УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Д.Цэндсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын хөгжлийн бодлого, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог механизм бүрдүүлэх, цаашлаад улс төрийн намуудын санхүүжилт ил тод байх зарчим болон олон жил төрийн бодлогын гадна үлдсэн малчдын ахуй амьжиргааг хэрхэн дээшлүүлэх боломжтой вэ гэх мэт сэвдийг онцолсон юм.
-Сайхан зусаж байна уу Та. Хоёулаа Ардчилсан намаас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр болон таны баримталдаг зарчим, үзэл бодол, хөгжлийн бодлогын талаар төвлөрч ярилцъя. Эхний асуултаа “Чинээлэг малчин” хөтөлбөрөөс эхэлье. Энэ хөтөлбөрийн гол үзэл баримтлалын талаар тайлбарлахгүй юу?
-1990 оныг хүртэл 500 хоньтой малчин айл хотноосоо өөрийн дураар нэг төлөг гаргаад идэх эрхгүй байлаа. Мал гэдэг нэгдлийн буюу төрийн өмч байв. Харин 1992 онд ардчилсан залуучууд эрх чөлөөнийхөө төлөө зүтгэж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, улмаар малчдад малыг нь хувьчилж өгсөн. Харамсалтай нь, хувьчилж өгөөд орхисноос биш стратегийн энэ чухал салбарын төрийн цогц бодлогыг орхигдуулсан. Малчид маань унаж, боссоор өнөөдөртэй золголоо. Гэсэн ч төдийгөөс өдий хүртэл өсөж арвижсан хэдэн малынхаа буянаар ямартай ч бид хэдий ядарсан байлаа ч лав өлсөж үхэхгүй нь тодорхой. Ерөөс мал аж ахуйн салбар буюу малчид маань улс орныг хамгийн хүнд үед аварч гарсан юм шүү дээ. Тиймээс л монголчуудын урдаа барих ёстой стратегийн гол салбарын нэг нь мал аж ахуй мөнөөсөө мөн. Улс орон маань хөгжиж байна л гэх. Гэтэл үнэндээ 1990 оноос хойш малчдын ахуй амьдрал тийм ч олигтой дээшилсэнгүй, өнөө л бахь байдгаараа. Гурилын үйлдвэр бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй бол дампуурахтай агаар нэгийн адил малчид махаа, арьс ширээ, ноос ноолуураа тогтсон үнээр борлуулж чадахгүй бол амьдрал ахуйгаа хэрхэн дээшлүүлэх билээ. Тиймээс Монгол Улсын төрөөс мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх томоохон бодлогыг шинэ шатанд гаргах цаг нь ирсэн гэж үзэж байгаа учраас бид “Шинэ хөдөөЧинээлэг малчин” хөтөлбөрийг дэвшүүлж буй. Тэрчлэн Ардчилсан нам “Малжуулах хөтөлбөр”-ийг санал болгож байгаа. 1992 онд хувьчлаад орхисон энэ салбарыг эргэн харж, аймаг, сум, баг бүрт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй. ЖДҮХС-ийн гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлийг малчдад өгч яагаад болохгүй гэж. Зохих ёсны даатгалыг нь хийгээд явахад болох ажил шүү дээ. Ухаандаа, хоёр жилийн хугацаанд 100 малчин өрхийн амьдралыг дэмжиж, зээл олгоод баталгааг нь бүрдүүлэх хэрэгтэй. Ингээд дараагийн хоёр жилд нь ахиад 100 малчныг гэх тактикаар дөрвөн жилийн дотор малчин өрхийн амьдралыг дээшлүүлж, чинээлэг малчин болгож болно. Энэ ажил зөвхөн дөрвөн жилээр хязгаарлагдах бус, Монгол төрийн чигч бодлого болж тасралтгүй явах ёстой. Энэ хөтөлбөрийг би залуусынхаа хамтаар боловсруулсан хүний хувьд бүх тооцоо судалгааг нь хийсэн. Дөрвөн жил хэрэгжүүлэхэд л Монголын мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбар бүхэлдээ сэргэнэ. Цаашлаад маанийн үрэл шиг өсдөг мал сүргээ зөв бодлогоор тэтгэж, малын тоонд биш үр ашигт нь илүү анхаарч, мал аж ахуйн салбарыг дагасан тэжээлийн, бордооны, нэхийний, арьс ширний, махны чиглэлийн гэх мэт олон үйлдвэрийг кластерчилсан хэлбэрээр хөгжүүлж, энэ салбарыг хөл дээр нь босгох боломж бидэнд 100 хувь бий гэдгийг ам бардам хэлнэ.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялаг бол төр, ард түмний өмч байна гэж заасан. Өнөөдөр гуравхан сая гаруй монголчууд алтан дээр суусан гуйлгачин шиг амьдарч байна. Ардчилал ялсан өнгөрсөн 30 жилийн түүхэнд 27 жилд нь МАН эрх барьжээ. Танай намын болон Таны хувьд байгалийн баялгийн хуваарилалт дээр ямар бодлого барьж байгаа вэ?
-Хүн өөрийн гэсэн хувийн өмч, баялагтай болохын тулд үйлдвэрлэл эрхэлж, худалдаа наймаа хийж, тариа, ногоо тарьж, улаан гараараа өөртөө болон өрөөлд баялаг бүтээж, хөдөлмөрлөдөг. Энэ бол амьдралын хууль. Хэн илүү шаргуу хөдөлмөрлөж байна, тэр хүн илүүг хүртэх учиртай. Гэтэл манай баялагт яагаад хомхой сэтгэлтнүүд цаг үргэлж шунаж байна вэ? Энэ асуултын хариулт нь тун энгийн хэрнээ адармаатай. Бид баялгаа ердөө ЛИЦЕНЗ гэдэг нэртэй ганцхан цаасаар арилжаалдаг учраас л тэр. Энэ цаасыг авахын тулд хэн ч, ямар ч хүч хөдөлмөр зарцуулахгүй ба авлига, хээл хахууль, мөнгө, эрх ашиг, хуйвалдаан, бүлэглэлээр асуудлыг амархан шийдчихэж байна. Тиймээс ашигт малтмалын лиценз олголтыг эргэн харж, цэгцэлж, үндэс болсон хуулиа засаж, сайжруулах хэрэгтэй. Мэдээж байгалийн баялгийн нөөцөө тогтоохын тулд хайгуул хийх эрх олгож болно. Харин ашиглуулах эсэхээ төр нухацтай шийддэг болох ёстой. 2000 оноос хойш гадаад, дотоодын томоохон компаниуд Монголын баялгийг хангалттай ухсан, хангалттай баяжсан шүү дээ. Гэлээ гээд ард түмэнд наалдсан илүү зүйл юу байна? Одоо болно шүү дээ. Тиймээс энэ бүхнийг зогсоох, өөрчлөх цаг нь ирсэн гэж хэлмээр байна. Гэхдээ ор тас “А” лицензийг хориглох ёстой гэсэн санаагаар би хэлээгүй юм шүү, гуйвуулчих вий. Төр гэж байгаа бол өмчдөө эзэн шиг эзэн байж, хувь хэмжээгээ харилцан ашигтай, хамтын ажиллагаатай тогтоож, хувийн хэвшлийг менежментийн гэрээгээр ажиллуулж болох. Түүнээс биш төрд очсон бүхнийг үнэгүйдүүлчихдэг гэмтэй манай улсад бүхнийг төр хариуцаж явна гэвэл ёстой үлгэр.
-Төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн түшээдэд хариуцлага тооцох механизм манайд алга. Хэрэв Та УИХ-ын гишүүнээр сонгогдвол хэрэг түвэгт орооцолдсон гишүүнийг эгүүлэн татдаг байх хуулийн төслийг дэмжих үү. Шударга хариулаарай?
-Төр ялзрахад зовлонг нь ард түмэн үүрдэг гэдэг. Өнөөдөр үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, үгсэн хуйвалдаж, “60 тэрбум”, “ЖДҮ”- ийн гэх хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хэн ч хариуцлага тооцсонгүй. Таван ямаа хулгайлахад таван жилийн ял оноодог хууль баталж буй эрх баригчид ЖДҮХС-ийн гурван хувийн хүүтэй 950 сая төгрөгийн зээлийг өөрсдөө жигдхэн хувааж авчихаад хэнэг ч үгүй дахиад нэр дэвшээд явж байх юм. Өнөөдөр нэг хонины дундаж үнэ ханш 100 мянган төгрөг байна. Тэгвэл төрөөс 950 сая буюу 9,500 хонь хулгайлсан этгээд ямар ял үүрэх ёстой вэ? Хамгийн өөдгүй нь, ЖДҮХС-ийн зээл бол хулгай биш гээд өөрсдийгөө өмөөрч сууна, тэд. Энэ ялзарсан, бурангуй төр мөн үү гэж асуумаар байна. Хууль тэдний хаагуур өнгөрч буйг гайхаад баршгүй нь. Бандааш, хүчин, хүн амины, авлига, албан тушаал, хулгайн гээд бүхий л муу муухай хэрэг энэ парламент дотроос гарлаа. Гэвч өнөөдөр хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Үнэндээ гэмт хэрэгтнүүдийн хуулиас нуугддаг цайз нь УИХ-ын гишүүний эрх дарх болчихоод байна. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг байх хуулийн төслийг би хоёр гараа өргөөд дэмжинэ. Төр хүчтэй байвал түмэн олон амгалан байна.
Гэмт хэрэг үйлдсэн эрх баригчдыг ард түмэн яагаад жигшихгүй байна вэ, яагаад тэдэнтэй хариуцлага ярихгүй байна вэ, яагаад хууль биелүүлэхийг шаардахгүй байна вэ, яагаад улстөрчид ёс суртахууны хувьд хариуцлага хүлээж, албан тушаалаасаа татгалзахгүй байна вэ?
Иргэн, албан тушаалтан хэн ч бай хууль зөрчсөн л бол хууль бүх хүнд нэгэн зэрэг, эрх тэгш үйлчлэх ёстой. Тиймээс УИХ-ын гишүүн хүн гэмт хэрэг үйлдэх, эсвэл ёс суртахууны хувьд ямар нэг алдаа гаргах төдийд УИХ-аас асуухгүйгээр, энгийн иргэний нэгэн адил үзэж, хэрэг үүсгэн, шалгадаг байх ёстой. Ялангуяа, УИХ-ын гишүүдийн халдашгүй бүрэн эрхийг хуулийн дагуу бүрмөсөн цуцлах хэрэгтэй.
-Хууль хүн бүрт тэгш үйлчлэхгүй байгаагийн бас нэг тод жишээ нь Зөрчлийн тухай хууль. Энэ хууль энгийн иргэдэд ихээхэн дарамт болж, эрх баригч нарт дэмжлэг болж байх шиг. Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Албан тушаалтнуудад зөөлөн, ард түмэнд хатуу буудаг жишээ яахын аргагүй Зөрчлийн тухай хуулиас тод харагдаж байгаа. Хөдөө орон нутагт торгуульгүй мотоциклтой хүн гэж байхгүй. Хот, хөдөө хаана ч бай “Приус” маркийн машинтай жолооч доод тал нь 200 мянган төгрөгийн торгуультай байх жишээний. 2019 оны төсвийг харахад, Зөрчлийн тухай болон бусад хуулиар торгосон торгууль 400 тэрбум төгрөгт хүрсэн байна лээ. Гэтэл ямааны ноолуурын зөрүүд 330 тэрбумыг өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ бол нэг гараараа иргэдээ дээрэмдэж, нөгөө гараараа буян үйлдэж буй мэт дүр эсгэсэн увайгүй үйлдэл мөн. Иргэдээ дээрэмдэж, торгодог, халаасыг нь сэгсэрч, төсвөө бүрдүүлдэг төр оршин тогтнож болох уу? Тиймээс Зөрчлийн тухай болон бусад хууль тогтоомжоор хуулийн торгуулийн хувь хэмжээг багасгах хэрэгтэй. Мэдээж хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээх ёстой. Гэхдээ иргэдээ дээрэмдэх замаар төсөв бүрдүүлдэг асуудал хэрхэвч байж болохгүй. Улирлын эцэс болохоор цагдаа нар торгуулийн төлөвлөгөө биелүүлнэ гээд зам дээр гараад зогсчихдог нь үнэн шүү дээ. Ил цагаан хэлдэггүй ч хэний ч нүдэн дээр илт өрнөж байдаг бодит үйлдэл. Ийм л хүлцэнгүй байхаа болъё, дарангуйллын төрийг зогсоож, нэн даруй үндсээр нь өөрчлөх хэрэгтэй учраас Ардчилсан намыг олонхоор нь сонгоорой. Ганц удаа ч болов итгэл хүлээлгээд үзээрэй гэж хэлмээр байна.
-Манай намыг сонгоорой л гэх юм. Нам нь төр болчихоод байгаа манай улсад Улс төрийн намын тухай хуулийг ч бас энэ сонгуулийн цаг үетэй зэрэгцэн хөндөх ёстой юм шиг. Таныхаар улс төрийн намууд ямар байх ёстой юм, хэм хэмжээ нь юун дээр орших нь зөв бэ?
-Би 21-хэн насандаа, 1990 онд улс төрийн намд элсэн орсон хүн. 1992 оны ардчилсан Үндсэн хууль батлагдсаны дараа Улс төрийн намын тухай хууль “төрсөн”. Анх намд элссэн тэр цагаас хойш багийн, сумын, аймгийн гээд орон нутгийн бүхий л шатны даргын албан тушаалыг хашиж ирлээ. Өнгөрсөн цаг хугацааны туршид энэ удаагийн парламент шиг ялзарсан, цадигаа, хэмжээ хязгаар, ичих нүүрээ алдсан төрийг харж байсангүй. Энэ бүхний зовлон нь улс төрийн намууд ба түүний тогтолцооны гажигаас улбаатай. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын институт хоорондын зөрчил нь Монгол төрийн тогтворгүй байдлыг, ашиг сонирхлын зөрчлийг бий болгож байна. Тиймдээ ч 1992 оноос эдүгээг хүртэл Монгол Улсын Засгийн газар дунджаар 1.6 жилийн настай байна. Эцэстээ энэ мэт улс төрийн намуудын хариуцлагагүй, талцсан байдал нь Монгол төрийн зовлон болж байна. Бурууг өөр хэнээс ч, хаанаас ч хайгаад хэрэггүй. Бүх шатандаа ялзарчихаад байна үү дээ. Дээр нь улс төрийн намд ямар ч шалгуур, босго гэж алга. Хэн дуртай нь эвлэлдэн нэгдэж болдог байхаар нам дотор янз бүрийн санаатай, санаагүй хүмүүс эрх дураараа ирж үүрэлчихээд байна. Ингээд сонгуулиар дамжин нэг нам нь ялахаар “бялуу” хуваана гэдэг зүйл бий болж байна. Том улстөрчид нь жижгүүддээ өр төлөх замаар төрийн мөн чанарыг алдагдуулж байна. Хэн улстөрчийн цүнхийг сайн барьж, үйлчилж, долигонож чадсан нь албан тушаал аваад байхаар мэдлэг боловсрол, ажиллах чадвар, туршлага, ёс суртахуун хэнд ч хамаагүй, үнэ цэнгүй болоод хувирчихаж байгаа юм. Улс төрийн нам, намын даргадаа л үнэнч байвал тэгээд л боллоо. Ингээд мэдлэг, чадваргүй, долигоносон нөхөр төрийн албан тушаалд томилогдож, ёс суртахуун, хуулийн хэм хэмжээ, зарчим барихаас илүүтэй намынхаа болон хувийнхаа эрх ашгийг урдаа тавихад хүргэж байгаа хэрэг. Ийм хүнээс төрийн хууль, ёс суртахуун шаардаад ч нэмэргүй. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэгтэй адил. Тиймээс улс төрийн намуудыг шинэчлэх шаардлагатай.
-Яагаад заавал шинэчлэх ёстой гэж. Тэгтлээ өөрчлөгдөж чадах уу?
-Тиймээс улстөрийн намын тухай хуулийг өөрчилж, орон нутагт намын гишүүнчлэлгүй болгох нь зүйтэй. Сумын ИТХ-д нэр дэвших бол бие даан, харин Засаг даргыг ард олноос сонгодог байж яагаад болохгүй гэж? Ингэж гарч ирсэн хүн ард түмнийхээ эрхийг хамгаалж, нутаг орныхоо хөгжлийн бодлого ярьдаг баймаар байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ингэж ажиллаж гэмээнэ төрийн зангилаа болж чадна. Үзэл бодлоо уралдуулдаг, засаг төр нь иргэдээсээ санал авч, олонхоороо хэлэлцүүлдэг эрүүл тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Би сумын Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд зовлонг нь дэндүү сайн мэднэ. Юу гэхээр, нэг талдаа ИТХ-аас сонгогдож, нөгөө талдаа аймгийн Засаг дарга томилдог учраас хоёр талын барьцааны хүн болдог гэдгийг нуух юм алга. Хэн хэн нь “Аятайхан байхгүй бол чамайг огцруулна шүү” гэдэг. Энэ мэт нутгийн өөрөө удирдах төрийн хосолмол зарчим гэсэн тийм нэг дампуу зүйл оруулж ирдэг нь төрийг хүчгүйдүүлж байна. Эрх мэдэлгүй, хэдэн төлөөлөгчийн барьцаанд орсон Засаг дарга яаж ард олны эрх ашгийг бодох билээ. Би аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа энэ мэт ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдтэй чадах чинээгээрээ л тэмцдэг, арсалддаг байсан. Өчнөөн л муу хэлүүлж явлаа. Тиймээс улс төрийн намуудын тухай маш чанга хууль батлахын сацуу удирдах албан тушаалтнуудыг хатуу шалгуураар авч ажиллуулах, намын санхүүжилтийг ил тод болгох гээд олон өөрчлөлтийг хийх шаардлагатай байна.
-Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох ёстой, төрөөс санхүүжүүлдэг байх хэрэгтэй гэж ярьсаар мөн ч олон жил өнгөрч байна. Ярихаас цаашгүй энэ бодлого яагаад хэрэгждэггүй юм бол?
-Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгож, авсан суудлынх нь тоогоор төрөөс санхүүжилт олгодог байх хэрэгтэй. Ингээд аудитын хяналт тавиад явбал янз бүрийн компаниудын барьцаанд орохгүй, тэдэнд зориулсан хууль батлахгүй болно. Улс төрийн намуудыг үнэхээр өөрчлөхгүй, энэ чигээр явбал хөгжихгүй шүү. Шулуухан хэлэхэд, хоёр сонгуульд хүрэхгүй төр бүрмөсөн дампуурч, улс оронд тогтворгүй байдал үүсэх аюултай. Монгол төрийг тогтвортой, ялзралаас ангид, хүчирхэг, дээр нь иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, Үндсэн хуулиар хамгаалагдсан төр шиг төртэй байхыг эрмэлзэж л байвал нэн яаралтай Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг дахин хэлье.
-Увс аймаг боомтын бүс нутаг. ОХУ руу, эсвэл Баян-Өлгийгөөр дамжаад Казахстан руу гарчихаж болж байна. Урагшаа Хятад руу нээлттэй. Бүс нутгийн энэхүү онцлогтоо түшиглэн Увс аймаг хөгжлийн зураглалаа хэрхэн төлөвлөж болохоор байна вэ?
-Аймгуудад тулгуур төв гэж байдаг. Хэнтийд зүүн, Ховдод баруун, Зуунмодод төвийн бүсийн тулгуур төв гэхчлэн бий. Гэхдээ энэ нь арай ахиу төсөв бүрдүүлчих хүслээс цаашгүй нэр төдий. Жинхэнэ утгаараа биш, нэр төдий л гэсэн үг. Үнэндээ бүс нутгийг кластераар хөгжүүлье гэвэл таталцлын төвүүдийг бий болгох хэрэгтэй. Бизнесийн чөлөөтэй орчинтой, аж ахуй эрхлэх боломж нь нээлттэй, төрийн үйлчилгээний төвтэй, хүний амьдрах таатай орчныг бүрдүүлсэн, ажлын байртай байвал манай залуучууд аяндаа суурьшина. Хамгийн чухал зүйл бол ажлын байр, бас дахин ажлын байр. Жижиг, дунд үйлдвэрлэлээс эхлээд томоохон үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Увс аймаг баруун бүсийн эдийн засгийн хамгийн идэвхтэй бүс болох бүрэн дүүрэн боломжтой. ОХУ руу 100-хан км давхиад гарчихна. Улаанбаатар хоттой авто замаар бүрэн холбогдсон, ХовдУлаангом чиглэлийн 160 орчим км авто замыг холбовол үндсэндээ Хятад руу шууд гараад явчихаж болохуйц. Транзит тээвэр, чөлөөт худалдаа, боомт дагасан үйлдвэрлэлийг хөгжүүлж, зорилтот зах зээлтэй болох асар их нөөц бий. Дахин хэлье, богц дүүрэн боломж байна. Хамгийн наад захын жишээ л гэхэд, 2013 онд хэл ам дагуулж барьсан аймгийн төвийн шинэ захаар өнөөдөр тувачууд олноороо үйлчлүүлдэг болсон. Өдөрт л нэг сая рублийг манай хилээр оруулж байна. Энэ мэт боломжоо ашиглан худалдаа, үйлдвэрлэлийн таатай орчныг бүрдүүлж, түүнийгээ дагасан ажлын байр нэмэгдүүлж, ард иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлэхийн төлөө бид маш оновчтой бодлого хэрэгжүүлж ажиллах болно.
-Ярилцсанд баярлалаа. Таньд амжилт хүсье.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН