Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Цаасан дээр л хэрэгжсэн тоглоомын талбайн стандартын гол хохирогч нь хүүхдүүд болж байна

 Баярын чихрэндээ бялуурсан багачууд гэрийн гадна элдвийг хөөрөлдөнө. Тээр тэнд харагдаж байгаа тэр тоглоомын талбай юм уу хэмээн уулын энгэрт эрээнтэн харагдах хэсэгхэн байшинг заан асууна. Тийм л дээ. Тэр манай цэцэрлэгийн тоглоомын талбай байгаа юм. Харин одоо хүүхдүүд цэцэрлэгтээ явахгүй байгаа болохоор тэнд тоглуулахгүй хэмээн таван настай охин хариулав. Тэгээд та нар хаана тоглодог юм бэ. Манайх байрны гадаа томоо тоглоомын талбай байдаг шүү дээ хэмээн гайхшран асуусан найзынхаа асуултад хэсэг бодлогоширсноо тэгээд хашаан дотроо л тоглоно шүү дээ. Өөрсдөө тоглоомоо зохиогоод тоглочихдог. Гэхдээ бөмбөгөөр тоглоход хэцүү. Доошоо өнхрөөд алга болчихдог юм хэмээн хэнэггүйхэн хариулах охины минь хариулт хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөрөө эрүүл, аюулгүй орчинд тоглох, хөгжих, амьдрах эрхээ томчууд биднээс нэхэх шиг. Гэрийн баруун хатавчинд зогсоод элдвийг хөөрөлдөх энэ хүүхдүүдийн ярианд нийгмийн олон өнгө будаг холилдоно. Хотын төвд саруулхан зай талбайд харуул хамгаалалттай орчинд дугуйгаа унаж, тохижуулсан тоглоомын талбайд эрх дураараа тоглодог охинд уулын энгэрт байрлах айлын хүүхдүүд хаана, юугаар тоглодог нь хачирхалтай байхаас ч яах вэ. Энэ хэсэгт ганцхан өнгө нэмсэн газар байгаа нь алсад харагдах цэцэрлэг. Хачирхалтай нь тэнд гэр хорооллын хүүхдүүд тоглох эрх ч нь бас хаалттай. Үнэндээ ойр хавьд эрээд олоод өгье гэсэн ч хүүхэд тоглох талбай байхгүй. Уг нь анхаарал халамж тавьсан бол сагсны талбай, гулсууртай хэсэгхэн газар байх нь байгаа. Харин одоо түүнийг толгоомын талбай биш хогийг цэг гэхэд хилсдэхээргүй болсон байна лээ. Хааяа нэг хүүхдүүд бөмбөг тоглож харагддаг. Хүүхдүүд л болсон хойно тоглож л байвал хаана гэдэг нь чухал биш. Харин гэртээ ороод гараа сайн угаагаасай билээ. Үнэндээ хааяа нэг амралтын өдрүүдээр хаа нэг тийш явахдаа тоглоомын талбайн хажуугаар гарахдаа “Ээж ээ, үүнийг хар даа. Энд тоглоомын талбай байна. Хүүхдүүд тоглож байна” гээд их л баяртайгаар хэлэхийн зэрэгцээ би ч гэсэн энэ тоглоомын талбайд тоглохыг хүсч байна гэдгээ илэрхийлчихдэг охин маань яагаад гэрийнх нь эргэн тойронд яг ийм тоглоомын талбай байдаггүйг асуувал хэлэх үг олдохгүй л болов уу.

Гэр хорооллоор бүдчин явсаар хүүхдийн инээд хөөр цангинасан тоглоомын талбайд ирлээ. “Миний араас, миний араас” гэх хүүхдийн цовоо “тушаал”-ыг найзууд нь дагаж, нэг нэгээрээ гулсуур дээрээс дагаж гулгав. Гулсуураас гулсч амжилттай буусан нь хурдхан шиг босохгүй бол арын хүүхдийн хөлд нуруугаа дэлсүүлж мэднэ. Тэд сурамгай тоглоно. Анзаарч харвал тэдний тоглож байгаа талбайд аюул дүүрэн байна. Гулсуурын төгсгөл хэсэг цөмөрчээ. Гулсч байгаа хүүхдүүд хамгийн багадаа хонгоо урах эрсдэлтэй байна. Бүр байг гэхэд цөмөрсөн хэсэгт хөлөө оруулж гэмтээх ч эрсдэл ээж хүний нүдэнд харагдах юм. Тоглоод гүйх хүүхдүүд бүдэрч унахдаа цементэн талбайн бутархай хэсэгт өвдгөө шалбалахыг юман чинээ санасангүй. Хөөцөлдөн тоглох хүүхдийн нэг нь ойчихдоо хагарсан архины шилэнд гараа зүсч орхиод, хавиар нэг уйлаан болов. Долоо нас орчим болов уу гэмээр охин эгчийнхээ хамт гэрийн зүг чавхадлаа. Очоод эгч нь дүүгээ сайн хараагүй хэргээр банга хүртэх болов уу. Эсвэл хүүхдүүдээ ийм аюултай орчинд тоглож байгааг бага боловч ухамсарлаж, тоглоомын талбайн аюулгүй байдалд анхаарах болов уу гэсэн эргэлзээтэй асуулт намайг ээрнэ. “Тэр харсан уу. Аятайхан тоглохгүй бол гараа авна шүү” гэх ахын зөвлөгөө тэнд тоглож байсан арваад хүүхдийн хэдэд нь нөлөөлсөн бол. Архины шилний хагархайг гараараа аваад, чадлынхаа хэрээр хол чулуудсан хүүгийн сэтгэл сая нэг амарч, найзуудтайгаа бөмбөг өшиглөхдөө анхаарав. Энэ тоглоомын төв үдшийн цагаар томчуудын байгаль баар болж хувирна. Дэлгүүрээс ганц хоёр лонх юм аваад бөглөөг мулталж орхиод, маргааш хүүхдүүдийн мөрөөдлийн төв болдог энэ хэсэгт чулуудаж орхидог хүнтэй хүүхдийн эрх, аюулгүй байдлын талаар яриад ч нэмэргүй л болов уу. Гэхдээ бид хэзээ болтол энэ байдалтай эвлэрч дуугүй суух ёстой юм бэ. Өнөөдөр хэлж адлуулсан ч маргааш гарах эерэг өөрчлөлтийн төлөө дуугарсаар, тэмцсээр л байх ёстой.
Яагаад урин дулааны улирал ирж хүүхдүүд гадаа тоглохоос өөр сонголтгүй болж байгаа энэ үед төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд тоглоомын талбайгаа нээж болохгүй гэж. Гэр хороололд өнгө нэмж байгаа ганцхан газар нь шилний цаанаас хүүхдүүдэд чихэр гайхуулах мэт дүнсийх нь хэр зохилтой юм бол. Үгүй ядахдаа аав, ээжийнхээ эзгүйд толгоомын төв хайж гэрээсээ хол явахгүй л баймаар сан. Нийслэл Улаанбаатар хотод 685, улсын хэмжээнд 1439 цэцэрлэг байна. Энэ бүх цэцэрлэг гаднаа том, жижиг тоглоомын талбайтай. Тэр нь харуул хамгаалалт, арчилгаа тордлогоо стандарттай... Хэдийгээр цар тахлын үед бүх тоглоомын талбай түгжээтэй байгаа боловч цаашдаа энэ талбайнуудаа хүүхдүүдэд нээлттэй байж болдоггүй юм уу. Угтаа бол сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбай зунжин түгжээтэй байдаг. Намар хичээл, сургууль эхэлсэн ч тухайн цэцэрлэгийн хүүхэд биш бол орох эрхгүй. Өвлийн утаатай хүйтэн үед хүүхдүүд цэцэрлэгийнхээ тоглоомын талбай дээр тоглох боломжгүй. Урин дулааны үеэр л ашиглах боломжтой энэ газруудыг хүүхдүүдэд нээлттэй болговол хаа холоос тоглох газар хайж явахгүй байх ч юм бил үү . Баярын өдрөө хуруу тоолон хүлээж байсан дөрвөн бяцхан зүрх Дэнжийн 1000-аас тоглох газар хайн бэдчин цэцэрлэгт хүрээлэнг зорьж очсон. Барилгын тогтоол усанд эндсэн харамсалтай хэргийн талаар хүн болгон халагласан. Үнэхээр хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд тоглох тэгш боломжоор хангагдсан бол ийм харамсалтай хэрэг гарахгүй байсан болов уу.
“Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудсандаа тавдугаар сарын 28-ны өдөр “Өнөөдөр бүтэн өдөр гэр хорооллын хүүхдүүдийн тоглоомын талбайг сурвалжилж, хүүхдүүдтэй ярилцаж явлаа. Фэйсийн араас юм бичээд юу ч хийж чадахгүй суугаад байгаа нь үнэхээр утгагүй бачуурам байв. Явах тусам яагаад тэр дөрвөн хүүхэд тоглоом хайж, цэцэрлэгт хүрээлэн явсан нь ойлгогдож байлаа. Үнэхээр үзээд өгье гэсэн ч олигтой тоглоом, талбай ховор ажээ. Өдөр Цагаан давааны энгэрт ийм нэг зураг буулгав. Энэ нэг савлуур гэхэд хэцүү, хэзээ тасраад хүүхэд уначих нь мэдэгдэхгүй хялгасан уяаг хүүхдүүд өөрсдөө бүтээжээ. Гол нь энэ зөөлөвчиндөө байдаг гэнэ "Уяан дээр дангаар нь суухаар бөгс холгоод өвдөөд байдаг юм, тэгээд хогон дээрээс нэг ийм порлон шиг юм олоод, түүн дээрээ ивж суухаар гайгүй байдаг" гэж бяцхан охин шулганан тайлбарлана. Тэнд бараг 20 орчим хүүхэд байсан. Энэ тоглоомын талбай бол миний харахад зүгээр балгас. Энд тэнд нь үзүүртэй төмөр цухуйчихсан, хашаа шиг юм нь ганхаад салж унаж байгаа. Нэг ширхэг гулсуур нэг ширхэг савлуургүй савлуур. Та нар тэгээд энэ тоглоомондоо дуртай байдаг юм уу гэж асуутал "Ер нь гайгүй дээ, өөр угаасаа байхгүй, тэр нэг буудал дээр уул нь арай том газар байдаг юм, гэхдээ аймаар хол ..." гэж хэрсүүхэн шулганах найм,есөн настай болов уу гэмээр бяцхан охин. Салхи гарахаар л Цагаан давааны хогийн цэгийн машинаас унасан хогнууд нь хийсч ирээд бараг хогийн цэг юм уу тоглоомын талбай юм уу гэмээр ...
Бид хүүхдийн гүйн харайх талбайг булаасан, бид хүүхдийн гулгаж тоглодог уулыг булаасан, бид хүүхдэд хүчирхийлэл, архидалт үлгэрлэсэн, бид хүүхдийн бага насыг хулгайлсан, одоо тэдний амийг бид булааж байна! Нэгэнт одсон бяцхан амийг хүртэл улс төрийн нэгнээ намнах хэрэгсэл болгож, зарим нь хариуцлагаас зугтаж, зөвхөн арьсаа хамгаалж байна.
Намайг дэмжээрэй! гэх үг бүрийн араас чи тэгвэл монгол хүүхдийн төлөө юу хийх юм. Юу хийсэн юм гэж асуу! Үүнийг гол шалгуураа болго. Ойр орчныхоо ийм бэлэг тэмдэг балгаснуудын зургийг аваад, нүүр номондоо тавь. Хороо дүүргийг нь зарла! Энэ сэдвийг өөр сенсаацаар битгий соль. Дарханд гэртээ цоожлогдон шатаж үхсэн гурван хүүхэд, тоглох гэж гэрээсээ гараад усанд үрэгдсэн дөрвөн бяцхан амь, жилд ийнхүү чимээгүй оддог 140 хүүхдийн амины төлөө, дахиж ийм хэрэг гаргахгүйн төлөө ямар нэг зүйл хийцгээе! Коммент, шэйрээр бол биш” хэмээн Ч.Ганжавхлан бичжээ. Харин түүний энэ постын ачаар нэгхэн хоногийн дотор Цагаан давааны хүүхдүүд шинэ тоглоомын төвтэй болж чадсан нь тэдний баяр дээр баяр нэмсэн юм. Үнэндээ бидэнд тоглоомын талбай цөөн тоогоор ч болов бий. Тоглоомын талбайн хүртээмж, байгаа хэдэн талбай нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж байгаа асуудал ар араасаа хөврөх нь гачлантай. Энэ талаар тоочвол урт жагсаалт гарна. Ганц нэг хэргийг нэхэн сануулъя. Тухайлбал өнгөрсөн жил зориулалтын гэх тодотголтой хүүхдийн паркийн "Сансрын хөлөг" тоглоом хугарч, дөрвөн хүүхэд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн, Мөн нийслэлийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүүгийн толгой дээр хөндлөвч төмөр унасны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгүүдийн тоглоомын талбайн чанар, аюулгүй байдлыг 79 дүгээр сургууль дээр болсон харамсалтай хэрэг баталлаа. Мөн хэдхэн хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах тоглоомын талбайн гулсуурт хүүхэд даруулсанаас уушгиа тайруулсан. Мөн л Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах 23 дугаар байрны гадна талбайд НИТХ-ын санаачилгаар байгуулаад хоёр сар болоогүй тоглоомын талбайн савлуур дээр 12 настай хүүхэд тоглож байгаад савлуур нь хугарснаас үүдэн биедээ хүнд гэмтэл авчээ. Цаашид яаралтай хагалгаанд орохоор болсон мэдээлэл байна. Энэ мэтчилэн зүгээр л тоглох гэснийхээ төлөө амь нас, эрүүл мэндээрээ үр хүүхдүүд минь хохирсоор л байх уу. Нийслэл дүүргийн хөрөнгө оруулалтаар нутаг дэвсгэрт нь хийгдэж буй тохижилтын ажилд тухайн хорооны Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, хэсгийн ахлагч нар анхан шатны хяналт тавьж зөрчил дутагдал гарвал нэн даруй холбогдох байгууллагад нь мэдээлэн зөрчлийг таслан зогсоох үүрэгтэй хэмээн албаныхан өөрсдийгөө хаацайлах. Манай улсад хүүхдийн тоглоомын талбайн стандарт бий.
Гэхдээ тэр нь амьдрал дээр биш цаасан дээр л буусан. Үнэндээ өнөөдөр нийслэл хотод хэдэн тоглоомын талбай байгаа гэдэг тоог бүрэн хэлчих хүн байхгүй. Аргагүй шүү дээ хэн ч хүүхдийн тоглоомын талбайд анхаарал хандуулдаггүй болохоор орхигдох нь дамжиггүй. Хотын Стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Стандарт хэрэгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Ариунаа хэлэхдээ “Хамгийн сүүлийн үеийн буюу 2017 оны судалгаагаар нийслэлд 650 орчим тоглоомын талбай бий” гэж бидэнд хэлсэн. Харин 2009 оны судалгаагаар 301 байршилд байгаа тоглоомын талбайг шинээр засах, арчлах шаардлагатай гэсэн шаардлага хэрэгцээг тодорхойлсныг дуулгасан. Түүнээс биш хэчнээн хүүхдийн талбай байгаагаас хэд нь стандартын шаардлага хангасан эсвэл хангаагүй гэдгийг одоогоор хэлэх боломжгүй. Харин тун удахгүй энэ тоо бэлэн болно гэж онцолсон. Үнэндээ хариуцсан газар нь ийм мэдээлэлтэй байхаар хэн дуртай нь хэдэн тоглоом байршуулсан нэр зүүж, түүнийгээ тоглоомын талбай хэмээн нэрийдэхгүй гээд яах билээ. Харин томчуудын тоомжиргүй алдааны хохирогч нь хүүхэд багачууд болсоор л байх уу.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com