“Шүүх хориглосон ч Дүнжингарав 2017-г зохион байгууллаа”
“Өнөөдөр” сонин “Шүүх хориглосон ч Дүнжингарав 2017-г зохион байгууллаа” хэмээн мэдээлж байлаа. Үнэндээ хэрэгжээгүй л болохоос биш шүүх ийм шийдвэр гаргасан удаатай.
“... Төвийн бүсийн хаврын уралдааныг Төв аймгийн Аргалант суманд 2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр товлосон нь нийтэд илэрхий, Хөвсгөл, Говь-Алтай аймагт 2017 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Хаврын бүсийн морин уралдааныг тус тус товлосон байх бөгөөд уг тогтоолын улмаас бага насны хүүхдийн эрүүл мэнд, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байх тул..” захиргааны актын дээрх хэсгийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамжийг 2017 оны гуравдугаар сарын 3-ны өдөр шүүх гаргасан. Хэдийгээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг заавал биелүүлэх үүрэгтэй, энэ талаар хүний эрхийн ТББ-ууд, хуульч, өмгөөлөгчид удаа дараа байр сууриа илэрхийлж, олон нийтийн зүгээс шүүмжилж байсан ч уралдаан зохион байгуулагчдын зүгээс шүүгчийн захирамжийг хэрэгжүүлээгүй.
Зохион байгуулагчдын зүгээс “... Бидэнд одоо болтол шүүхийн шийдвэр ирээгүй. ... Цаг нь тулчихсан болохоор хойшлуулах боломж байгаагүй” зэргээр шүүгчийн захирамжийг биелүүлээгүй үндэслэлээ тайлбарласан ч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийг заавал биелүүлэх үүрэгтэй байсан. Захирамжийг зөрчсөн буруутай этгээдэд хариуцлага ногдуулах хуулийн зохицуулалт ч тодорхой бус байна. Зөрчлийн тухай хуулийн 15.27-д шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх, эрүүгийн хуулиар хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн төрлийг тус тус хуульчилсан боловч захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамжийг зөрчсөн нөхцөлд хүлээлгэх хариуцлагад хамаарах уу, шүүгчийн захирамжийг үл хайхарсан явдалд хэн, ямар хариуцлага хүлээх вэ гэсэн асуултад хариу өгөөгүй хэмээн Нээлттэй нийгэм форумаас хийсэн “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа “судалгаанд дурджээ. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалагч ТББ-уудын алдаа оноо, шүүгчдийн хандлагыг ч энэ судалгаанаас олж харах боломжтой юм билээ.
Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах тогтолцоо
Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд хандах эрх нь эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын шийдвэр хуульд нийцсэн үү, нийтийн ашиг сонирхлыг зөрчиж буй эсэхэд шүүхээс хяналт тавих, эрх мэдлийг тэнцвэржүүлэхэд онцгой ач холбогдолтой.
Дэлхий дахинд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хоёр хэлбэр байдаг. Үүнд: Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаарддаг, уг зөрчлийг шаарддаггүй тогтолцоо багтана. Монгол Улсын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (ЗХШХШтХ)-ийн 18 дугаар зүйлийн 18.3 дугаар заалт нь нэхэмжлэгч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын зөрчлийг сэргээлгэх шаардлагыг тодорхойлохгүйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхлын хүрээнд нэхэмжлэл гаргахыг зөвшөөрсөн зохицуулалт юм. УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь зүйл заалтаар үндсэн дөрвөн агуулга бүхий асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандан, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрхийг нээжээ. “Хэдийгээр уг тогтолцоо манай эрх зүйн орчны хүрээнд шинэ тутам боловч эрх зүйн зохицуулалтын хууль зүйн агуулга, зорилгын хэрэглээ, шүүхийн практикт тулгамдаж буй асуудал зэргийг нээн илрүүлэх шаардлага хэдийнэ бий болжээ” хэмээн судлаачид дүгнэсэн байна. Уг судалгааг Р.Мөнхзул, Д.Баяр, Д.Бадамцэцэг, С.Билгүүн нар хийжээ.
Одоогоор нийтийн ашиг сонирхлын маргааны төрөл, тоон үзүүлэлт төдийлөн их биш. 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд шүүхэд хянан шийдвэрлэгдсэн нийтийн ашиг сонирхлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэхэд л нийт 48 нэхэмжлэгчийн бие даасан 50 нэхэмжлэл байв. Эдгээртэй холбоотойгоор шүүхээс 61 шийдвэр, захирамж, тогтоол гарсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр батлагдаж, мөн оны долдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн. Хууль батлагдсан онд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүхэд хандсан нэхэмжлэл цөөн байсан бол 2017, 2018 онд өсчээ. ЗХШХШтХ-ийн 18.3-т шууд хамааралтай 24 нэхэмжлэл шүүхэд гаргасны 13-т нь хэрэг үүсгэж, хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна.
Нэхэмжлэгч нь ЗХШХШтХ-ийн 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.2-т заасны дагуу шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг шүүхэд хандах үед нь шалгадаг. Шүүх нэхэмжлэл нь зохих бүрдүүлбэр хангасан эсэхийг шалгаад хуульд заасан шаардлага хангасан байна гэж үзвэл захиргааны хэрэг үүсгэнэ. Хуулийн 18.3 дахь заалтыг харилцан адилгүй хэрэглэх буюу нэг шүүгч А шаардлагыг хангагдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байхад нөгөө шүүгч А шаардлагыг огт харгалзалгүйгээр хэрэг үүсгэн маргааныг шийдвэрлэсэн тохиолдлууд ажиглагдсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд 2010 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар байгаль орчныг хамгаалах дүрмийн зорилго бүхий ТББ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон юм.
Нэхэмжлэгч талаас ч нийтийн ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа болон зөрчигдөж болзошгүй тухай үндэслэлээ мөн хангалттай тодорхой илэрхийлж чаддаггүй нь ч анзаарагджээ . Захиргааны акт, гэрээ, хэм хэмжээний акт, эс үйлдэл нь хууль бус байснаар нийтийн ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа хийгээд зөрчигдөж болзошгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нийтийн ашиг сонирхол хэрхэн сэргэж хамгаалагдах талаар шүүх бүрэн дүгнэлт хийдэггүй. Жишээлбэл, дараах тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс компаниудын хууль бус үйл ажиллагааны улмаас хүрээлэн буй орчин, хүний амь, нийтийн ашиг сонирхол, эрүүл мэндэд ямар хохирол учруулж байгаа талаар нэхэмжлэлдээ дурдсан байх боловч шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт энэ талаар дүгнэлт хийгээгүй буюу компаниудын үйл ажиллагаа нь нийтийн ашиг сонирхол, хүрээлэн буй орчинд ямар хохирол учруулсан болоод учруулах эрсдэлтэйг огт тайлбарлалгүй орхижээ.
Шүүхээс нийтийн ашиг сонирхлын хэргийг хянан шийдвэрлэхдээ нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдалд анхаарал хандуулахгүй байгаа нь нэхэмжлэл хүлээн авах, захиргааны хэрэг үүсгэх гэх мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад үе шатуудад ч буруу жишиг тогтоох үр дагавартай байна хэмээн судлаачид онцолжээ. Тухайлбал, нийтийн ашиг сонирхлын нэхэмжлэлийг хүлээн авах, захиргааны хэрэг үүсгэх шатанд нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхтэй юү, түүнийгээ нотолж чадах эсэхэд голчлон анхаарч, нийтийн ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байдлыг үнэлдэггүй явдал нийтлэг байна. Энэ нь цаашлаад энэ төрлийн өмгөөллийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эцсийн дүндээ нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд сэргээн хамгаалах захиргааны хэргийн шүүхийн зорилго, ач холбогдлыг бууруулах сөрөг нөлөөтэй хэмээн судлаачид дүгнэжээ. Жишээ болгож дараах шүүхийн шийдвэртэй танилцана уу.
Туул голын хамгаалалтын бүсэд хайрга олборлогчидтой шүүхдэлцээд...
Нийтийн ашиг сонирхол: Хүрээлэн буй орчин
Нэхэмжлэлийн шаардлага: Туул голын хамгаалалтын бүсэд 92 хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож, хайрга олборлосноос болоод байгаль орчин болон хүн амын эрүүл мэндэд хохирол учирч байна. Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд оршин суудаг иргэдийн шаардлагаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа. Компаниудын буруутай үйл ажиллагааны улмаас Туул гол гэлтгүй Бөхөг, Түргэний голууд ширгэсэн, хүн мал усгүй болсон, цүнхэлд хүүхэд унаж, нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн. Иймд “Б”, “С”, “Г” компаниудын дугаар бүхий тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрээ гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах, тусгай зөвшөөрлөөр явуулж байгаа үйл ажиллагаанд гарсан зөрчлийг хууль тогтоомжийн дагуу таслан зогсоох шийдвэрээ хуульд нийцүүлэн гаргахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгуулах гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Удаа дараа шалгалтын үйл ажиллагаа явуулах үед компаниудад зөрчил илрээгүй, зөрчил байгаа нөхцөлд цуцлах үндэстэй гэжээ.
Гуравдагч этгээд тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй, ямар эрх ашиг зөрчигдсөн нь тодорхойгүй, иргэдийн амьдарч буй суурьшлын бүстэй манай талбай давхцаагүй, иргэд биднийг дарамталж дайрдаг, бид хууль зөрчөөгүй гэжээ.
Шийдвэрлэсэн байдал: НИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоосон усны хамгаалалтын бүстэй компанийн талбай давхацсан тул нэг компанийн зөвшөөрлийг хүчингүй болгож, давхцаагүй үлдэх хоёр компанийн зөвшөөрлийг хэвээр үлдээсэн.
Хэрэглэсэн хуулийн зүйл, заалт: ЗХШХШТХ-ийн 106.1, 106.3.13
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН