Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Цалин орлоо “цаадах чинь” авчихлаа...

 Арилжааны банкны салбаруудаар хүний хөл сийрэг байна. Урьд нь хөл ихтэй, халуун өдөр хөлсний эхүүн үнэр ханхалсан газар байдаг байлаа. Энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорио манай улсад үйлчилсээр байгаатай холбоотой. Учир нь хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоосон, иргэд ажил, орлогогүй болсон явдал банкны үйл ажиллагаанд ч нөлөөлж буй юм. Банкнаас зээл хүсэх хүн ч тэр алга. Хүссэн ч зээлээ хугацаанд нь найдвартай төлнө гэдгээ банканд баталж чадахгүй. Яагаад гэвэл ажилгүй, орлогогүй болсон учраас тэр. Нэр, хаягаа хэлэхийг хүсээгүй зээлээ төлөх гээд банканд орж ирсэн иргэд ихэвчлэн “Зээлийн хүү хэт өндөр байгаа учраас монголчуудын 80 хувь нь банкны боол болсон. Зүгээр л хийсэн ажлынхаа бүх хөлсөө банканд тушааж морь мал мэт зүтгэж байна. Банкны хүүг буулгахгүй бол хөгжил цэцэглэлт, эрх чөлөө яриад ч хэрэггүй. Өнөөдөр эдийн засаг ямар байгаа билээ. Хөл хориотой, орлого буурсан энэ үед зээлийн хүү гэдэг мангас биднийг идэж байна” гэх зэргээр ярьж байв. Тэдний царай цаанаа л нэг баргар, дуу нь бас сулхан. Аргагүй л дээ. Цалин буулаа гэж баярлах ч цаадах чинь авчихлаа гэж банкийг буруутгах. Гэвч дан ганц арилжааны банкуудыг буруутган харж болохгүй. Эрх зүйн зохицуулалтгүй учраас мөнгө хүүлэлт гаарсан, үүний улмаас мөнгөний урсгал түгжигдэж, эдийн засгийн идэвхитэй эргэлтэд орохгүй байгаа юм. Энэ нь иргэдийн халаас, цаашлаад улс орны эдийн засагт сөрөг муу нөлөөтэй гэдэг нь илт мэдрэгдэж буй хэрэг. Монголчууд зээлийн хүүд живж байна.

Нөгөө талаас банк зээл гаргахдаа хойрго хандах болж. Учир нь банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх болсонтой холбоотой. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард чанаргүй зээлийн хэмжээ 1.9, хугацаа хэтэрсэн зээл 1.3 их наяд төгрөгт тус тус хүрсэн тооцоо гараад буй юм. Тэгвэл нийт олгосон зээл нь 17.2 их наяд төгрөгт хүрчээ. Тэгвэл Монгол Улсад банкны зээлийн хүү хэт өндөр 20 хувь давсан тухай эдийн засагчид судлаачид ярьдаг ч дорвитой арга хэмжээ авдаггүй. Монголбанк “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” баримт бичгийг боловсруулсан гэх боловч хаагуур, яаж хэрэгжээд ямар үр дүн гарсан тухай тайлан мэдээ юу ч алга. Цагаан дээр хараар “Банкны зээлийн жигнэсэн дундаж хүүг адил орлоготой бусад орны түвшинд хүргэх буюу одоогийн түвшнээс 5-7 нэгж хувиар бууруулах зорилт тавьж байна” гэж бичсэн нь дурайж байх юм. Өнөөдөр энэ хэмжээгээр зээлийн хүү буурчихвал сайн л байна. Гэвч энэ хэмжээгээр буурна гэдэг юу л бол.
Өнөөдөр иргэд аль ч банкнаас 24-60 сарын хугацаатай хэрэглээний зээл авахад, жилийн 21- 25.20 хувийн хүү төлж буй юм. Энэ нь зээлийн хүү бага зэрэг буурсан үзүүлэлт. Гэхдээ эрх баригчдын оновчтой бодлого мэргэн шийдвэртэй холбоогүй. Эдийн засгийн хямралт байдал, иргэдийн орлого буурсан, ажилгүйдэл нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалсан гэдгийг судлаачид хэлдэг. Харин эрх баригчид болон банкны салбарынхан зээлийн хүү бууруулахыг эрс эсэргүүцдэг гэхэд хилсдэхгүй. Ийм ч учраас зээлийн хүүг буулгаж болохгүй, зээлийн хүү буурвал хадгаламжийн хүү дагаад буурах тул иргэд мөнгөө татчихна, банкууд ашиггүй ажиллаж буй талаарх нөгөө улиг болсон нийтлэл, нэвтрүүлгүүд гарсаар. Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орсон гол үндэслэл нь мөнгө угаалт гээд цагаан дээр хараар дурайтал бичсэн байна лээ. Олон улсын ФАТФ гэж мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцдэг байгууллага ч манай улсын саарал жагсаалтад оруулахдаа яг адил үндэслэл хэлсэн байдаг. Гэтэл эрх баригч МАН энэ талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Хуруугаа ч хөдөлгөөгүй билээ. Тэгэхээр хар, саарал жагсаалтад оруулахаас өөр арга ч үгүй биз. Бас мөнгө хүүлэлт Монголд газар авсныг хүн бүр л ярьж, аж амьдралаараа мэдэрч байгаа хойно. Ийм учраас сүүлийн жилүүдэд Монголд банкны хүүг бууруулах нь зөв гэсэн нийгмийн уур амьсгал хүчтэй болсон билээ.

Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох хуулийн төслийг МАН үл тоов

Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох тухай санаачилга хоёр жилийн өмнө гарсан ч эрх баригч МАН хүлээн зөвшөөрөөгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг 2018 онд УИХ-д өргөн барьсан. Ингээд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг томилсон. Энэ ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам зэрэг төрийн байгууллагууд, мөн төрийн бус байгууллагуудын төлөөлөл орж ажилласан билээ. Гэвч ажлын хэсгийн хуралдаануудад төрийн байгууллагуудын зүгээс уг хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл уг хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхгүй болгож унагасан юм. Уг нь зээлийн хүүг бууруулах, түүнд хязгаар тогтоох явдал нь улс орны санхүүгийн системээ засах зөв гольдролд оруулах чухал алхам юм. Манай улсын санхүүгийн системийн 95 хувийг өнөөдөр банк бүрдүүлдэг. Энэ нь мөнгө хүүлэх, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд хүрээгээ тэлж ажиллаж чадахгүй байх гол тээглүүр болчхоод байгаа билээ. Харин бусад оронд хөрөнгийн бирж 40, банк 40 орчим хувийг, үлдсэнийг нь санхүүгийн бусад үйлчилгээ бүрдүүлдэг. Гэтэл санхүүгийн зах зээлийг дан ганц банк атгадаг гаж систем амь бөхтэй үйлчилж байна. Ийм гаж систем яагаад амь бөхтэй өдий хүртэл оршин тогтнож буйг дараах байдлаар тайлбарлаж болох юм. Төрийн эрх мэдэл бүхий өндөр албан тушаалд мөнгө хүүлэгчид ажиллаж байна. Зах зээлийн нийгэмд ямар ч аж ахуйн нэгж 10 хувийн ашигтай ажилладаг. Гэтэл 20 хувь давсан хүүтэй зээл авсан компани ашигтай ажиллах ямар ч боломжгүй. Энэ бүгдээс манай улсын хувьд санхүүгийн гол асуудлыг дан ганц арилжааны банк шийдэж хөрөнгийн зах зээл нь үхмэл болчхоод байгаа нь тодорхой харагдаж буй юм. Энэ гаж системийг засах нь зээлийн хүүд дээд хязгаар тогтоох явдал гэдэгт эдийн засагчид, судлаачид санал нэгдэж байна.

Зээлийн хүүд хязгаар тогтоох нь хүн бүрт ашигтай

Зээлийн хүүд хязгаар тогтоох тухай хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барьсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Гадаад орнуудад банк санхүүгийн ажиллагааг төрийн зохицуулалтаар хэрхэн зохицуулдаг судалгаа хийсний үндсэн дээр хуулийн төслийг санаачилсан. 1954 онд анх Япон улсад зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох буюу мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийг анх санаачилж өргөн барьж, батлуулж байсан юм билээ. Өнөөдөр дэлхийн 76 улсад ийм хууль хэрэгжиж байна. Манайд ч энэ хуулийг хэрэгжүүлэх нөхцөл үүссэн гэж үзсэн учраас хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулиар арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчилж өгөх юм. Хэрэв зээлийн хүүгийн дээд хязгаарыг давсан хүү тооцсон тохиолдолд мөнгө хүүлэлт гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан. Хүүгийн дээд хязгаарыг тогтоосноор хадгаламжийн хүү буурч, иргэд, ААН-үүд хадгаламжаа татан эрсдэл үүсэх эсэх талаар “Цөөн тооны хадгаламж эзэмшигчдийн хүсэл зоригоор арилжааны банкууд ажиллаж байна. Жишээ нь хадгаламжийн хүү 15 хувь хүртэл байна. Тэрбумаас дээш хадгаламжтай хэдэн иргэн байгаа билээ. Хүн амын хэдэн хувь нь арилжааны банканд хадгаламж эзэмшиж байгаа, банкуудын актив хүчин чадал ямар байгаа гээд олон зүйлийг ярьж болно. Өнөөдөр зөвхөн хадгаламж дээр суурилсан чадавх байвал тогтвортой байдал биш. Бусад үзүүлэлтийг харах хэрэгтэй. Дээр нь ипотек болон тэтгэврийн зээл байна. Тэтгэврийн зээл хүүгээ урьдчилж тооцоод авчихдаг. Ипотекийн зээл жилийн найман хувийн хүүтэй бага мэт боловч, тооцоог нь гаргаад ирэхээр мөнгө хүүлэлт болчхож байгаа юм. Ашиг дээрээ ашиг нэмээд байдгаа боль л гэж байгаа юм. Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох нь тэтгэврийн болон ипотекийн зээл төлж буй иргэдэд ч эерэг нөлөө авчирна” хэмээн тайлбарлаж байсан билээ.

Монгол Улс тэр чигээрээ мөнгө хүүлэлтийн дарамтад орчихсон

Эдийн засагч, хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар “Манай банкууд зээлийн хүүгээ буулгаж өрсөлдөх учиртай байтал зээлийн хүү өндөр байх ёстойг, зээлийн хүүг буулгаж болохгүйг Банкны холбоогоороо нийлж мөнгө төлөн рекламддаг нь шударга өрсөлдөөний зарчим алдагдсаны шинж. Өрсөлддөг бизнесийн талбар биш үгсэн тохирдог картель болж дээ хөөрхий. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар анхаарах ёстой асуудал! Банкны Холбооны захиалгат нэвтрүүлгээр банкууд маань жилдээ 250-хан тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг гэнэ. Одоо тэгээд тэднийг бараг ашиггүй ажилладаг гээд өрөвдөх ёстой юм байхаа” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлж байв. Тэрбээр өмнө нь өгсөн ярилцлагадаа зээлийн хүүгийн талаар:
-Ер нь Монгол Улс тэр чигээрээ мөнгө хүүлэлтийн дарамтад орчихсон. Банк бус санхүүгийн байгууллагын (ББСБ) зээл нийтийг сөхрүүлж, хүүгийн боол болгож байна. Зээл авсан иргэд үндсэн төлбөрөө төлж чадахгүй, зөвхөн хүү төлдөг. ББСБ-аас сард 5-10 хувийн хүүтэй зээл авахад жилийн 50-100 хувийн хүү төлнө. Ийм байж болох уу. Уг нь Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-ыг зохицуулах үүрэгтэй.
Манай аж ахуй нэгжүүд томрохгүй байгаа нэг шалтгаан нь ерөнхий эдийн засгийн орчин тогтворгүй, тодорхойгүй байдагтай холбоотой. Хоёрдугаарт, зээлийн хүүгийн дарамт. Хүүгийн хэмжээ хэт өндөр, дийлэхийн эцэсгүй байна. Үүнийг уг нь төрийн бодлогоор засах ёстой. Гэтэл төр бодлого гаргах завгүй, сандал суудлаа булаацалдаад байхаар банкууд өөрийн хүсэлтээр хүүгээ бууруулахгүй. Нэг талаас төр, нөгөө талаас банкны систем биднийг доош дарж байна хэмээн ярьсан байдаг.

Зээлийн хүү буурвал хөрөнгө оруулалт нэмэгдэж хүмүүс ажлын байртай болно

Эдийн засагч, доктор Р.Даваа­доржоос мөнгө хүүлэлт болон зээлийн хүүгийн талаар байр суурийг нь сонссон юм. Тэрбээр:
-Бусад улс орнуудад зээлийн хүү ямар байгааг судалж үзсэн. Тэгэхэд манайх шиг арилжааны банкуудын зээлийн хүү жилд 20 хувь давсан 10 хүрэхгүй улс байгаа юм. Эдгээр улс нь дайн байлдаан, дотоодын мөргөлдөөн зөрчилтэй Афганистан, Сир, хэт ядуу орны тоонд ордог Зимбабве, Гана гэсэн цөөхөн улсуудад зээлийн хүү манайх шиг өндөр байна.
Зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл санаачлахаар эрх баригчид ард түмний тархийг угааж эхэлдэг. Эдийн засагчид, багш нараар “эрэлт нийлүүлэлтээр зээлийн хүү хэмжигддэг. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчилж болохгүй” гээд л яриулдаг. Манайхтай адил 30 жилийн өмнө зах зээлийн нийгэмд шилжсэн Латви, Польш, Унгар зэрэг улсад зээлийн хүү маш бага байна. Гэтэл манай улсад зээлийн хүү өндөр байгаа нь мөнгө хүүлэлттэй холбоотой.
Нэг жишээ хэлэхэд дампуурсан Капитал банкны эзэн Б.Ундармаа 100 тэрбум төгрөгтэй. Тэгээд түүнийгээ хүүлж жилийн 15 хувийн хүүгийн ашиг авна гээд тооцоод үзье л дээ. Жилд 15 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох нь. Тэгэхээр хөдөлмөр хийлгүйгээр мөнгө хүүлээд амьдарч болдог нийгэм манайд бий болсон. Бусад улс орны хувьд их мөнгөтэй хүн хүүлэх эсвэл банканд хадгалаад ашиг олох боломжгүй. Харин ч татвар төлдөг. Тэгэхээр мөнгөтэй хүн хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийдэг. Өөрөөр хэлбэл дээр дурдсан тэр 100 тэрбум төгрөг хөрөнгийн зах зээл рүү ороход 1000 компани хөрөнгө оруулалт болгон авна гэсэн үг. Үүний цаана маш олон хүн ажлын байр, орлоготой болно. 1000 компани улсад татвар төлнө. Ингэж байж эдийн засаг зөв чиглэлд орж байгаа юм. Гэтэл мөнгө хүүлэлттэй гаж санхүүгийн системтэй орчинд бизнес эрхлэх, хөгжүүлэх боломжгүй. Зөвхөн ганц нэгхэн мөнгөтэй хүн л хүүлж амьдардаг. Улс орны эдийн засгийг хөгжүүлэх хэмжээний хөрөнгө мөнгө нэг газарт буюу банканд очоод гацаж байгаа юм. Өнөөдөр манай улсад шилдэг аж ахуйн нэгжээр банк шалгараад явж байгаа нь мөнгө хүүлэлт газар авсны нэг жишээ хэмээсэн билээ.

Зээлийн хүүг бууруулж санхүүгийн гаж системээ

засахад бидэнд юу саад болж байна вэ

УИХ-ын гишүүд, Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг тухай мэдээлэл яригдаад л өнгөрч байсан удаатай. Хэн ямар бизнес, хууль ёсны дагуу эрхлэх нь ардчилсан нийгмийн нэг ололт, илэрхийлэл. Гэхдээ мөнгө санхүүгийн хувийн бизнес эрхэлдэг хүмүүс төрийн өндөр албан тушаал, Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүрийг атгаж суугаа нь гаж үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл аливаа шийдвэр гаргахдаа албан ажлаа хийх үү, хувийн бизнесээ бодох уу гээд ашиг сонирхлын зөрчил гаргана гэсэн үг. Тэдний итгэл үнэмшил үнэхээр мөнгө хүүлэлтийн эсрэг бодлогууд дээр энгийн иргэдийн эрх ашгийг хамгаалж чадах уу гэдэг асуулт гарах нь тодорхой. Тэгвэл хөрөнгө орлогоо нээлттэй мэдээлдэг төрийн өндөр албан тушаалтан, урд нь ажиллаж 80 гаруй хүн ББСБ ажиллуулдаг гэсэн бүртгэл бий.
УИХ-ын гишүүд:
Л.Энхболд– “Ирээдүй-Инвест” ББСБ (одоо эзэмшиж буй)
Я.Содбаатар-“Хотол партнерс” ББСБ (2014 онд ХОМ-тээ тусгасан)
Б.Ундармаа-Капитал банк (дампуурсан), “Капитал премиум” ББСБ (2015-2017 онд ХОМ-тээ тусгасан)
Ж.Эрдэнэбат-“Гүнсан-Эрдэнэс” ХХК (Компанийн нэр дээр ББСБ-ын зөвшөөрөл авсан, одоо эзэмшиж буй)
Ж.Энхбаяр-“Газар капитал”, Газар капитал партнеср” ББСБ (одоо эзэмшиж буй) байна.
Монгол банк, Төрийн банкны удирдлагууд өөрсдөө жилийн 30 гаруй хувийн хүүтэй мөнгө хүүлдэг ББСБ-тай. Тодруулбал :
-Төрийн банкны орлогч захирал Н.Батгэрэл-“Гэрэлфинанс” ББСБ
-Төрийн банкны газрын захирал Х.Эрдэнэбилэг-“Бүрэнтөгрөг” ББСБ
-Хөгжлийн банкны хэлтсийн захирал Н.Будбаяр- “Женералфинанс” ББСБ
-Монголбанкны салбарын захирал Т.Ган-Од-“Ялгуулагч” ББСБ
-Монголбанкны салбарын захирал Ц.Мөнхбаяр-“Баруун-Урт хөгжил” ББСБ
-Монголбанкны газрын захирал Т.Амарсайхан-“Бат энд инвест” ББСБ
-Монголбанкны ахлах хянан шалгагч Д.Ганбат-“Арвис-Итгэл" ББСБ
-Монголбанкны хэлтсийн захирал П.Эрдэнэтуяа- “Болд кредит” ББСБ
-Төрийн банкны орлогч захирал Д.Бямбасүрэн- “ТА финанс" ББСБ
-Төрийн банкны дэд захирал Л.Жамбасүрэнг-“Трасткапитал” ББСБ тус тус эзэмшиж байна.
Хүний хувийн бизнест халдах нь бүдүүлэг хэрэг л дээ. Гэхдээ л Монгол Улсад төр хэрэв байгаа бол Монголбанк, Төрийн банк, Хөгжлийн банкны удирдлагууд чухам ямар эх үүсвэртэй мөнгийг ББСБ-аараа "хүүлж" байгааг хууль хяналтын байгууллагууд шалгах нь зүйд нийцэх биз ээ.

Шилдэг зохион бүтээгч, Монгол Улсын зөвлөх инженер Г.Алтангэрэл:
-Манай улсад зээлийн хүү маш өндөр түвшинд байна. Банкинд хадгалуулсан нийт мөнгөний 80-90 хувийг хэдхэн тооны цөөн олигархиуд эзэмшдэг. Тэдний мөнгийг өсгөхийн тулд банк үйлчилдэг, ажилладаг болсон шүү дээ. Банк нь өөрөө тэдний гарт байна. Жирийн ард түмэн банкинд олсон мөнгөө хүүлүүлж маш хүнд ачаа үүрч байна. Үүнийг өөрчлөх нэг арга бол гаднын банк оруулж ирж өрсөлдөөн бий болгох явдал. Банкууд хоорондоо өрсөлдөх хэрэгтэй. Бага хүүтэй банк орж ирвэл түүн рүү иргэд хошуурч их хүүтэй банк дампуурах ёстой. Нөгөө нэг зам бол нийгмийн гаж системийг өөрчилж олигархиудын дарлал мөлжлөгийг устгах. Энэ бүгдийг хууль эрх зүйн зарчмаар өөрчлөх зам бий. Тухайлбал, зээлийн хүүд хязгаар тогтоох замаар шинэчлэлт хийж болно. Ийм боломж байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ яг ийм хууль санаачилж УИХ-д оруулсан. Гэвч эрх баригч МАН-ын гишүүд дэмжээгүй унагасан.

Баян-Өлгий аймгийн иргэн Х.Мүпти:
-Жижиг дунд үйлдвэрлэл Баян-Өлгий аймагт ямар байгаа болон банкны зээлийн хүүгийн талаар.
-Зээлийн хүү жилийн 24 хувьтай байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд чиглэгдсэн 3-5 хувийн хүүтэй зээл орон нутагт байдаггүй. Өдрийн од шиг гэж хэлж болно. Орон нутагт 10-50 хүртэл хүн ажиллах үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй. Үүнээс олон хүн ажиллах үйлдвэр байгуулах боломжгүй. Ийм учраас өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэн жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг түлхүү олгох ёстой. Ингэж байж орон нутагт ажлын байрыг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж байгаа юм. Өндөр хөгжилтэй орнууд өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж байж эдийн засгаа өөд нь татсан түүхтэй.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Ж.Эрдэнэ:
-Банкны зээлийн хүү манайд маш өндөр байгаа. Банк, санхүүгийн системд өөрчлөлт, зохицуулалт хийх цаг нь болсон. Эсвэл гадны банк оруулж ирж болох байх. Зээлийн хүүд хязгаар тогтоох хэрэгтэй. Хязгаар тогтооно гэхэд Монголбанк эсэргүүцдэгийг ойлгодоггүй. Гэтэл иргэдийн зээлээ эргэн төлөх төлбөрийн бараг 50 хувийг хүүгийн төлбөр эзэлдэг. Банкнаас зээл авч бизнест хөрөнгө оруулах, үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэх маш эрсдэлтэй. Мөнгө хүүлэлтэд орчихдог. Тэгэхээр манай улсын банк санхүүгийн систем хүнээр яривал өвчин тусчихсан. Даруйхан эмчилгээ хийхгүй бол иргэд, аж ахуйн нэгжид ирэх зээлийн дарамт нэмэгдэж асуудал улам л хүндэрнэ. Энэ өвчнийг анагаах эмч нь төр засаг тэр тусмаа УИХ-ын эрх, хэмжээний асуудал юм уу гэж хардаг.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com