Найман хувийн ипотекийн зээлд хамрагдана гэдэг “тэнгэрийн умдаг атгах”-тай адил байсныг орон сууцны зээл хөөцөлдсөн хүмүүс мэднэ дээ. Өнгөрсөн дөрвөн жилийн турш ийм л байсан. Гэтэл найман хувийн зээл ч гаргаж чадахгүй царцаасан эрх баригчид маань сонгуулийн амлалтдаа “Нийгмийн даатгал төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоог бий болгоно” хэмээн том дуугарав. Нийгмийн даатгал төлдөг иргэд нь урьдчилгаа төлбөргүй байранд ордог юм байж. “Зорилтот бүлгийн иргэд” гээд байгаа ядуусаасаа харин орон сууцны урьдчилгаа нэхэх бололтой дог шүү. Тэдний “урьдчилгаа төлбөрийг бууруулах, чөлөөлөх үе шаттай арга хэмжээ авна” гэсэн байна лээ. “Ядуус илүү төлдөг” гэсэн үг ортой бололтой. Цааш нь уншвал “Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно” гэж. За тэгээд “НДШ төлдөг”, төлдөггүй, “зорилтот бүлгийн иргэд”, “бага дунд орлоготой иргэд” гээд ойролцоо утгатай “ангиллуудыг” цаг нь ирэхээр МАН-ынхан өөрсдөө ялгаж салгах юм байгаа биз. Ойролцоо амьжиргаатай улсуудын ямрынх нь “Урьдчилгаа төлбөрийг нь бууруулаад”, ямарт нь “4-6 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно” гээд байгаа юм, бүү мэд. Эл ээдрээтэй номинацыг түр орхиод гол асуудалдаа анхааръя.
Найман хувийн зээл олгох гэж үлгэн салган явсан улсууд яаж 4-6 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох юм бол доо гэж хэн чиг л бодох байлгүй.
Тийм л боломжтой байсан юм бол олонх болсон өнгөрсөн дөрвөн жилдээ яагаад ипотекийн зээлийн хүүг бууруулаагүй нь сонин. Ер нь зээлийн хүүг ямар нэгэн нам багасгачихдаг байсан бол У.Хүрэлсүх аль хэдийнэ “сэлэмдээд” тэглэчихмээр л юм даа. Гэтэл ипотекийн зээлд зарцуулдаг мөнгө нь жилээс жилд жижгэрч ирснийг Монголбанкнаас гаргасан графикаас хараарай.
Анзаарч үзвэл МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж” гэсэн үгс дурайж буй. Юун “Хуримтлалын нэгдсэн сан” хаанаас, яаж гараад ирэв гээд сонирхов.
Монгол ардын нам тавдугаар бага хуралдаанаа улс орон даяар цахимаар зохион байгуулж, 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон цаг үеийн асуудлыг хэлэлцэх үеэр сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах багийн ахлагч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг багасгах реформ, орон сууцжуулах хөтөлбөр тусгагдсан. Орон сууцыг тасралтгүй барьсаар байгаа ч орон сууцны үнэ зорилтот бүлэг худалдан авах боломжтой түвшинд очихгүй байна. Тиймээс Сингапурын Хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгалаа. Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна” хэмээн тайлбарлажээ.
Бусад улсын сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх нь чухал ч Сингапураас шууд хуулах нь учир дутагдалтайг иргэд гадарлана даа. Өнгөрсөн хугацаанд манайхан олон улс орноос туршлага судалж, хуулбарлахаар оролдсон ч улс орон бүрийн онцлог өөр, гадаадын сайн туршлага Монголын хөрсөнд тэр бүр нутагшдаггүйг эрх баригчид байтугай иргэд мэдрэхээр хугацаа өнгөрсөн. Зүйрлэж хэлбэл Сингапур тэнгэрийн нөхцөлтэй, монголчууд бид газартаа амьдарч буй. МАН-ынхан сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Сингапурын туршлагыг хуулбарлаж тавьсан төдийгүй Эстонийн цахим засаглалыг дурдахаа мартаагүй аж.
Л.Оюун-Эрдэнэ дээрх ярилцдагадаа “Бид юуг гэдгээ яриад, яаж гэдгээ орхиж байсан. Тиймээс энэ удаагийн мөрийн хөтөлбөрт яаж гэдэг нь тодорхой туссан. Бид Эстони улсын загвараар цахимжуулна гэдгээ зарласан” гэсэн байна лээ. Орон орны сайн туршлагыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө жагсаачихдаг юм байж. Хэрэгжүүлэх хэцүү гэдгийг эрхбиш бодолцсон байгаа. Эсвэл МАН-д сонгогчдод сайхан сонсогдох амлалт түүх нь чухал болохоос биш хэрэгжүүлэх нь чухал бус юм болов уу?
Гадаадын туршлага нутагшуулах асуудлыг үүгээр цэглээд, “Хуримтлалын нэгдсэн сан” гэж юу болохыг сонирхъё.
“Дефакто” Д.Жаргалсайхан яг энэ сэдвийг саяхан тайлбарласан юм. Юуны өмнө “Сингапур Улс бүх иргэдээ орон сууцжуулж чадсан” гэдгийг онцолъё. Тэр бүх орон сууцыг хэрхэн санхүүжүүлсэн нь “Хуримтлалын төв сан” гээчтэй холбоотой. Сингапур иргэдийнхээ нийгмийн хамгааллын бүх төлбөрийг нэгдсэн санд хуримтлуулж, өндөр өгөөжтэй удирдан, хүн бүрийн амьдралын нөхцөлийг сайжруулахад оновчтой ашиглаж чадсан гэнэ.
“Сингапурын төрийн бодлого боловсруулагчид иргэдийнхээ орон сууц, эрүүл мэнд, өндөр насны хэрэгцээг хангах хамгийн оновчтой гарц нь нийгмийн хуримтлалын сан гэж үздэг. Тэнд энэ сангаа манайх шиг даатгал гэхээсээ илүү хувь хүний хуримтлал гээд, тухайн хүн, түүний гэр бүл нь ямар нэг хэлбэрээр буцааж авах ёстой хөрөнгө гэж үздэг. Тэтгэврийн шимтгэлээ нэрийн дансандаа төлдөг хүн бүр орлогодоо нийцсэн орон сууц авах боломжийг энэ сан олгодог” юм байна. Гэхдээ л “Сингапурын нийгмийн хамгааллын философи нь манайхаас зарчмын ялгаатай” гэсэн эдийн засагчийн дүгнэлтийг онцолъё. Тэнд “Нийгмийн хамгаалал гэдэг ойлголт нь
• Ажлын ёс зүй, хувийн хариуцлагатай байх буюу хуримтлалтай, хувийн хадгаламж, даатгалтай байх
• Гэр бүлийн дэмжлэг буюу гишүүд хоорондын дэмжлэг, хуримтлалын сангаасаа нөгөө гишүүндээ шилжүүлэх (ялангуяа эхнэр нөхөр, эцэг эх, үр хүүхдийн нэрийн дансны хооронд шилжүүлэг хийх)
• Хамтын хариуцлага хүлээх буюу нийтийн ашиг тусын төлөө сайн дурын ажил хийхэд урамшуулалтай байх
• Төрийн халамж, тусламж үзүүлэх буюу орон сууц авах, эмнэлгийн тусламж авахад төр нэмж төлөх гэх үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг” байна.
Харин манайд “нийгмийн хамгаалал” гэхээр ойлголтын зөрүүтэй. Энэ бүхнээс харахад МАН тэтгэврийн реформ хийх нь гэж ойлгогдож байна. Өмнө нь тэд С.Эрдэнэ гишүүний санаачилсан “Хамтын тэтгэврийн тухай хууль”-иас ухарч байсан түүхтэй. Одоо Сингапурын нийгмийн хамгааллын философийг мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа юм бол дээрх үзэл санаанаас айхгүй юм байлгүй.
Хамтын тэтгэврийн хуулиас гадна бүр ч эмзэг нэг асуудал бий. МАН-ынхныг Хуримтлалын нэгдсэн сан ярихаар ЖДҮ хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг олон сангуудын хувь заяа хаашаа эргэсэн нь бодогдож байх чинь. ЖДҮ хөгжүүлэх санг цөлмөж, жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлсан нөхөд эргэж засгийн эрх аваад, үүнээс бүр ч том “Хуримтлалын нэгдсэн сан”-г сингапурчууд шиг “өндөр өгөөжтэй” удирдаж чадах болов уу гэдэг эргэлзээ төрнө. Сайхан амлаж хэн ч чадна. Амлалтаа биелүүлэх хүсэл зориг МАН-д бий юү гэдгийг урьдах дөрвөн жил нь хангалттай тодорхойлж байгаа юм биш үү дээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН