Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш даруй гучин жил өнгөрчээ. 30 жил гэдэг зах зээлд шилжихэд хангалттай хугацаа мөн үү? Солонгос, Сингапур зэрэг орнууд дэлхийд тэргүүлэх хэмжээний хөгжилд хүрэхэд ийм хугацаа хангалттай байсныг түүх гэрчилдэг. Харин Монгол улсын хувьд хий хоосон улс төржиж, хийрхсэн он жилүүдийг үджээ. Тэр бүү хэл дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засгийн чухал ойлголт, санхүүгийн хэрэгслийг өнөө хүртэл буруугаар ойлгож, тайлбарлаж иржээ. Үүнд гадаад бондын тухай асуудал орно. Бид бондыг өрийн бичиг хэмээн эх хэлнээ буулгасан. Уг нь хөгжиж буй орнуудад хэрэгтэй гадаадын хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм л даа. Өөрөөр хэлбэл, аливаа улсын Засгийн газар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эсвэл компаниуд шинэ бизнес эхлүүлэх, өргөжүүлэх зорилгоор тодорхой хугацаанд, тогтсон хүүтэй мөнгө зээлснийг гэрчлэх үнэт цаас юм.
Бонд нь хүү багатай, хугацаа урттай учраас улс орны хөгжилд ус агаар мэт хэрэгтэй. Харамсалтай нь бондыг хэтэрхий улс төржүүлж, харлуулж тайлбарласаар манай нийгэмд сөрөг ойлголтыг бий болгочихсон. Арга ч үгүй юм. Сангийн сайд нь Ардчилсан намыхны эрх барьж байх үед босгосон олон төрлийн бонд, улсын хөгжилд гай болж байгаа хийгээд түүнтэй холбоотой өрийг барагдуулах нүсэр ажил ундарч буй талаар ам ангайх бүртээ шогширч ирлээ. Арилжааны зээлийн хүү өндөр, байсхийгээд л эдийн засгийг хямрал нүүрлэдэг, хөгжиж буй манайх шиг улсад гадны хөрөнгөөр ажлын байр олноор бий болгох, бүтээн байгуулалт өрнүүлэх, эдийн засгаа дэмжиж солонгоруулах зэрэг маш олон асуудлыг шийдэж болдог юм.
Монгол Улсын Засгийн газрын авсан бондын түүхийг сөхвөл, ганц намд бүгдийг нь нялзаах боломжгүй юм. Харин ч бондоор улс төрждөг улс төрийн хүчний гаргасан шийдвэрүүд бондтой холбогдох нь элбэг. Зах зээлийн нийгмийг сонгосон Ардчилсан хүчин хуучинсаг үзэл баримтлалтай, үзэл сурталжсан зуун жилийн түүхтэй намыг дуурайж гадаад бондын асуудлаар улс төржөөд байдаггүй. Гэвч энэхүү байр суурийг эрх баригчид ашиглаж өрсөлдөгч хүчнээ элдэвлэн харлуулахыг хичээдэг. Энэ нь сонгууль эхлэхтэй зэрэгцэн хэрээсээ хэтэрдэг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бондыг өр хэмээн хараан зүхдэг, эсвэл бондын хөрөнгийг ашиглаж байгаагүй нэг ч улс байхгүй.
Ингээд Монгол Улсын Засгийн газрын босгосон долоон бондын түүхийг эргэн сөхөж дүгнэлт хийе.
БОНД БОСГОСОН ТҮҮХЭЭС:
Нэг. Евро бонд
Анхны бондын түүх МАН-аас эхлэлтэй. 2012 оны гуравдугаар сард Сү.Батболдын Засгийн газар анхны Евро бондыг “эх барьж” авчээ. Эрх баригчид, эдийн засгийг 17 хувь өсгөсөн гэж “цээжээ дэлддэг” он жилүүдэд таван жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэй, 580 сая долларыг олон улсын зах зээл дээрээс босгосон билээ. “Бондоор” байнга улс төрждөг МАН өнөө хүртэл энэ бондын өрийг төлж барагдуулсангүй. Зөвхөн бондын нэр өөрчлөгдөж, хүү, хэмжээ нь өсч ирсэн. Эдийн засаг өсөлттэй үед ямар нэгэн тодорхой төлөвлөлтгүй бонд босгосноор хожмоо эргэн төлөгдөх хугацаа нь сунжирч манай эдийн засагт дарамт болж эхэлжээ.
Хоёр: Чингис бонд
Хамгийн их шүүмжлэл дагуулдаг бонд. Чингис бондын 1.5 тэрбум доллароор хэр хэмжээний бүтээн байгуулалт хийж болохыг монгол хүн бүр мэддэг болсон. Хэрэв Чингис бондыг 2012 онд босгож “Их бүтээн байгуулалт”-ыг хийгээгүй бол эдийн засаг хямрах байсан талаар тухайн үеийн сангийн сайд Ч.Улаан хэлж байсан удаатай. Манай улсын эдийн засгийн өсөлт 2011 оны дүнгээр 17.3 хувь хүрч байсан бол 2014 оны эхээр долоон хувь хүртэл буурч, цаашид ч агших нь тодорхой байсан үед Чингис бондын бүтээн байгуулалт эхэлсэн юм. Энэ бондыг авах болсон учир нь эдийн засгийн хямралын жилүүдэд ард иргэдээ ажилтай орлоготой байлгах, үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгжээ дэмжих, төсвийн орлогыг тасалдуулахгүй байх зэргээр олон асуудлыг нэг дор шийдвэрлэж чадсан байдаг. Тэр үед манай улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг нүүрсний дэлхийн зах зээлийн ханш бараг зургаа дахин, зэсийн үнэ хоёр дахин унаж гадаадын хөрөнгө оруулалт зогсч, эдийн засаг агшсан байжээ.
Ийм хүнд үед бонд босгож бүтээн байгуулалт хийх нь ард иргэдийн ажлын байрыг хадгалах, эдийн засгийн хямралыг зөөлөн газардуулах үр дүнтэй арга хэмжээ байсан юм. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын үед дэлхийн олон улсууд бонд босгож, аж ахуй нэгжүүддээ хүүгүй зээл олгох замаар эдийн засгаа дэмжих бодлого хэрэгжүүлж байгааг өдгөө бид харж байна. Хямралын үед үүргээ гүйцэтгэсэн ийм бондын төлбөрийг хожим түүхий эдийн үнэ ханш өсмөгц хуримтлал үүсгэн төлөх ёстой байдаг юм.
Гурав: Самурай бонд
Японы зах зээл дээр бусад орны хуулийн этгээд, засгийн газар, олон улсын байгууллагын гаргасан, иенээр уягдсан бондыг ингэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, бусад улс орны засгийн газар болон байгууллага тус улсын зах зээл дээр хөрөнгө татах зориулалтаар гаргасан бонд юм.
Япон улсын Засгийн газар иргэдийнхээ хадгаламжийг бусад улс орнууд болон компаниудад хүүтэй зээлэхийг санал болгож байна хэмээн ойлгож болно. Японд мөнгөө хадгалуулахдаа хүү авдаггүй, шимтгэл төлдөг. Тиймээс эрсдэл багатай, зээлжих зэрэглэл сайтай улсад бага хүүтэй мөнгөн хөрөнгө санал болгож байгаа юм. Тухайлбал, гурван А зэрэглэлтэй улсад "Самурай" бондын хүү жилийн 0.7-0.8 хувь байдаг аж. Манай улс 2013 оны арванхоёр сарын 30 өдөр нэг тэрбум иений бондыг арван жилийн хугацаатай, 1.52 хувийн хүүтэй хаалттай хэлбэрээр Японы үнэт цаасны зах зээлд арилжаалсан юм. Энэ бондыг гаргахад Японы Засгийн газар батлан даалт гаргасан тул зарцуулалтад нь хатуу хяналт тавьдаг. Тус бондыг босгох үед Хамтарсан Засгийн газрын Сангийн сайдаар Жаргалтулгын Эрдэнэбат ажиллаж байсныг мартаж болохгүй.
Дөрөв: Дим Сам бонд
2015 онд нэг тэрбум юань буюу 160 сая долларын бондыг олон улсын зах зээлд арилжаалсан юм. Гурван жилийн хугацаатай, 7.5 хувийн хүүтэй тус бондыг Засгийн газрын өндөр хүүтэй дотоодын үнэт цаасыг санхүүжүүлэх зорилготой байсан гэж ярьдаг. Тэр үед Хамтарсан Засгийн газрын Сангийн сайдаар ажиллаж байсан Ч. Улаан энэ бондын талаар маш тодорхой хариулт өгөх ёстой хүн. Ер нь гаднаас бонд босгож өндөр хүүтэй дотоодын үнэт цаасыг санхүүжүүлэх нь тийм ч зөв сонголт биш юм.
Тав: Хамгийн өндөр хүүтэй Мазаалай бонд
2016 оны гуравдугаар сард таван жилийн хугацаатай 500 сая долларын бондыг 10.875 хувийн хүүтэй гаргасан байдаг. Энэ нь Засгийн газрын, 2011 оноос хойших хамгийн өндөр хүүтэй бондод тооцогдож байгаа юм. Тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор бондын дийлэнх нь өнөөгийн эрх баригчдад шилжсэн гэсэн товчхон тайлбар өгч байсан. Аливаа бондыг ямар нэгэн төлөвлөгөөгүй босгоно гэдэг туйлын хариуцлагагүй алхам гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.
Зургаа: Хуралдай болон Гэрэгэ бондууд
2017 онд МАН-ын эрх баригчид Евро бондыг төлөх зорилгоор Хуралдай, 2017 оны 10 сард Чингис болон Дим Сам бондын төлбөрийг барагдуулах зорилгоор Гэрэгэ бондыг тус тус арилжаалжээ. “Өрийг өрөөр төлөх нь архиар шар тайлахтай ижил” хэмээн дөвчигнөж явсан улстөрчид ийнхүү өөрсдийн шүүмжлэлээ умартан өрийг өрөөр хаасан билээ.
Эдийн засгийн хямралын үед босгосон бондын төлбөрийг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханш өсч, эдийн засаг сэргэсэн сүүлийн дөрвөн жилд дор хаяад гадаадын нэг бондын төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой байсан юм. Харамсалтай нь энэ боломжийг У.Хүрэлсүхийн Засгийн газар ашиглаж чадсангүй. Бондтой холбоотой яриа гармагц нүд нь сэргэж, нүүр нь гэрэлтэн “Ардчилсан намын төр барих үед босгосон элдвийн бондууд” гэж хошуу амаа билүүдэхээ урьтал болгох Сангийн сайд өөртэйгээ тохой залган суугаа Ч.Улаан сайд, Ж.Эрдэнэбат гишүүнээс Самурай болон Дим сан бондын хөрөнгийг ямар зориулалтаар босгож хэрхэн зарцуулсан талаарх мэдээлэл авах бүрэн боломжтой. Гэвч тэрээр “8.5 их наяд төгрөгийн өр төлсөн” гэсэн мессежийг нийгэмд цацаж иргэдийг хоёр талцуулж сууна. Энэ өр дарсан гэх асуудал бондын төлбөртэй огт хамаагүй. 2016 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олонх болсон МАН-ын парламент өнгөрсөн дөрвөн жилд, нийт есөн их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг баталжээ. Төсвийн алдагдал бол өр. Тиймээс төсвийг батлахдаа тухайн жил авах өрийн дээд хэмжээг ч мөн хуульчлан баталдаг юм. Түүнийг дараах хүснэгтээс харвал:
Тэгэхээр Сангийн сайдын сайрхаад байгаа өр төлсөн гэх асуудал тун ойлгомжтой. Тэд засаглаж байсан он жилүүддээ асар их алдагдалтай төсөв баталсан. Төсвийн зардлаа ч урд өмнө байгаагүй хэмжээнд данхайлгасан байна. 2012-2016 онуудад 6-7 их наяд төгрөгт хэлбэлзэж байсан төсвийн зардал 2020 онд 13.8 их наяд төгрөгт хүрч хоёр дахин нэмэгджээ. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд өрийн хэмжээгээ нэмэгдүүлж, өнгөрсөн дөрвөн жилд 11.5 их наяд төгрөгт хүргэсэн аж. Ийнхүү төсвийн алдагдал, төсвийн зардал, өр болон өрийн баталгааны хэмжээг замбараагүй тэлсэнтэй холбоотойгоор үүссэн өрөө барагдуулах зорилгоор 8.5 их наяд төгрөг зарцуулжээ. Харин дээр дурдсан Засгийн газрын босгосон долоон бондоос ганц ч цент төлөөгүй өнөөг хүрлээ.
Удахгүй УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрэлдэх шинэхэн Засгийн газар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын үед бий болсон төсвийн үрэлгэн бодлогыг засах ажилд ханцуй шамлан орж таарна. Төлөх өр ч чамгүй өсчээ. Гадаад бондын эргэн төлөлт 2021 оноос эхэлж, 2024 хүртэл үргэлжлэх бөгөөд нийт төлбөр хийх дүн нь 2.9 тэрбум ам.доллар.
2018 онд Хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд, Монголын Ипотекийн Корпорац ОССК 300 сая ам.долларын бонд босгосныг мэддэг хүн цөөн юм билээ. Эрх баригчдын “улс төр” ороогүй учраас Монгол Улсын нийт өрийн хэмжээ ийнхүү өсч байгааг хэн ч мэдсэнгүй. Саяхан Сангийн сайдын мэдэлд Хөгжлийн банк шилжиж очсон. Гадны бондод дургүй тэрээр “бүлх залгисан” мэт дуугүй байна.
Гэвч Хөгжлийн банкны бондын зарцуулалт гэж гамшгийн асуудал нэмэгдэж байгаа талаар чих дэлсэж эхэллээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН