Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Охидтойгоо хамтдаа уйлах өдрүүд байсан...

 Хаанаас юунаас эхлэхээ мэдэхгүй үг хэл, үзэг цаас хоёр эвлэхгүй үе ч байх. “Эхнэр, нөхөр байтугай эрүү толгой салах үе ч бий. Яршиг л байна наад нэг хар юмнаасаа салахгүй юу” гэх үгсийг та хаа нэгтээ сонсч байсан уу. Арай хэн нэгэнд ийм үгсээр зөвлөгөө өгч байсан юм биш биз дээ. Хүн хүнээрээ дутдаг хорвоод халуун дулаан гэр бүлтэй байх нь хүний амьдралын жаргал байлтай. Аз жаргалыг та юугаар хэмждэг вэ. Дулаахан байр, түрийвч дүүрэн мөнгө, шүүгээ дүүрэн хувцас, алдар нэр, албан тушаал... Энэ мэтчилэн хүслийн жагсаалт тасрахгүй ч байж болох. Харин жинхэнэ аз жаргал хаана байдаг бол...

Хоёр жаахан дүүгээ хүний дайтай хүн болгож өсгөсөн энэ залуу өнөөдөр дахин яагаад хоёр охинтой өрх толгойлсон аав болчихсон нь гайхмаар

Хорооны ажилтны өгсөн чиглэлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо ... тоот хашааг эрэн явна. Хэдийнээ бидэнд танил дотно болсон гэр хорооллын саарал гудамжууд хөвөрч хааяа нэг хашаан дотроос хуцах нохойн чимээнд цочин газраас чулуу авч бариад эрлээ үргэлжлүүлсэн юм. Үнэндээ нохой гарч ирээд ноцвол гар дахь чулуу намайг хамгаалах нь юу л бол. Гэсэн хэдий ч өөрийгөө хамгаалах өөдсийн төдий зүйл ч болов гарт минь байгаа болохоор санаа амрах шиг. Баянхошууны “Колонк”, “Буурал ээж” автобусны буудлын дунд орших дэнжийн арын хэсэгт зорьсон айл минь бий. Гэрийн гадаа ирэхэд дотроос эмэгтэй хүүхдүүдийн инээд цангинаж байна.

“Одоо намайг, одоо намайг” гэх охидын уралдсан дуу улам тодорч урилгагүй зочин миний бие тэднийг цочоочихгүй гэсэндээ тодоор хоолойгоо засч бага боловч чимээ өгөв. Утсаар ярихдаа бүдэг бадагхан ойлголцсон намайг ийм хурдан хүрээд ирнэ гэж тэд санаагүй бололтой. Гэрийн үүдээр ормогц аавынхаа нуруунаас ээлжлэн зүүгдэх охид намайг хараад багахан гайхшрав. Таван ханатай гэртээ галаа дүгнэтэл түлчхээд, гэрээ цэмцийтэл нь цэвэрлэчихсэн хүүхдүүдтэй тоглож байгаа энэ бол Д.Даваабаяр. Тэрээр 31 настай өрх толгойлсон аав. Танд өрх толгойлсон аав гэхээр нэг л бууж өгөхгүй байна уу. Бид бүгдээрээ л өрх толгойлсон ээж нарын талаар хөндөж, тэдний эрх ашгийг хамгаалах талаар санаа зовнидог боловч өрх толгойлсон аав нарын талаар хэр их дуугардаг билээ. Муу л юм болбол баруун хойд талын бор овоохой гэдэг шиг гэр бүл салалт, хүчирхийллийн гол буруутныг эрчүүд л гэж жигшдэг нь ч нууц биш. Хэн ч түүний туулсан амьдралаар амьдраагүй болохоор амандаа орсноороо түүнийг өөчилж гоочлох нь энүүхэнд байдгийг залуухан аав нуусангүй.
Түүний хувьд 15 настайдаа аавыгаа алджээ. Ингээд, найм болон зургаан насны хоёр эмэгтэй дүүгийн хамт үлдэж, айл гэрийг толгойлох үүрэг хариуцлага түүний нуруун дээр ирсэн байна. Тиймээс ээждээ тус дэм болж хоёр дүүгээ боловсролтой хүн болгохын тулд наймдугаар ангиа төгсөөд сургуулиасаа гарч хөдөлмөр эрхлэх болсон. Амьдралын эрхээр хар бор ажлыг гололгүй хийж хорвоогийн хатуу зөөлнийг ханатлаа үүрсэн ч түүнд шантарч байсан үе үгүй. Үнэндээ шантрах эрх ч байгаагүй гэдгийг учирлаж байна. Ээж нь хэдэн жилийн дараа өөр нэгэн эрэгтэйтэй гэр бүл болохоор шийдсэн нь түүнд амар байгаагүй. Өсвөр насны хүү том болж яваа охин дүү нараа дагуулаад хойд аавын нүүр үзэх амаргүй даваа учраас ээжийгээ түүнтэй амьдрахыг зөвшөөрч өөрөө дүү нараа хараад жинхэнээсээ эцгийн үүргийг, ахын үүргийг давхар гүйцэтгэсэн том эр болжээ. Дүү нар нь том болохын хэрээр хэрэглээ нь нэмэгдэнэ. Сургуулийнхаа хүүхдүүдэд өнчин өрөөсөн гэж адлуулах вий гэсэндээ автобусныхаа мөнгийг хүртэл хэмнэж Таван шараас Баянхошуу хүртэл алхахдаа сэтгэлдээ галтай явсан түүний хичээл зүтгэл талаар болоогүй. Дүү нар нь наймдугаар анги төгсөөд МСҮТ-д элсэн суралцсан байна. Өвлийн хүйтэнд түлэх түлшгүй болохдоо дүү нараа дааруулахгүйн тулд хашааныхаа банзыг хагалж түлж байсан хэцүү өдрүүд ч түүнд бий. Харин одоо хашааны банз нь бүрэн бүтнээрээ байна. Нэг өдөр гэдэс цатгалан хоноход нэг өдөр гүрийгээд унтах өдрүүдэд ч тэдэнд байсан. Дүү нарыг нь харах хүн байхгүй тул орой ажил тараад хамгийн ихээр гэр лүүгээ яарна. Түүнийг л хүлээж хөнжил дотроо бөөцийлдөн суух дүү нарыгаа хараад улам хичээх ёстой шүү гэсэн итгэлээр өнөөдрийг хүргэсэн хэмээн итгэл дүүрэн түүний ярианаас хумсын төдий ч худлаа зүйл анзаарагдаагүй юм. Хоёр жаахан дүүгээ хүний дайтай хүн болгож өсгөсөн энэ залуу өнөөдөр дахин яагаад хоёр охинтой өрх толгойлсон аав болчихсон нь гайхмаар.

Охидыг минь төрсөн ээж нь хайрлаагүй орхиод явсан байхад

өөр хүн хайрлана гэдэгт итгэхгүй байна

Хорин хоёр насандаа нэгэн төмрийн үйлдвэрт ажиллаж байхдаа охидынхоо ээж н.Бүжинлхам хэмээх бүсгүйтэй танилцсан. Хэдийгээр одоо түүнтэй хамт амьдрахгүй байгаа ч түүнд хайрлаж дурлаж, хамтдаа ирээдүйгээ сайхнаар төсөөлж явсан үе бий. Анхны цалингаараа хөргөгч аваад оройжингоо өөрсдөөрөө бахархаж ахиад илүү сайхан амьдралыг бий болгохоор хөөрцөглөж явсан үе ч бий. Анхныхаа охиныг төрөхөд нь хорвоо дэлхий дэндүү давчуу санагдаж хорвоогоор нэг “Би аав боллоо” хэмээн хашхирмаар, догдолмоор байсан хэмээн ярихдаа Д.Даваабаярын нүд нь аз жаргалтайгаар гэрэлтэнэ. Тэд хоёр жил гаруй үерхсэний дараа эхнэрээ албан ёсоор гуйж хадаг сүй тавьсны дараа аав ээж болцгоосон байна. Амьдрал зохиогоод аав ээж болсны дараа хэн хэнд нь үүрэг хариуцлага нэмэгдсэн. Эзэмшсэн мэргэжил байхгүй болохоор барилга, үйлдвэр, уурхай гээд хаана л ажил олдоно тэнд очиж ажилласаар хоёр дахь охиноо өлгийдөн авсан байна. Амьдралд жаргал зовлон ээлжилдэг болохоор хааяа үл ойлголцох асуудлууд гардаг ч аль болох эхнэртээ буулт хийгээд л өнгөрдөг байсан даа. Гэхдээ одоо бодоход хэтэрхий зөөлөн хүнийг элэг барих хүн олон л байдаг юм шиг санагдах түүний хожимдсон ухаарал зүрх эмтэлнэ. Угтаа зөөлөн нь хатуугаа гэдэг дээ. Түүний эхнэрийн хувьд дөрвөн хүүхэдтэй айлын дороосоо хоёр дахь охин гэх. Мөн л багад нь аав нь өнгөрч адилхан өнчин өрөөсөн өссөн болохоор хэн хэнийгээ ойлгоод хоёр дүүд нь түшигтэй байсныг хэлж байна. Үнэн юм үнэнээрээ сайхан. Хүний сайн нь сайндаа, муу нь муудаа шүү дээ хэмээн жаахан бодлогоширно. Одоо л нэг элэг бүтэн сайхан амьдарч байна даа гэх бодолтой зэрэгцэн хадам ээжийнх нь тэдний амьдралд нь оролцох байдал улам л нэмэгдсэн байна.
Түүний эхнэрийн эмээ нь гэх 80 гаруй настай хөгшнийг тэднийд асруулсаар жил гаруй болжээ. Өдрөөс өдөрт бие нь муудаж байгаа эхнэрийнхээ эмээд санаа зовсондоо нэг өдөр хадам ээж рүүгээ залгаад “Та хэд эмээг авч асармаар байна” гэсэн түүний үг хадам ээжийнх нь сэтгэлд хорын үр тарина чинээ санаагүй гэв. Жил гаруй хугацаанд гэртээ байлгаж асарсныхаа хариуд хөгшин хүнийг ад үзсэн гэх хорчин үгийн эзэн болжээ. Удалгүй настай хүн бурхны орондоо одсон гэнэ. Үнэндээ надад тэр буурлыг ад үзсэн зүйл огтхон ч байгаагүй. Төрсөн хүүхдүүдийнхээ гар дээр бурхны орондоо очоосой л гэж бодсон юм. Манайд байх хугацаанд ах дүү нар, хадам ээж мөнгө төгрөг өгч байсан зүйл байхгүй. Хүмүүс танайх тэтгэврийг нь авдаг биз дээ л гэдэг. Тэр хүнд төрөөс өгсөн мөнгийг нь хэн авдгийг нэг ч удаа асууж үзээгүй. Багаасаа л амьдрал үзсэн болохоор байгаагаараа болгоод л ирсэн. Эхнэр, хоёр охин дүүгээ хоол ундаар дутаахгүй гэсэндээ ажиллахыг л илүүд үздэг байсан. Ингээд нэг удаа хөдөө ажиллаж байгаад иртэл хадам ээж “Чам шиг юмтай охиноо амьдруулахгүй” гээд намайг чинь архичин гэж хүртэл хэлсэн. Үнэндээ архи огт ууж үзээгүй гэж худлаа хэлэхгүй ч хэзээ ч амьдралаа алдаад архи ууж, ар гэртээ агсам согтуу тавьж үзээгүй. Надад тэгж явах зав ч байгаагүй. Үүнийг маань хажуу хавиргын айлууд, дүү нар, хүүхдүүд минь батална. Хорооныхон маань ч анддаггүй. Гэтэл намайг хилс хэргээр 20 хоногийн баривчилгаанд хүртэл явуулсан шүү дээ гэх түүний яриа яагаад гэсэн асуултын дор үргэлжлэв. Эхнэрийг нь аваад явахдаа хадам ээж нь цагдаад дуудлага өгсөн байжээ. Хоёр охинтойгоо байж байтал гаднаас цагдаа, телевизийнхэн ороод ирсэн гэнэ. Юу болоод байгааг ойлгож ч амжаагүй байтал таныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж байна гэх хачирхалтай үгийг хэлжээ. Эв эрүүл, сав саруул байгаагаа хэлж тийм зүйл болоогүй гэдгээ учирласан байна. Гэтэл түүний дүү охин нь том охиныг нь үгэнд орохгүй болохоор нь дэрээр бөгс рүү нэг цохисныг хадам ээж нь ийнхүү дэгсдүүлэн цагдаад мэдүүлжээ. Гэтэл 16 нас хүрээгүй охин дүүг нь насанд хүрэхээр нь хэрэг үүсгэж авч явна, эсвэл чи өмнөөс нь хэргийг нь үүр гэсэн хатуу сонголтын өмнө түүнийг тулгажээ. Энэ хүртэлх түүний амьдралын түүхийг сонсохдоо ядарсан хүнд ноён олон гэдэг үг ямар үнэн болохыг дэндүү ихээр мэдрэх шиг. Дээрээс нь түүнийг хэрэг хийгээгүй байхад нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүртэл гаргасан байна. Ингээд дүүгийнхээ өмнөөс 20 хоног саатуулагдан гарч ирэхэд нь түүний эхнэр нь ээжийнхээ ятгалгаар төрхөмдөө очсон байжээ. Хэн хэн нь хичээж өдий зэрэгтэй босгосон амьдралаа нураахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн ч “Чамтай амьдруулах хүсэлгүй гэдгээ ээж хэлсэн. Тийм болохоор чи охидоо өсгөөрэй” гэх эхнэрийнх нь үг түүнийг голд нь ортол гомдоожээ. Үнэндээ архи ууж, агсам согтуу тавиагүй байхад тавьсан болгоод бүр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч хэмээн түүнийг цоллочхоод хүүхдүүдээ аваад яваа гэж байгаа эхнэрээсээ болон түүний ээжээс дахиад юу ч хүсээд нэмэргүй гэдгийг ойлгосон байна. Харин ч хоёр охиныг нь өөрт нь өгсөнд баярласнаа нуусангүй. Тийм ээ тэр бол энэ хорвоогийн хамгийн азтай аав, хамгийн азтай ах. Өдрөөс өдөрт өсч байгаа хоёр охин дүү нь, хоёр охин үр нь хөлийг нь хучих өдөр мөдхөн л ирэх байх.
Эхнэрээсээ тусдаа амьдарснаас хэдхэн сарын дараа түүний эхнэр өөр хүнтэй сууж, саяхан маамуулсан гэх түүний яриа дэндүү гунигтай. Гэхдээ түүнд эхнэрээ үзэн ядсан сэтгэл огтхон ч анзаарагдаагүй. Харин ч ямар хүнтэй суусан юм бол доо хэмээн санаашрангуй хэлээд хааяа хадам ээж ирээд охидыг минь аваачиж тэндээ хэд хонуулдаг. Явуулахгүй гэх аргагүй өгөөд явуулдаг даа. Нэгэнт өөр хүнтэй суучхаад хүүхдүүдээ авч ирээд байхаар одоо суусан нөхөр нь ямар дуртай байх вэ дээ гэх түүний ярианд сэтгэл өмрөх шиг болов. “Аав аа, аав аа” хэмээн бидний яриаг таслах охидод харандаа дэвтэр бариулснаар хэсэгтээ чимээгүй болов. Байн байн охидоо энхрийлэх түүнд одоо тэднээс өөр үнэт зүйл алга. Ээж хүн хэзээ ч үрээ орхиод явдаггүй гэсэн гэнэн бодол энд хүрээд төгслөө. Хоёрын хоёр цэцэг шиг охиноо үлдээгээд өөр эрийн өврөөс жаргал хайдаг хүн байдаг л юм байна. Тэр цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч юм бол ээж нь, эмээ нь түүнд яаж охидоо үлдээж чадна гэж. Эрүүл саруул ухаантай ямар ч хүний сэтгэлд ийм зүйл багтана гэж үү. Өөдөөс минь хараад амьдралаа ярьж байгаа энэ залуу яагаад ч муу хүн биш гэдгийг гэр орноо авч яваа байдал, охидынх нь цовоо инээднээс л харж болохоор байсан юм. Одоо бодоод байхад ажил ажил гэсээр түүндээ хэтэрхий бага санаа тавьдаг ч байсан байж болох. Ажил хаана байна тийшээ л явчихдаг болохоор хөдөө гадаа олон хоногоор явна. Ирээд амрахаас илүү ажиллахыг л боддог байсан. Тийм болоод надаас салаад удаагүй хүнтэй суусан байх. Магадгүй салахаасаа өмнө ч тэр хүнтэйгээ уулздаг байсан байж болох. Үгүй бол тийм хурдан хүнтэй суучихмааргүй л юм хэмээн өөрийгөө түүнийгээ дутуу хайрласандаа буруутгана.
Ээжийгээ нэхэн уйлах охидынхоо өмнөөс хэлэх үг олдохгүй хамтдаа уйлах өдрүүд ч тэдэнд байсан гэх. Харин ээж нь өөр хүнтэй суусныг охид бага багаар ойлгосноор одоо тэр хүнд өдрүүд ард үлдсэн хэмээн жаргалтайгаар инээмсэглэнэ. Та ч бас залуу хүн охидоо ээжтэй болгох талаар бодож байна уу гэх эрээ цээргүй ч байж болох миний асуултад “Хоёр охины минь төрсөн ээж нь хайрлаагүй орхиод явсан байхад өөр хүн хайрлана гэдэгт итгэхгүй байна. Ийм амьдралтай над шиг хүнтэй суух хүн олдох уу” гэх хэцүү асуултаар егөөдлөө. Амьдрал баян шүү дээ. Тийм эмэгтэй гараад ирэх ч юм бил үү гэхэд “Аягүй бол аминаасаа хайртай охидыг минь илүү дутуу нүдээр хараад унавал би тэсэхгүй жинхэнээсээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох байлгүй” хэмээн тохуурхан инээмсэглэнэ. Одоо ч хоёр охиныхоо, дүүгийнхээ төлөө л амьдарна даа гэх залуухан аавд бурхан үүрэх ёстой ачааг нь үүрүүлсэн гэхэд эргэлзмээр. Ёстой нөгөө тэрслүүд зохиолч Б.Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөгөөний эцсийн бадагт байдаг “Чи битгий хуц аа” гэх шүлгийн мөртүүд санаад буугаад болдоггүй.

Хүүхдийн мөнгийг авна гэвэл охидыг минь надаас

булаачих байх гэж айдаг

Ирэх намар том охин нь сургуулийн сурагч болох учраас эртнээс бэлтгэлээ хангаж байгаа аж. Түүнд тогтсон ажил байхгүй ч өдөр бүр ажлын эрэлд гардаг. Бидний нэрлэж заншсанаар “Бүгдийг чадагч” буюу 100 айл худалдааны төв дээр хувиараа зогсч хана, хаалга нураах, нүх ухах, хашаа барих гээд ажил олдвол гололгүй хийдэг байна. Зарим өдөр хэдэн зуун мянган төгрөгийн орлоготой байхад заримдаа ямар ч орлогогүй гэртээ харих ч үе таарна. Дүү охид нь МСҮТ-ийг тогооч, үсчний мэргэжлээр төгссөн ч өнгөрсөн хугацаанд дүү нараа харах ажилд томилогдоод ажил хийх завдал болоогүйг учирлаж байна. Саяхнаас том дүү нь угаагчийн ажилд орж ахдаа нэмэр болж байгаа аж. Хамгийн хачирхалтай нь тэрээр эхнэртэйгээ гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй учраас шүүхээр салсан зүйл байхгүй. Түүний хоёр охиных нь хүүхдийн мөнгийг ээж нь авдаг бөгөөд охиддоо илүүчлээд байдаггүй гэнэ. Ийм арилсан дотортой эх хүн хорвоо ертөнц дээр байдаг гэж үү. Хорооны ажилтнууд түүнд хүүхдийнхээ мөнгийг өөрөө авч болох талаар зөвлөсөн ч хэрэв хүүхдийн мөнгийг авна гэвэл охидыг минь надаас булаачих байх гэж айдаг. Үнэндээ манай хадам ээж их айхтар хэл амтай хүн бий. Тийм болохоор энэ асуудлаар маргаан гаргахыг хүсдэггүй гэв. Түүний хэлж байгаагаар ямар ч тохиолдолд хүүхдүүдийг ээжтэйгээ байх ёстой гэсэн хуулийн заалт байдаг юм шиг байна лээ. Тиймээс надад хүүхдийн мөнгөнөөс болж хүүхдүүдээсээ холдох сонирхол байхгүй хэмээн хэлсэн юм. Ярилцаж суух зуураа амттай цуйван сэгсэрчхээд аав нь ажилдаа явлаа гэхэд хүзүүнээс нь зүүгдэх охид “Орой гоё юм авч ирээрэй” гээд түүнийг үнсэн үдэв. Ийм халуун, хэзээ ч хувиршгүй охидынхоо үнсэлтээр ажилдаа үдүүлж, амттан авч ирэх захиастай гарч байгаа энэ аав хорвоогийн хамгийн жаргалтай аав байх. Одоо л хичээхгүй бол мөдхөн намар болно. Сургууль цэцэрлэгт хүүхдээ өгөх, авах асуудлын араас өвлийн хүйтэн золгоно. Түүнд шантрах, буцах сонголт үгүй. Дөрвөн охины хайранд өлгийдүүлсэн түүнийг өрөвдөх биш бахархах сэтгэлээр энд хүрээд сурвалжилга минь өндөрлөсөн юм. Өрх толгойлсон аав гэхээр архинд живсэн, арчаагаа алдсан гэх төсөөлөл энд хүрээд замхарлаа. Амьдралд тэмцэж, унаж, босч яваа хугараагүй ноён нуруу болсон мянга мянган аав бий. Зөвхөн өрх толгойлсон ээж нар биш аав нар ч бидэнтэй хамт оршиж, үр хүүхдүүдээ сайн хүн болгон хүмүүжүүлэхийн тулд өөрийгөө ч умартан зүтгэсээр байна. Эхийн хайр шиг агуу нь энэ орчлонд үгүй гэдэг ч эцгийн хайр шиг үнэнч нь үгүй юм шиг. Д.Даваабаяр шиг өрх толгойлсон аав нар манай улсад 2019 оны дунджаар 17.775 байгаа гэдгийг ҮСХ-ны судалгаанаас харж болж байна. Аз жаргалтай амьдралыг хамтдаа бүтээхээр галт тэргэнд суучхаад замынхаа голоос үсэрчихсэн та жинхэнэ аз жаргалаа олж чадсан уу...

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com