Хамгийн сүүлийн мэдээгээр буюу өчигдрийн байдлаар дэлхий даяар нэг өдрийн дотор коронавирусийн 108767 шинэ тохиолдол илэрчээ. Ингэснээр дэлхий даяар таван өдрийн дотор хагас сая хүн нэмж халдвар аваад байна.
Мөн дэлхийд нэг өдөрт 3191 хүн нас барснаар нийт нас барагсадын тоо 373967 болоод байгаа гэдгийг албан ёсоор мэдээлсэн. Харин манай улсын хувьд зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 185 болж нэмэгдлээ. Тэгвэл дэлхий нийтийг айдаст автуулж, амны хаалт зүүлгэхэд хүргэсэн КОВИД-19 эрүүл мэндийн салбарыг хамарсан тахал байхаа болиод эдийн засгийн тахал болж хувираад байна.
Баримт 1. Монголын эдийн засаг 10 хувиар агшлаа
Монголбанкнаас гурав хоногийн өмнө гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр “2020 оны нэгдүгээр улиралд эдийн засаг өмнөх оны мөн үеэс арван хувиар агшив. 2019 оны нэгдүгээр улиралд бодит ДНБ-ий хэмжээ 3.5 их наяд төгрөг байсан бол энэ оны эхний улиралд 3.1 их наяд төгрөг болж 377 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Эдийн засгийн 10 нэгж хувийн уналтын задаргааг авч үзвэл
•Уул уурхайн салбар – 7.6 нэгж хувь,
•Бөөний болон жижиглэн худалдааны салбар -1.3 нэгж хувь,
•Тээвэр ба агуулахын салбар -2.1 нэгж хувь,
•Бүтээгдэхүүний цэвэр албан татвар -1 нэгж хувийн өсөлтийг тус тус голлон бүрдүүлж байна.
2020 оны нэгдүгээр улиралд уул уурхайн салбар -29 хувь (-858 тэрбум төгрөг)-ийн өсөлттэй гарлаа. Үүнийг задаргаагаар нь авч үзвэл уул уурхайн салбарын өсөлтөд
•Нүүрс олборлолт -20.8 нэгж хувь,
•Газрын тос олборлолт -5.8 нэгж хувь,
•Металлын хүдэр олборлолт -3.2 нэгж хувийн нөлөө үзүүлсэн байна.
Ингэж хасах үзүүлэлттэй гарахад хилийн хориг арга хэмжээ авсан, гадаад худалдааны томоохон түнш Хятад улсын эдийн засаг удааширсан, зарим нэр төрлийн түүхий эдийн зах зээлийн үнэ буурсан зэрэг нь нөлөөлжээ.
Гадаад худалдааны эргэлт буурч, тэнцэл алдагдалтай гарлаа. Тавдугаар сарын 15-ны байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 1 554 сая ам.доллар (31 хувь)-аар буурч, худалдааны тэнцэл 220 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 1362 сая ам.доллар (46 хувь)-аар, импорт 191 сая ам.доллар (9.7хувь)-аар тус тус буурсан байна.
2020 он гарсаар тэтгэврийн зээлээс бусад зээлийн олголт, эргэн төлөлтийн хэмжээ буурлаа. 2019 оны арванхоёрдугаар сард нийт зээлийн үлдэгдэл (тэтгэврийн зээл хассан)-ийн 11.4 хувь буюу 1.97 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна. Харин энэ оны дөрөвдүгээр сард энэ үзүүлэлт 8.9 хувь болж буурчээ. Зээл олголт 2019 оны арванхоёрдугаар сард 1.99 их наяд төгрөг байсан бол дөрөвдүгээр сард 1.47 их наяд төгрөг болж 26 хувиар буурчээ” гэсэн албан ёсны мэдээлэл хүргэв.
Баримт 2. Махны үнэ 3 хувиар өсчээ
Нийслэлийн статистикийн газрын долоо хоногийн үнийн судалгаанаас харахад монголчуудын хүнсний гол хэрэглээ махны үнэ 0.8-3 хувиар өссөн дүнтэй байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10141 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12175 төгрөгийн үнэтэй байгаа юм. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 350 төгрөгөөр (3.0 хувь), үхрийн цул махны үнэ 369 төгрөгөөр (2.6 хувь) тус тус өсчээ. Хонины цул махны үнэ 86 төгрөгөөр нэмэгдэж нэг кг нь 8500-13.500 төгрөгийн үнэтэй байна. Мөн ногооны үнэ монгол төмс 0.9 хувиар өсч 981 төгрөгөөр, монгол лууван 5.8 хувиар өсч 1937 төгрөгөөр, монгол байцай 2.8 хувиар өсч 2486 төгрөгөөр, монгол хүрэн манжин 15.6 хувиар өсч 2759 төгрөгийн үнэтэй байгаа юм. Түүнчлэн “Атар” талх 1100-1400 төгрөгийн үнэтэй, бусад нэр төрлийн талх 1600 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Энэ бол Нийслэлийн статистикийн газраас гаргасан албан ёсны мэдээлэл. Харин бодит амьдрал дээр дээрх үнээс арай илүү байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.
“Фитч” агентлаг: 2020 онд эдийн засгийн өсөлт -2 хувь руу унана
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын сүүдэр Монголын эдийн засгийг нөмрөөд байгаа энэ цаг үед Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэмээн үнэлжээ. “Фитч” агентлаг Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг 2021 онд 7.1 хувийн өсөлттэй байх боловч 2020 онд эдийн засгийн өсөлт -2 хувь руу унана гэж таамаглаж байна.
Бодит ДНБ-ий өсөлт эхний улирлын байдлаар 10.7 хувиар буурсан нь коронавирусийн халдварыг тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэнтэй холбоотой ажээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд хоёр болон гуравдугаар саруудад БНХАУ руу нүүрс экспортлохыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан бөгөөд хил хаасантай холбогдуулан олон улсын нислэг болон төмөр замын үйл ажиллагаанд хязгаарлалт тавих зэрэг хөл хориотой холбоотойгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд багтаж байна.
Эдийн засагчид юу гэж хэлж, дүгнэв?
Амны хаалттай Монголын эдийн засаг амь тарианд орох болоод байгааг эдийн засагчид хэрхэн дүгнэж байгаа нь тун сонин. Цар тахлын мэдээ анх тархаж, хөл хорио тогтоож эхэлснээс хойш Монголын эдийн засагчид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, Төр, засагтаа дуулгаж тэдний шийдвэрт тусгуулахыг хүсч ирсэн нь нууц биш.
Эдийн засагч Д.Ангар:
“Монгол Улс 2007, 2008 оны эдийн засгийн хямралд нэрвэгдэж байлаа. Гэхдээ хасах хувь руу орж үзээгүй юм билээ. Анх удаа хасах 10 руу орлоо. Миний бодлоор хасах арвыг дөнгөж эхлэл нь гэж харж байна. Өнөөдөр эдийн засаг ямар хүнд байдалтай байна, аж ахуйн нэгжүүд борлуулалт байхгүй учраас ихэнх ажилчдаа цомхотгож байна. Нэмэгдэл байхгүй. Цалингаа арайхийж л өгч байна”
Эдийн засагч Б.Дөлгөөн:
“Төрийн зүгээс хөл хорио тогтоох, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хаах шийдвэрүүд гаргасан. Коронавирус цааш тархахаас сэргийлсэн энэ алхам зөв. Гэхдээ энэ шийдвэр өөрөө эдийн засагтаа хор хохиролтой тул эргээд уг шийдвэрээс гарах эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахын тулд энэ бүхэн хамгийн хүндээр тусч буй компаниудыг дэмжих хэрэгтэй.
Эдийн засагч Б.Мөнхсоёл:
“Мундаг нэртэй ч буулт хатуутай бондуудын өрийг эргэн төлж эхлэх хугацаа юу юугүй хаяанд ирж, хаалга тогшиж буй энэ үе, дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн жилтэй давхацсан нь л 2020 онд Монгол Улсын өмнө хангалттай олон шалгуур тавьж байгааг, эдийн засгийн хувьд тун их хариуцлагатай, төсвийн сахилга баттай байх ёстой болсныг сануулж байсан. 2020 оны төсөвт тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.7 орчим их наяд төгрөг, харин 13.8 их наяд төгрөгийн зарлага гарна гэж тооцсон. Төсвийн алдагдал болох 2.1 их наяд, нэмээд одоогийн нөхцөл байдлын улмаас хэсэг хугацаанд нүүрсний экспорт, мөн жижиг, дунд бизнес, аж ахуйн нэгжүүд гурван сар орчим үйл ажиллагаагаа зогсоогоод байна.
Эдийн засагч Г.Батзориг:
“Монголын эдийн засаг хэчнээн эмзэг, эрсдэлд өртөмтгий болохыг бид энэ үйл явдлаас харлаа. Экспорт зогсоход л импортоор хэрэглээгээ хангадаг манай улс хүнд байдалд орж байна. Энэ бол эхний цохилт. Одоогоор манайд эхний цохилт ч ирээд байна. Дүгнээд хэлбэл, вирусийн тархалт зургадугаар сар хүртэл үргэлжилбэл эдийн засаг 2-3 орчим хувиар өсч, төсвийн орлого хагас их наядаар тасрах эрсдэлтэй байна. Энгийнээр бол, эдийн засгийн өсөлт гэсэн тооны цаана компаниудын ашиг, ажилчдын цалин өсөх боломж багасна л гэсэн санаа. Төсвийн орлого тасарна гэдэг нь төсөвт тусгагдсан сургууль цэцэрлэг барих, төсвийн ажилчдын цалин өсөх боломж үгүй болно гэсэн үг.
Эдийн засагч Ч.Отгочулуу:
Ажлын байр хомсдоно. Ядуурал өснө. Иймд коронавирусийн “шок”-ийн үр дүнд ядуурал тодорхой хувиар нэмэгдэх нь лавтай боллоо. Урт хугацаанд зэсийн эрэлт өснө. Энэ нь манайд боломж. Коронавирусийн дараах дэлхий ертөнц цахилгаан эрчим хүч, интернэтээс илүү хамааралтай болно. Иргэд нь гэрээсээ ажлаа хийдэг, бас компьютер, зурагтаар бүх мэдээллээ авдаг эдийн засагтай болох нь. Үүний цаана кабел, цахилгаан, интернэтийн хэрэгцээ маш их болно. Тэгэхээр Монголд зэс бас газрын ховор элементийн нөөц байгаа учраас үүндээ хөрөнгө оруулалт татаж, үүнийгээ боловсруулж сурах хэрэгтэй. Коронагийн дараах бизнесийн загвар, ерөнхий суурь шийдлүүд тэс өөр болно. Манай улс мэдээж зэс, газрын ховор элемент дээр суурилсан эдийн засаг руу хүссэн, хүсээгүй явна.
Эдийн засагч Б.Лхагважав:
Энэ аргацаасан байдлаар цааш явахгүй. Тийм учраас Даатгалын санг санхүүжүүлэх маягаар хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол ялангуяа хувийн хэвшлийн цалингийн 50 хувийг ойрын 3-6 сард өгөх арга хэмжээ бөгөөд ажилгүйдлийн даатгалын санг санхүүжүүлэх маягаар хийх ёстой. Ойролцоогоор гурван сард нэг их наяд төгрөг хэрэгтэй. Зургаан сарын хугацаанд хийвэл хоёр их наяд төгрөг хэрэгтэй. Сонгуульд зориулаад ойр зуурын, өнгөлөн далдлалт хийсэн, өнгө алагласан юм бол сонин биш. Тэртэй тэргүй наадмаас хойш манай мөнгөний ханш 40 хувь унана. Ний нуугүй хэлэхэд, сонгуулиас хойших үйл явцад үнэхээр маш сайн толгойнууд хэрэгтэй байна. Би өмнө нь ч байнга хэлж байсан. 2013-2016 оны хямралыг давсан улсуудын баг бүрдээсэй гэж бодож байгаа. Хүний, өөрийн нам хамаагүй. Тэртэй тэргүй Их хурлын сонгуулийн дараах баг ялангуяа хямрал бий болсон, коронагийн дараах нийгэм, эдийн засгийн асуудлыг зохицуулж, хүчтэй шийдвэр гаргаж чадах тийм баг хэрэгтэй байна. Тэртэй тэргүй эвслийн засгийн газар бий болно. Яагаад вэ гэвэл бид энэ гурван сарын хугацаанд дангаараа байгаа намыг харлаа. Сүүлдээ ямар арчаагүй шийдвэрүүд гаргаж байна. Жишээ нь, зөвхөн нэг буруу шийдвэрээсээ болж малчдын амьдралыг сүйрүүлээд хаячихлаа. Одоо гаргаж байгаа шийдвэрүүд нь зөвхөн сонгууль тойрсон, өнгөлөн далдалсан, том юм алга. Тийм учраас хамтарсан засгийн газар байгуулагдаж, энэ хүнд үеэс гарах болов уу гэж найдаж байна.
Тэд ингэж дүгнэж байна. Харин Олон улсын валютын сангийн тооцооллоор энэ жилийн хувьд Монголын эдийн засгийн өсөлт тэг хувьтай байхаар байгаа юм. Коронавирусээс шалтгаалан Монголын экспортын орлого 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар 560 сая ам.доллароор импорт 150 сая ам.доллароор тасраад байна. Энэ байдал бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болж, одоогоор 46 мянган иргэн ажилгүй болоод байгаа. Цаашид ч нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэйг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас 10 мянган хүний дунд судалгаа явуулсан дүнгээс харахад “цар тахалтай холбоотой хөл хорио судалгаанд оролцогсодын 73 хувийнх нь орлогод маш их нөлөөлсөн, 21 хувьд нь дунд зэрэг нөлөөлсөн буюу нийт судалгаанд хамрагдагсадын 94 хувь нь санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулсан” гэжээ.
МҮХАҮТ-аас тооцоолсноор, эдийн засгийг дэмжсэн арга хэмжээ авахгүй бол ажилгүйдэл 20 хувьд хүрэхээр байгаа бөгөөд энэ нь 240 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, 28 хувьтай байгаа ядуурлын түвшин 50 хувьд хүрнэ гэсэн үг юм. Сонгуультай давхацсан, коронатай зэрэгцсэн Монголын эдийн засгийн өнөөгийн байдал ийм л байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН