материалыг тогтмол ариутгаж, санал хураах байруудыг сайтар агааржуулахад анхаарах зэрэг арга хэмжээг заасан байв. Дээрх аюулгүй байдлын арга хэмжээтэй төстэй заалтууд тусгасан журмыг мөн цагдаагийн болон хэвлэл мэдээллийн ажилтнууд, сонгуулийн ажиглагчдад зориулан гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллажээ.
Ийнхүү сонгогчдод чиглэсэн дотооддоо авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс гадна гадаадад оршин сууж буй сонгогчид саналаа өгөхтэй холбоотой зарим шийдвэр, арга хэмжээ мөн авчээ. Тухайлбал, "КОВИД-19"-ийн тархалт хүндэрсэн улсуудад оршин сууж буй иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, хөл хорио тогтоосон зарим оронд гарч явж санал өгөх боломжгүйг харгалзан, 55 оронд санал хураах үйл ажиллагааг цуцалсан ба зарим Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар санал хураах цагаа богиносгосон байна.

Манай нөхцөлд хэрэгжүүлэх боломж

Монгол Улсын хувьд дээр дурдсанчлан сонгогч саналаа урьдчилж өгөх эрх зүйн орчин хязгаарлагдмал ба санал авах өдөр гадаадад байж таарах сонгогчдын хувьд санал өгөх боломжгүй хэмээн судлаачид дүгнэсэн байна. Ийм нөхцөлд сонгогчдын дийлэнх нь санал хураах байранд биеэр ирж саналаа өгөх тул санал хураалтын үйл ажиллагааг сонгогчдын эрүүл мэндэд эрсдэлгүй байдлаар зохион байгуулахад гол анхаарлаа хандуулах шаардлагатай болж байна хэмээн тэд зөвлөсөн юм. СЕХ-ны зүгээс санал хураах байруудыг ариутган халдваргүйжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлыг цогц байдлаар яаралтай төлөвлөн олон нийтэд мэдээлж, шат дараатай авч хэрэгжүүлэх нь зүйтэй.
Ялангуяа, сонгогчдод хамаатай журам заавар гаргах нөхцөлд аль болох яаравчлан баталж, олон нийтэд сурталчилж, мэдээллээр хангахад анхаарах нь зүйтэй хэмээн судлаачид зөвлөж байна.

Иргэдийг мэдээллээр хангах

Солонгосын ҮСХ сонгогчдод мэдээлэл өгөхийн тулд харилцаа холбооны янз бүрийн арга хэрэгсэл ашигласны дотор өөрийн NEC eTV болон үндэсний телевизийн сувгуудаар санал өгөхтэй холбоотой мэдээлэл сурталчилгаа тогтмол явуулах, орон даяар зурагт хуудас, мэдээллийн самбар байрлуулах, сонгогчдын санал өгөх журмыг санал хураах байруудад урьдчилан санал хураахаас эхлээд сонгуулийн өдрийг хүртэл тавьж танилцуулсан байна.
Ардчилсан шударга сонгуулийн нэг гол зарчим нь ил тод байдал байдаг. Энэ удаагийн сонгуульд ч дотоодын нам бус ажиглагчид хяналт тавихаар бэлтгэлээ базааж эхэлсэн билээ. Өмнөд Солонгосын туршлагаас харахад нийтийн эрүүл мэндийг хамгаалах ҮСХ-ноос онцгой нөхцөл байдалд тохируулан авсан хатуу арга хэмжээ нь сонгуулийн санал хураах, тоолох үйл явцын ил тод, хүртээмжтэй байдалд зарим талаар сөрөг нөлөө үзүүлэх нь зайлшгүй боллоо. Энэ асуудлыг халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр нөлөөг сааруулахгүйгээр шийдэх үүднээс ҮСХ eTV суваг болон үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг сувгуудаар тогтмол давтамжтайгаар хоёр өдөр үргэлжилсэн урьдчилан санал хураалт, мөн сонгуулийн өдрийн санал хураалтын ажиллагааг шууд нэвтрүүлжээ.

Цар тахлын үед сонгуулийн кампанит ажил явуулах хэлбэрүүд

Өмнөд Солонгосын хувьд "ковид-19"-ийн тархалт нь улс төрийн нам, нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажлаа зохион байгуулж ирсэн уламжлалт хэв загварыг эвдсэн гэж дүгнэж болно. Цуглаан, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, мэтгэлцээн хийх, сонгогчдыг олноор нь цуглуулан хандив цуглуулах үйл ажиллагаа зохион байгуулах, айлуудаар явж ухуулга хийх зэрэг хүмүүстэй биечлэн уулзах, харилцах шаардлагатай арга хэмжээнүүд явуулах боломжгүй байв. Хэдийгээр улс даяар хатуу хөл хорио тогтоогоогүй боловч сонгуулийн өдрийг хүртэл олон хүн оролцуулсан үйл ажиллагаа зохион байгуулах, оролцохыг хориглосноос гадна зай барих, өөр хоорондоо уулзаж харилцахаа аль болох хязгаарлах заавар үйлчилсэн хэвээр байв. Үүнтэй холбоотой улс төрийн нам, нэр дэвшигчид сонгогчдод хүрч ажиллах шинэлэг арга барил нэвтрүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн аж. 2020 оны сонгуулийн хувьд сонгуулийн сурталчилгаа өмнөх сонгуулиудтай харьцуулахад яах аргагүй даруухан болж өнгөрсөн гэж хэлж болно. Сонгогчдод хүрч ажиллахын тулд сурталчилгааны уламжлалт аргаа өөрчлөн, интернэт орчин, цахим технологи ашиглах, тухайлбал, нийгмийн сүлжээгээр видео сурталчилгаа явуулах, гар утсаар мессеж илгээх, аппликэйшн гаргах гэх мэт арга түлхүү хэрэглэж байв. Түүнчлэн зарим нэр дэвшигч 3D технологид суурилсан хийсвэрээр өргөтгөсөн бодит байдал (augmented reality (AR) technology)3 ашиглан дэмжигчидтэйгээ цахимаар харилцах шинэлэг арга ашиглах ч тохиолдол байлаа. Түүнчлэн "ковид-19"-тэй холбоотой сайн дурын ажил хийх, тойргийнхоо гудамж талбайг ариутган халдваргүйжүүлэх гэх мэт арга хэмжээнд оролцох нэр дэвшигчид ч байв. Бусад нэр дэвшигчийн хувьд уламжлалаас хазайлгүй, орон даяар өрх бүрд тараагддаг сонгуулийн мэдээллийн товхимолд сурталчилгааны материал, мөрийн хөтөлбөрөө нийтэлж хүргэх байдлаар ажилласан байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com