Уг нь энэ хэрэг 14 жилийн өмнө гарсан. Ёстой нөгөө “Эрт урьдын цагт” гэж үлгэр эхэлдэг шиг их алс сонсогдож байгаа биз. Ялангуяа байнга элдэв дуулиан дор амьдардаг монголчуудын хувьд, Төр засаг нь үргэлж тонгочиж байдаг бужигнаантай улсын хувьд өнөөдөр нэг дуулиан гараад гурав хоногийн дараа өөр нэг шуугианд дарагддаг болсоор удсан нийгэмд мартчихсан байх л даа. Тэгвэл сануулчихъя. 2007 онд “Хадгаламж” банкийг анх хувьчлах үед 14 тэрбум төгрөг сох дутчихжээ. Энэ их мөнгийг тус банкны нягтлан бодогч Ц.Чимэдцэрэнг хувьцаа ашиглан завшсан гэж үзсэн. Тухайн үедээ Ц.Чимэдцэрэн нь МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг байсан юм.
Түүний хувьдаа “ашиглаж завшсан” 14 тэрбумын хэрэгт тухайн үед У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нарыг холбогдуулан шалгаж байсан нь түүх болж үлджээ. Тэднийг “Хадгаламж” банкны мөнгөөр БНСУ-д казинод тоглосон гэж шалгаж гишүүний эрхийг нь түдгэлзүүлнэ хэмээн тухайн үед сүртэй үйл явдал өрнөж байлаа. Гэсэн ч тэдний буруутайг нотлоогүй тул хэргийг нь хэрэгсэхгүй болгож, хөөрхий нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн хэргийг ганцаараа үүрч 10 жилийн ял авч байсан түүхтэй. Үнэндээ хамтрагчид нь ч юу гээд амлачихсаныг бүү мэд, юутай ч Ц. Чимэдцэрэн эрийн хуйх зааж, хэргийг өөртөө үүрэн гүрийсээр шоронд явсан бол тэдний улсад учруулсан 14.2 тэрбум төгрөгийн хохирол одоог хүртэл төлөгдөөгүй талаар албаны эх сурвалж мэдээлж, энэ талаарх мэдээллийг хэвлэлүүд дэлгэн тавьж байсан удаатай.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын одоогийн дэд дарга, шахмал түлшний талаар мэдээлэл хийж, олны танил болтлоо “нүдлэгдсэн” С.Даваасүрэн "Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгөөр казино тоглосон гэх шүүх хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт шүүгдэж байсныг гэрчлэх зургийг цахим орчноос олж харж болно.
Одоогоос 14 жилийн өмнө хэрэг нэгэнт шийдэгдчихсэн байхад яагаад энэ тухай сөхөөд байгааг гайхах хүн гарч магадгүй. Шүүх хурлын үеэр шүүгдэгч Ц.Чимэдцэрэн “14.3 тэрбум төгрөгийн хохирол учруулж, энэ хэмжээний мөнгийг завшиж үрэгдүүлснээ хүлээн зөвшөөрч тус хэрэг 2000 оноос эхэлсэн” гэдгийг ч хэлж байсан. Энэ тайлбар нь үнэмшилтэй сонсогдож байна уу. Бод доо. Тухайн үедээ томд тооцогдож байсан банкны ерөнхий нягтлан бодогч илчлэгдэх хүртлээ зургаан жилийн туршид 14,3 тэрбум төгрөг хэнд ч мэдэгдэлгүйгээр цор ганцаараа иднэ гэж байх уу. За яах вэ, тэр хувьдаа завшжээ, казинод тоглоод алдчихжээ гэж итгээд нүд аниад өнгөрөх гэтэл дээрх их хэмжээний мөнгийг казинод үрэлцсэн гэх улстөрчид, бизнесменүүдийн нэр яагаад он улирах тусам ил болоод байна вэ. Ёстой нөгөө “Хэрэг хуучирдаггүй” гэдгийн чинь нотолгоо бус уу. Тиймээс Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг Ерөнхий сайд У. Хүрэлсүхийг хаана ч явсан сүүдэр мэт дагах нь тодорхой болжээ.
Тэгэхээр Ерөнхий сайд аа, таны холбогдсон 14.2 тэрбум төгрөг улсын төсөвт орж улсыг хохиролгүй болгож чадсан уу гэж асуух хэрэгтэй. Үнэндээ таныг “Яг энэ цаг үед шударга үнэний туйл болчихсон тэнгэрт дүүлж яваа Ерөнхий сайд маань улсад 14.2 тэрбум төгрөгийн хохирол учруулж байсан хар дарсан зүүдээ мартаж шударга эх оронч хүний дүрд тоглож яваа нь өрөвдөлтэй” хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Ц.Чимэдцэрэнтэй казинод тоглосон эрхмүүд хэн хэн байв?
Одоогоос гурван жилийн өмнө хэвлэлд ингэж нийтлэгдэж байж. Хэрэг нь угаасаа эртнийх болохоор үлгэр шиг л цаг хугацаан дээр бичигдэх болоод байгаа юм. “Тэгвэл дуулиант 14.4 тэрбум төгрөгөөр казино тоглосон эрхмүүдийн дунд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, “Номин талст” хамтлагийн дуучин, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд дарга А.Хаянхярваа, Дамбын Хишгээ, Дархан аварга Г.Өсөхбаяр, “Синба” Батаагийн Дүү Бат-Энх нарын нэр ил болоод байна. Мөн үүнээс гадна ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мөн нэр холбогдож байсан билээ. Ж.Мөнхбат нь МАН-ын дэргэдэх НАМЗХ буюу хуучнаар МАСЗХ-ы ЕНБДаргаар ажиллаж байхдаа "Хадгаламж" банкны 14 тэрбумын хэрэгт холбоотой хэмээн бичигдэж байсан билээ. Тухайн хэрэг шалгагдаж эхлэхэд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Америк руу явсан. Түүнийг хэвлэлийнхэн оргон зайлсан хэмээн бичиж “хэвлэлийн бай” болж байв. Эдгээр хүмүүсийн дунд Монгол түмний хайртай хоёр ч аваргын нэр орсон байна. Тодруулбал, Батлан хамгаалахын сайд, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Даян аварга Г.Өсөхбаяр нарын нэр орсон. Мөн үүнээс гадна Номин талст хамтлагийн дуучин А.Хаянхярваагийн нэр хүртэл байна. А.Хаянхярваа одоо Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар ажиллаж байгаа билээ.
“Тоон дотор үсэг цохиж явна” гэдэг шиг тус эрчүүдийн дунд байгаа ганц эмэгтэй нь Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг. Б.Батцэцэг нь НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн байсан. Мөн “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ нэр холбогдсон төдийгүй анхан шатны шүүхээр орж байлаа. Түүний хувьд хэсэг хугацаанд хоригдож байсан ч хэргийн гол эзэн Ц.Чимэдцэрэн хэргээ ганцаараа үүрч гарсан” гэж нийтлэгдэж байлаа.
Чухамдаа Ц.Чимэдцэрэн 2008 оны гуравдугаар сарын 17-ны өдөр шүүхээс 10 жилийн ял авч, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заагдсан ч, 2009 оны долдугаар сард хугацаанаасаа өмнө Өршөөлөөр суллагдсан байдаг.
14.2 тэрбумын хэргээс хойш тэд өөдөлсөн үү гэхээс уруудаагүй
Хадгаламж банкны 14.2 тэрбумын хэргээс хойш тэд өөдөлсөн үү гэхээс уруудаагүй болохыг өдгөө Монголын номер гурав дахь хүн болж чадсан өндөрлөгөөс нь харж болно.
У.Хүрэлсүх дээрх хэрэгт холбогдох үедээ УИХ-ын гишүүн байсан. Түүний талаар хэвлэлүүд ингэж бичиж байв. “Тэрбээр 11 сая төгрөгийн Фургон машиныг "Хадгаламж" банкны мөнгөөр хувьдаа завшсан хэмээн буруудаж Эрүүгийн хуулийн 150.150.3-аар буруутгагдан хэрэг нь шүүх рүү шилжиж ял авсан түүхтэй. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ хэргээс яаж мултарсан тухай МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хамгийн сайн мэдэх хүнийх нь нэг. Тухайлбал, У.Хүрэлсүхэд тухайн үед анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял ногдуулсан ч тэд Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалт руу буцаасны дараа У.Хүрэлсүх, Н.Энхбаяр дээр алтан аяган дээр хадаг барин гуйн очиж өршөөл эрсний эцэст түүнд холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож бүх бурууг дээрх банкны нягтлан бодогч асан Ц.Чимидцэрэн ганцаараа үүрч 10 жилийн ял авч байсан түүхтэй.
Ингэж л У.Хүрэлсүх хэргээс мултарч удалгүй гадагшаа явж нам гүм амьдралыг сонгосон ч 2011 онд эргэн ирж өөрт нь тус хүргэж ялаас мулталсан Н.Энхбаярыгаа МАН-аас хөөж жудаггүй зан гаргасан гэдгийг одоо ч МАН-ынхан ярьдаг. Харин Г.Занданшатар, Т.Бадамжунай нарын хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож байв. Учир нь Ц.Чимэдцэрэн өөрөө казинод тоглосон гэдгээ хүлээж дээрх хоёр эрхэм хэргээс мултарч банкны мөнгөөр тоглоогүй гэж гүрийсээр ялгүй өнгөрч байсан юм” хэмээн бичиж байгаа нь нэгийг бодогдуулах биз ээ.
Эрэн сурвалжлах сэтгүүлчид баримт дэлгэж байна
Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар хамгийн сүүлд буюу одоогоос сар хүрэхгүй хугацааны өмнө Монголын “Эрэн сурвалжлах” нэгдлийн сэтгүүлчид баримт дэлгэсэн. Энэ тухай мэдээллийг хүргэе.
Тухайн үед буюу 2007 онд Ц.Чимэдцэрэнгийн хэргийг шалгаж байсан ЦЕГ-ын УМБГ-аас 1999 оны тавдугаар сарын 31-нд байгуулагдсан Эрх зүйн туслалцааны гэрээний хүрээнд БНСУ-ын Хууль зүйн яам, Сөүл хотын төв прокурорын газарт мэдээлэл хүссэн хүсэлтийг илгээж байжээ. Хүсэлтэд уг хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий 25 хүний Сөүл хот дахь “Sheraton” зочид буудлын “Walker Hill” казино, “Goex” зочид буудлын “Seven Luck” казино, “Hyatt” зочид буудлын “Paradise” казиногоор үйлчлүүлсэн мэдээллийг хүссэн байна. Мөн Ц.Чимэдцэрэнгийн БНСУ-ын банканд данс эзэмшдэг эсэх, тус улсад үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх, бизнесийн чиглэлээр ямар нэг хөрөнгө оруулалт хийсэн эсэхийг лавлажээ. Үүний хариуд Сөүл хотын төв прокурорын газарт казинонуудаас илгээсэн зохих мэдээллийг 2007 оны долдугаар сарын 20-нд манай УМБГ-т ирүүлжээ. Ц.Чимэдцэрэн болон Монголоос очсон хүсэлтэд нэр дурдагдсан хүмүүсийн казинод орсон гарсан, мөнгө солиулсан, дахин солиулсан талаарх баримтуудыг илгээжээ. Харин дээрх хүмүүсийн тоглож буйг дүрс бичлэгээр илгээх боломжгүй гэжээ.
УМБГ-аас нэрийг нь илгээж БНСУ-ын Сөүл хотын төв прокурорын газраас хариу ирүүлсэн хүмүүсийн дунд одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, сайд асан Т.Бадамжунай, “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ нар байна. Өөрөөр хэлбэл, Ц.Чимэдцэрэн нарын “Seven Luck” казинод есүүлээ, “Paradise” казинод 15-уулаа орж тоглосон талаарх баримтуудыг ирүүлжээ. Тухайлбал. Г.Занданшатар нь 2006 оны есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 16-ны хүртэл “Seven Luck” казинод хэд хэдэн удаа орж 7 824 113 вон солиулж, дахин 56 820 660 вон солиулсан.
У.Хүрэлсүх 2005 оны долдугаар сарын 23-наас 2006 оны наймдугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд “Paradise” казинод хэд хэдэн удаа орж, 66.847.702 вон солиулж, 11.143.614 вон дахин солиулсан.
Б.Батцэцэг 2006 оны аравдугаар сарын 20-ноос 2007 оны гуравдугаар сарын 28-ныг хүртэл “Seven Luck” казинод орсон боловч мөнгө солиулсан бүртгэл байхгүй.
Т.Бадамжунай “Paradise” казинод 2004 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 2006 оны наймдугаар сарын 4-нийг хүртэл хэд хэдэн удаа орж 23.666.637 вон солиулсан. Мөн “Seven Luck” казинод 2006 оны наймдугаар сарын 7-ноос 2007 оны хоёрдугаар сарын 12-ныг хүртэл хэд хэдэн удаа орж 68.197.223 вон солиулж, 5.607.073 воныг дахин солиулжээ. Х.Бат-Эрдэнэ нь 2005 оны зургадугаар сарын 1-нээс 2006 оны есдүгээр сарын 7-ны хооронд “Paradise” казинод хэд хэдэн удаа орж 281.310.274 вон солиулж, 174.000.601 воныг дахин солиулсан байна. Бас 2006 оны наймдугаар сарын 24-нөөс 2007 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл “Seven Luck” казинод хэд хэдэн удаа орж 345.640.992 вон солиулж, 587.279.969 воныг дахин солиулсан байна.
Ийм маягаар БНСУ-аас манай улсын иргэдтэй холбоотой казинодсон талаарх баримтыг ирүүлжээ. Манай УМБГ-аас нэрсийг нь явуулсан хүмүүсийн заримынх нь Ц.Чимэдцэрэнтэй хамт дээрх хоёр казинод тоглосон гэх баримт ирээгүй байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Я.Содбаатар байна. Өөрөөр хэлбэл, эндээс мэдээллийг нь хүсч нэрийг нь илгээсэн 25 хүний нэг нь Я.Содбаатар байжээ. Харин 17 хүний мэдээлэл нь ирсэн байна. Тэдний дунд өдгөө УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Гадаад харилцааны дэд сайд, Засгийн газрын агентлагийн даргын албан тушаал хашиж байгаа хүмүүс багтжээ. Мөн эх орноосоо яваад ирэлгүй удаж байгаа төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхэм, томоохон компанийн захирал нөхдүүд ч байна.
Өнөөдөр Монгол төрийн гурван өндөрлөгийн хоёрынх нь казинодсон баримт ингээд ил болж байна. Өнөөдөр бөөрөнхий дэлхийд хил хязгаар үгүй болж, хэн ч, хаанаас ч хэзээний ч баримт, мэдээ сэлтийг олж авах нөхцөл бүрдсэн гэдгийг, мэдээллийн эрин ноёлсон үед цаг хугацаа, орон зайны талаарх ойлголт ч өөрчлөгдөж байгааг мэдрэх хэрэгтэй”-г сануулж байна. Үнэхээр төрийн өндөр сэнтийд заларч, түмний төлөө зүтгэх гэж байгаа бол Хуулин дор захирагдаж амьдрах ёстой гэдгийг хэлэхэд илүүдэх юун.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН