Хорвоог хайр, гэрлээрээ ялгалгүй тэтгэдэг хоёрхон зүйл байдаг нь ээж, нар хоёр юм гэнэ билээ. Бүхнийг тэвэртээ багтааж, сэтгэлдээ тээж чаддаг болохоор бүсгүйчүүд өвдөг сөхрөлгүй зүтгэх их эрч хүчтэй болдог байх. Улс төрийн жихүүн салхи, нялуун үг хийссэн зуны эхэн сарын тунгалаг нэгэн өдөр хотын өнцөг булан бүрт аж төрж буй бүсгүйчүүдтэй яриа дэлгэн, амьдралын тухай хүүрнэв. Турьхан биедээ ахдам ачааг түүртэлгүй үүрч, хүн бүрийн хийгээд байдаггүй хэцүү ажлыг сонгон, хөдөлмөрлөж яваа хорвоогийн таван өнгө болсон бүсгүйг энд онцоллоо. Гайхалтай нь, тэд өөрөөсөө илүүтэй өрөөл бусдын сайн сайхныг чухалчилж, эх орон, элгэн саднаа хүсэлдээ багтааж явах юм.
Өнөөдрийн хоол, маргаашийн хувцас, хүүхдүүдийн хичээл, хийх ажил, хүлээх үүрэг гээд бүгдийг толгойдоо багтаасан хэрнээ бяцхан хээнцэрлэл, үл ялиг ихэмсэглэлээ ч гээхгүй явах нь гайхалтай. Барилгачин бүсгүй маргааш ямар өнгөтэй даашинзтай гунхаж, тээвэрчин эмээ өмнө нь хэний зүрхийг булааж, тайзан дээрх гүнж гэртээ ямар байдалтай байдаг бол. Хөшигний наана, цаана гарч, хорвоог олон өнгөөрөө гэрэлтүүлэгчидтэй танилцана уу.
Энэ таван бүсгүйгээс “Та яг одоо юу хүсч байна вэ” гэдэг ганцхан асуултыг давхцуулан асуусан. Үрсээ, хамт олноо, нийслэл хотоо, эх орноо сайхан байлгахын төлөө л тэд хүслээ шивнэсэн шүү. Хүсэл бүхэн нь биелэх болтугай.
“Хоёр хүүгийнхээ хадгаламжаас зээлсэн мөнгөө даруйхан өгөх сөн”
Б.Алтантуяа 43 настай. Барилгын засалч мэргэжилтэй. 16-хан настайдаа энэ салбарт хөл тавьж, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж байна. Шавардах, будаж, обойдож, замаскдах гээд засалтай холбоотой бүхнийг тэр хийж чадна. Жил бүр гэрийнхээ хэв маягийг өөрчилж засвар хийчихдэг энэ бүсгүй нуруу нь өвддөг болсноос хойш шавар хийхээ больжээ.
“Цахар констракшн” ХХК-ийн ажилтан тэрбээр өдгөө “X apartment”-ын заслыг хийж байна. Хань ч бас хааяа гэргийтэйгээ гар нийлэн ажилладаг гэсэн. Харин охин нь өнгөрсөн зуны амралтаараа ээждээ тусалж, хичээлээ эхэлтэл барилгын ажил хийжээ. Удахгүй мэргэжлээ сонгох гэж буй ууган охин нь архитектор болох хүсэлтэй бол ээж нь барилгын инженер болгохыг хүсч буй. Онц сурдаг бага хүү, ухаантай том охиноороо бахархан ярих Алтнаагаас яг одоо юу хүсч буйг нь асуухад “Хүүхдүүдээ эрдэм, боловсролтой, бие даасан хүмүүс болгомоор байна. Харин яг одоо гэвэл хоёр хүүгийнхээ хадгаламжаас зээлсэн мөнгөө даруйхан өгөх сөн” гэж хариулсан.
Ажлын хүндийг тэр ер ажрахгүй, яриагаа дуусгаад шамдаж эхэлсэн. Магадгүй хурдхан амжуулчхаад гэртээ харихаар яарч буй биз. Мөнгө олдог ажил нь орой дуусах ч мөнхийн хөдөлмөр нь залгаад эхэлнэ шүү дээ.
Улсын хэмжээнд дунджаар хөдөлмөрийн насны эрэгтэйчүүд өдрийн нийт цагийнхаа гуравны нэгийг, эмэгтэйчүүд тавны нэгийг цалин хөлстэй ажил эрхлэх үйл ажиллагаанд зарцуулдаг гэсэн дүн бий. Тэгэхээр сүүлийн өдрүүдэд пиартаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг наан нялзааж буй улстөрчид “Эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин их хөдөлмөр хийдэг” гэж нялуурах нь аргагүй. Тэд үнэнийг хэлсэн ч яг одоо яриад буй нь жаахан тиймхэн. Түүнээс биш хүүхдээ харж, ажлаа хийдэг, бүр цаашилбал өрх толгойлон бүгдийг үүрч яваа бүсгүйчүүддээ алга ташихад хэзээд бэлхэн.
“Багахан өвдөлтийг тэсээд гарах чадалтай л болчихдог”
Балетын жүжигчин М.Мөнхтуяа 14 жил тайзан дээр бүжиглэж буй. Тоглолтын үеэр өвдөгний үе нь мултарч, үргэлжлүүлэн бүжиглэж чадалгүй тайзны ард орж байсан тухайгаа бараг л юман чинээ бодохгүй ярих нь хачирхалтай. Тэр өөрийн мэдэх хамгийн тэвчээртэй бүжигчнээр АНУ-д ажиллаж буй У.Бат-Эрдэнийг нэрлээд “Тэр их өвдөлтийг тэвчсэн тухай нь дуулаад гайхсан. Шилбэний ясаа хугалчхаад эргээд тайзан дээр гарна гэдэг бараг боломжгүй зүйл” гэж ярьсан.
Нэг удаа “Хунт нуур”-т шинэ каскитай бүжиглээд М.Мөнхтуяа хөлөө нэлээд их шархлуулжээ. Түүний хүсэл их энгийн “Бяцхан шавь нараа урлагт хайртай, сайн хүүхдүүд болгох” гэсэн. Мөнгөөр хэмжиж боломгүй энэ хүслээ тэр биелүүлнэ. Хөлийн эрхий хуруун дээрээ биеийнхээ бүх жинг төвлөрүүлж, “өргөж” чаддаг болохоор нь балетын жүжигчдийг бид гайхан биширдэг. Гэтэл тэд үүнээс ч илүү тэвчээрийг тайзан дээр бас, бэлтгэлийн зааланд гаргадаг.
Дээр дурдсан цаг ашиглалтын судалгаанаас үзэхэд боловсролын түвшин дээшлэх тутам цалин хөлстэй ажил эрхлэх, түүний дотор байгууллага болон хувь хүнд ажил эрхлэх үйл ажиллагаанд зарцуулж буй цаг нэмэгдэж байсан. Тэгэхээр охидыг боловсрол мэдлэгтэй хүн болгохын төлөө хичээснээр үнэгүй “хөдөлмөр”-т зарцуулах цаг нь багасах талтай. Бага боловсролтой болон боловсролгүй хүмүүс нэг өдөрт цалин хөлстэй ажил эрхэлсэн цагийнхаа дийлэнхийг өрхөөрөө болон хувиараа анхан шатны боловсруулах үйлдвэрлэл, түүний дотор мал аж ахуй эрхлэхэд зарцуулсан байдаг юм билээ. Хүн амын цаг ашиглалтад боловсролын түвшний ялгаа нэлээд их байна. Тухайлбал, магистр, докторын зэрэгтэй хүмүүс цагийнхаа 78.1 хувийг цалинтай ажил хийж өнгөрүүлсэн байхад боловсролгүй хүмүүс 83.5, малчид 78.3 хувийг гэрийнхээ ажилд зориулсан байдаг.
Онц тээвэрчин Д.Цэгмид эмээ
Шинэхэн жолооч даргын тэрэг барьж явахдаа уруу газар, даваа гүвээн дээр сандарч, хөглөж явсан түүхээсээ эхлээд БХИС-д жолооны багш хийж, тэтгэвэртээ гарсныхаа дараа “Эксель” унан давхиж байснаа хүртэлх намтар баян түүхээсээ тэр бидэнтэй харамгүй хуваалцсан. 44 жил жолоо мушгиж, осолгүй манлай жолооч, онц тээвэрчин цол хүртсэн Д.Цэгмид гуай эдүгээ 80 настай.
-Тан шиг насаараа ачааны машин барьсан жолооч эмэгтэй байдаг болов уу?
-1964 онд ЗИЛ-164 машин дээр жолооны хичээл заалгаж, зургаан сар сууж төгсөөд 800 гаруй жолоочийн нэг болж байлаа. Эмэгтэй жолооч цөөхөн байсан. 22 дугаар баазын н.Адъяа бид хоёр л том машин барьдаг байсан юм даг уу даа.
-Тээвэрт явж, армид алба хаагаад кинонд тоглож, Чингис хааны онгон хайсан баялаг түүх зөвхөн таных юм аа. Гайхалтай.
-Газ Б69, ЗИЛ-130, ЗИЛ-131 гээд олон тэрэг барьсан. Аймгууд руу масло зөөж, армийн махыг хөдөөнөөс тээвэрлэж, зуд болсон газар тусламж хүргэж, Их хааны онгон хайж явсан япончуудын жолоочоор явж байлаа. “Мандухай цэцэн хатан” киноны зураг авалтын үеэр нэг сар ачаа зөөж байхдаа олны хэсэгт тоглож, Батмөнх даян хааныг өргөмжлөхөд ордонд нь нэг хатан болж сууж зураг авхуулсан.
-Ганцаараа хээр “сууж”, тэвдэж байв уу?
-Тэгэхгүйн тулд машиндаа засвар, үйлчилгээ сайн хийчихдэг байсан. Цас, шавхайнаас илүү хэцүү нь элс юм билээ. Нэг удаа элсэнд сууж, хонон, өнжин гацсан. Тэгээд ганцаараа зүтгэсээр байгаад гарсан даа.
Дулаан өдрүүд ирлээ, түүний ажил багасаасай
ТҮК-ийн ажилчид цастай, бороотой ч зам дээр “хүч үзэж” л явдаг. Өглөөний нартай уралдан ажлаа эхлүүлдэг тэдний нэг нь Б.Янжиндулам. Тэрбээр Ховд аймгийн Булган сумаас зургаан сарын өмнө ирж, Улаанбаатарын айл болжээ. Одоохондоо түрээсийн байшинд амьдарч байгаа ч ахуй нөхцөлөө илүү сайжруулж чадна гэсэн итгэлээр төв суурин газар барааджээ. Хоёр том нь хэдийнэ оюутан болж, бага хоёр нь дунд сургуульд сурч байгаа учраас тэднийхээ төлөө өөдрөгөөр зүтгэх итгэл Б.Янжиндуламд бий.
Өглөөний 06.00 цагаас үдшийн бүрий болтол ажиллачхаад, амралтын өдрөө ч “цасан шуурга”-нд “булаалгачхаад” инээгээд л зогсох нь энүүхэнд. Түүний сардаа авдаг 270 мянган төгрөг нь хаанаа ч хүрдэггүй нь ойлгомжтой. Харин цалин ямар байна даа гэж асуухад “Давгүй ээ” гэж даруухан хариулах нь “болно доо” гэсэн итгэлийнх нь илэрхийлэл.
Урин дулаан цаг ирсэн болохоос өвлөөс бага ажилтай ч хурц нар, хуурай агаар хэнийг ч ялгахгүй болохоор бас л бэрхшээмээр.
М.Оюунцацралт: Би өөдрөг хүн
“Нарантуул” зах дээр байнга наймаа хийдэг 6000 хүн байдаг гэх ч албан бус тоогоор 10 мянган хүн энэ захаас амьдралаа залгуулдаг. Тэдний 80 хувь нь бүсгүйчүүд. Өвлийн хүйтэн жавар, зуны халууныг үл ажран тэд хөдөлмөрлөж байна. Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө тэд зүгээр суух эрхгүй.
-Та энд хэдэн жил наймаа хийж байна вэ?
-Би 1996 оноос хойш наймаа хийж байгаа. Сүүлийн 11 жил “Нарантуул” зах дээр бэлэн хувцас зарж байна.
- Их хэцүү ажлыг халшрахгүй хийх юм даа.
-Хэцүү гэж бодвол юм болгон хэцүү. Хэцүүг давж байж л сайн сайханд хүрнэ
-Та ямар мэргэжилтэй билээ?
-Гагнуурчин. СОТ1-ийн гагнуурчнаар 12 жил ажиллаад зах зээлийн үед ажилгүй болсон.
-Амьдрал таныг хэр их сорьсон бэ?
-Хүний амьдрал өөрөөс нь л шалтгаална. Бэрхшээл таарсан ч би шантрахыг хүсдэггүй. Бас зүгээр суух дургүй. Хийх бололцоотой болгоныг л хийж байна. Ажлыг би голохгүй, өөрөө хичээж чадвал хийж болдог юм байна. Үсчин, нарийн боовчин гээд хийгээгүй ажил ховор. Бизнесээ баттай босгож, унагахгүй тогтвортой авч явахын төлөө хичээж байна.
-Та яг одоо яг юу хүсч байна вэ?
-Монголын амьдрал сайхан болоосой л гэж хүсч байна. Монгол хүн бүр аз жаргалтай, энх тунх, элэг бүтэн амьдарвал л сайхан. Ганцхан хүн сайхан амьдарлаа гээд бусад нь хэцүү хүнд ажиллавал хэцүү шүү дээ.
Алтан амийг биеэсээ тасалдаг, агуу сэтгэлтэн нь бүсгүйчүүд. Ачааны хүндийг үүрдэг ч ажралгүй давдаг нь эмэгтэйчүүд. Хоёр дахин их хөдөлмөрлөлөө гэж тэд гомдоллоогүй, хоёргүй сэтгэлээр амьдралаа үүрч л явна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН