2019.06.01
Хүүхэд бүр ижий аавдаа эрхэлж, чихэр инээд хоёртоо бялуурч явахад Х.Өлзийбаярынх гэдэг нэгэн айл уй гунигт автан суужээ. Учир нь түүний гэргий Г.Чулуунцэцэг одонгийн хүүхдээ өлгийдөж авахаар эмнэлэгт хэвтээд эргэж ирээгүй юм. Аминаасаа амь тасалж төрүүлсэн алдрай бяцхан үрсээ, авааль нөхрөө орхиод тэнгэрийн орныг зорьжээ. Дөрвөн настай бяцхан охин нь өнөөдрийг хүртэл "Ээж маамаа аваад ирнэ гэсэн. Ээж хэзээ ирэх вэ" гэж нэхсээр. Бяцхан цээжиндээ ижий, дүү хоёрыгоо хүлээсээр.
2019.06.18
Манай сонины сурвалжлах баг "Өргөө" амаржих газарт амь насаа алдсан эх үрийн эндэгдэлийн шалтгааныг тодруулахаар талийгчийн ээж Г.Нансалтай уулзлаа. Эднийх Увс аймгаас Улаанбаатар хотод ирж суурьшаад хориод жил болж байгаа аж. Г.Нансал гуай өөрсдийн ахуй амьдралын талаар ярихдаа "Манай хүргэн их хэцүү байдалд ороод байна. Цаашид энэ айлын амьдрал яаж үргэлжлэхийг хэлж мэдэхгүй юм. Уг нь охин хүргэн хоёр минь барилга дээр ажиллаад өөрсдийн гэсэн байшин бариад, бор зүрхээрээ өмнөх амьдралаа болгох гээд л явж байсан. Охин маань барилгын дотоод засал чимэглэл хийдэг, хүргэн маань мужаан хийдэг байлаа. Харин одоо энэ хүн ажил хийж, амьдралаа авч явахад хүндхэн болоод байна. Миний хувьд даралт 200 гарч сандаргадаг, хүний бараанаас цаашгүй амьтан. Одоо цаашид яах ийх нь тодорхойгүй л байна даа" гэж сэтгэлээ уудалсан юм.
2019.05.30
Талийгчийн нөхөр Х.Өлзийбаяр ярихдаа "Эхнэр минь тэр өдөр орой 22:30 цагт надтай ярихдаа зүгээр байсан. Маргааш өглөө надад шөл цай аваад ирээрэй гэсэн. Гэтэл шөнө дунд гурван цагийн алдад 9906-тай дугаараас залгаад "Эмнэлэг дээр хүрээд ир ээ. Танай эхнэрийн зүрхний хэм алдагдаад сэхээнд байна" гэж хэлсэн. Ингээд биднийг эмнэлэг дээр ирэхэд "Зүрхний хэм алдагдаж байсан нь зүгээр болсон. Одоо Б.Бүлтэн эмчтэй 20 хүний баг ажиллаж байна" гэж хэлсэн. Тэгээд цаг гаруй хугацаанд таг болохоор нь аргаа бараад нутгийн эмч Л.Жамбалжавтай утсаар холбогдоод, хүрч ирээд, асууж сураглаад өгөөч гэсэн. Л.Жамбалжав эмч ирээд 04:20 минутын үед биднийг "Хүлээн авахаар ороод ир" гэлээ. Ингээд бид хоёр давхарт байдаг өрөө рүү нь ороход аль хэдийнэ амьсгал хураачихсан, бие нь хөрчихсөн байсан. Ихэс түрүүлдэг оноштой хүмүүсийг хэвтүүлдэг таван өрөө байдаг юм билээ. Тэр өрөөнүүдийн нэгэнд, анхан шатны тусламж авсан шинжгүй амиа алдсан байдалтай байсан. Б.Бүлтэн эмч ч байхгүй, хагалгаанд орсон хорь гаруй хүн ч байхгүй. Ерөөсөө сэхээн амьдруулах тасагт оруулаагүй юм шиг харагдсан. Ингэж миний хань, бяцхан үрийнхээ хамт улсын эмнэлэгт, эмч нарын тусламж авч чадалгүй өөд болсонд маш их харамсч байна. Бид үүнд гомдолтой байгаа учраас өнөөгийн төр засгаас хариуцлага нэхэх болно" гэлээ.
2019.06.06
Монгол Улсын хүний гавьяат эмч Л.Жамбалжав Zarig.mn сайтад хандаж, болсон явдлын талаар ингэж ярьжээ. Тэрбээр, "Шуудхан хэлэхэд энэ явдал бол төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай шууд холбоотой асуудал. Эмч хүний хувьд энэ асуудлыг хөндөж ярих цаг нь болсон гэж бодлоо. Талийгч эх 37 настай, эрүүл чийрэг биетэй, архаг хууч өвчингүй, жирэмсний хордлого, хавагнах, унаж тусах гэх мэт ямар нэг зовиургүй. Өмнөх гурван хүүхдээ эмнэлгийн заалтаар кесовар хагалгаагаар төрүүлсэн бөгөөд дөрөв дэх хүүхдээ ч мөн ингэж төрүүлнэ гэдгээ мэдэж байсан. Анагаах ухааны оношоор бол ихэс төвийн байрлалтай төрөлт буюу ихэс түрүүлж гарах магадлалтай төрөлт гэж нэрлэдэг юм. Энэ тохиолдолд хүүхэд физиологийн төрөлт явагдах боломжгүй. Тийм болохоор кесовар хийдэг. Уг нь талийгч эхийг төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 29-нд хагалгаанд оруулахаар төлөвлөсөн байсан. Гэтэл хойшлуулаад зургадугаар сарын гурван буюу ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл хойшлуулсан юм билээ. Үүнээс болоод эх тавдугаар сарын 31-ний шөнө амиа алдсан байгаа юм. Тэр шөнө биднийг тасагт нь ороход ямар нэг анхан шатны тусламж үзүүлсэн шинж байхгүй. Хамраас нь хөөстэй цус гараад хүзүү толгойг нь дагаад урссан байсан.Крантны дээр байдаг хонх нь ажиллагаагүй. Талийгчид залгасан дуслын үлдэгдэл коридорт байсан. Юу болсон талаар эмч, сувилагч нараас нь асуухаар "23:30 цагт дусал залгахаар ирэхэд зүгээр байсан. Шөнийн 00:00 цагийн үед нэг эх зулбаад хоёр хагалгаанд орчхоод гараад ирсэн чинь "Энэ хүн хөхрөлтийн байдалтай ийм болчихсон байсан" гэж байгаа юм. Тэгэхээр энэ бол цэвэр эмнэлгийн байгууллагын, эмч, сувилагч нарын хариуцлагагүй байдалтай холбоотой асуудал" гэсэн юм.
2019.06.19
Бүхэл бүтэн хоёр хүнээ алдсан зовлонт эх Г.Нансалд "Өргөө" амаржих газрын удирдлагууд "Наян мянгад нэг тохиодог ихсийн шингэн гадагшлаад цус руугаа орж, аминд нь хүрсэн байна. Гэнэтийн юм тохиолдлоо. Үнэхээр харамсалтай байна" гэдэг ганц тайлбарыг өгсөн гэдэг. Г.Нансал гуай ярихдаа "Эмч нар гэнэтийн юм тохиолдлоо гэж хэлсэн. Уг нь бид гэнэтийн юм болохоос сэргийлээд долоо хоногийн өмнө эмнэлэгт хэвтүүлсэн шүү дээ. Тэгэхэд хоёрын хоёр амины нэгийг нь ч гэсэн эмч нар аварчхаагүйд бид маш их гомдолтой байна. Охин минь хүүхдээ есөн сар тээчхээд байхад "хүүхдийн уушгийг нь хөгжүүлнэ" гээд хагалгааг хойшлуулсныг үнэхээр ойлгохгүй юм. Хэвлий дэх үр нь 3.2 кг жинтэй. Эмч нар хагалж авахыг л хүлээж байсан байхгүй юу. Бид ингэж гомдол тэмцэл хийлээ гээд үр хүүхэд минь босоод ирэхгүй нь хатуу үнэн. Тэгсэн ч гэсэн ахиад олон эх ийм зовлон гуниг битгий амсаасай гэдэг үүднээс бид өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гомдол хүргүүлэхээр яамных нь гадаа ирээд байна. Гэсэн ч сайд нь өөрөө гарч ирж бидэнтэй уулзсангүй. Хоёр хоногийн өмнө шүүхийн шинжилгээний хариуг авахаар очиход 21 хоногийн дараа гарна гээд биднийг нэг их тоохгүй байсан. Өнөөгийн нийгэмд чинь эгэл ард л амь насаараа хохироод үлддэг болж дээ. Хариуцлага тооцдог, арга хэмжээ авдаг төр засаг байдаг ч болоосой" гэж халаглан ярилаа.
2019.06.17
Анх шүүхийн шинжилгээний байгууллага задлан шинжилгээний хариуг 14 хоногийн дараа гарна гэж хэлсэн ч зургадугаар сарын 17-ны өдөр ар гэрийнхэнд нь "21 хоногийн дараа гарна" гэж буцаажээ. Харин задлан шинжилгээнд хамт орсон Л.Жамбалжав эмч ар гэрийнхэнд нь хэлэхдээ "Хэвлийд ямар ч ус, цус байхгүй. Ихэс хагарч, цус гарсан зүйлгүй бүв бүтэн байсан. Харин уушги нь шингэнээр дүүрээд хөөсөрсөн байсан" гэжээ.
2019.05.30
Г.Нансал, "Тэр орой охиндоо цай аваачиж өгөхөөр очиход тасгаасаа гарч ирээгүй. Өөр хүн цайг нь авсан. "Дусал хийлгэж байна. Гарч болохгүй" гэсэн гэж хэлүүлсэн. Хожим сонсох нь ээ 0.9-ийн натри өдөржин хийсэн юм шиг байна лээ. Болсон явдлыг одоо эргэцүүлж бодоход охиныг минь ямар ч хяналтын камергүй, тусламж авах боломжгүй өрөөнд өдөржин ганцааранг нь орхиод явцгаачихсан юм шиг байна. Хэрвээ эмч сувилагч нар ойр хавьд нь байсан бол зүрхний хэм алдагдсан тохиолдолд яаралтай хагалгаанд оруулаад хүүхдийнх нь амийг ч болов аварчих боломжтой байсан гэж бодохоор дотор давчдаад хэцүү байна" гэв.
2019.06.19
Амаржих газарт төрөхөөр ирсэн эхчүүд эндэх тохиолдол хааяагүй гардаг. Өнгөрсөн жилийн тухайд улсын хэмжээнд 21 эх эндсэн бол 2019 он гарсаар долоон эх эндээд байгаа харамсалтай байна. Төрөх эмнэлэгт амаржихаар ирсэн эх, хүүхэд эндсэн тохиолдолд тухайн эмч, сувилагч, эмнэлгийн байгууллагад ямар хариуцлага тооцдог талаар бид хуулийн зүйл заалтыг харсан юм. Эрүүгийн хуулийн 15.1 буюу Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх тохиолдолд дараах байдлаар хариуцлага тооцдог юм байна.
15.1 дүгээр зүйл: "Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсвэл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасч дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэжээ.
Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН