Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачлан“Гэр бүлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг орон даяар олон нийтээр хэлэлцүүлэх “Өрх гэрийн хөгжлөөс Монгол Улсын хөгжил шалтгаална” уриатай “Хамтдаа хэлэлцье” аянг 2019 оны гуравдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 1-нийг хүртэлх гурван сарын хугацаанд амжилттай зохион байгуулжээ.Тэгвэл уг хуулийг сайжруулах зорилгоор иргэдээс авсан хамгийн олон давтамжтай саналыг УИХ-д хүргүүлэх болсон талаараа өчигдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Хуралд АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргалан, дэд Ерөнхийлөгч Ц.Цэрэндолгор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, Нийслэлийн АЭХ-ны тэргүүн Б.Пунсалмаа нар оролцлоо.
“Хамтдаа хэлэлцье” аянд 21 аймгаас 19 мянга 500 гаруй, нийслэлийн есөн дүүргээс 10 мянга гаруй буюу нийтдээ бараг 30 мянган иргэдийн санал хүлээж авсан байна.
Иргэдээс ирсэн саналаас дурдвал,
• Гэр бүлийн боловсролыг нас насны онцлогт тохируулан албан болон албан бусаар олгох
• Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр “Хүүхдийн тэтгэлгийн сан”-г байгуулж хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн тэтгэлгийг насны ялгаваргүйгээр олгох
• Гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг гэр бүлийн тухай хууль болон бусад хуулиудад оруулах
• Гэр бүлийн асуудлаар дагнан мэргэшсэн шүүгч, өмгөөлөгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн тоог нэмэгдүүлэх чадавхжуулах
• Архины бусармаг хэрэглээнээс болж хүчирхийлэл, гэр бүл салалт их байгаад төр онцгой анхаарлаа хандуулах
• Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн гэр бүлийг төрөөс дэмжинэ гэсэн ерөнхий заалт байгаа үүнийг тодорхой болгож бодитойгоор дэмжих
• Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг зогсоох шийдвэрээ цуцалж, хуулийг эргэн хэрэгжүүлэх шаардлагатай зарим нэмэлт үйлчилгээг оруулах шаардлагатай байна. Мөн Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэг саналууд хамгийн ихээ риржээ.
Мөн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо иргэдээс ирсэн бүх саналуудыг нэгтгэн дүгнэж, хуулинд зайлшгүй тусгагдах шаардлагатай саналуудыг багцлан УИХ-д хүргүүлж, улмаар хуулийг яаралтай батлуулах талаар ажиллахаа онцолсон юм.
ГЭР БҮЛ САЛАЛТААС ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮД МАШ ИХ ХОХИРЧ БАЙНА
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа:“Гэр бүлийн харилцааг зохицуулах хууль нь маш үнэ цэнэтэй, сайжруулах шаардлагатай хуулиудын нэг. Түүний цаана хүүхдүүд өнчирч, хөгжил, эрүүл мэнд, сэтгэл зүйгээр хохирч байдаг. Эцэг эх нь салсан 10 хүүхэд тутмын нэг нь гэр бүлийн тэтгэмж авдаг. Гэр бүл салалтаас хүүхэд эмэгтэйчүүд маш их хохирч байна. Мөн гэр бүл салсны дараах өмчийн асуудал, хүүхдийн тэтгэмж тогтооход хуулийн нарийн зохицуулалт шаардлагатай байна. Тиймээс энэхүү аяныг зохион байгуулах нийгмийн хэрэгцээ, шаардлага байсан
Д.ҮҮРИЙНТУЯА: ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮР ДҮНТЭЙ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт Хүний хөгжил нийгмийн бодлогын талаар тусгагдсан асуудлуудын нэг нь гэр бүл, хүүхэд, өрх толгойлсон эцэг, эхчүүдийн асуудал, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар хэлэлцэх явцад нь өнөөдрийг хүртэл ирүүлсэн олон санал, хүсэлт, гомдлуудыг эмхэлж цэгцэлж энэ ажилд анхаарал хандуулж ажиллана. Гэр бүлийн тухай хуулийн хэлэлцүүлэг үр дүнтэй боллоо. Аливаа хуулийн хэлэлцүүлэг муу хийгдсэнээс тухайн хуулийн хэрэгжилт хангалтгүй байдаг. Хүчирхийллийн асуудлын зарим тохиолдлууд гэр бүлийн тухай хуулиар зохицуулагдахгүй олон асуудлууд байна. Тэгэхээр суурь шалтгаануудыг нь тодруулах зайлшгүй шаардлага байна.
ГЭР БҮЛ ҮЙМҮҮЛЭГЧ ЭТГЭЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛНО
Нийслэлийн АЭХ-ны тэргүүн Б.Пунсалмаа: Иргэдийн хувьд гэр бүлийн боловсролын талаар маш их ярьж байна. Гэр бүлийн боловсрол цэцэрлэг, сургууль гээд бүх шатанд хэрэгцээтэй юм аа. Гэр бүлээ батлуулж байгаа хосууд гэр бүлийн тест бөглөж гэр бүлээ баталгаажуулах тухай санал ирсэн байна л даа. Нөгөө талаараа хүүхэд, гэр бүлийг төр хамгаална гээд заасан байдаг. Гэвч хэрхэн яаж хамгаалах талаар хуулинд заалт байдаггүй гэдэгт иргэд бас саналаа олноор өгсөн байна. Хуулиндаа маш тодорхой нарийвчилж тусгаж өгөөч ээ гэсэн байна. Гэр бүлийн хариуцлага байх ёстой. Хариуцлагыг өндөржүүлэхийн тулд гэр бүлүүд гэрээ хийх талаар хуулиндаа оруулах, мөн тогтвортой гэр бүлийг үймүүлж байгаа хөндлөнгийн хүмүүсийг яах ёстой вэ? хариуцлага тооцдог баймаар байна. Гэр бүл салалтаас үүссэн дундын тэтгэмж, өмчлөлийн асуудлыг чангатган тусгаж өгөх зэрэг маш олон саналууд ирсэн. Иймээс энэ асуудалд яалтчгүй анхаарал хандуулах цаг болжээ. Гэр бүлийн асуудалд анхаарал хандуулснаар гэр бүл салат, хүчирхийллийн асуудал буурна гэж иргэд үзэж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэр бүлийн тухай хууль нь 1999 онд буюу 20 жилийн өмнө батлагдсан хууль. Тэгэхээр одоогийн энэ эрчимтэй хөгжиж байгаа нийгмийн хөгжлийг давж энэ хуулиар шийдвэрлэж чадахгүй байна гэж үзсэн учир “Хамтдаа хэлэлцье” хэлэлцүүлгийг орон даяар явуулсан.
МОНГОЛ УЛСАД ЖИЛД 4000-5000 ГЭР БҮЛ САЛЖ БАЙНА
Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргалан: “Гэр бүлийн хуулинд тодорхой өөрчлөлт хийх шаардлагатай гэдэг нь энэ аянаас харагдаж байна. Иргэдээс саналаас авахад бодитой, оновчтой үнэтэй саналууд ирсэн байна. Гэр бүлийн тухай хуулийг амьдралд ойрхон, ээлтэй хууль болох байх гэдэгт итгэж байна. Судалгааны дүнгээс Монгол Улсад жилд 4000-5000 гэр бүл шүүхийн шийдвэрээр салж байна. Гэр бүл салалт өнөөдрийн байдлаар аюулын харанга дэлдээд байна”
Түүнчлэн“Хамтдаа хэлэлцье” аяны хүрээнд гар зургийн уралдаан, зохион бичлэг, эсээ зэрэг шагналт уралдаануудыг зарлаж, тэргүүн байруудыг шалгаруулаад байна.
Тус аяныг зохион байгуулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс зэрэг төрийн болон ТББ, хуульч өмгөөлөгчид, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжин оролцсон байна.