А.Нинжин
Ахмадуудыг доромжилж Хамтын тэтгэврийн хуулийг унагасан нь МАН, Ж.Эрдэнэбат
Хамтын тэтгэврийн хуультай болж насаараа зүтгэснийхээ ч, ханилсан ханийхаа ч насны буянг эдлэх нь гэсэн хүлээлт хэдэн жилийн өмнө талаар болж мянга мянган ахмадууд гонсойсон нь бий. Хэдэн жил дамнан судалж, өргөн барьж хэлэлцэж эцэст нь гурван жилийн дараа арайхийн нэг юм баталчихсан хуулийг тухайн үеийн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат ганцхан тогтоолоор унагаж орхисон нь тэр байв. Түүний санаанд 300 мянган ахмадын эрх ашиг биш уг хуулийн автор нь АН гэсэн “өс хонзон” л байсан биз. Учир нь өнгөтэй өөдтэй хууль санаачилж, төсөл, аян хэрэгжүүлээд эхлэхээр өөрсдөө төрийн эрхэнд гарангуутаа шууд таслан зогсоож, хааж хорьдог нь тэдний зан хойно. Ийм л юм хэдэн жилийн өмнө болж өнгөрсөн. Тэр түүхийг эргэн сөхвөл Хамтын тэтгэврийн тухай хуулийг анх 2012 онд санаачлан боловсруулж, 2014 онд УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлсэн бөгөөд иргэдийн хувьд ихээхэн хүлээлт үүсгээд байсан юм. Ингээд 2015 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн Улсын их хурлын чуулганы хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 88.1 хувийн саналаар дэмжин баталжээ. Хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөхөөр байв.
Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хамтын тэтгэврийн хууль батлагдчих юм бол эхнэр нөхөр чамайг үхвэл миний тэтгэвэр нэмэгдэнэ гээд нэгэн рүүгээ муухай харна” гэснээр ахмадуудын урмыг хугалж, ууцыг нугалсан явдал болов.
Дайран дээр давс гэдгээр тухайн үеийн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн “Хамтын тэтгэвэр олгох зохицуулалтаас ахмадууд өөрсдөө татгалзсан, манай яаманд нас барсан нэгнийхээ тэтгэврийг авахгүй гэсэн гомдол цөөнгүй ирсэн” гэж тайлбарласан юм.
Ингээд УИХ-аар баталсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг “унагах нь” тэр. Хэрвээ уг хууль хэрэгжсэн бол нийгмийн даатгал насаараа төлсөн ч тэтгэвэртээ гараад удалгүй нас барсан ахмадын тэтгэврийг хань, үр хүүхэд нь үргэлжлүүлэн авах боломж олдох байлаа. Тэтгэвэр бол тухайн хүний ирээдүйд бий болох эрсдэлээс сэргийлэх мөнгөн хуримтлал. Өөрөөр хэлбэл өөртөө үүсгэж байгаа мөнгөн хуримтлал. Ихэнхийг нь улс аваад өчүүхнээр нь өөртөө хуримтлал үүсгэх ганц эрх нь. Хүн өөрөө урт удаан наслахгүй байж болно. Ер нь Монголын нөхцөлд хүн урт удаан, эрүүл саруул амьдрах боломжгүй.
Хүн насаараа улсад татвар даатгал төлчхөөд насны эцэст өчүүхнийг нь өөрөө хэрэглэх бүр чадахгүй бол ханилсан хань, үр хүүхдэдээ үлдээх бүрэн эрхтэй. Энэ бүрэн эрхийг Хамтын тэтгэврийн хууль нааштайгаар шийдэж чадах байв.
Хань ижил, үр хүүхдэдээ өөрөө үзэгдэж чадахгүй юм аа гэхэд эдийн засгийн жаахан ч гэсэн дэмжлэг үлдээх нь өөрөө их буян. Аль ч талаас нь харсан энэ бол буян. Харин тухайн үеийн сангийн сайд Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат нарынхаар бол үхэгсэдийнхээ ясыг өндөлзүүлсэн төдийгүй сэжиглэмээр цээртэй явдал байсан гэнэ. Тэдний уг хуулийг унагасан шалтгааныг мэдэж цөхөөд байх юмгүй. 2016 оны сонгуулиар МАН олонх болж, Засгийн газраа эмхлэн байгуулсан. Ингэхдээ төрийн бодлогын залгамж халааг үгүй хийж, зөвхөн дов жалганы үзлээр хандан, ахмад настнуудын хүсэл эрмэлзлийг үл ойшоон, уландаа гишгэж хуулийн дагуу баталчихсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Хамгийн гол нь тэр мөнгийг ахмадуудаас харамлаж өөрсдөө завшсан нь сонин байж.
Ахмадуудыг “дээрэлхэж” Хамтын тэтгэврийг харамласан нь Б.Чойжилсүрэн
Уг хуулийг төслийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тухайн үед хэчнээн тайлбарлаад ч дийлсэнгүй. Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан эсэргүүцээд ч бараагүй. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Тэтгэвэр авч байгаа 300 гаруй мянган ахмадын эрх зүйг дордууллаа. Гэр бүлийн хоёрын хэн нэг нь түрүүлж хорвоогийн мөнх бусыг үзсэн тохиолдолд сэтгэл зүйн болон эдийн засгийн эрсдэлд ордог. Ялангуяа сүүлийн үед ахмадууд бие даасан байдлаар амьдрах нь ихэссэн учраас ахмадуудын нийгмийн хамгааллын тал дээр анхаарч эрсдэлд оруулахгүй байх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай болсон" гэх тайлбар хэлж байсан юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ салбарыг маш сайн мэддэг хүний хувьд дээрх хуулийг хүчингүй болгогсодыг энэ талаар ямар ч мэдлэггүйгээ харууллаа хэмээн мэдэгдэж байв. Учир нь манай улс нийгмийн даатгалын таван төрлийн сантай бөгөөд Ажилгүйдлийн, Эрүүл мэндийн, Үйлдвэрлэлийн ослын гэсэн гурван сан нь ашигтай ажилладаг байна.
Тухайлбал тухайн үед гурван санд 800 гаруй тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэл байжээ. Харин нөгөө хоёр санг эрх баригчид “цөлмөчихдөг” аж. Жишээ нь 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэд болон цэргийнхэн, тусгай албанаас тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн даатгалыг төр хариуцна гэж хуульчилсан байдаг.
Түүнд зарцуулагдах ёстой мөнгөө төр өгч байгаагүй гэсэн үг. Энэ мөнгийг өгөх ёстой Сангийн яам, тухайн үеийн Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Ч.Улаан гишүүн ч сайд байхдаа, Б.Чойжилсүрэн сайд байхдаа ч өгөөгүй. Үүнээс болж Тэтгэврийн даатгалын сан алдагдалд орсон байж. Ийм л учир шалтгаантай.
Тухайн үед хамтын тэтгэвэрт хууль санаачлагчдын зүгээс өвлүүлэх тэтгэврийн хувь хэмжээг 50,70,100 хувь хүртэл байж болно гэж хэд, хэдэн хувилбараар заасан байв. Мөн 10 ба түүнээс дээш жил амьдарч улсад 20 гаруй жил ажиллаж, нийгмийн даатгалаа төлсөн гэр бүлд энэ хууль үйлчлэхээр заасан нь олон хүнд таалагдаж байсан юм. Хамтын тэтгэвэр авах эрх үүссэн тэтгэвэр авагчид олгох хамтын тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин, үнэ ханшийн өөрчлөлттэй уялдуулан Засгийн газар жил бүр тогтооно, хамтын тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээний 20 хувиас багагүй байна гэсэн саналууд ч тухайн үедээ иргэдэд таалагдаж байлаа.
Хуулиар эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн Монгол Улсын иргэн хамтын тэтгэвэр авна.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр эсвэл цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан, гэр бүлээ баталгаажуулсан эхнэр эсвэл нөхөр, холбогдох тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний эхнэр эсвэл нөхөр нь уг хуульд заасан насанд хүрээгүй бол зохих тэтгэврийг насанд хүрсэн үед нь олгож эхэлнэ. Энэхүү эрх нь түүний эхнэр эсвэл нөхрийг нас барснаас хойш тав хүртэлх жилийн хугацаанд хадгалагдана хэмээн заасан байлаа.
Мөн Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан: “Хамтын тэтгэвэр Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоонд том хувьсгал авчирсан . Яагаад хувьсгал гэж хэлж байна гэвэл, улсдаа шимтгэлээ төлчхөөд насныхаа эцэст түүнийгээ авч чадаагүй хүмүүс олон бий. Тэр дундаа эрэгтэйчүүд эрт бурхан болдог. Ахмадууд 36 жил улсдаа шимтгэл төлчхөөд 60 нас хүрч чадалгүй бурхан болсон тохиолдолд амьдралын баталгаа, тэтгэвэртээ гараад буцааж авна гэж төлж ирсэн мөнгө нь тэр чигээрээ улсад үлддэг. Тэгвэл тэр мөнгийг ард үлдсэн нэгэнд нь буцааж өгнө гэдэг эдийн засгийн хань юм. Нийгмийн даатгал гэж мөнгө авч авчхаад өгдөггүй шулаач нийгмийг буцааж өгдөг болгох нь зөв. Тэр чинь даатгал төлсний гавьяа юу вэ гэдгийг мэдрүүлж байгаа том хувьсгал шүү дээ.
Гэтэл харамсалтай нь сүүлд гарч ирсэн шинэ улс төрийн хүчин тэр дундаа олон жил Монголын ахмадуудын нуруун дээр, тэдний дэмжлэгийг ихээхэн авч ирсэн Ардын нам гарч ирээд ахмадуудад хамгийн хэрэгтэй хуулийг зогсоож байгаа нь аюул болж байна. Монгол эрх зүйт төртэй улс байтал хууль зөрчиж ийм зүйл хийж байгаа нь ард түмнээ хэтэрхий басамжилж байна” хэмээн ахмадуудаа төлөөлөн үзэл бодлоо илэрхийлж байсан юм.
Үнэхээр ч хамтын тэтгэврийн хууль бол нийгмийн захиалгатай хууль байсан юм. Харин МАН энэхүү хууль хэрэгжвэл 200 гаруй тэрбум төгрөгийн төсөв нэмэгдэнэ гэж байсан бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Жилд дунджаар 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Төсвийн тодотгол оруулж ирэхдээ тэд зарлага талдаа 110 орчим тэрбум төгрөг таначхаад, урсгал зардлаа 500 гаруй тэрбумаар нэмэгдүүлж орж ирсэн 16 шинэ обьектод зарцуулах гээд байгаа хөрөнгөтэй харьцуулахад ахмадуудад өгөх мөнгө хажууд нь өчүүхэн харагдана. 16 дэд сайдынхаа унах унаа, цалин хөлс, томилолтын зардлаа тана” хэмээж байжээ.
Ийнхүү МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цалин, тэтгэврийг үе шаттай нэмнэ гэж тодорхой зааж байсан ч худал амлаж байсан нь нотлогдсоор өнөөдрийн сонгуультай золгож байна. Гэхдээ тэдний энэ жүжиг дууссангүй. Дөнгөж саяхан хаврын чуулган завсарлахтай зэрэгцэн Н.Учрал зэрэг нэр бүхий таван гишүүн Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль гэгчийг өргөн барив. Утга агуулга нь Хамтын тэтгэврийн тухай хуультай ижил шахуу. Гэвч уг хуулийг баталсангүй үлдээж өнөөдөр сонгуулийн шоундаа ил цагаанаар ашиглаж байна. Шинэ УИХ бүрдэнгүүт маш хэрэгтэй энэ хуулийг батлах ёстой хэмээн ахмадуудын саналыг авах сурталчилгаа хийж яваа нь “Намайг дахиад сонгоод өгөөч ээ, би энэ хуулийг та нарт батлуулаад өгье” гэж шууд утгаар нь ойлгож болно.
Өмнөх хийсэн нь хэрэггүй, шинээр хийсэн нь хэрэгтэй гэсэн хөгийн гэмээр хувийн амбицаар эрх баригчид аливаа асуудалд хандсаар ирлээ. Энэ нь тэгээд төрийн залгамж чанар мөн үү.
Харин сонгууль ойртсон эдгээр өдрүүдэд 300 хол илүү мянган тэтгэврийн насныхныг аль нам нь, хэн гэдэг нэр дэвшигч нь “харж үзэх нь вэ” хэмээн судлав. АН энэ удаад “ Хамтын тэтгэврийн тухай хуулийг сэргээж мөрдөнө” хэмээн мөрийн хөтөлбөртөө тодоос тод оруулжээ. Мөн Олон давхаргат тэтгэвэр буюу- Тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогоор тодорхойлсон тогтолцоог бүрдүүлж, тэтгэвэр авагчдын орлогыг эрс нэмэгдүүлнэ. Ахмадын өдөр өнжүүлэх төвүүдийг бий болгож хөгжүүлнэ. Тэтгэвэрт гарсан албан хаагчид шинээр ажил эрхлэх, өөр мэргэжлээр суралцахыг урамшуулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тусгажээ. Ашгүй дээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН