Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ЖДҮХС-ийн завхралыг иргэд мартаагүй бас уучлаагүй

Б.БЯМБА

 ЖДҮХС-ийн гурван хувийн хүүтэй зээлийг УИХ-ын гишүүд болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувийн компаниараа дамжуулан авсан гэх хэргийг хамгийн анх үндэсний үйлдвэрлэгчид илчилж, олон нийтийн анхаарлын төвд оруулсан юм. Тодруулбал, 2018 онд зохион байгуулсан “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн форум”-ын үеэр жинхэнэ ЖДҮ-чид өөрсдөд нь зориулсан зээлийг эрх мэдэлтнүүд халааслаж буйг хурцаар хөндсөн. Эндээс буюу үндэсний үйлдвэрлэгчдийн гомдлын мөрөөр дөрөв дэх засаглал хоточ нохойн үүргээ гүйцэтгэж, увайгүй улстөрчдийн бүхий л хөдөлшгүй нотлох баримтыг ил гаргаж ирснээр энэхүү шударга бус хэрэг улам баталгаажсан. Үүнээс хэдхэн сарын дараа ЖДҮХС-ийн хууль бус зарцуулалтын талаарх мэдээлэл ил болж, тус сангийн 47 тэрбум төгрөгийг Капитал банк авч эргэлдүүлдэг, буцааж төлдөггүй тухай мэдээлэл нийгэмд тархсанаар ЖДҮ-ийн салбар тэр чигтээ доргиж, одоог хүртэл хариуцлага нэхсээр байна.
ЖДҮХС-ийн шилэн дансны мэдээллээс үзэхэд төрийн өндөр албан тушаалтнууд тус сангийн хөрөнгөөс жигдхэн 950 сая төгрөгийг авсан бол цөөн хэдэн хүн 2-3 тэрбум төгрөгөөр авсан байсан. Энэ хэрэгт УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, нэг дэд сайд холбогдсон нь тодорхой болсон ч ХХААХҮ-ийн сайдыг эс тооцвол хэн ч хариуцлага хүлээгээгүй, хэрэг мөрдөн байцаах шатандаа үргэлжилсээр. Улсын ерөнхий прокурор нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах шаардлагатай байгаа тухай хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн ч түмний нүдэнд ил цагаан, баримтаар нотлогдсон хэрэгт холбогдсон тэрхүү дөрвөн этгээдийг УИХ-ын гишүүд улайм цайм хамгаалж авч үлдсэнийг иргэд мартаагүй.
Иргэд, жижиг дунд үйлдвэрлэгчид үүнд яагаад бухимдаж, эрх баригчдыг зэвүүцэн жигшсэн бэ? Яагаад идэр есийн хүйтнийг үл ажран тэд талбай дээр жагсч, Монгол Улсад сүүлийн үед үзэгдээгүй хүчтэй эсэргүүцлийг өрнүүлсэн бэ?
Монгол Улс Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг биелүүлэх үүрэг хүлээсний хувьд 2030 он гэхэд ядуурлыг арилгасан байх ёстой. Үүний тулд дундаж давхаргыг дэмжсэн бодлого аль ч Засгийн газар, УИХ-ын гол зарчим байх учиртай. Үүнтэй огтлолцож буй гол салбар нь жижиг, дунд бизнес юм. Учир нь энэ салбар хэдий жижиг мэт ч ДНБ-ий 17.6, экспортын 2.9 хувийг бүтээж, ажиллах хүчний 77 хувийг эзэлж буй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 40 гаруй мянган ажлын байр бий болгосон улс орны чухал салбар. Тийм ч учраас төр дэмжих нь зайлшгүй салбар. Ялангуяа, экспортын бүтээгдэхүүн гаргах, импортын бүтээгдэхүүнийг орлох, дотоод зах зээлээ эзлэх бүх зохицуулалтад төрөөс бодлогын чанартай дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой. Үүний тулд импортын барааны татварыг бага зэрэг нэмэгдүүлж, дотоодын аж ахуй нэгжийн татварт хөнгөлөлт үзүүлдэг байх, дотоодод бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг төр бүрдүүлэх учиртай.
Дор дороо чимээгүй хөдөлмөрлөж, баялаг бүтээдэг тэр хүмүүс төрөөс багахан дэмжлэг л хүсдэг. Тэр нь хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгодог ЖДҮХС. Гэтэл жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд хэдэн жил ч хөөцөлдөөд олдоггүй уг зээлийг төрд гарсан эрх баригчид өөрсдөө хуваан аваад зогсохгүй ББСБ-аар дамжуулан жилийн 35-42 хувийн хүүтэй зээлүүлэн иргэдээ шулж, мөнгө хүүлж байсан нь нийгмийг хамгийн ихээр жигшээсэн юм. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 15-ны байдлаар 595 ББСБ улсын бүртгэлд бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол түүний 82 нь хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаалтнуудтай холбоотой байсныг iKon.mn тодорхой мэдээлсэн билээ.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор олгосон зээлийг иргэд, аж ахуйн нэгжүүд зориулалтын бусаар ашиглаж байгааг хаа байсан 2011 онд Үндэсний аудитын газраас судалгаа хийн танилцуулж байжээ. Гэвч жижиг, дунд үйлдвэрлэгчид өнөөгийнх шиг нэгдээгүй байсан тул хувь хувьдаа гомдоллож, тэрүүхэн тойрогтоо ярьдаг байснаас уу, олон нийтэд хүртээлгүй өнгөрдөг байсан аж. Дэлхийн Банкны 2014 оны судалгаагаар Монгол Улс зээл авах хялбар байдлаараа 189 орноос 61 дүгээр байрт бичигдиж, 100 онооноос 55 оноогоор үнэлэгдсэн байдаг бол 2019 онд энэ үзүүлэлт улам сайжирч, 25-д бичигдсэн. Харин Зүүн болон Номхон далайн орнуудын дундаж 48.6 оноо байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол бизнесийн зээл авах нь тийм ч хүндрэлтэй биш гэж болно. Гэтэл яагаад бодит байдал дээр зээл нүдээ олохгүй, зорилтот бүлэгт хүрэхгүй байна вэ?
ЖДҮХС-аас өнгөрсөн 10 жилийн хугацаанд 7,790 гаруй аж ахуйн нэгжид 933 тэрбум төгрөгийн зээл олгожээ. 2011 онд Засгийн газар олон улсын зах зээлээс бонд босгож, 100 тэрбум төгрөгийг тус санд нийлүүлсэн байдаг. Мэдээж өр тавьж хөрөнгийг нь нэмэгдүүлсэн бол өрөө төлөх ёстой. ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэгийн хэлснээр зээлийн эргэн төлөлтөөс орж ирж байгаа мөнгөнөөс 45.8 тэрбум төгрөгийг өрөндөө өгчээ. Гэтэл 2018 оны эцсийн байдлаар 291.4 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн авлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, олгосон зээл нүдээ олоогүй нь эндээс харагдах бөгөөд эргэн төлөлт дээр хяналт тавьж хариуцлага тооцолгүй, сангийн мөнгийг салхинд хийсгэж ирснийг 2018 оны дээрх дуулиан илчилсэн юм.
Яагаад энэ мөнгө ийнхүү зах замбараагүй, хэн дуртай эрх мэдэлтний халаасанд ордог болсны шалтгаан нь мөн л эрх мэдлээ ашигласан явдалтай холбоотой. Төр­­­ийн өндөр албан тушаалт­нууд, ялангуяа хууль боловсруулж баталж байгаа УИХ-ын гишүүд иргэдийнхээ боломжоос хулгайлахдаа ЖДҮХС-ийн хууль журамд өөрчлөлт оруулах замаар, өөрсдөдөө зориулж сангийн хөрөнгийг нэмэгдүүлж байгаад зохион байгуулалттайгаар авсныг дараах тоонууд нотолдог. Тодруулбал, 2015 онд 12.5 тэрбум, 2016 онд 16.1 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан ЖДҮ эрлэгчдэд олгож байсныг МАН 2016 онд сонгуульд ялсныхаа дараа журамд нь өөрчлөлт оруулснаар зээлийг шууд сангаас олгох зохицуулалт хийсэн байдаг. Улмаар 2017, 2018 оны олгох зээлийн хэмжээг тав дахин огцом нэмсэн. 2017 онд 51.1 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 2018 онд 90.6 тэрбум төгрөгийг ЖДҮХС-аас зээлсэн юм. Харин ийнхүү нэмэгдүүлсэн сангийн хөрөнгөөс хэн авсныг иргэд мэдэж буй.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд хийсэн хэд хэдэн судалгаагаар тэд дунджаар 50-100 сая төгрөгийг л ЖДҮХС-аас л хүсдэг байна. Гэтэл ганцхан гишүүн 950 саяын зээлийг авсан буюу 20-30 компанийн боломжийг дангаараа хулгайлсан гэсэн үг.
Хэрэв ЖДҮХС-ийн үйл ажиллагааг үр ашигтай болгохыг шаардаж, хөөцөл­дөж, бусдыгаа уриалан нэгдээгүй бол эрх мэдэлтнүүд иргэдийнхээ боломжийг хэдэн жил ийнхүү хулгайлах байсныг таашгүй.
УИХ энэ сангийн үйл ажиллагааг залруулахыг мэдээж өнгөрсөн онд оролдсон. Чамлахаар чанга атга гэгчээр бага ч болов ахиц гарсан. ЖДҮХС-г буцах хаягтай, хариуцлага тооцох эзэнтэй болгож өгөх шаардлагатай хэмээн үзэж, Засгийн газрын уг тусгай санг сан төдий биш, ЖДҮ хариуцсан төр захиргааны байгууллагатай болгож, 2020 оноос эхлүүлэх тогтоолд УИХ-ын дарга Г.Занданшатар гарын үсэг зурсан.
Харамсалтай нь, УИХ-ын тэрхүү тогтоол 2020 оноос хэрэгжих боломжгүй болсон. Яагаад гэвэл Засгийн газар 2020 оны төсвийн төслийг УИХ-д танилцуулахаар оруулж ирэхдээ энэ байгууллагын талаар төсөв тусгах битгий хэл ЖДҮХС-даа ч хөрөнгө тусгаагүй. Зөвхөн зээлийн эргэн төлөлтөөр энэ оны хүсэлт гаргасан ААН-үүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн.
Энэ нь ч ахиц авчирсан. ЖДҮХС-гаас төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчилж, 2020 оны тавдугаар сарын 9-нөөс хэрэгжүүлж эхэлснээр 2018 онд 97 тэрбум төгрөгийг 213 зээлдэгчид олгосон бол энэ жил 47 тэрбум төгрөгийг 467 иргэн, аж ахуйн нэгжид олгох шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, сангийн зээлийн хүртээмж 2.2 дахин өссөн. Түүнчлэн төсөл сонгон шалгаруулалтыг 3-4 үе шаттайгаар хийдэг болсноор зөв төсөл шалгарах, шалгаруулалт нээлттэй, ил тод болсон зэрэг өмнө байгаагүй давуу талууд бий болсон.
Гэвч зөвхөн зээл олгосноороо жижиг, дунд бизнесийнхнээ дэмжиж байж сэтгэл ханаж болохгүй. Гагцхүү тус салбарыг хамарсан ажлыг базаж, зохион байгуулалттай, үр дүнтэй хийж, эргээд хариуцлага хүлээх хэмжээний агентлаг байгуулах нь цаашдын хамгийн оновчтой шийдэл. Ийм дагнасан агентлаг байснаараа Монголын ЖДҮ эрхлэгчдэд сорилт болж тулгараад байгаа технологийн дэвшил, инновацлаг байдал зэргийг цогцоор нь, хамтаар нь шийдэх чадамжтай болно. Үүний тулд мэдээж хөрөнгө, санхүүжилтийн асуудал яригдана.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com