Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал олон улсын түвшинд ямар байгаа, улс орнуудын дунд бид хэддүгээр байр эзэлж байгаа нь манай уншигчдад сонирхолтой байх болов уу. Хүний эрхийн үндэсний комисс улс орнуудыг нийгмийн болон хүний хөгжлийн түвшингээр нь тодорхой шалгуураар үнэлж оноо өгдөг, индексжүүлэн эрэмбэлдэг олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний төвүүдээс гаргасан тайлан мэдээллээс хүний эрхэд холбогдох индексийг түүвэрлэж, нэгтгэн танилцуулсныг хүргэж байна.
ХЭҮК нь Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээ, судалгааны болон мэргэшсэн байгууллагаас гаргасан зарим голлох индексийн хүрээнд Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг харуулжээ.
4.1 Шударга шүүхээр шүүлгэх болон хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрх
“Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”
(Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг)
“Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүй хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй”
(Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 7 дугаар зүйл)
Олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд дээрх эрхийг бүрэн хангахаар төр иргэдийнхээ өмнө үүрэг хүлээж баталгаажуулсан боловч судлаачдын гаргаж байгаа зарим индекс үзүүлэлтээр хангалттай бус гэж үнэлэгдсэн байна. Тухайлбал дэлхий даяар эрх зүйт ёсыг хөгжүүлэх зорилготойгоор 2006 онд АНУ-ын хуульчдын холбооны ерөнхийлөгч Уильям Хорлик Нейкомын санаачлан үүсгэн байгуулсан Дэлхийн шударга ёсны төсөл (World Justice Project) олон улсын иргэний нийгмийн байгууллагаас эрхлэн гаргадаг Эрх зүйт ёсны индекс (Rule of Law Index)-ээр улс орнуудыг нэг хүртэлх оноогоор дүгнэж, эрэмбэ олгодог юм.
Монгол Улсын хувьд уг үзүүлэлтэд 2019 онд нэгдсэн дүнгээр 0.55 оноо авч, 126 орноос 53 дугаарт эрэмбэлэгджээ.
4.2 Хэвлэн нийтлэх эрх чөлөө
“...хэвлэн нийтлэх....эрх чөлөөтэй байна.”
(Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалт)
“Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсвэл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана.”
(Иргэний болон улс төрийн эрхийн талаарх олон улсын пактын 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг)
Хууль тогтоомжоор баталгаажсан хэвлэн нийтлэх эрх чөлөө нь бодитой хангагдсан эсэх, түүнчлэн уг эрхэд суурилан ажил үүргээ гүйцэтгэж байгаа сэтгүүлчдийн нөхцөл байдлыг тодорхойлох төрөл бүрийн индекс үзүүлэлтүүд гардаг байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс (World Press Freedom Index)-ийг Франц улсад 1985 онд үүсгэн байгуулагдсан Хил хязгааргүй сэтгүүлчид ашгийн төлөө бус төрийн бус байгууллагаас эрхлэн гаргадаг бөгөөд уг байгууллага нь “Интернэт дэх мэдээллийн цензур болон хэвлэл мэдээллийн шинэ төрөл дээр анхаарал хандуулах”, “Аюул бүхий бүс нутагт ажиллаж буй сэтгүүлчдэд эд материал, мөнгө санхүү, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх” гэсэн үйл ажиллагааны үндсэн хоёр хүрээтэй ажиллаж байна.
Түүнчлэн Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллага нь эрх чөлөөтэй, бие даасан, олон ургальч сэтгүүл зүйг дэмжих, хэвлэл мэдээллийн ажилчдыг хамгаалах чиг үүрэгтэйн хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллага, ЮНЕСКО, Европын зөвлөл, Франц хэлтнүүдийн олон улсын байгууллага зэрэгт зөвлөх статустай юм. Тэд 2002 оноос хойш жил бүр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орны нөхцөл байдлыг үнэлж байна. 2019 оны байдлаар Норвеги (7.82 оноотойгоор 1-р байрт), Финлянд (7.9 оноотойгоор 2-р байрт), Швед (8.31 оноотойгоор 3-р байрт) зэрэг улсууд уг индексийг тэргүүлсэн бол
Монгол Улс 29.51 оноотойгоор 70-р байрт орсноор өмнөх жилээс нэг л байраар урагшилжээ.
4.3 Боолчлол, боолын худалдаанд өртөхгүй байх эрх
“Хэнийг ч боолчлох буюу бусдын эрхшээлд байлгах ёсгүй. Аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааны бүх төрлийг хориглоно.”
(Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 4 дүгээр зүйл)
“Хэнийг ч боол болгож болохгүй; аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааг хориглоно”
(Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)
Боолчлолын эсрэг олон улсын хүний эрхийн байгууллагаас (Anti-Slavery International Human Rights Organisation) орчин цагийн боолчлол гэдэгт албадан хөдөлмөр, өрийн боолчлол, хүн худалдаалах гэмт хэрэг, үе дамжсан боолчлол, хүүхдийн боолчлол, албадан болон эрт гэрлэлт зэргийг багтаажээ. Боолчлол, боолын худалдаанд өртөхгүй байх эрхийг хүн бүр эдэлж чадаж буй эсэхийг тодорхойлохоор Эрх чөлөөт алхам сангаас хоёр жил тутам Дэлхийн боолчлолын индексийг гаргадаг байна.
Дэлхийн боолчлолын индекс нь үндсэн гурван хэмжигдэхүүнд үнэлгээ өгдөг ажээ. Үүнд:
- Асуудлын хүрээ: Нийт хүн амын дунд тархсан хувь хэмжээ (улс бүрээр)
- Засгийн газрын авч буй хариу арга хэмжээ: Засгийн газар асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар
- Өртөмтгий байдал: Тархалтыг тайлбарлаж болон таамаглаж буй хүчин зүйлүүд хамаарна.
Ийнхүү үнэлгээ хийхдээ тухайн улсын иргэд, иргэний нийгмийн байгууллага, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчдыг хамруулдаг бөгөөд орчин цагийн боолчлолд өртөх магадлалыг тооцоход Олон улсын Хөдөлмөрийн байгууллага болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажилласан байна.
Монгол Улсын хувьд 2018 оны байдлаар нийт 1000 хүн тутамд тархалт 12.29 байгаа бөгөөд нийт 37.000 орчим хүн орчин цагийн боолчлолд өртсөн гэж дүгнэжээ. Мөн өртөмтгий байдлын үнэлгээг хийхэд 100 хүртэлх онооноос 43.55 байгаа нь дунджаас доогуур үзүүлэлт юм.
Харин Засгийн газрын хариу арга хэмжээнд үнэлгээ хийхдээ “AAA, AA, A, BBB, BB, B, CCC, CC, C, D” гэх үнэлгээг олгодог бөгөөд Монгол Улсын Засгийн газраас орчин цагийн боолчлолын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнд “CCC” үнэлгээ өгчээ. Уг “ССС” үнэлгээ нь Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хязгаарлагдмал байгааг илтгэх бөгөөд хохирогчдод үзүүлэх дэмжлэг, туслалцаа бүхий үйлчилгээ ихэнхдээ олон улсын санхүүжилт бүхий төрийн бус байгууллагуудаар дамжин хүрдэг бөгөөд Засгийн газраас олгож байгаа санхүүжилт хязгаарлагдмал байгааг илэрхийлнэ.
4.4 Сурч боловсрох эрх
“Сурч боловсрох эрхтэй.”
(Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7 дахь заалт)
“Хүн бүр сурч боловсрох эрхтэй.”
(Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэг)
Энэхүү эрх нь улс орнуудад харилцан адилгүй хэрэгжиж иржээ. Иймд Засгийн газар хоорондын болон олон улсын төрийн бус байгууллагууд, судалгааны хүрээлэнгүүд улс орнуудыг харьцуулан судалж, өөр өөрсдийн үнэлгээ гаргаж ирэв. Тухайлбал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс жил бүр Хүний хөгжлийн индексийг тооцоолж гаргахдаа Боловсролын индексийг ашигладаг байна.
Монгол Улсын хувьд ч боловсролын индекс нь өсөх хандлагатай байгаа боловч 1990-1993 болон 2015-2016 онд бага зэрэг буурсан байна. 2018 онд хийсэн үнэлгээгээр Монголын боловсролын индекс 0.734 гарсан нь Европ болон дундад Азийн бүс нутгийн дундаж индексээс доогуур түвшинд байна. Дэлхийн боловсролын дундаж индекс 0.633 байгаа бол Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын индексийн дундаж оноо 0.852 байна.
Монгол Улсын боловсролын тэгш бус байдлын индексийн үзүүлэлт дэлхийн дундажтай харьцуулбал бага гарсан боловч 2014 оноос хойш өсөх хандлагатай байна.
4.5. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх
“Эрүүл, аюулгүй орчинд амьдрах ...эрхтэй.”
(Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь заалт)
Нэгдсэн үндэстний байгууллагаас байгаль орчин ба хөгжил сэдэвт олон улсын бага хурлыг 1992 онд Холбооны бүгд найрамдах Бразил улсын Рио дэ Жанейро хотод зохион байгуулсан бөгөөд тус хурлаас Байгаль орчин ба хөгжлийн тухай Риогийн Тунхаглалыг баталсан юм. Тус хуралд Монгол Улс оролцож, Тунхаглалыг дэмжсэн улс орнуудын тоонд багтжээ.
Америкийн нэгдсэн улсын Йелийн их сургууль болон Колумбын их сургуулиас Дэлхийн Эдийн засгийн форумтой хамтран Хүрээлэн буй орчны үзүүлэлтийн индексийг хоёр жилд нэг удаа гаргадаг байна. 2018 оны Хүрээлэн буй орчны үзүүлэлтийн индекс нь хүрээлэн буй орчны эрүүл ахуй болон экосистемийн амьдрах чадвар зэргийг хамааруулан 10 ангилалд 24 шалгуур үзүүлэлтийг ашиглаж, 180 улсыг хамруулж, оноо өгч эрэмбэлсэн байна. Энэхүү хэмжигдэхүүн нь тухайн улс хүрээлэн буй орчны асуудлаарх тогтвортой бодлоготой болоход хэр ойрхон байгааг харуулдаг юм. Энэхүү индексийг 2018 онд 10 дахь удаагаа гаргасан бөгөөд энэ нь бодлого тодорхойлогч, судлаач, төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн төлөөллийн хувьд бодлого, тогтвортой хөгжлийн чиг хандлагыг мэдэхэд найдвартай эх сурвалж болдог ажээ.
2018 оны Хүрээлэн буй орчны үзүүлэлтийн индекс нь 180 улсын хүрээлэн буй орчны үзүүлэлтэд хамгийн сүүлийн үеийн болон арав орчим жилийн өмнөх мэдээллийг харьцуулан дүн шинжилгээ хийж, нөхцөл байдлыг нь тоон үзүүлэлтээр гаргаж эрэмбэлжээ.
Швейцарын холбооны улс нь ихэнх асуудал дээр, ялангуяа агаарын чанар болон цаг уурын өөрчлөлтийн асуудалд ихээхэн анхаардаг тул хүрээлэн буй орчны үзүүлэлтээр хамгийн өндөр оноо авч дэлхийд тэргүүлсэн бол Энэтхэг болон Бангладеш улс нь хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн байна. Индексийн хувьд доогуур оноо нь тухайн улс нь агаарын чанараа сайжруулах, биологийн төрөл зүйлээ хамгаалах, хүлэмжийн хийг багасгах замаар олон асуудлыг үндэсний хэмжээнд тогтвортой байдлаар шийдвэрлэх шаардлагатайг илтгэн харуулж байна. Уг үзүүлэлтээр ард хоцорч буй зарим улс орнууд янз бүрийн сорилт бэрхшээлтэй тулгарч байна. Жишээлбэл зарим улсын хувьд тогтворгүй байдал, сул засаглал нь хүрээлэн буй орчны үзүүлэлтээр доогуур оноо авахад нөлөөлж байна.
Монгол Улс 57.51 оноо авч дэлхийн 180 орноос 83 дугаар байрт, Ази тивийн 26 орноос ес дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна.
4.6. Жендерийн индекс
“Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй.”
(Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 11 дэх заалт)
“Энэхүү пактад оролцогч улсууд түүнд заасан эдийн засаг, нийгэм, соёлын бүх эрхийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд тэгш эдлүүлэх нөхцөлийг хангах үүрэгтэй. ”
(Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын гуравт)
Дэлхийн эдийн засгийн форумаас 2006 оноос хойш хүйсийн ялгаатай байдлын индексийг тооцож, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг болон улс төрийн индексийг тус тус тооцож эдгээр салбарууд дахь жендерийн ялгаатай байдлыг харуулдаг билээ.
Монгол Улс 2018 онд нийт 149 орноос 0.714 оноотойгоор 58 дугаар байрт жагсч байсан бол 2020 оны тайланд 0.706 оноо авч 79 дүгээр байрт жагсч 21 байраар ухарсан үзүүлэлттэй байна. Онооны хувьд 0 нь хүйсийн тэгш бус байдлыг илэрхийлэх ба нэг нь хүйсийн тэгш байдлыг илэрхийлдэг ажээ.
4.7. Тогтвортой хөгжлийн зорилгын индекс 2019
Энэхүү пактад оролцогч улс бүр дангаараа болон олон улсын тусламж, хамтын ажиллагаагаар, тухайлбал эдийн засаг, техникийн салбарт, энэхүү пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг бүрэн хэрэгжүүлэхийг дэвшилттэйгээр хангахын тулд хууль тогтоомжийн арга хэмжээг оролцуулан, зохистой арга хэмжээг байгаа бүх боломжийнхоо хэрээр авах үүрэгтэй.
(Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын хоёрдугаар зүйлийн нэг дэх хэсэг)
Нэгдсэн үндэстний байгууллагын 193 гишүүн улс “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг 2015 онд баталж, хүрээлэн буй орчны тогтвортой байдал болон хүн бүрийн нийгэм дэх тэгш оролцооны зарчим дээр тулгуурлаж эдийн засгийн өсөлтөө шийдвэрлэх шаардлагатай болсныг бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн юм. Монгол Улсын хувьд ч гэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.
2019 оны байдлаар Тогтвортой хөгжлийн зорилгын индексээр Монгол Улс нь 64.7 оноотойгоор нийт 162 улсаас 100 дугаар байрт орсон байна.
Бэлтгэсэн Б.Эгшиглэн