Дэлхий ертөнц улам хатуу болж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хүн төрөлхтөн улам харгис болж байна гэсэн үг. Дэлхий дахины бодлого гэж юу юм бэ улс төр. Дэлхийг хэн захирдаг юм бэ. Эрчүүд. Дэлхий ертөнц тэр чигээрээ эрчүүдийн дүрмээр явж байна. Тиймээс хэтэрхий хатуу харгис болсоор. Эрчүүд бол мөнхийн хоорондоо өрсөлдөх шинж чанартай төрчихсөн хүмүүс. Тэд бие биеэсээ дээр гарах гэж хий дэмий үзэлцсээр дэлхийг хөлдөө чирж бас үрж байна. Америкийг хар, Трампыг бод. Иран, Иракийг хар, Африкийг бод. Эрчүүдийн дэглэм ноёлсон Арабын ертөнц бол үүний хамгийн том жишээ. Газар нутгийн тулаан, газрын тосны төлөөх өрсөлдөөн, хэн нь илүү хүчтэйгээ үзэх өс хонзонгийн дайн тулаан л дэлхийн томоохон улс гүрнүүдийн хооронд өрнөж байдаг. Үнэндээ Америкт Трамп уурлахад, Орост Путин хилэгнэж өглөө сэрэхэд хөөрхий Монголд шатахууны үнэ өсчихсөн байдаг. Ийм л дэлхий шүү дээ.
Одоо тэгээд яах вэ? Энэ хатуурхал, харгислалыг бурхан Будда, Исүс христ аль нь ч ирж зогсоож чадахгүй. Энэ хатуу хорвоог харин ЭМЭГТЭЙЧҮҮД Л ЗӨӨЛЛӨЖ ЧАДНА гэж дэлхий дахин харж, хандлагаа өөрчилж бас хүлээж байна.
Эмэгтэйчүүдийн зөөлөн салхи үлээхэд дэлхий ертөнц тэр чигээрээ гэснэ. Гэхдээ эрчүүд эрх мэдлээ хэзээ ч алдахыг хүсэхгүй. Тэд тоосго өрөхөөсөө илүү дэлхий ертөнцийн тухай ярихыг илүүд үзэж байна. Тэд байшин барихаасаа илүү босс байхыг чухалчилж байна. Тэд бууж өгөхийг хүсэхгүй байгаа учраас энэ дэлхийг өрсөлдөөний талбар болгож байна. Эрчүүд одоо машин жолоодохоосоо илүү машин жолооддог хөөрхөн эмэгтэй робот бүтээчихээд ард нь шар айраг ууж салхилахыг илүүд үзэж байна. Эрчүүд тэрэг барихаасаа илүү төр барихыг хүсч байна.
Жишээгээ жижигрүүлээд Монголыг авч үзье л дээ. 2016-2020 оны Улсын их хуралд анх удаа хамгийн олон буюу 13 эмэгтэй хүн ажиллав. Төрийн бусад шатны яам, агентлагийн дарга захирлууд дийлэнх нь эрэгтэй. Харин эрүүл мэнд, боловсрол, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 80-90 хувь нь бүсгүйчүүд ажиллаж буй албан ёсны судалгаа байна. Эрэгтэй, эмэгтэй хүн анх үүсэхэд “чи энэ ажлыг хийнэ”, “энийг хийж болохгүй” гэж хэн нэгэн нь хуваарилалт хийгээгүй шүү дээ. Байгалиас заяасан бие махбодийн онцлогтоо тааруулж ажиллаж байсан үе бий. Гэхдээ өнөөдөр техник технологийн эрин зуунд эр хүн сувилагч, багш, үйлчлэгч, зөөгч, хүүхэд асрагч хийхгүй гэх нь тэнэг хэрэг. Харин ч эрэгтэй хүүхдийг эрэгтэй хүн буюу аав нь өсгөх нь сайн нөлөөтэйг судлаачид онцолсоор буй. Монголчууд яг ийм зарчмаар үр хүүхдээ үлгэрлэн дагуулж өсгөн хүмүүжүүлдэг байсныг бид мэднэ.
Шүтэн барилдлагын хувьд энэ дэлхийн бүх зүйлс төрж, төлжиж, үрждэг учраас эх дэлхий буюу эмэгтэй хүйстэй гэх үзэл ч байдаг. Энэ хорвоогийн бүх зүйлс зөвхөн хайр энэрлээр нь сайн сайханд хүрдэг нь жам. Энэ нь эрчүүд бага хайрладаг, эмэгтэйчүүд илүү энэрэнгүй гэсэн үг биш. Гэхдээ өгөгдөл нь үнэндээ тийм гэдгийг бүгд мэднэ. Харин “эмэгтэй дэлхийг” “эрэгтэй улс төрөөр” удирдах нь зөрүү гажуу үүсэхэд хүргэнэ.
Аль ч цаг үед ахуй, нийгмийн асуудал цаг үргэлжид тулгарсаар ирсэн. Хүүхэд, эмэгтэйчүүд, ядуурал, өвчин зовлон, хүнс хоолны дутагдал бол нийгмийн асуудлууд. Эрчүүд харин улс төр, эдийн засаг, хүчтэй техник технологи, сансрыг эзлэх, саран дээр буух, хурд, хүчинд хамаг анхаарлаа хамгийн түрүүнд тавьсаар ирсэн. Энэ дэлхийд хамгийн хүчтэй хөгжсөн салбаруудыг санаарай. Хүчтэй техник технологи, робот, компьютерүүд, алсын тусгалтай пуужин, цэргийн зэвсэг, автомашин. Зөвхөн спортыг харахад л хөлбөмбөг, зодоон тулаан гэх мэт. Эрчүүд энэ дэлхийд өөртөө таалагдсанаа хийж, өөрийнхөө хоббиг хөгжүүлж байна. Харин эмэгтэйчүүд зааж сургаж, цэвэрлэж, арчилж, энэрч асарч, хоол хийж байна. Энэ дэлхийн хаана ч эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны асуудлууд огт шийдэгдээгүй, шийдэгддэггүй. Нийгмийн асуудал нь эргээд эмэгтэйчүүдэд хамаатай мэт орхигддог. Энэ феминизм биш бодит байдал.
Эрчүүд жолоогоо жаахан тат
Эрчүүдийн хөлд үрэгдэх энэ дэлхийгээ аваръя гэдэг хандлага сүүлийн хэдхэн жилд хүчтэй яригдаж байна. Ухаалаг улс орнууд энэ жишээг батлан харуулахаар шийдвэр гаргах түвшиндээ эмэгтэйчүүдээ бодлогоор оруулдаг болсон. Өөрөөр хэлбэл улс орнууд хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага парламентдаа эмэгтэйчүүдийг түлхүү оруулах, зөөлөн хүчний бодлогыг дэмжихэд сүүлийн жилүүдэд анхаарах болжээ. Украины парламент долоо дахь удаагийн сонгуулиараа 46 эмэгтэй депутаттай байсан бол найм дахь сонгуулиараа 56, ес дэх сонгуулиараа 87 буюу гэж сонгосоор нийт депутатуудаа 20 хувьд хүргэжээ. Өнөөдрийн байдлаар Болив, Руанда улсуудын парламентад эмэгтэйчүүд олонх болж байна. Европын хэд хэдэн орны хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүд 40 хувиас давж байна. Шведэд 349 депутатын 164 нь буюу 47 хувь нь, Бельгид 150 гишүүний 61 нь буюу 40.7 хувь нь, Португалид 230 депутатын 92 нь, Норвегид 169 гишүүний 41.4 хувь нь, Испанийн парламентын 350 депутатын 154 нь, Швейцарийн 200 гишүүний 83 нь буюу 41.5 хувь нь, Македонид парламентын 120 гишүүний 48 нь буюу 40 хувь нь эмэгтэй байна. Европын олонх орны парламентад эмэгтэйчүүд гуравны нэгээс илүү хувь эзэлдэг . Германд 31.2, Их Британид 33.8, Италид 35.7, Францад 39.5, Австри 39.3, Исланд 38.1, Люксембург 30, Сан-Марино 31.7, Серби 37.7, Косово 32.5, Нидерландад 31.3 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.
Харин парламентад эмэгтэйчүүд хамгийн цөөн орнуудын тоонд Монгол багтаж байна. Вануату улсын парламентын 52 гишүүн нь бүгд эрэгтэй, нэг ч эмэгтэй байхгүй бол Гайтид 113 депутатын зөвхөн гурав нь эмэгтэй. Шри-Ланка улсын парламентын 225 гишүүний 12 нь эмэгтэй байгаа бол Соломоны аралд 49 депутатын гурав нь, Мали арлын 147 депутатын 14 нь л эмэгтэй байгаа юм. Энэ улсууд рейтингээрээ дэлхийд тэргүүлэгч орнууд биш. Яг Монгол шиг. Нэгийг бодогдуулна биз.
Хууль тогтоох байгууллагад олон эмэгтэй төлөөлөгч байх тусмаа хүлээн зөвшөөрөгдөх байдал нь дээшилдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Эмэгтэйчүүдийг хангалттай тоогоор нэр дэвшүүлэхгүй байгаа нь сонгогчдын эмэгтэйчүүдэд саналаа өгөх сонголтыг хязгаарлаж байна гэсэн өөр өнцөг ч бий. “Парламентад эмэгтэйчүүдийг хангалттай хувь хэмжээгээр оруулсан засаг төр ардчилсан байдаг” гэдэгт эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь итгэдэг болохыг мөнөөх олон улсын судалгаа өгүүлнэ.
1996 онд Финляндын парламентын спикер, түүний нэг, хоёрдугаар орлогчийн албан тушаалыг эмэгтэйчүүд хашиж байсан нь түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болсон гэж тооцогдож байв. 2003 онд Финляндын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаалд эмэгтэй хүн ажиллах болсон нь мөн л онцгой тохиолдол. 2010 онд Роза Отунбаева Ерөнхийлөгч болсноор Киргизстан Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн улс орнууд дунд эмэгтэй төрийн тэргүүнтэй хамгийн анхны улс болж байжээ. Сонгуульд идэвхтэй оролцдог эмэгтэйчүүд маань эмэгтэй нэр дэвшигчээ дэмжих цаг иржээ. Нийгмийн тал хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Тэгвэл энэ харьцаа амьдралын бүхий л хүрээнд, тэр тусмаа улс төрийн салбарт ч хадгалагдах учиртай. Аливаа бүтцийн 30-аас доошгүй хувийг эмэгтэй удирдагчаар бүрдүүлвэл зөв засаглалтай, шударга, хүнлэг үйл ажиллагаа явуулахаас гадна нийгмийн хамгааллын салбарт илүү анхаардаг гэнэ. Одоогоос зургаан жилийн өмнө Дэлхийн эдийн засгийн форумд “Эмэгтэй лидерүүд бизнес, улс төрд олноор орох тусам дэлхий аврагдана” гэж Брак Обама тунхаглаж байлаа. Энэ нь эмэгтэйчүүд олноороо шийдвэр гаргах түвшинд хүрэх тусам дэлхийд энх тайван тогтож, энэрэнгүй нийгэм бий болно гэдэгтэй санал нэгдсэн хэрэг билээ.
Мөнгө санхүүгийн хуваарилалтад эмэгтэй хүний аливааг хүргэдэг ижил тэгшийн зарчим маш чухал. Тухайлбал Fortune сэтгүүлээс жил бүр нэрлэдэг тэргүүлэгч 500 компанийн зургаан хувь буюу 30-ийг нь эмэгтэйчүүд удирдаж байна. Энэ тоо бас нэгийг өгүүлнэ. Тэргүүлэгч компаниуд яагаад эмэгтэй хүнээр хөрөнгө санхүүгээ бариулж байна вэ. Энэ зууны эхэнд уг жагсаалтад ердөө ганцхан эмэгтэй захирал багтаж байлаа. Жишээ дурдахад эдийн засгийн хямралын энэ үед АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүнээр ажиллаж байсан хатагтай Жанет Иеллений зоригтой шийдвэр, удирдлагын уян хатан чанар тус улсын дэлхийд тэргүүлэгч эдийн засгийг хэвээр хадгалж чадсан юм.
ОУВС-гийн тэргүүний ажлаа өгч, Европын Төв банкны ерөнхийлөгчөөр өрсөлдөгчгүй сонгогдсон хатагтай Кристин Лагард хямралын үед Францын Сангийн сайд байхдаа улсынхаа эдийн засгийг тасралтгүй өсгөж, энэ байдлыг хамгийн удаан хадгалж чадсан эмэгтэй.
Дэлхийн эдийн засгийн 25 хувийг бүрдүүлдэг Европын холбоог удирддаг Европын комисс ч анх удаа эмэгтэй хүнийг ерөнхийлөгчөөрөө сонгосон. Өнгөрсөн 11 дүгээр сарын 1-нээс Европын комиссын ерөнхийлөгчийн ажлыг хүлээж авсан Германы Батлан хамгаалахын сайд асан Урсула фондер Лейен уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Евро бүсийг тэргүүлэгч байр сууринд байлгаж, их хэмжээний хөрөнгө “хаяж”, эх дэлхийгээ хамгаалахаа мэдэгдсэн. Манай хойд хөршид ч 2013 оноос тус улсын Төв банкны түлхүүрийг Моксвагийн их сургууль, АНУ-ын Иелийн их сургуулийг төгссөн эдийн засагч Эльвира Сахипзадовна Набиуллинад атгуулсан.
Дэлхийн тэргүүлэгчид хаашаа хандаж, хэнд найдаж эхэлж байна вэ. Эрчүүд минь эрх мэдлийн жолоогоо жаахан татаж эргээд нэг хараач. Ард чинь эмэгтэй удирдагчид ажиллахаар асаалттай танк шиг зогсож байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН