Тарчиг сонгууль болдог боллоо...
Олон жилийн өмнө биш хэдхэн жилийн өмнө сонгууль их сайхан болдог байлаа. “Өргөн дэлгэр сайхан наадаж байна уу” гэдэг шиг л болдог байж. Монголчууд уг нь сонгуульдаж сурсан улс л даа. Түүхээс нь сөхвөл БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 110 дугаар зарлигаар Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12 дахь удаагийн сонгууль, аймаг, хот, хороо, район, орон нутгийн хотын Ардын Хурлын депутатуудын 16 дахь удаагийн сонгуулийг 1990 оны 7 дугаар сарын 29-ний Ням гаригт явуулахаар тогтоож, Ардын Их Хурлын депутатуудын сонгуульд бэлтгэх ажлын хэсэг, сонгуулийн нутаг дэвсгэрийн комиссыг байгуулж байжээ. Сонгуульд нийтдээ улс төрийн зургаан нам оролцож, сонгуулийн зарим тойрогт 70 гаруй хүн нэр дэвшиж байжээ.
Энэ бол ардчилсан Монголын анхны ардчилсан сонгуулийн түүх. Байнгын ажиллагаатай Улсын бага хурал нийт 50 суудалтай байсан. Эндээс МАХН 60 хувийн санал, МоАН, МСДН, МҮДН гэсэн гурван нам 40 хувийн санал авчээ. Шашны ба ногоон намууд суудал авч чадаагүй байна. Ингээд Монголын анхны парламентад МАХН 30 суудал, МоАН 14 суудал МСДН 3 суудал, МҮДН 3 суудал авсан. Сум хороо болгоноос нэг хүн сонгогдохоор бодож Ардын их хурлыг нийт 430 депутаттай нэрээр сонгосон нь байнгын бус ажиллагаатай дээд танхим байв. Ингээд есдүгээр сард АИХ-ын анхдугаар чуулган хуралдсан. Эндээс Монгол Улсын анхны Ерөнхийлөгч ба дэд Ерөнхийлөгчийг сонгосон түүхтэй. Намууд өөрийн авсан суудалд суулгах хүмүүсээ нэр дэвшүүлэн АИХ-аар сонгуулуулав. Мөн чуулган Монголын Засгийн газрыг томиллоо.
Эргээд уншихад сонин содон.
Тарган морь, торгон дээл, таатай сайхан зуны өдрүүд л нүдэнд дүрслэгддэг. Түүнээс хойш бодохоор сонгуульд унадаг тарган морь туранхай приусээр, торгон дээл уранхай жинсээр солигдчихсон юм шиг таагүй мэдрэмж төрнө. Учир нь наадмын дээлээ гаргаж өмсөөд, морьдоо уяж хоноод нас биед хүрсэн хүн бүхэн баяр хөөртэйгөөр явдаг байсан баяр наадамтай эн тэнцдэг тийм нэг үйл явдалд багадаа явахыг хүсдэг байсан балчир хүүхдүүд одоо 80-ын талыг насалчхаад сууцгааж байна. Нөгөө наадам шиг үнэ хүндтэй үйл явдал, хөх тэнгэртэй дүйцэхүйц засаг төр нь замхарч бүдгэрээд хуучны хэдэн баримтат кино нь архивт тоосонд даруулж хэвтээ нь гарцаагүй.
Эргэх дөрвөн жилдээ хэл амтай, хэрүүл шуугиантай болдог сонгууль маань баяр наадам биш бараг л дайн тулааны шинжтэй болоод байна. Үзэх харах, унших судлах юм нь улам бүр ховордсоор өнгө нь гундсан дээл шиг, үрчийж үнгэгдсэн цаас шиг цаанаа нэг тарчиг, хорчиг. Энэ жилийнх бүр ярих юмгүй. Гунигийн зун, гуриа сонгууль.
Сонгогчид сайхан ааштай байлаа...
Эргэх дөрвөн жил тутам сонгууль улам гуриа болсоор байгаа нь Сонгуулийн тухай хуультай холбоотой. Өмнө өгүүлсэн анхны ардчилсан сонгуулиас хойш бараг л сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуулиа өөрсдөдөө тааруулж сохчилдог зантай засаг төртэй болсон доо. Энд тэндээс нь хасч тайрч, нэмж хассаар тарган морь, торгон дээлтэй сонгуулиа хэл амаараа хийрхдэг, хөөрхөн зургаараа хуурдаг, худлаа амлалтаараа мэхэлдэг, талцаж байлдаж, тааранд хийсэн үхрийн эвэр шиг юм болгож хувиргасан.
Харин өмнө нь сайхан байсан юм шүү. Улаанбаатарын гялгар тайзнаасаа буудаггүй, өндөр үнэтэй урлаг соёлынхон маань сумын тайзан дээр хүртэл доргиож, бүр шороон дээр ганц хивс хаячхаад л дуулж хуурдана. Монголоороо бүтэн тойроод ард олондоо үнэгүй ая дуугаар хүргэчихдэг байлаа. Энэ бүхнийг дөрвөн жил тутам хасч танасаар үгүй болгосон. Жалга хонхроосоо гарах зав боломжгүй хөдөөгийн ард түмэн сумын клубтээ цугладаг, аймгийн төвийнхөн нэрэмжит талбайдаа хөгшин хөвөө нь сандлаа тавиад, хүүхэд залуус нь дагаж бүжиглээд, дахиулж хөөрөөд дуучин Сараа, Ариунаа, Чингис хааны Жаргалсайхан, Хурд, Харангыг амьдаар нь нэг үзэж баясдаг байв. Дуучин, хуурчин бүхэн сайхан ааштай, дэвшигч бүхэн сайхан ааштай. Тиймээс сонгогч бүхэн сайхан ааштай байв.
Хөгшид хүүхэдгүй гурил будаа, чихэр жимс бэлгэнд аваад башийчихна. Хэвлэл мэдээлэл нь “хөөрхөн” мөнгө олчихно. Хэн хэндээ л ашигтай хувилбар. Ер нь л хүн бүхэн сонгуулиас хүртэхээ хүртээд под хийчихдэг байв. Хэн нь том дуучин авчирч, хэн нь гайгүй бэлэг сэлт өгөх нь вэ гэдгээрээ ер нь хөрөнгө орлогын мэдүүлгээ хэлчихдэг байсан даа. Сонгуулийн штабт ажиллах аз тохиож, од гийгээд сонин энэ тэр тараагаад гүйвэл сарын цалингаа олчихно. Тэтгэврийн эмээ өвөө нар зүгээр сууснаас аятайхан ухуулагчийн хувцсаар гангарч амьтан ах дүүгээр орж, айлын хаалга тогшингоо аяга халуун цай оочлонгоо аман сурталчилгаагаа хийчихнэ. Тэтгэвэр дээрээ тав гурван төгрөг нэмэртэйгээс гадна настай хүн хаалгыг нь тогшиход хүмүүс хөөж туугаад байхгүй тараах материалыг нь авчихна. Цаанаа л нэг айвуу тайвуу, өег цатгалан.
Гэтэл одоогийн сонгуулийг хар. Бүх юм нь нууц, бүх юм нь хаалттай, хориотой. Өргөн уудам Монголоороо сар тойроод урлаг соёлоор үйлчилж, соён гэгээрүүлэх ажлаа давхар хийнгээ нэр дэвшигчид ард иргэдтэй биечлэн уулзаж “амьдрал судлаад” өөрөөр хэлбэл овоо юм ойлгоод сонгуульдаа оролцдог байлаа. Одоо орц хонгилд шахам нуугдаж ажиллана. Сонгуулийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний болон эрүүгийн хуулиудаас айж ичиж байдалтай.
Одоо нэр дэвшигчдийн штабууд нь нууц, троллууд хөлсөлж бие биенийхээ мууг үздэг, нэр дэвшигч нь өөрөө кино, жүжиг, уянгын төгс драм, хошин шогийн үзэгдлүүдэд биечлэн “тоглож” дэлгэцийн цаанаас сүр сүр уриа лоозон сонгогчид руугаа шиддэг хэлбэрт л оржээ.
Сошиалаар нэр дэвшигчид өөрсдөө Үнсгэлжингийн үлгэр, Үлгэрийн баатрууд амилсан нь, Ховдгийн гай, Армегдон, Сарыг аврах төлөвлөгөө гэх мэт кинонуудыг өөрсдөө бүтээж сонгогчдодоо үзүүлдэг болсон нь бүр хөгийн, бүр тэнэг.
Амьд, өргөн дэлгэр сонгуулийг хөгийн видео реклам, гялайтал зассан зураг, хүнээс хуулсан гоё үгс, гудамжинд чулуугаар тогтоосон цаасан самбар сэлтээр сольсон нь ямар гээчийн, хэнд үр өгөөжтэй бодлого гэгч юм бүү мэд.
Урлаг соёлоор үйлчлэх нь, ухуулга сурталчилгаа явуулах нь, хөгшид настанд гарын бэлэг өгөх нь өөрөө хүний амьдралд хууль бус зүйл үү? Хүний амьдралаас ангид салангид үйл явц гэж байх уу?
Олон жилийн өмнө биш саяхандаа сонгуулиар даралтаа үнэгүй үзүүлэх, үсээ үнэгүй засуулах боломж хүртэл заримд нь олддог байлаа шүү дээ. Одоо харин хоолгүй айлд гурил өгвөл, нүцгэн хүүхдэд гутал өгвөл, олон түмэнд дуу дуулуулбал санал худалдаж авсанд тооцно гэдэг хуультай. Тэгсэн хэрнээ сошиалаар хүн доромжилж, харлуулж гүтгэх бүх боломж нь нээлттэй. Ийм л сонгууль руу энэ төр засаг чирсээр авчирч чадлаа. Өөрөөр хэлбэл сүүлийн хэдэн удаагийн сонгуулийг маш ууртайгаар өгч байна. Сонгууль гэхээр солиорол, элийрэл, галзуурал гэж ойлгох хэмжээнд хүрлээ. Өгөх хүн бөхийдөг, авах хүн гэдийдэг нь амьдралын хууль юм шүү дээ уг нь. Авахаа авсан хүн ард нь хэнд өгөхөө өөрөө мэддэг байсан цаг байсан юм уг нь. Одоогийн хууль гэтэл өгч буй хүнийг “авлигач”, авч буй хүнийг “худалдагдсан” гэж тодорхойлж тэр ойлголтоо хүчээр нааж байна.
Энэ чигээрээ ууртай, уцаартай, ядаргаатай, хэрүүлтэй, бүр зодоонтой сонгуульдсаар байх уу. Олон хүмүүс зэрэг уурлахаар юу болдгийг олон орны түүх гэрчилдэг. Хүмүүсийн үзэх, харах, унших судлах эрх чөлөөг хаасаар, хорьсоор, боосоор байх уу. Хаасан, хорьсон бүхэн далдуур цэцэглэдэг нь жам. Одоо яг л тийм хэмнэлдээ ороод байна. Нүүрээрээ уулзаад ярилцдаг биш дэлгэцний араас нүдэлддэг, “дайтдаг” болголоо, сонгуулийг.
Хийхээ хийгээд хүртэхээ хүртээд айвуу тайвуу сонголтоо хийдэг байсныг айж сандарч, хоосон нойтон амлалтад итгэж өгдөг болголоо. Олон нийтийг атга будаа, аяга гуриланд хууртаж саналаа өгдөг гэж дорд үзэж, доромжилж засч янзалсан хууль бол Сонгуулийн тухай хууль юм. Эцэст нь 10 кг гурил өгсөн, 15 кг гурил өгсөн хоёр нэр дэвшигчийн алинд нь өгөхөө мал маллахаа маркизмаар заалгаж байгаагүй шигээ заалгахгүй түмэн олон шүү дээ уг нь. Ийм л ил тод, өргөн дэлгэр, олон түмэнд өгөөжтэй сонгуулийг өнөөдөр 20 мянган төгрөгөөр барьцаалагдаж өгдөг болгосон нь иргэд, олон нийтийн буруу биш. Буруутан нь хууль гаргагчид өөрсдөө юм.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН