Монгол Улсын хүн амын жилийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн мах, махан бүтээгдэхүүнээр 96.7 хувь хангадаг гэсэн Үндэсний статистикийн хорооны судалгаа цаасан дээр л үлдэж байх шиг. Учир нь, махны үнэ өдрөөс өдөрт өсч, яг л хөлсний тэрэгний тоолуур шиг гялалзсан хурдаар нэмэгдэж байна. Баримт хэлье.
Нийслэлийн Статистикийн газрын мэдээллээс харахад 2020 оны зургадугаар сарын 3-ны өдөр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.09 хувиар буюу 111 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.38 хувиар буюу 250 төгрөгөөр өссөн байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.83 хувиар буюу 222 төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.92 хувиар буюу 278 төгрөгөөр өссөн байна. Адууны ястай мах нэг килограмм мах дунджаар 9,750 төгрөг, ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 9,750 төгрөг байжээ.
Харин зургадугаар сарын 10-ны байдлаар өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай мах 205 төгрөгөөр буюу 1,7 хувь, үхрийн цул мах 255 төгрөгөөр буюу 1,7 хувиар тус тус өссөн байна. Өмнөх долоо хоногт хонины ястай мах 111 төгрөгөөр өссөн байсан бол энэ удаа 88 төгрөгөөр нэмэгдэж, 0,9 хувиар, хонины цул мах өмнөх долоо хоногоос 231 төгрөгөөр буюу 2,2 хувиар өсчихөөд байна. Ганцхан долоо хоногт ингэж өсч байгаа юм чинь сард хэдэн төгрөгөөр нэмэгдэх бол гэдэг нь айдас дагуулна.
“Дүүхээ” худалдааны төвд мах хамгийн хямд байна
Эхлээд шууд “Дүүхээ” худалдааны төвийг зорилоо. Бага үд болж байхад тус худалдааны төвд хөл хөдөлгөөн сэлүүхэн байв. Зорьсон тасагтаа очиж бодит байдлыг дүрсжүүлэх гэсэн боловч заавал “Зохион байгуулагчийн зөвшөөрөлтэй зураг авдаг юм” гэсэн худалдагчдын шаардлагыг биелүүлж, дэлгүүрийн зохион байгуулагчтай уулзахаар өрүү рүү нь “жирийлээ”. Миний уулзах ёстой хүн гадуур ажилтай яваа гэдгийг сонсоод утсаар холбогдож, зөвшөөрөл хүсэхэд уриалгахан хүлээн авсан юм.
Эднийд нөөцийн мах борлуулдаггүй. Өөрсдөө туслах аж ахуйтай болохоор тэндээсээ бэлтгэсэн махаа зардаг байна. Үнэ нь ч боломжийн. Тиймээс III, IY хорооллын иргэдээс гадна X хорооллынхон ч ирж махаа базаах нь элбэг. Энд Иран руу экспортлогдож байгаа төлөгний махыг нэг кг-ыг нь 7500 төгрөгөөр зарж байна гэсэн зарлал наалттай байсан.
Эндээс надтай адилхан мах худалдаж авсан нэг настанд бяцхан туслах боломж гарсан юм.
Б.Чимид: Урьд нь махаа бүтнээр нь авдаг
байсан. Одоо хүчрэхээ байлаа
Таяг тулсан тэр буурай өдгөө 95 настай аж. БГД-ийн 12 дугаар хорооны иргэн Б.Чимид эмээ. Авч яваа торондоо дөрвөн кг мах хийчихсэн, нэг гартаа таяг тулаад хээвнэг явж байгаа эмээг таксинд суулгах зуураа хэдэн үг сольж амжив. “Урьд нь эмээ нь хонины махаа бүхлээр нь авчихдаг байсан. Одоо харин хүчрэхээ байлаа. Ингээд л жаахан жаахнаар авч байна даа. Махны үнэ нэмэгдэхээр тэтгэврийн бидэнд бүү хэл, хүн бүрд л хэцүү байх шиг байна” гэсэн юм. “Та ингээд ганцаараа явж болж байгаа юм уу” гэхэд минь “ Эмээ нь ганц охинтой. Түүний минь бие өвдөөд. Тэгээд л явж байгаа юм. Яах вэ, хүмүүсийн дэмэнд болчихдог юм аа. Тортойгоо бариад л таксинд суучихна. Манайх энүүхэн бичилд” хэмээв. Ануухан эмээ асуусан зүйлд минь хариулсан ч зургаа авхуулахыг хүсээгүй. “Настай хүн муухай гарна хэрэггүй” гэж эвтэйхэн татгалзсан шүү. 95 настай эмээг таксинд суулгаж өгөөд нэг их ажил амжуулсан хүн шиг урамтай нь аргагүй “Баянгол” захыг зорилоо.
“Баянгол” зах дээр мах ховорхон байв
Хороололд нэлээд хэдэн зах байдгийн нэг нь “Баянгол”. Өргөө кинотеатраас чанх урагш явахад өөдөөс угтдаг энэ захад мах тун ховорхон харагдана. Ховор болоод ч тэр үү, үнэ өндөртэй. Хоёр лангуунаас бусад хөлдөөгч нь хоосон байлаа. Худалдагч нар нь махны үнэ тавьсан лангууныхаа зургийг авхуулах тун дургүй юм. Тэгэхээр нь “Хүн мах аваад ир гэж захисан юм. Заавал танай захаас авна гээд болдоггүй. Мах, үнийн дүнгийн зургийг нь явуулчих гээд байна” гэж бяцхан заль хэрэглээд ийм зураг дарж авсан.
Цаг эрт байсан болоод ч тэр үү, худалдан авагч ч байхгүй байлаа. Лангууныхаа ард хоёр гурваараа бөөгнөрсөн хүүхнүүд юуг ч юм ярьж шивнэлдэнэ. Бас инээлдэнэ. Хаа газрын бүсгүйчүүд инээлдэж л байвал болох нь тэр гэсэн бодолтой тэндээс гарлаа. Шулуухан уруудсаар “Орхон” зах руу очсон боловч махны тасаг нь хаалттай байв.
Бүх зүйл 50 хувь
“унасан”
Энэ бол III, IY хорооллын төвд бөөр нийлүүлэн байрших “Таван эрдэнэ”, “Хороолол” гэсэн захын махны тасгийн худалдагчийн хэлсэн үг.
Хорооллын захыг харьцангуй үнэтэй гэж ярьцгаадаг ч, махны хувьд бусдаас арай хямд байв. Худалдагчаас нь махны нийлүүлэлт, борлуулалт ямар байгааг сонирхоход “Бүх зүйл 50 хувь унасан. Урьд нь хоёр хонь авч өдөртөө зардаг байсан бол одоо нэг болсон. Хэдийгээр шинэ, тарган мах авч байгаа ч иргэдийн худалдан авах чадвар бас 50 хувь буурсан. Үхрийн мах авах хүн олдохоо больсон. Үнэтэй болохоор тэр. Өдөртөө ганц жижиг гуя зарж чадахгүй л зогсоно. 10 цаг лангууны ард зогсчихоод махаа зарж дуусахгүй, хөлдөөгчид хийгээд явах энүүхэнд” гэсэн юм. Үнэхээр ч мах авч байгаа хүн харагдсангүй. Харин машиндуулаад орхисон махаа алдчихсан хүн л таарсан шүү.
Бодит байдал нэг иймэрхүү л дүр зурагтай байна. Үнэндээ хонины мах нэг килограмм нь 10 мянгад хүрч, үхрийн мах 16 мянган төгрөгт хүрсэнд иргэд бухимдаж байна. Өнөөдрийн байдлаар “Хүчит шонхор” зах дээр махны бөөний үнэ хонины цул 9500, үхрийн цул 12.500 төгрөгийн үнэтэй байна. Тэндээс ийм үнээр авсан худалдаа эрхлэгчид дээр нь 1500-3000 төгрөг нэмж шингээгээд зарахаар авч байгаа бидэнд хүндээр тусах нь ойлгомжтой. Борлуулах үнээрээ хамгийн хямдад тооцогддог, олны хөлийн газар байрладаг “Барс” захад хонины мах 11.000, үхрийн ястай мах 12.000, харин цул нь 14.500 төгрөгийн ханштай зарагдаж байгаа бол “Меркурий” гэж нэршсэн угаасаа өндөр үнэтэйд тооцогддог захын ханш үхрийн ястай мах 15.500, цул нь 17.500 төгрөг, харин хонины ястай мах 13.500 төгрөгөөр зарагдаж байх жишээтэй.
Махны үнэ яагаад
ингэж өсөв?
Үүнд албан ёсны тайлбар хийх хүн алга. Хариуцсан салбараас нь тодруулах гэсэн боловч МАН-ын сонгууль ярихаас МАХ ярих хүн олдсонгүй. Харин зарим худалдаа эрхлэгчид ОХУ руу мах экспортлох сургаар сүүлийн хэдэн өдөрт махны нийлүүлэлт багасч, үнэ нь 1000-1500 төгрөгөөр нэмэгдсэн тухай хэлж байв. Мөн малчид малаа хөнгөлж, мах нийлүүлэхгүй байгаатай холбоотой гэх хүн ч байсан. Түүнчлэн “Хятадууд цагаан сар хүртэл их хэмжээний мах худалдан авсан. Малчид тэдэнд өөрсдийн зарах бүх махаа зарчихсан учраас махны нийлүүлэлт муудсан” гэх хүмүүс ч таарсан.
Харин “Шинэ мах бага хэмжээгээр нийлүүлж байгаа учраас өндөр үнэтэй байна. Худалдагчид махаа 11500-12000 төгрөгөөр бөөндөж авч байна. Лангуун дээр зарахдаа бэлтгэн нийлүүлэлтийн зардлаа нэмээд 14500-16000 мянган төгрөгөөр худалдаалж байна” гэсэн тайлбар илүү үнэнд ойр санагдсаныг хэлэх хэрэгтэй.
Б.Очирбат: Шинэ махны үнэ л нэмэгдэж байгаа
Монголын махны холбоо
/ММХ/-ны гүйцэтгэх захирал Б. Очирбатаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Махны үнэ тэнгэрт гарчихлаа. Юунаас болж махны үнэ ингэж өсөв?
-Махны үнэ өсөөгүй шүү дээ.
-Юу? Хонь, үхрийн мах кг нь 10 мянга даваад явчихлаа шүү дээ?
-Шинэ махны үнэ л өссөн. Түүнээс нөөцийн махны үнэ хэвээрээ байгаа. Нэмэгдээгүй.
-Махны үнийн өсөлтийг худалдаа эрхлэгчид янз бүрээр л тайлбарлаж байна. Зарим нь хятадууд мах бөөндөж авснаас ийм үр дүнд хүрлээ гэж байна. Та санал нийлэх үү?
-Урьд нь хятадууд мах их хэмжээгээр нөөцөлж байсан удаатай. Харин энэ жил хятадууд нэг их мах нөөцлөөгүй. Нөөцөлсөн мах нь зарагдаад дууссан болов уу. Гуравдугаар сараас хойш нөөцийн мах гараад ирэхээр л тэдний нөөцөлсөн мах үнэгүйдэнэ шүү дээ.
-Махны үнийн тал дээр Та ямар бодолтой байна вэ?
-Уг нь зах зээлийн зарчмаар явагдах ёстой л доо. Эмээлт дээр хоёр удаа очлоо. Тэнд хашаанд хашсан мал дүүрэн байна. Гэхдээ энэ жил мал их туранхай байна. Ихэнх нутгаар өвөл өнөтэй ороогүй. Харин ченжүүд мал таргалсан газраас мах авч бэлтгээд өндөр үнээр зарж, нийлүүлж байна. Тарган малыг авчирч нядлаад зарж байгаа болохоор шинэ мах ийм үнэтэй болчихож байгаа юм. Түүнээс үйлдвэрүүд мал нядлахгүй байгаа шүү дээ гэв.
Салбар хариуцсан сайд юу гэж хэлж байв?
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Манай улсад стратегийн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй, үүсэх ямар ч үндэслэл байхгүй" гэж мэдэгдэж байсан цаг саяхан. Тэрбээр махны нөөцийн асуудлаар хэлэхдээ "Мах, сүү, төмс, луувангийн хомсдол үүсэхгүй. Оны эхнээс л бид махны тайлан баталгаажуулалтыг хийсэн. Яг өнөөдрийн байдлаар 15 мянган тонн махны нөөц үйлдвэрүүд дээр хадгалагдаж байгааг дуулгамаар байна" гэж байсныг сана. Ердөө гуравхан сарын өмнө ингэж хэлж байв, салбар хариуцсан сайд нь. Гэтэл одоо махны үнэ гүйцэгдэхээ байчихлаа. Харин энэ асуудалд салбар яам анхаарал тавьж байгаа эсэх нь ч тодорхой биш байна. Нийлүүлэлтийн гаралтай инфляцад хамгийн өндөр нөлөөтэй бүтээгдэхүүн бол яах аргагүй мах. Тийм учраас зах зээлийн жамаар эрэлт, нийлүүлэлтээсээ хамаарч үнэ нь өсөх нь шударга ч, хөл хорио тогтоож, ихэнх иргэд орлогогүй байгаа үед махны үнэ ингэж огцом нэмэгдэж байгаа нь иргэдэд шууд дарамт болж байна. Тэгвэл Хүнсний тухай хуулийн 3.1.6-д “Стратегийн хүнс гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг ойлгоно” гэж заасан байдаг.
Гурван сая гаруй хүнтэй, 2019 оны жилийн эцсийн тооллогоор 70,9 сая мал тоолуулсан Монгол Улсад мах магнаг болох нь энэ. Ийм нөхцөлд Төр, засгаас ямар арга хэмжээ авах вэ.
Уг нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү” гэж 2019 оны наймдугаар сарын 19-ний өдөр Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр хэлсэн удаатай. Тэгэхдээ бүр “Махны үнэд онцгойлон анхаарал хандуулаарай. Засгийн газрын хуралдаан дээр ч ярьсан. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй гэсэн янз бүрийн тайлбар хүлээж авахгүй” гэж хатуу сануулсан. Энэ үгэнд нь, өгсөн үүрэг даалгаварт нь иргэд, олон нийт хэчнээн талархалтай хандсан гээч. Харамсалтай нь, ердөө л улс төрийн тавилттай жүжиг байж. Яагаад гэхээр өнөөдөр махны үнэ “тэнгэрт хадчихаад”, тэр дээрээс огт бууж ирэхгүй байна. Гэтэл гүйцэтгэх засаглалынхаа удирдлагаас “толгойгоороо хариуцах” даалгавар авсан салбарын сайд нь өөрийгөө энэ асуудалд хамаагүй хэмээн тайлбарлаж суух. Эргэн сануулахад, чуулганы хуралдаан дээр гишүүд түүнээс “Махны үнийг тогтвортой байлгахад ямар бодлого баримталж байна вэ” гэж тодруулахад ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Үнийн түвшинд судалгаа хийж, холбогдох байгууллагуудтай холбоотой ажиллаж байна. Вирустэй холбоотойгоор зарим нэг бүтээгдэхүүн дээр нөөцлөх асуудал гарч, савлагаа үүсч байна. Энэ бол цаг хугацааны үзэгдэл. Тасалдал гарах эрсдэл байхгүй. Махны нөөцийг боломжоор нь бүрдүүлнэ. Харин махны үнэд яам хяналт тавьж чадахгүй. Хангамж үйлдвэрлэлийг л хариуцдаг. Мэдээж, хэрэглэгчийн төлөө газар, ШӨХТГ хяналт тавих ёстой” гэсэн хариулт өгч байсан удаатай. Тэгэхээр салбарын сайдад “Махны үнэд онцгойлон анхаарал хандуулаарай. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй гэсэн янз бүрийн тайлбар хүлээж авахгүй шүү” гэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үүрэг даалгавар юу ч биш бөгөөд хэлсэн үгийг нь нэг чихээрээ оруулаад нөгөөгөөрөө гаргачихсан гэсэн үг юм байна. Толгойтойгоо үлдэх эсэх нь ч сонин биш бололтой. Харин өнөөдөр махны үнэ тэнгэрт хадчихлаа, мань Ч.Улаан сайд толгойгүй болох нь тодорхой болж байх шиг.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН