Жирийн сурагч охиноос эхлээд олны танил эрхмүүдийн гоо сайханд санаа тавьж, 22 жил энэ талбарт бат суурьтай оршин тогтнож буй салон бол “VIDAL”. Мастер үсчин Д.Одонгоогийн бүтээн бий болгосон энэ салон үргэлж л хөл хөдөлгөөн ихтэй, өрнүүн амжилттай байдаг юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Үсчдэдээ зориулсан сургалт хийж байгаа юм байна. Хэр олон үсчинг хамруулж, ямар ямар төрлийн сургалт хийж байна вэ?
-Би энэ салбарт 29 жил ажиллаж байгаагийн 22-т нь багшилжээ. Тэгэхээр үсчдийнхээ чадварыг дээшлүүлж, хүүхдүүдийг ажлын байртай болох замд тэр хэрээр дэмнэжээ. Манай салоноос 15 салон салбарлаж гарсан байна. Одоо зохион байгуулж байгаа сургалтад маш олон үсчин хамрагдаж байна. Би чаддаг гээд хойш суухгүй, өөр хүний арга барилыг суръя гээд ирдэг. Би мундагтаа хүнд заагаад байгаа юм биш л дээ. Энэ сургалтад мастер үсчдээс эхлээд залуу хүмүүс ч сууж байна. 1-33 жилийн туршлагатай хүмүүс.
Хүн бүр өөрийн гэсэн арга барилтай. Тэгвэл өөр хүний арга барилаас суралцаж, өөрсдөдөө шинэчлэл хийгээсэй гэж хүсч байгаа юм.
-Та бас өөрөө сурахаа зогсоодоггүй байх аа.
-Тэгэлгүй яах вэ. Байнга сурдаг. Хамгийн сүүлд 1000 долларын үнэтэй сургалтад суусан. Гадаадын сургалтууд их үнэтэй л дээ. Ганцхан гоёлын үсний засалт сурахдаа 5000 ам.доллар төлдөг. Гэсэн ч тэр сурсан мэдсэнээ нэгтгээд зөвхөн нэг засалтыг биш 7-8-ыг мэргэжил нэгтнүүддээ зааж байгаа. Маш хямд үнээр.
-Онлайн сургалтыг туршиж үзсэн үү?
-Хүмүүс санал тавьдаг ч үсчний сургалтад тохиромжгүй санагдаад байгаа. Би онлайн сургалт авч үзсэн л дээ. Цагийн зөрүүнээс эхлээд жаахан хэцүү санагдсан.
-Хэвийн үйл ажиллагаа болон үйлчлүүлэгчдийн тоонд коронавирус хэр зэрэг саад учруулж байна вэ?
-Хүмүүс өвчний үеэр харьцангуй багассан. 20 орчим хувиар буурсан байх аа.
-Дараагийн сургалтаа ямар төрлөөр хийх вэ?
-Тайралтын сургалт маргааш эхэлнэ. Орон нутагт ажиллаж байгаа үсчид ур чадвартаа их анхаардаг болжээ. Баян-Өлгий, Баянхонгор, Архангай аймгаас үсчид их ирж байна. 7-нд Баянхонгор, Архангай аймгийнхан сургалт авахаар ирнэ. Би өдөрт нэг л тайралт заадаг бол энэ удаа тэднийхээ хүсэлтээр өдөрт хоёрыг заана.
-Тоглолт болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа багассан болохоор та арай завтай байгаа юу?
-Онлайн тоглолт, киноны зураг авалтууд явж байгаа болохоор хийсээр л байна. “37-р точка” дээр манай салоны үсчин н.Уртаа Гавьяат жүжигчин С.Сарантуяагийн үсийг бууралтуулж хувиргасан. Жинхэнэ мэт болгохын тулд ширхэг ширхгээр нь үс залгаж,бууралтуулсан.
-Монголын үсчдийн түгээмэл алдааг та юу гэж хардаг вэ. Үс яг арьс шиг. Гэтэл бүтээгдэхүүний чанар салон болгонд харилцан адилгүй. Гэтэл энэ нь үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд шууд нөлөөтэй байдаг.
-Бүх талаар мэдлэг ур чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй байвал л энэ алдаа багасна. Сүүлийн үеийн цайруулалт, будагны тал дээр хүмүүс их гомдолтой байдаг. Тэгэхээр ур чадвараа өсгөж, судалгаа хийж, өсөх ёстой.
-Энэ цаг үед ажиллаж байгаа залуу үсчдэд ямар давуу тал, сайн чанар байдаг вэ?
-Биднийг эхэлж байх үед онлайнаар сурах, интернэтээс судлах гэдэг зүйл байгаагүй. Одоо бол бүх боломж байна. Сэтгүүл, интернэт хуудаснаас санаа авч, мэргэжлийн нарийн техникийг нь тухайн үсчдээс суралцах боломж бий.
-Та хэдэн төрлийн хайч хэрэглэдэг вэ. Мастер үсчдийн хайч нэлээд үнэтэй байдаг юм билээ?
-Японы сэлэмний гангаар хийсэн хоёр хайч тус бүрийг 1000 ам.доллароор авч байсан. Ийм хайчийг бүх насаараа л хэрэглэнэ. Бид гэхдээ хямдхан хайч барьдагтаа орно оо. Японы үсчид 10 мянган ам.долларын үнэтэй хайчтай байх юм билээ.
АНУ, Япон, Европын үсчид их өндөр үнээр үс засдаг учраас хэрэгсэл нь ч гэсэн өртөг өндөртэй. Тэдний 600 ам.доллароор хийж байгаа үйлчилгээг би хамгийн өндөр үнээр засч байгаа гэхэд тайралт 50000 төгрөг байгаа. Мэдээж угааж, сэнсдэж, хатааж, засаад, хэлбэр гаргаад үйлчилнэ.
Гэтэл манай үсчид ур чадвар сайтай хэрнээ хямд үнээр засдаг. Гадныхан бүр гайхна.
-Мастер үсчин гэдэг цолыг нэг удаа л авчихдаг юм уу, эсвэл ур чадвараа шалгуулж хамгаалдаг уу?
-Хамгаалдаг. Шалгалт өгч энэ цолыг авна. Сүүлийн үед хавтгайрсан хандлага ажиглагддаг. Монгол Улсын мастер үсчин цол авахын тулд хамгаалдаг ур чадварын үнэлэмж бий.
-Танай салоныхан ахмадуудад үнэгүй үйлчилж, асрамжийн газрын хүүхдүүдийг хамруулсан өдөрлөг хийх гэх мэтээр байнга л сайн үйлс хийдэг юм билээ. Ойрын үед ийм халуун сэтгэлийн ажил хийв үү?
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтарч асрамжийнн газарт өсөөд 18 нас хүрээд бие даан амьдарч эхэлж байгаа хүүхдүүдэд зориулсан ажил хийсэн. Тэд очих газаргүй, мэргэжилгүй тэндээс явдаг. Дараа нь хаачих вэ. Энэ асуудлыг хөндөж, санаачлаад ахуйн үйлчилгээний салбарынхнаа уриалаад 24 байгууллагыг нэгтгээд 3-4 сар дагалдуулсан. Уг нь хоолонд нь хүргэе, сайн сургая гэж бодсон ч яваад өгсөн. Илүү хариуцлагатай үргэлжлүүлэн сурсан бол их л үр дүнтэй ажил болох байлаа. Үсчин, гуталчин, цаг засварчин, гар урлаач, дархан, цахилгаан хэрэгслийн засвар, гар утасны засварчин бэлтгэх шавь сургалт байлаа.
Харамсалтай нь эргээд ирсэнгүй. 3-4 сар сураад үсчин хийх дөртэй болсон л доо. Үсчний мэргэжил хаана ч газардахгүй мэргэжил шүү дээ.
Нарийн боовны цех дээр хүртэл очоод энэ хүүхдүүдийг сургаж өгөөч гэж би гуйгаад хөөцөлдсөн. Дээд сургуульд сураагүй ч ажил мэргэжилтэй, хоолоо олоод идэх чадвартай болчхоосой гэсэндээ л тэр олон хүнийг царайчилж гүйсэн.
Манай нийгмийн хандлага ч тэр юм уу. Дунд шатны мэргэжлээр ажиллах дургүй. Тэгсэн хэрнээ бүгдээрээ дээд боловсрол эзэмшинэ гэдэг.
Би ч гэсэн олон улсын харилцааны мэргэжилтэй ч үсчнээр ажиллаад 29 жил болчихсон байна. Бүгдээрээ диплом өвөрлөсөн ажилгүйчүүд болох зам руу явах юм.
-Өөрийнх нь төлөө яваад байхад орхиод явахаар ямар санагдсан бэ?
-Харамсалтай, уйлмаар санагддаг. Гэхдээ би дахиад хийнэ л дээ. Хүний асар олон сарын хөдөлмөр, зүтгэлийг юман чинээ бодоогүй нь харамсалтай.
Манай салон 1998 онд байгуулагдсан цагаасаа л нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, өөрчилж, сайжруулж, тус дэм болох ажилд оролцсоор ирсэн.
-Уг нь үүнийг төрийн бодлогоор харж, цэгцрүүлэх л ажил шүү дээ.
-Нийгэмд үүсдэг нэг заагийг л ажиглаж, туслах гэж хичээсэн. Эмзэглэмээр шүү дээ. Өнчин, ядуу, зорилтот бүлгийнхэнд тусалъя гээд манай хамт олон бүрэлдэхүүнээрээ очиж үйлчилдэг. Тэглээ гээд зарлаад явдаггүй. Дандаа талх өгч байхаар талх барих аргыг нь зааж өгье гэж зориод үсчин, гоо сайхан, маникюр гээд хэдхэн мэргэжлээр биш дунд шатны олон мэргэжлээр сургах гээд л тэр ажлыг эхлүүлсэн юм, уг нь.
-Таныг гомдоогоод буцсан тэр шавь нарын тухай яриагаа энд дуусгаад харин маш их баярлуулдаг шавь нарынхаа тухай ярья л даа.
-Таны ярилцлагыг үзлээ гээд анх ирж байсан шавь маань өнөөдөр таван жил болчихсон байна гээд гэнэтийн бэлэг барилаа. Дүүрэг, хотын аварга үсчин. Өдөр болгон л миний шавь нар намайг баярлуулдаг. Уртнасан, Эрдэнэцэцэг, Цацрал, Алтанзул гээд үсчин шавь нар таван жил болжээ.
-Шавь нараа тоолж байв уу?
-Зөндөө шавьтай ч тоолж байгаагүй юм байна.
-Үйлчлүүлэгчийнхээ үсийг засахаас гадна харилцаагаараа сэтгэлийг нь бас эмчилдэг санагддаг. Хүмүүс хөөрхөн болчхоод сэтгэлээ сэргээчхээд гардаг байх аа?
-Тэр мэдээж. У.Черчиллийн имиж мэйкээр үсчин нь ажилладаг байсан гэх юм билээ. Үсчин хүн нийгмийн бүх давхаргынханд үйлчилдэг. Үсчинд сууж байхдаа стрессээ тайлаад гардаг. Нийгмийн өмнө тулгамдаж байгаа бүх л асуудлыг бид сонсож байдаг.
Хүний сайныг харах мэлмийтэй, зөвийг нь сонсдог чихтэй байх хэрэгтэй. Хүнээс өө эрж, атаархаж явдаг хүмүүс ямар өрөвдөлтэй вэ. Хүнд урмын үг хэлчихдэг, гуньж гутраад ороод ирсэн хүнд урам хайрладаг байх хэрэгтэй. Яг тийм халуун дулаан харилцааны дараа чин сэтгэлээсээ инээгээд гардаг юм. Олон жил үс засахад янз янзын ааштай хүмүүстэй харилцаж явлаа. Монголын толгой баячуудаас эхлээд “Эгч нь цалингаа буухаар мөнгийг нь өгнө өө” гээд гардаг үйлчлүүлэгч ч надад зөндөө бий.
-Тэргүүндээ хүргэх хүнээ чухалчлах ёстой гэх юм билээ. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Чухалчлах хэрэгтэй. Хүний толгой дээр зогсчихоод өвчин ярьж, хүн муулдаг хүнээр хэзээ ч бүү үйчлүүл. Дандаа зөв энергитэй, өөдрөг үзэлтэй байдаг нэгнийг зорь. Хүнийг жаргаах үг хэлдэг хүнээр үйлчлүүлж байгаарай. Хүний толгой дээр мууг ярихгүй, сайныг ерөөж байхыг л хичээдэг. Монголчуудад түгээмэл байгаа алдаа нь хүн муулах зуршил. Тийм хүмүүсээс л хол байгаарай.
-Үс засуулахад сайн гэгдэх өдрийн тухай харин юу гэх бол?
-Намайг үсчин болж байхад тийм зүйл байгаагүй. Сүүлийн үед хэтэрхий сүсэгтэй болчихсон юм уу даа. Эд баялаг арвижна гэсэн өдөр хүн дүүрээд ч байх шиг. Яагаад ийм шашинлаг болчхов оо гэж гайхдаг ч хүний үзэл бодлыг хязгаарлахгүй л дээ. Өдөр судар хардаггүй хүн ч олон байгаа.
-Энэ салон таны хувьд бизнес үү эсвэл дуртай ажил уу?
-Би бизнесээс илүү дуртай ажлаа хийж байгаа хүн. Би үс засах дуртай. Ихэнх хүн эхлээд дурлаж хийсэн ажлаа мөнгө олох хэрэгсэл гэж хараад үнэ цэнийг нь үгүй хийдэг. Харин би бол үргэлж, өдөр бүр дуртай ажлаа хийж байгаадаа талархаж хүнд урам өгч, тусалж амьдрахыг хичээдэг.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН