Чинээлэг малчин хөтөлбөрийн тайлбар тодруулгын ээлжит дугаарыг хүргэхэд бэлэн боллоо.Чинээлэг малчин хөтөлбөр малчдыг үйлдвэрлэгч, бизнесмен гэдэг талаас нь иргэдийн сэтгэлгээний хандлагыг өөрчлөхийг зорьж байна. Тэр утгаараа энэ удаагийн тодруулга буландаа МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин, “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын тэргүүн Л.Одсэр нарыг урьж оролцуулж байна.
-Чинээлэг малчин хөтөлбөрийн гол зорилгын нэг бол 169 мянган малчин өрх өөрсдөө үйлдвэрлэгч, бизнесмен, хөдөө аж ахуйн өрхийн бизнес дээр суурилсан үйлдвэрлэл бий болгож баялаг бүтээж байгаа хүмүүс юм гэсэн үзэл санаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна?
О.Амартүвшин:
-Аливаа улс орны эдийн засгийн харьцангуй давуу тал гэж байдаг. Монголд энэ давуу тал нь хүнс хөдөө аж ахуй дээр суурилсан эдийн засгийн загвар юм. Энэ дундаа хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй. Мал аж ахуйн том салбарыг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож, хэрхэн яаж экспортод гаргах вэ гэдэг дээр ажиллаж байна. Энд маш олон чухал зүйлүүд байгаа. Малыг эргэлтэд оруулах зах зээлд хэрхэн хүргэх, иж бүрэн боловсруулах вэ. Өнөөдөр Монгол Улс 60,70,80 сая малтай боллоо гээд тоолоод байх нь чухал биш, хамгийн гол нь 20-30 сая малыг эргэлтэд оруулж бүрэн бүтээгдэхүүн экспортлоход бид анхаарах ёстой. Ялангуяа том сүүлтэй монгол хонь гэдэг чинь дэлхийд байхгүй брэнд. Миний сонссоноор бол Исланд цөөн хоньтой. Тэгсэн атлаа Европын зах зээлд цөөн тооны том сүүлтэй хонь нийлүүлж бүх брэнд болсон. Мах нь үнэтэй. Яг энэ мэтээр бид том зургаар харах ёстой. Өнөөдөр 20 сая мал эргэлтэд орж байна. Үүнийхээ 10 саяыг нь бид өөрсдөө хэрэглэж байгаа бол 10 саяыг нь экспортод гаргах талаар ярьж байгаа. Гэтэл экспортын уялдаа холбоо нь алдагдчихаад нэг гаргаад нэг болиод л байна. Тиймээс бид үүнийг зөв загварт оруулах ёстой. Малчин өрх гэдэг чинь дундаж үйлдвэрлэгчийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Нэгэнт цаг зав зарцуулаад ажиллаж байгаа юм бол хамгийн бүтээмжтэй байх тал руу нь анхаарах ёстой. Тэгэхээр энэ хөтөлбөр хамгийн чухал. Малчин өрхийн бүтцийг аваад үзэхээр ЖДҮ яваад байгаа. Бид болохоор иргэн өрх, малчин айл гэж үзээд тэтгэлэг дэмжлэг гээд байдаг. Уг нь өөрөө өөрсдөө илүү орлоготой байгаа улс орны эдийн засгийн хөгжлийн суурийг шууд бий болгох хүмүүс юм. Тиймээс энэ нэршил чинь өөрөө их зөв юм гэж бодоод байна. Тиймээс аж ахуйн системээр хандах ёстой юм байна. Тиймээс тэнд байгаа нөөцийг яаж хамгийн үнэтэй болгож, бүтээмжийг сайжруулах вэ гэдэг рүү бүгд анхаарах ёстой. Тэгэлгүй миний юм гээд эхэлбэл эдийн засгийн зөв харилцаа үүсэхгүй.
Л.Одсэр:
-Мал аж ахуйн салбарт жинхэнэ утгаараа баялаг бүтээж байгаа хүмүүс хэн бэ гэхээр нөгөө малчин өрхүүд буюу хөдөө байгаа малчид байгаад байхгүй юу. Тухайлбал, мах үйлдвэрлэж байна. Энэ чинь уул уурхай шиг ухаад гаргаад ирж байгаа юм бол биш. Жил бүр эргэлтэд орж байгаа махыг зах зээлд нийлүүлж байгаа учраас яалт ч үгүй үйлдвэрлэгч, бизнесмен. Үүнийг дагаад арьс шир ноос ноолуур гэсэн хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд гарч байна. Ингэхээр МАА бол манай улсад баялаг бүтээж, монгол орныг эдийн засаг ахуй талаас нь авч явж байгаа салбар. Харамсалтай нь энэ салбарынхаа хөгжлийг бид буруу замаар будаа тээхийн сацуу тэнд байгаа иргэдээ мартчихсан.Тэнд үйлдвэрлэл явуулж байгаа иргэд нүүдэлчин соёл сэтгэхүйгээрээ бид үйлдвэрлэгчид биш өрхийн амьжиргаа залгуулагч малчин гэж хардаг. Тэр нь ямар иргэд байна вэ гэхээр нийгмийн доод давхаргын иргэд мэтээр ойлгоод ирсэн. Төр засаг ЖДҮХС-аас эхлээд олон төрлийн дэмжлэг үзүүлдэг боловч дээгүүрээ хуваагаад авчихсан энэ тэр гээд нийгэмд шуугиан тарьсан асуудал олон. Бид 2000 хүн амтай суманд нэг талхны цех үйл ажиллага явуулж байхад дахин ЖДҮХС-аас талхны төсөл ороод ирвэл түүнийг нь дэмжээд зээл олгочихдог. Тэгэхээр нөгөө анхны талхны үйлдвэрээ дэмжих биш хоёр болгонгуутаа нөгөөдөхөө зээлийн дарамтад оруулж дампууруулдаг. Ийм буруу бодлого явуулаад байна. Орлого ярихаар уул уурхай ярьдаг. Томоохон үйлдвэр ярихаар 200-300 жилийн өмнө хөгжчихсөн, аж үйлдвэржсэн орны технологи яриад байгаа. Гэтэл бид энд нийгмийн баялаг бүтээгээд өөрийгөө тэжээгээд ирсэн тусгай онцлогтой нүүдлийн мал аж ахуй дээр суурилсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гаргадаг ийм үйлдвэрлэлийн талаар ярьж байна. Үүнийхээ хөгжлийн тухай асуудлыг эхний ээлжинд ярих хэрэгтэй. Энэ салбарт ажиллаж байгаа иргэдийнхээ хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг дээшлүүлээд бид монгол орныхоо эдийн засгийн бусад салбарыг аврах боломж байна. Биднийг 1990 он хүртэл ОХУ-аар тэжээлгээд хөгжил гээд томорч байснаа бүгд нураад унахад мал аж ахуйн салбарынхаа хүчээр бид үүнийг даван гарч ирсэн. Одоо тэгээд бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлнэ гээд мөрөөдөл яриад байна. Энэ бол малчид болон тэдний бэлчээрийг хамгаалах талаар асуудал биш. Энэ бол монголын хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн тухай давхар яриа. Манай Чинээлэг малчин хөтөлбөрийн хонь дэд хөтөлбөрийн бизнес загварыг сайжруулаад бизнес талаас нь хамгийн амархан боломжтой хувилбарыг санал болгож байгаа. Цаашлаад таван хошуу малын загварыг танилцуулна. Эндээс дагаад орлого үр ашигтай талаас нь ярих юм бол дэлхийн зах зээл дээр эко хүнс гэдэг утгаараа махныхаа үйлдвэрлэлийг голчилно. Гэхдээ 30 сая хоньтой дэлхийн зах зээл дээр 15-20 сая хонь, хурга экспортлоод ирэхээр тэндээс ноос, арьс байна. Бид хуучин уламжлалт аргаараа нядалж, бэлчээрээр хуриалдаг болохоор хөнгөн үйлдвэрийн хөгжил нь түүхий эдийн бэлтгэл, чанар дээр тогтдог. Яам тамгын газрын бодлого боловсруулах явдал тун удаан байна. Арьс шир үнэгүйдлээ гэхээр л гол буруутан нь гээд БНХАУ-руу заагаад байна. Хэрэгтэй үедээ эд нар чинь аваад явчихдаг байсан. 1990-ээд онд 3000 төгрөгөөр нэхий авдаг байсан. Тухайн үед ам.доллар 300 төгрөг байхад 10 ам.доллароор авч байсан гэсэн үг. Гэтэл энэ 10 ам.доллар чинь одоогийн ханшаар 27 мянга. Тэгэхээр цагтаа нэхий 27 мянган төгрөг хүрч байж. Тухайн үед түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл авдаг байжээ. Гэтэл одоо үүнийг орлох нийлэг материал, нано технологиуд гараад ирсэн.
Одоо та нар хар л даа. Социализмын үед мөрөөдөл байсан савхин куртик, нэхий дээлийг хэн ч авахгүй байна шүү дээ. Манайд цөөн тоогоор үйлдвэрлэж байгаа. Гэхдээ энэ чинь зах зээл биш. Манайхаас гарч байгаа түүхий эд бүтээгдэхүүн яалт ч үгүй хөнгөн үйлдвэрийн салбарт ахиц дэвшил авч ирнэ гэж харж байгаа. Одоо хурганы ноосоор уламжлалт аргаар эсгий хийхэд барьцалдуулахад л хэрэглэж байна. Самнаад сүлжмэл, нэхмэл утас хийхээр утас нь богино ширхэгтэй учраас даац багатай машинд явахгүй технологийн шаардлага хангадаггүй. Тэгвэл бид хургаа зургаан сартай болгоод хяргавал арай урт болно, бүр болохгүй бол ноолуурын ширхэгтэй хольж утасны даацыг сайжруулж болно. Ямар ч байсан энэ асуудал дээр ахиц дэвшил гарна. Ингээд шинжлэх ухааны байгууллагуудтай хамтраад юу хийж болох вэ гэсэн зөвлөмжөө гаргавал үйлдвэрлэл хөгжих боломжтой. Хоёрдугаарт нэг нас хүрээгүй 8-9 сартайд нь нядалбал Итали, Туркийн нэхий шиг зөөлхөн арьс ширний чанарт дөхөж очно. Тэгэхээр бид гадаад зах зээл дээр чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой. 15-20 сая хурганы нэхий гараад ирэхээр савхиа, нэхийгээ ч хийх боломжтой. Үүн дээр мөн л ЖДҮ-тэй холбоотой үйлдвэрлэлийн хөгжил дэвшил яригдана. Технологи, иновацын, техникийн... гэх мэт. Тэгэхээр чинээлэг малчин хөтөлбөр бол зөвхөн малчдын орлогыг нэмэгдүүлж бэлчээр хамгаалах бус ЖДҮ-ийн бодлого, хөнгөн үйлдвэрийн бодлого сайжрах тал руугаа давхар явж байгаа.
-Манай улс өмнөд хөршдөө 30 мянган хонь бэлэглэснээс болоод монгол хонины мах, хүнс дэлхийн анхаарлын төвд ороод эхэлж байна л даа. Тэгэхээр аливаа үйлдвэрлэл бизнес гэдэг бол хаана борлуулах вэ гэдэг зах зээл нь нэг номерт тавигдах асуудал байх. Дээр дурдсан нөхцөл байдлаас аятайхан бизнесийн орчин гараад ирж байгаа юм шиг санагдаад байх юм?
О.Амартүвшин:
-Ер нь хамгийн том зах зээл дэлхийн эдийн засгийн 6/1 дээрээс нь өдөр тутам орлого өсч байгаа тэлж байгаа, органик хүнсний зах зээл нь өсөлттэй байгаа зах зээл бол БНХАУ. Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор бэлэглэх болсон 30 мянган хонь бол нэг талаасаа хөрш орнууд хүнд хэцүү үед бие биедээ туслах нинжин сэтгэл мөн боловч нөгөө талаараа бидний олон жил ярьж байсан малын гаралтай бүтээгдэхүүнийг БНХАУ-д борлуулах том боломжийг нээж өгсөн. Хятад хүн бүр энэ талаар ярьж сонирхож байна. Монголд очиж малын махыг нь идэж үзье гэж байна. Аялал жуулчлал асар их нэмэгдэх нь ойлгомжтой боллоо. Ирсэн жуулчид монгол малын мах идээд, монгол ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн худалдаж авах сонирхол асар их нэмэгдэнэ. Энэ бидэнд асар том боломж олгож байна. Харин бид үүний хариуд төслийн дагуу яригдаад байгаа зүйлийг харьяа яамдууд системжүүлж зохион байгуулалттайгаар хийх ёстой. Арьс ширний нэгтгэл гэдгийг сэргээх ёстой. Үе шат болгоноо засч сайжруулбал одоо байгаасаа 4-5 дахин үнэтэй болох бүрэн боломж байна. Өнөөдөр дэлхий дахинд өндөр үнээр борлуулагдаж байгаа махнаас монгол мах чанараараа илүү гарна уу гэхээс дутахгүй. Илүү органик. Байгалийн органик, натурал гэж юм дэлхийд ховордчихоод байна. Энэ онцлогоо давуу тал болгох зайлшгүй шаардлагатай. Үүний тулд төр засаг нь оролцох, малчид хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Бизнес эрхлэгчид зөв хоршил бий болгосноор үр дүн богино хугацаанд гарна. Өнөөдөр бид анхаарахад 2-3 жилийн дараа бодит үр дүн гарна. Үүн дээр танхимын үүрэг оролцоо юу вэ гэхээр экспортын сувгийг нь нээж өгөх гадаад түншийг нь олж өгөх эдийн засгийн моделиудыг нь хийж өгөх.
-Өнгөрсөн жил Засгийн газраас гадагш гаргаж байгаа малын мах дээр квот тогтоож, хязгаарлалт хийснээс болоод чинээлэг малчин бойжуулах төвөөс хэвлэлийн хурал зарлаж байсан. Ер нь малчдын хамгийн их асуудаг, шаарддаг зүйл нь бид энэ хөтөлбөрийн дагуу малаа маллаж болж байна. Харин бидний бүтээгдэхүүнийг хэрхэн борлуулах юм бэ. Борлуулж өгөх юм уу гээд асуугаад байдаг шүү дээ?
Л.Одсэр:
-Ер нь бол үе үеийн Засгийн газрууд мах экспортлох талаар урьд хөршөөсөө гуйж ирсэн. Энэ яриа хэлэлцээрийн үр дүнд БНХАУ эрүүл мэндийн асуудлаа шийдэж чадахгүй байсан учраас манай махыг оруулахын тулд хил дээр эрүүлжүүлээд бордоод амьдаар нь гаргадаг нэг систем нэвтрүүлсэн. Хоёрдугаарт, дулааны аргаар боловсруулан гаргах гээд манайд үйлдвэрүүд нь баригдчихсан. Гараад эхэлсэн. Иран, Араб гэх мэт исламын орнууд манайхаас хурганы мах авах гэж ирдэг. Тэдэнд зориулсан махыг бэлдээд тавьчихлаа. Энэ бол эрчимтэй хөгжинө. Ерөнхийдөө манай гадаад зах зээл хуучнаа бодвол нээгдэж байгаа. Тухайлбал Иранд 15 доллар, БНХАУ-д манайхаас үнэтэй байгаа.Тэгэнгүүт Засгийн газар квот тогтоогоод зарим улсууд квотоороо дамжуулж өөрсдийн компанийн ашиг орлогыг нэмэгдүүлж өөрийнхөө компанид давуу эрх олгож ашиг олж байгаа муухай үзэгдэл бий болсон л доо. Тиймээс үүний эсрэг тэмцэж хэвлэлийн хурал зохион байгуулсан. Нөгөөтээгүүр Улаанбаатарт байгаа иргэдийн хямд мах идэх гэсэн хүсэл сонирхол дээр дөрөөлж энэ асуудлаа шийдвэрлэж байгаа. Дэээрээс нь сонгуулийн оноо авах гээд. Нийслэл Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүсийн орлого бага байгаа нь үнэн. Монгол Улс 1990 оноос хойш ардчилсан нийгмийг эргэлт буцалтгүй сонгосон. Чи бид хоёр хамт бизнес эрхэлж байна. Гэтэл мах үйлдвэрлэгч нь үйлдвэрлэгч биш талх үйлдвэрлэгч нь үйлдвэрлэгч гэж ялгаж болохгүй. Гэтэл талхны үнийг төрөөс тогтооё гэж хэлэхгүй мөртлөө махны үнийг тогтооно гэдэг. Нэгнийхээ бизнесийг боймлоод өөрсдөө түүн дээр тоглож мөнгө олно гэдэг байж болошгүй зүйл. Тиймээс бид ардчилсан нийгэмд бизнес тэгш эрх, боломжоор хангагдсан бизнес хийх, гадаад дотоодод борлуулах бүх зүйлээр хангах үүргээ төр засаг хийж өгөхгүй байгаа. Тэгэхээр энэ асуудлаар хэвлэлийн хурал зарласнаас хойш малчид ч үүнийг ойлгосон, төр засагч энэ асуудалд анхаараад эхэлсэн байна лээ.
-Малчин гэдэг үйлдвэрлэгч юм. Үүнээс гарч байгаа үйлдвэрлэлийг мах, арьс шир, ноос ноолуур гээд гадаад зах зээлд гаргах зайлшгүй төрийн үүрэг байдаг юм байна. Үүн дээр хязгаар тогтоож болдоггүй юм байна. Энэ нь улс орны хөгжлийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30-50 хувийг бүрдүүлэх боломжтой юм байна гэдгийг төр өөрөө ойлгоод эхлэх юм бол үүн дээр хориг саад тавьдаг, цөөнх бүлгийн бизнесийн эрх ашиг хонжооны төлөө заалгадаг зүйл зогсох байх гэж ойлгоод байна зөв үү. Нөгөө талаас том дүр зургаар харж байгаа, том зорилгын төлөө явах нь иүү дээр. Түүнээс биш Улаанбаатарт амьдарч байгаа иргэдийн хямд үнээр мах идэх гэдэг асуудлаас улс орны эдийн засгийн асуудлыг дэгээдээд унагачхаж болохгүй л санагдах юм?
О.Амартүвшин:
-Улс орнууд юуны төлөө бие биетэйгээ өрсөлдөөд байдаг вэ гэхээр иргэдийнхээ сайн сайхан амьдрах орчныг сайжруулахын төлөө байдаг. Хоорондын худалдааныхаа балансыг сайжруулах зүйл ярьж байгаа. Бидэнд өмнөх нийгмээс үлдсэн сэтгэлгээний зүйл байж магадгүй. Өнөөдөр Орос, Турк худалдаан дээр очоод маргаж байна. Америк, БНХАУ-ын хооронд блансаа бууруулах асуудал дээр маргаж байна. Манайх одоо ярьж эхэлж байна. Бид бусад улс оронтой худалдаа л ярих ёстой. Манайд байгаа зүйл маань энэ байна. Үүнийгээ яаж үнэ цэнтэй танайд зарах вэ. Эргүүлээд танайхаас юу авах вэ гээд ийм прогмантик байдал руу шилжих ёстой. Өнөөдөр монголд гадаад улсын аюул занал гээд байх юм алга. Харин бие биенээ дэгээдэх гэдэг дотоод аюул занал их байна. Ямар ч бизнесийн орчинд судалгаа хийгээд үзэхээр улс төрийн тогтворгүй байдал, улс төрийн намуудын гэнэтийн шийдвэр гэсэн ийм зүйлүүд маань бидний өөрийн хүчийг сулруулаад байна. Тэгэхээр бид цаашид Евро азийн зах зээл дээр яаж бүтээгдэхүүн гаргах вэ. Хэлцэл хийгээд хийгээд ОХУ-аас орж ирж байгаа бүтээгдэхүүн 15 хувийн татвараар орж ирнэ. Манайхаас гаргахаараа 40 хувь болчихно. БНХАУ-руу ч адил. Тэгэхээр хоёр хөрштэйгээ энэ асуудлаа яриад татварын хувьд адилхан болох хэрэгтэй. Өнөөдөр 3.2 сая хүн ам гэдэг бага тоо шүү дээ. Өнөөдөр 1000 жил мөнхийн хөрш гэж ярьчхаад бодитой алхам хийх ёстой. Татвараа бууруулъя. Энэ чинь улс төрийн томоохон яриа хэлэлцээрийн дүнд л бий болно шүү дээ. Татвар бууруулчихвал бид давуу тал болгож ашиглах ёстой. Гадны хөрөнгө оруулагчийг авч ирээд монголд үйлдвэрлээд дэлхийн зах зээл рүү оруулах. Аливаа эдийн засгийг том зургаар нь харах ёстой. Яг хэдэн сая хурга гаргах боломжтой юм. Африкийн фермүүд дунджаар хамгийн багадаа 20 мянган хоньтой гээд байгаа шүү дээ. Тэгвэл Ираны, БНХАУ-ын махны томоохон үйлдвэрлэгчтэй харьцахын тулд том тоо ярина. Түүнийг нэг малчин нийлүүлэхгүй. Сум орон нутгаараа нийлүүлнэ. Тухайлбал, Францад лимүзин үхрийн холбоо гэж бий. Тус холбооны малчид лимүзэн үхрээ стандартын дагуу үржүүлэх л үүрэг хүлээдэг. Холбоо нь зарах, брэндинг хийх, маркетинг хийх, санхүүгийн томоохон хэлцлүүд хийх үүрэг хүлээдэг. Нэгдэж ажилладаг. Тиймээс МХАҮТ-аас том сүүлт монгол хонь гээд монгол хонины онцлогийг гаргаж ирнэ гэсэн үг. Ингээд брэндинг нь нэгдсэн байдлаар хийгээд хүн бүр зарах гээд гүйх биш холбоо нь зарж, хэлцэл хийж өгдөг. Монгол хонины холбоо гэх юм бол жилд 10 сая хонь борлуулъя гэж том тоо ярина. Тэгэхгүй өнөөдөр бүгд уралдаад байгаа биз. Уралдахаар юу болох вэ гэхээр бие биенээсээ өрсөлдөж үнэ ханшаа дээш доош болгоод цаашлаад нэгнийгээ харлуулах ажил хийдэг. Дээрээс нь төр засаг оролцоод бүр шийдвэрт нь төр засаг нөлөөлж үйл ажиллагааг нь зогсоодог.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН