Хүн төрөлхтний шинжлэх ухаан хүний бие махбодыг бараг бүрэн судалж оргилдоо хүрчээ. Харин сэтгэл гэдэг харагдахгүй биегүй, үзэгдэх мөргүй хэрнээ хамгийн бодит оршихуйг одоо болтол судалж гүйцээгүй байна. Хүний сэтгэл гэгчийн талаар хамгийн олон нарийн салаа мөчрийн гаргалгааг гаргасан судлахуйг буддизм гэдэг бөгөөд тэр дундаа монголчууд энэ талаар өөрийн гэсэн онол арга зүй бүхэл бүтэн “шинжлэх ухаан”-тай гэгддэг. Агуу их Чингис хааныг дэлхийн цэргийн стратегич гэхээсээ илүү хүний сэтгэлийг хураах тал дээр агуу жанжин байсан гэдгээр нь монголчууд хүлээн зөвшөөрсөн юм.
Харин хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдсэнээр австри эмч Зигмунд Фрейд 1890 оноос эхлэн 1939 онд өөд болох хүртлээ сэтгэл заслын арга буюу психоанализыг хөгжүүлжээ. З.Фрейд оюун санааг клиникийн ажиглалт, өөрийгөө шинжих болон тайлбарын арга дээр үндэслэн танин мэдэж байсан бөгөөд хүний ухамсаргүй үйлдэл, сэтгэцийн эмгэг дээр гол судалгаагаа төвлөрүүлсэн байна. Түүний дэвшүүлсэн бэлгийн харилцааны болоод дарангуйлах сэтгэл зүй, ухамсаргүй оюун санааны үйлдлийн тухай онол нь ихэд нэрд гарч сэтгэл судлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан гэдэг. З.Фрейд тухайн үедээ хаалттай сэдэвт тооцогдож байсан асуудлуудыг хөндөн гаргаж тэдгээрийг нийгэмд ил тод хөндөж болох онолын нотолгоог гаргаж тавьснаараа түүхэнд үлдэж чадсан юм. Мөн хүний сэтгэл зүйг хүн харилцан ярилцаж эмчлэх аргачлалын үндсийг тавьсан байна. Түүний замналыг охин Анна Фрейд ХХ зууны дунд үед үргэлжлүүлж байсан нь ч мөн сонирхолтой баримт. Ийнхүү ХХ зуунд психоанализ олон төрөл зүйл болон өргөжсөн бөгөөд тэдгээрийг ихэвчлэн Нео Фрейд урсгал хэмээдэг.
Шоронгийн аймаар туршилт
1971 онд хийгдсэн энэ туршилтыг зохиогчид нь ёс бус, оролцогчдынх нь сэтгэхүйд хор хүргэх зүйл болгох зорилт огт агуулаагүй гэцгээж байсан ч судалгааных нь үр дүн нь олон нийтийг жинхэнэ шоконд оруулсан явдал болжээ. Филипп Зимбардо гэдэг сэтгэлзүйч оюутнуудыг шоронгийн нөхцөлд оруулан хоригдол болон хуягуудын дүрд тоглосон хүмүүсийн зан үйл болон нийгмийн хэм хэмжээг судалж үзэхээр шийджээ. Энэ туршилтаа хийхийн тулд тэд факультетийнхээ подвалыг шоронг дуурайлган өөрчлөөд 24 сайн дурын оролцогчдыг “хоригдол” ба “хуяг” гэж хоёр бүлэгт хувааж байлгасан байна.
Яваандаа “хоригдлууд” нь бие хүний чиг баримжаагаа бүрэн алдан доройтох ёстой нөхцөлд байдалд орно гэж үзэж байжээ. Харин “хуягуудын” гүйцэтгэх ёстой үүргийн талаар ямар ч заавар, чиглэл өгөөгүй аж.
Оюутнууд нь анхандаа дүрдээ яаж тоглох ёстойг сайн мэдэхгүй байсан ч хоёр гурав дахь хоногоос нь эхлэн бүгд дүрдээ орцгоох нь тэр. Улмаар “хоригдлуудын” бослогыг “хуягууд” хэрцгийгээр нухчин дарж хаяв. Энэ явдлаас хойш хоёр бүлгийн гаргах зан авир нь эрс өөрчлөгдөж эхэлжээ. Хоригдлууд хоорондоо дотносон нэгдэлгүйгээр дан дангаараа байхдаа хүч багатай болохоор харгалзахад ч хялбар гэдэг шалтгаанаар хоригдлуудын хооронд яс хаях замаар нэг нэгэндээ үл итгэсэн уур амьсгал бий болгон онцгой давуу эрхийн тусгай системийг боловсруулан хэрэгжүүлжээ. Тухайлбал, хоригдлууд нь хэзээ мөдгүй бослого гаргах гэж байна гэсэн хардлага маш хүчтэй болсон тул хуягууд нь хяналтаа хүчтэй болгосоор яваандаа хоригдлуудыг бие засах өрөөн дотор ч хянадаг болжээ.
Энэ бүхнээс болж хоригдлууд нь сэтгэл санааны хямрал, сэтгэл гутралд орж эхлэв. Хэсэг хугацааны дараа “хоригдлуудыг” эргэхээр “шоронгийн ламтан” ирж уулзав. Тэгээд нэрийг нь асуухад хоригдлууд нь гол төлөв нэрээ биш харин дэс дугаараа хэлж, шоронгоос яаж гарах гэж байна гэсэн асуултад хариулж чадахгүй болсон байжээ.
Яваандаа байдал улам дордож хоригдлуудын дүрд тоглосон оюутнууд нь дүрдээ 100 хувь орж, жинхэнэ шоронд хоригдсонтой адил шаналах болсон бол “хуягууд” нь хэдхэн хоногийн өмнө сайн найзууд байсан “хоригдлуудыгаа” жинхэнэ садист байдлаар тарчлаан зовоохоос буцахгүй болцгоосон нь туршилтыг зохион байгуулагчдыг ихэд балмагдуулсан байна.
Өөрөөр хэлбэл туршилтад оролцогчид бодит амьдралаас бүр мөсөн тасарч, хоёр тал болж буй бүхнийг ердөө л нэг туршилт гэдгийг ор тас мартсан байв. Иймд хоёр долоо хоног үргэлжлэх ёстой байсан туршилтыг ёс суртахуйн хувьд нийцэхгүй болсон гэдэг үндэслэлээр ердөө зургаахан хоног явуулаад зогсоосон байна.
Эндээс л хүний сэтгэл зүй гэдэг зүйлийн талаар олон таамаг, эргэлзээ, бодол үүснэ. Ер нь хүний сэтгэл гэгч юу юм бэ? Хүн гэдэг маш нарийн, туйлын мэдрэмтгий систем юм. Тийм ч болохоор заримдаа гадны нөлөөнд санаанд оромгүй, хачирхалтай, бүр гажиг гэж болохоор хариу өгөх нь цөөнгүй. Үүний нэг жишээ нь фоби буюу ямар нэг зvйлээс шалтгаангүй айх айдас юм. Хэр баргийн эрэгтэй хүнд дийлдэхээргүй хүчтэй, шаламгай, зоригтой атлаа хулгана харахаараа ухаан алдаад өгдөг хүүхнүүд үүний нэг жишээ. Энэ мэт бодит шалтгаангүй айдас гэж үй түм байдаг. Анагаах ухаанд латин хэлийн олон улсын хэл болгож ашигладаг болохоор тэр олон айдсуудад латин нэр өгсөн байдаг. Магадгүй та өөрийгөө, эсвэл танил хүнийхээ дүр зургийг олж харах ч юм бил үү. Тэгээд олж харвал сэтгэл судлаачтай уулзаж, шалтгаангүй айдас буюу фобигоосоо салахыг хичээгээрэй. Энэ бол хий хоосон хэрнээ хэтэрхий бодитой зүйл юм. Ямар ч айх зүйл биш атал яалт ч үгүй айгаад байдаг сэтгэлийн эмгэгийн нэг төрөл гэнэ.
Одод юунаас ухаанаа гартал айдаг вэ?
Хүн болгонд л өөрийн гэсэн фоби байдаг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Үүний нэг тод жишээ нь дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн суут хүмүүс. Францын цэргийн суут жанжин Наполеон нь цагаан мориноос маш их айдаг байсан гэдэг. Харин Сталин хорлогдох, онгоцоор нисэхээс айдаг байсан төдийгүй унтахаасаа айдаг байсан болохоор өдөржин шөнөжин ажиллаж туйлдаа хүртэл ядарсныхаа дараа л албан хүчээр шахуу унтдаг байжээ. Ромын хаан Юлий Цезарь аянганд ниргүүлэхээсээ айдаг байж. Суут зохиолч Л.Толстой үхлээс айдаг байсан байна. Агуу зохиолч С.Пушкин шаргал үстэй эрэгтэй хүний гарт үхэхээс айдаг байжээ. Гэхдээ тэр дуэльд дуудуулж Дантесийн гарт нас барсан шүү дээ. Суут сэтгэл судлаач З.Фрейд өөрөө ил задгай газрын айдастай байсан болохоор зам хөндлөн гарах гэж үйлээ үздэг байсан гэнэ.
Орчин цагийн одод олны танил хүмүүс ихэнх нь мөнгөө алдахаас, царай муутай болохоос, хөгшрөхөөс айдаг гэжээ. Ер нь орчин үеийн ихэнх хүн ядуурахаас, өвдөхөөс, хаягдахаас гэх мэт айдсын төрөл маш олноор үүсэн бий болж цар хүрээгээ тэлсэн талаар сэтгэл зүйн шинжлэх ухааны судлаачид тэмдэглэсэн байна.
Холливудын од Николь Кидман толинд харахаас айдаг. Карибын тэнгисийн дээрэмчин Жонни Депп шавжнаас айдаг. Жастин Тимберлейк могой, акул, шавж бас хэнд ч хайрлуулалгүйгээр үхэхээс айдаг гэнэ. Харин Алла Пугачева өндрөөс айдаг. Уолт Дисней үхэхээс үхтлээ айдаг байсан аж. Мадонна нүүрэндээ үрчлээс тогтоно гэхээс байдгаараа айдаг. Том Круз халзан толгойтой болохоос, Роберт Де Ниро шүдний эмчид үзүүлэхээс айдаг. Найруулагч Стивен Спилберг нь хүүхэд, лифтэнд хүмүүстэй харьцахаасаа маш их айдаг. Дуучин Челентано онгоцоор ниснэ гэхээс үхтлээ айдаг. Алдарт Вуди Ален нарны туяа, шавж, хүүхэд, нохойноос айдаг. Аймшгийн зохиолын хаан Стивен Кинг нь хүмүүсээс, битүү орон зай, шавж, харанхуй, эрэмдэг болохоос айдаг.
Айдас дотроос хамгийн аймаар айдас нь фобофоби, пантофоби хоёр юм. Фобофоби нь айна гэхээс айх, пантофоби юм болгоноос айх айдас.
Сэтгэл гутрал айдсаас үүсдэг
Орчин үеийн суурин амьдралын хамгийн гол зовиур бол стресс. Стресс буюу сэтгэл зовнил, сэтгэл гутралын суурь нь ямар нэгэн зүйлээс айх далд айдсаас хамаардаг аж. Мөнгө хэрхэн олох тухай бодол нь мөнгөгүй байх айдас, үрчлээний тухай санаа зоволт нь хөгшрөхөөс айх айдас, хүмүүсээс ичих санаа зовох байдал нь хүмүүст таалагдахгүй байх вий гэдэг далд айдсаас үүсэлтэй гэжээ. Эдгээр айдас цаашлан биелэлээ олдог нь төрөл бүрийн өвчин үүсэх шалтгаан болдог. Сэтгэл судлаачдын судалгаагаар хүний сэтгэл амар тайван, тогтонги байх учиртай аж. Харин энэ тогтонги тайван байдал өнөө, маргааш, өнгөрсний тухай олон бодол, санаа зоволтуудад дарагдаад ирэхээрээ хэмээ алдаж, дэнсэлж хөдөлж эхэлдэг. Сэтгэл санаагаар унаж, орчны бүх зүйл дургүйцлийг хүргэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Тэндээс л сөрөг хандлага, уур бухимдал, үзэн ядалт гэх мэт олон үзэгдлүүд үүсдэг байна. Бие махбодод төрсөн хүн бүхэнд сэтгэл санаа заяагддаг. Харин сэтгэл санаа хүн бүхэнд ямар нэгэн долгис үүсч, зан ааш нь тэр чинээгээр даган өөрчлөгдөж байдаг. Нярай хүүхэд хүртэл сэтгэл санаагаар унадаг болохыг судлаачид тогтоосон байна. Ээжийгээ санах, хүлээх, эрэх гэх мэт чимээгүй сэтгэл санааны уналт хүүхдэд явагддаг тухай Оросын сэтгэл судлалын сэтгүүлд тэмдэглэжээ. Гэхдээ сэтгэлээр унах үзэгдлийг түр зуурын, удаан хугацааны гэж ангилдаг. Түр зуурынх нь тухайн асуудал арилахад даган эдгэрдэг бол удаан хугацааны сэтгэл гутрал нь сэтгэл зүйн цочролын дараа үүсч улмаар төв мэдрэлийн системийг гэмтээдэг хор нөлөөтэй.
Монголчууд эрт дээр үеэс хүүхдийн сэтгэл зүйд онцгой анхаарч ирсэн бөгөөд нярайд нь бүүвэйн дуу аялж, унтахад нь үлгэр ярьж, хүүхдэд улай бүү үзүүл, өнгөнд бүү гялбуул гэх зэргээр сургаж ирсэн нь цаанаа хүүхдийн зургаан мэдрэхүйгээр сэтгэл зүйд нь нөлөөлж гэмтээхгүй байх зорилготой байжээ. Учир нь хүний сэтгэлийн өвчин маш удаан хугацаанд илааршдаг бага насанд авсан аливаа эмгэг насан туршид нь дагаж ямар нэгэн гаж эмгэг болж төрөл бүрийн дадал зуршлаар илэрдэгтэй холбоотой юм. Тиймээс сэтгэл эрүүл бол бие эрүүл гэдэг.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН