Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын салбарт баримталж буй бодлого үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан хэлэхдээ “1990 онд улсын нийт хүн амын 23 хувь нь Улаанбаатарт амьдарч байсан бол өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 60 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Тиймээс хот байгуулалтын асуудлыг онцгой анхаарах ёстойг онцоллоо. Мөн тэрээр “Улсын хэмжээнд барилгын 400 гаруй норм дүрэм, 600 гаруй стандарт бий. Үүнийг шинэчлэх талаар ажиллаж байна. Иргэдийг орон сууцаар хангах хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам гаргасан. Журам гарснаар эхний таван сарын байдлаар 162 тэрбум төгрөг 2309 зээлдүүлэгчид олгосон, үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 дахин нэмэгдсэн. Анх удаагаа ипотекийн зээл авах иргэдэд зориулж эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлсэн бөгөөд энэ онд 9000 орчим иргэнд жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно.Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод 972 айл, нийт 1542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлэн, энэ сард ашиглалтад оруулна. Мөн Засгийн газрын хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг хэлэлцэн баталсан. Иргэд өөрсдийн түрээслэж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр тав хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсвэл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Иргэдээс төлсөн төлбөрийг зөвхөн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зардалд зарцуулна. Улаанбаатар хотод Буянт-Ухаа хорооллын 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцаар ашиглахаар Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлсэн. Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16 мянган айл, орон нутагт 4000 айлын түрээсийн орон сууц санг бүрдүүлнэ” хэмээсэн юм.
БХБ-ын дэд сайд Д.Мөнхбаатар “Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард 150 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Тодруулбал, 10 мянга нь амины орон сууц, 57 мянга зах зээлийн орон сууц, 3000 нь дахин баригдах, 45 мянга гэр хорооллын дахин төлөвлөлт хийх, 18488 түрээсийн орон сууц, барина гэсэн төлөвлөгөө гаргасан. Бага, дунд орлоготой иргэддээ зориулсан энэ хөтөлбөрийг Улаанбаатар хот болон 21 аймагт хэрэгжүүлнэ. 150 мянган айлын орон сууцны инженерийн шугам сүлжээг БНХАУ-ын хоёр сая юанийн буцалтгүй тусламжаар байгуулна. Мөн БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Төрийн орон сууцны корпорац”, “Нийслэлийн орон сууцны корпорац”-уудын хэрэгжүүлэх “Солонго-1”, “Солонго-2”, “Баянголын ам” зэрэг нийт 8000 орчим айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэхээр БНСУ-ын талтай санамж бичгийг байгуулж, хөрөнгө оруулалтыг 2020 оноос эхлэн олгохоор тохиролцоод байна. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур-1008” айлын орон сууцны хувьд БНХАУ-аас Монгол Улсад олгож буй 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах уг төслийн барилга угсралтын ажил энэ онд эхэлнэ” гэлээ.
Түүнчлэн Барилга, хот байгуулалтын салбар бол Монгол улсын бүтээн байгуулалтын гол талбар. Энэ ч утгаараа нийгэм, эдийн засгийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Монгол Улсын барилгын салбар зах зээлийн давлагаа, эдийн засгийн хямралын үед хүнд нөхцөл байдалд орж байсан ч эдийн засаг сэргэхийн хэрээр салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйл ажиллагаа өргөжин тэлж, хямралаас гарч байгаа гэдгийг ч тэд онцолсон юм.
Энэ жил барилгын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Үүнээс барилгын салбарын хэмжээнд 989 төсөл хэрэгжихээс Барилга, хот байгуулалтын сайдын багцын хүрээнд 332,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 157 төсөл арга хэмжээ хэрэгжихээр тусгагдсан байна. Өнөөдрийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд нийт 6947 тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлдэг байна.
Барилгын салбараас Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь хэмжээ:
2016 оны байдлаар 949,0 тэрбум төгрөг
2018 оны байдлаар 1 их наяд 45.2 тэрбум төгрөг болж 10.1 хувиар өссөн
Улсын хэмжээнд хийгдсэн барилга угсралт, их засварын хэмжээ:
2016 оны байдлаар 3 их наяд 356.3 тэрбум төгрөг
2018 оны байдлаар 4 их наяд 9.8 тэрбум төгрөг болж 19.4 хувиар нэмэгджээ.
Улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын хэмжээ:
2017 оны байдлаар 118 тэрбум төгрөг
2018 оны байдлаар 134.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод төвлөрүүлж 12 хувиар нэмэгдсэн байна.
Барилгын салбарт ажиллагсдын дундаж цалин:
2016 оны байдлаар 778 мянган төгрөг
2017 оны байдлаар 842 мянган төгрөг
2018 оны байдлаар 931 мянган төгрөг
2019 оны 1-р улирлын байдлаар 1 сая 123 мянган төгрөг болж өсчээ. Ажиллагсдын дундаж цалин 2016 оноос 30.7 хувиар өссөн байна.
Барилгын материалын үйлдвэрлэлд сүүлийн таван жилд 350 гаруй жижиг дунд үйлдвэр шинээр ашиглалтад орсноор орон сууцны барилгад өргөнөөр хэрэглэгддэг 40 гаруй нэр төрлийн материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон.
Сүүлийн таван жилд үйлдвэрлэлийн хүчин чадал цементийн үйлдвэрлэл зургаа дахин, бетон зуурмагийн үйлдвэрлэл дөрөв дахин, тоосгоны үйлдвэрлэл 1.5 дахин, хөнгөн бетоны үйлдвэрлэл хоёр дахин, бусад үйлдвэрлэл 1-5 дахин нэмэгдсэн нь барилгын салбарын өрсөлдөх чадвар, хүчин чадал өсөн нэмэгдэж буйг харуулж байна.
Жилдээ 1.8-2 сая тонн цемент импортолдог байсан 2012 онтой харьцуулбал өнгөрсөн 2018 оноос эхлэн цементийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цементийн импортоо зогсоон цаашлаад экспортлох боломж бүрдэж байна. Түүнчлэн Барилгын дулаалгын материалын дотоодын хэрэгцээний 40 хувийг импортоор хангадаг байсан бол одоо 100 хувь дотооддоо хангадаг боллоо. Өнгөрсөн хугацаанд хаалга цонхны бэлдэцийн 2-3 үйлдвэр шинээр ашиглалтад орж дотоодын хэрэгцээг 100 хувь бүрэн хангаж эхлээд байна.
Энэ мэтчилэн барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өргөжин тэлж импортлогчоос экспортлогч орон болж эхэллээ. Эдийн засаг сайжирч, зөв бодлогоор дэмжсэний үр дүнд ийнхүү барилгын салбарын өрсөлдөх чадвар сайжирч, үйл ажиллагаа өргөжин тэлж, шинэ ажлын байрууд бий болохын сацуу салбарт орчин үеийн дэвшилтэд техник технологи нэвтэрсээр байна.
Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН