Хүн төрөлхтөн хүй нэгдлийн дараах хөгжлийн шат болох сууршлын хотууд үүсэх үеэс эхлэн аливаа маргаант асуудлыг ахмад настануудаас асуун шийдвэрлэдэг гэр бүлийн уламжлал нь төрийн бодлого, үйл ажиллагаа, нийгмийн тогтвортой байдлын суурь болж ирсэн билээ. Ер нь үндэстний өсөн төлжих, үндэстэн хөгжих, тэр хөгжиж буй үйл явц, түүнийг хамгаалах үндэстний аюулгүй байдал мөн хувь хүний ёс суртахуун хүмүүжлийн үндэс нь гэр бүл юм.
Тодорхой цаг хугацаа-орон зайн хүрээнд тухайн нийгмийн хөгжлийн загвар, түүний үзэл санааг түгээн дэлгэрүүлэн хэрэгжүүлэхэд чухал нөлөө бүхий хүн амын тодорхой хэсэг гэж байдаг. Жишээ нь, Энэтхэгт нийгмийн дээд гарал үүсэл, Арабын улсуудад овог, Социалист тогтолцоонд үйлдвэрлэлийн хамт олон байсан.
Харин капиталист тогтолцоонд хувь хүний мөн чанар, үйл ажиллагааг судлан үзэж буйгаас шалтгаалан тухайн нийгмийн хөгжлийн загвар, нийгмийн үзэл баримтлал хэрхэн өөрчлөгдөж буй талаар энэхүү нийтлэлд өгүүлэх болно.
Капитализм үүссэнээс хойш хэдэн зууныг элээн өнөөг хүртэлх хугацаанд нийгмийн хөгжлийн аж үйлдвэрлэлийн капитализм болон санхүүгийн либериал капитализм гэсэн хоёр загварыг дамжин хөгжиж ирсэн. Капиталист нийгмийн аж үйлдвэрлэлийн хөгжлийн загвар нь үйлдвэрийн хүрээнд баялаг болох бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлийн механизмаар дамжуулан хуваарилж, хувь хүний хэрэгцээ ханган түүний амьдралын түвшин нь дээшилнэ. Өөрөөр хэлбэл, капиталист нийгмийн хөгжил аж үйлдвэрлэлийн хөдөлмөрийн хуваарийн гүнзгийрлэлт нарийсалтаас хамаарна.Улс төрийн эдийн засгийн ухааны сонгодгуудын нэг том төлөөлөгч Антонио Сейра “Хоёр хотын хөгжлийг оршин суугчдынхан эзэмшсэн мэргэжлийн тоог харьцуулан харж болно” гэсэн байдаг.
Энэ нийгмийн хөгжлийн аж үйлдвэрлэлийн загварын цаад үндсэн суурь үзэл санаа нь логикийн хувьд нэгэн суут хүний тодорхойлсноор "Гэр бүлийн зорилго утга учир бол амьдрах явдал. Амьдрах гэж ажиллахыг хэлнэ. Ажил хөдөлмөр бол аз жаргалын эх булаг мөн" юм гэжээ.
АНУ-д Холбооны нөөцийн банк байгуулагдсанаар санхүүгийн салбар дотооддоо тэргүүлэх салбар болсон бөгөөд 1945 оноос Бреттон Вуудийн гэрээгээр барууны оронд, харин 1980 оны дундаас дэлхий дахинд санхүүгийн салбар хүчирхэгжиж улс орнуудын төр засгийг мөн цаашлаад нийгмийн үзэл санаа, улс төрийн нам, боловсролын байгууллагуудад хүртэл хяналтаа тогтоосон энэ капиталист нийгмийн хөгжлийн санхүүгийн либерал загвар удаан хугацаанд бүрэлдэн тогтсон нь харагдаж байна.
Капиталист нийгмийн хөгжлийн санхүүгийн либерал загвар нь баялаг үйлдвэрлэлийн бус хүрээнд санхүүгийн мөнгөн хөрөнгө хурдасгуурын тусламжтайгаар хурдацтай нэмэгдэж санхүүгийн салбарт хуримтлал бий болгосон. Санхүүгийн салбараас хувь хүмүүс зээл авч өөрсдийн материаллаг хэрэгцээгээ хангаснаар богино хугацаанд амьдралын түвшингээ дээшлүүлэх боломжийг судалдаг бөгөөд энэ нь нийгмийн хөгжлийн урьдач нөхцөлийг хангадаг онцлогтой юм.
Энэхүү либерал нийгмийн үзэл баримтлалын онолын суурь зарчим нь Милтон Фридманы тодорхойлсноор, олон нийтийн харилцааны бүх төрөл, хэлбэрийг зах зээлийн зарчмаар тайлбарлах явдал юм. Үүнд, хүн болгоныг чөлөөт ажил хэрэгч хүн гэж үзнэ. Хувийн амьдралаа зохион байгуулахыг үйлдвэрлэл, харин нийгмийн харилцаа, хамтын ажиллагаа болгоныг гэрээ хэлцэл /худалдах-худалдан авах гэрээ/ гэж үзэх явдал юм.
Өөрөөр хэлбэл, цаад утгаараа бол уламжлалт суурь гэр бүлийн үндсэн сургаал болох “ Бусдын эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов” гэсэн философийг нь эдийн засгийн хэлэнд хөрвүүлэхэд “Бусдаас зээл бүү ав” гэсэн үзэл санаанаас татгалзсан, шулуухан хэлэхэд хувь хүнийг зээлэнд донтуулсан, өрөнд оруулж, өр зээлээр нь барьцаалж засаглах боломжтой гэсэн үзэл санаа, үзэл баримтлал дээр суурилсан нийгмийн хөгжлийн загварыг боловсруулан хэрэгжүүлсэн юм.
Нийгмийн хөгжлийн санхүүгийн либерал загварт ийм хувь хүнийг дундаж гэж нэрлэдэг. Энгийнээр хэлэхэд, санхүүгийн салбарын элетүүд либерал загварын хүрээнд урт хугацааны турш хянах боломжтой дундаж давхарга дээр суурилсан хэрэглээний нийгмийг бүрдүүлж чадсан явдал юм.
Дундаж давхаргыг тодорхойлсон олон тодорхойлолт байдаг ч ерөнхийдээ хэрэглээний зээлтэй, ижил материаллаг хэрэглээтэй бүлгийг хэлнэ.
Барууны хөгжингүй орнуудад хүн амын ихэнх хэсэг нь дундаж давхаргад хамаарах бөгөөд энэ нь тухайн улс орны санхүүгийн салбарт хэрэглээний зээл олголт их, зээлийн хүү нь бага түвшинд хадгалагдсан байдаг гээд л хэлчхэд буруудахгүй ээ. Энэ зураглал бол сүүлийн 40 жилийн бодит нөхцөл юм.
Үнэндээ 1990 оноос зарим нэг улс орнууд социалист нийгмийн хөгжлийн загвараас, зарим нэг улс орнууд нийгмийн хөгжлийн аж үйдвэрлэлийн капиталист загвараас санхүүгийн либерал загварт дэлхий нийтээрээ бүрэн шилжсэн шилжилт нь бидний ухаан санаа, гүн мэдрэмжид нэгдүгээрт, энэ нь гэр бүлийн зөв уламжлалт үзэл санааг зээл шүтсэн либерал үзэл санаагаар сольж суулгахыг хичээж байна, дараа нь, АНУ болон барууны орнуудаас бусад улс орнуудад ялангуяа, монголчууд бидэнд энэ үзэл санаа, нийгмийн хөгжлийн загвар нь уламжлалт бус харийн, гадны харийн зүйл бөгөөд энэ бүхэн нь тэр тусмаа боловсролын салбараар дамжин Монголын уламжлалт ёс суртахуун, хүмүүжил олгох ардын үлгэр, улс үндэстний маань түүхийг мушгин гуйвуулж, устган үгүйсгэх зорилго чиглэл агуулж буйг ойлгох хэрэгтэй байна.
Энэ бүх хорлонтой ажиллагааныхаа үр дүнд дэлхийн санхүүгийн элитүүд тухайн нийгмийн тогтвортой байдлыг хангах, хянах ачааны хүндийг дундаж давхарга нэртэй өр зээлтэй хүмүүсийн нуруунд үүрүүлэх боломжтой болсон. Ийм нөхцөлд бид юу хийх хэрэгтэй вэ гэхээр ямар ч нөхцөлд энэ тогтолцоог илчлэн олон нийтэд ойлгуулан тайлбарлах ажлыг эрчимтэй хийх хэрэгтэй.
Сүүлийн үед дэлхий нийтэд тохиолдож буй цар тахал, нефьтийн болон худалдааны дайны улмаас үүссэн хөрөнгийн болон товарын зах зээлийн үнийн уналт зэргээс шалтгаалан нийгмийн хөгжлийн санхүүгийн либерал загвар нь эдийн засгийн өсөлтийг цааш хангах боломжгүй болсон нь өнөөдөр нийгэм, улс төр, эдийн засгийн хямралын урьдач нөхцөл бүрдлээ. Нэг зүйл нэмээд хэлэхэд нийгэм, улс төр, эдийн засгийг хамарсан аливаа хүнд хямралыг хүн гэр бүлийн хамтаар давж гардаг. Сүүлийн 40 жилд гэр бүлийн холбоог тасдан хаясан либерал бодлогын дүнд чөлөөт сонголт хийсэн хувь хүнд гэр бүл байхгүй эсвэл гэр бүл нь нэг зорилгын төлөө ажиллах чадамжгүй болсон байна.
Монгол Улсын 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд: “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлаг, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэж заасан. Нэг зүйл сонирхуулахад, Монгол Улс Үндсэн хуулиндаа Капиталист нийгмийн санхүүгийн либерал загвар болон гэр бүлийн уламжлалт соёл, хүмүүжлээс татгалзсан чөлөөт /өр зээлтэй дундаж давхарга нэртэй, материаллаг эд зүйл шүтсэн/ хувь хүнд суурилсан нийгмийн үзэл баримтлалыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэсэн үг болж таарч байна.
Тэгэхээр саяхан Монгол улсын Засгийн газраас боловсруулж, УИХ-аар батлуулсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт: “Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, идэвхтэй бүтээлч гэр бүлийг төлөвшүүлэн, хэрэгцээндээ нийцсэн байр сууц бүхий, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөхцөлд өрсөлдөхүйц бичил, жижиг, дунд бизнес эрхлэн өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэх болно” гэж заасан нь зүйл нь дараах хоёр асуудлыг дагуулж байна. Үүнд, энэ хөтөлбөр хэрэгжиж дуустал санхүүгийн либерал загвар дахин тасралтгүй 30 жил ажиллах болно гэж тооцсон байх юм...Ингэж тооцохгүй бол “Алсын хараа 2050” хөтөлбөр маань Үндсэн хуулийнхаа 5 дугаар зүйлийг зөрчих гээд байна. Хуульчид энэ асуудалд анхаарлаа хандуулах биз ээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН