З.ГЭРЭЛ
Дэлхий даяар өрнөж буй Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үр дүнд (4th Industrial Revolution-4IR) оюун ухаан болоод хөрөнгө мөнгөний бяд сайтай нь асар их үнэ цэнийг бүтээж, хязгааргүй өсч хөгжих боломж нээгдэнэ хэмээн шуугицгааж байна.
Энэ эрин үед уурхайгаа бус ухаанаа ухаж амьдарснаар 3.2 сая монголчууд 32 сая магадгүй бүр 320 саяулаа мэт бүтээмж өндөртэй ажиллаж, хөгжих боломж бий болж буй тул бид 4IR-аас хоцроод хэрэггүй.
“Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” гэх үг танд одоогоос гурав эсвэл таван жилийн өмнө ойлгомжгүй санагдсан, магадгүй одоо ч алсын мэт сонсогдож мэдэх. Гэхдээ ухаалаг утсандаа Lend.MN апп-аар дамжуулан зээл авдаг, Facebook зэрэг сошиал сүлжээгээр өдөр тутамдаа ойр дотнынхонтойгоо нэгэнт харилцдаг болсон тул бид бүгд 4IR-ийн үр шимийг хэдийнэ хүртээд эхэлжээ гэсэн үг.
Хиймэл оюун, зүйлсийн интернэт, блокчейн, биг дата, виртуал бодит байдал, үүлэн тооцоолол, 3D принтер зэрэг технологиор биеллээ олж буй 4IR банк санхүү, худалдаа, тээвэр, эрүүл мэнд, боловсрол, мэдээлэл технологи, уул уурхай, хөдөө аж ахуй гээд бүхий л бодит секторт нэвтэрч, улмаар нийгэм, улс орны хөгжлийг залуурдаж эхэлээ. Хятадын харилцаа холбооны Huawei Technologies болон Oxford Economics консалтингийн хийсэн судалгаагаар өнгөрсөн 30 жилийн хугацаанд дижитал технологид оруулсан нэг ам.доллар ДНБ-д 20 ам.долларын үнэ цэн бий болгож байсан бол жирийн хөрөнгө оруулалтын үнэ цэн гурван ам.доллар байжээ. Дэлхийн хөгжил технологижиж, хүмүүс хоорондын харилцаа улам бүр ухаалаг төхөөрөмжөөр дамжих тусам дижитал эдийн засаг өргөжин тэлж, 2025 он гэхэд дэлхийн ДНБ-ий дөрөвний нэгтэй тэнцэнэ хэмээн тооцоолсон байна.
2008 онд дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 10 компанийн хоёр нь л технологи суурьтай байсан бол 2019 онд долоо болж нэмэгдэв. Google, Facebook зэрэг технологийн аваргуудыг ихэнх хүн мэдээллийн технологийн компани гэж андуурдаг. Үнэн хэрэгтээ тэд орлогынхоо дийлэнхийг зар сурталчилгаанаас олдог. Амжилтын нууц нь харилцаа холбоо, зар сурталчилгааны салбарт технологийн бүүм хийж, хамгийн шилдэг математикч, инженер технологийн ажилтнуудаар армиа бүрдүүлсэн явдал.
Amazon, Alibaba зэрэг аваргууд ч ялгаагүй. Жижиглэн худалдаа, тээврийн салбарыг автоматчилж чадсан учраас үнэлгээгээрээ дэлхийн эхний 10т жагсч байна. 2019 оны байдлаар 19.4 их наяд ам.долларт хүрсэн АНУ-ын ДНБ-ий 5.2 хувийг мэдээлэл, харилцаа холбооны салбар бүрдүүлсэн бөгөөд Майкрософт энэ зах зээлийн 30 хувийг эзэмшдэг.
Харин манай улсад мэдээлэл холбооны салбарын өсөлт ДНБ-ийхээс дунджаар хоёр дахин илүү хурдтай явагдаж байна. Үүлэн тооцоолол, хиймэл оюуны технологиуд банк санхүү, даатгалын салбарт эрчимтэй нэвтэрч буйн үр дүнд иргэд санхүүгийн үйлчилгээг улам хялбар, зардал багатай авах боллоо. Анзаарсан бол харилцаа холбооны салбар ч эрчимтэй цахимжиж, видео контентын үйлчилгээ кино театруудаас дутахгүй их үйлчлүүлэгчтэй болж байна. Байгууллагуудын маркетинг борлуулалт ч хэдийнэ технологи суурьтай болж тэр хэрээр ашиг орлого нь нэмэгдэж, бодит мэдээлэлд үндэслэсэн зөв шийдвэр гаргадаг боллоо. Хамгийн товчоор, 4IR эринд хэн илүү технологийн чадавхтай нь зах зээлийг эзэгнэж, хөгжлийг түүчээлдэг хууль үйлчилдэг.
Хүн роботыг бүтээж, робот ажилласнаар хүн төрөлхтөн 4IR эрин үед хотжилт, засаглал, орчны бохирдол, баян ядуугийн ялгаа гээд олон асуудлыг техник технологийн тусламжтай шийдэж чадах юм. Тиймээс энэ бүхэнд хэн илүү бэлтгэгдэж, технологийн чадавх эзэмшсэн нь ирээдүйд гол тоглогчид байна. Бид энэ бүхэнд улс үндэстнээрээ бэлэн байх гол шийдэл нь технологи ашиглах өндөр чадвар эзэмшсэн, ухаантай хүүхдүүдийг бэлтгэх явдал юм. Бид жолоогоо энэ зүгт залж байж ирээдүйгээ тодоос тод гэрэлтүүлнэ. Мэдээлэл технологи, инженерийн чиглэлээр суралцсан манай боловсон хүчнүүдийг гадаадын томоохон компани, олон улсын акулууд мөнгөөр “зодоод” авдаг. Сүүлийн үеийн судалгаанаас үзвэл чадварлаг математикч, инженер, технологийн мэргэжилтнүүдээр технологийн ертөнц ангаж цангаж буй бөгөөд “brain hunting”-ийн төлөөх өрсөлдөөн улам ширүүссэн гэхэд хэтрүүлсэн болохгүй. Роботуудыг удирдах, хүний оюун ухаанаар роботуудыг кодчилохын төлөө ухаанаа ухаж чаддаг мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ тасралтгүй нэмэгдэнэ.
Зоосны нөгөө тал
Өнөөдөр нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдийн ирээдүйд хийх ажил нь энэ цаг үед байхгүй байгааг нэгэн сонирхолтой судалгааны дүн харуулжээ. Dell Techlonogies компанийн “Realize 2030 report”-д тэмдэглэснээр 10 жилийн дараах ажлын байруудын 85 хувь нь хараахан бий болоогүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, 2030 он хүртэл зургаан настнууд маань том болж, сурч боловсрохын хажуугаар тэдний ажил мэргэжлийн шинэ чиглэлүүд ч мөн үүсэн бий болж, хөдөлмөрийн зах зээл дүр төрхөө олж байх нь. Харин өнөөг хүртэл явж ирсэн мэдлэгт суурилсан, сахилга баттай занг хөхиүлэн дэмжиж байсан боловсролын тогтолцоо энэхүү өөрчлөлтөд бэлтгэгдээгүй байгаа нь дэлхийн олон оронд тулгарч байгаа асуудал. Тодорхой байгаа нэг зүйл бол сансар огторгуйгаас эхлээд эд эсийн түвшинд хүртэл хөгжсөн роботуудыг ажиллуулж, үнэ цэн бий болгохын тулд хүмүүс манлайлалтай, инновац бүтээх чадвартай, бүтээлч, бусдыг ойлгодог, стратегиа төлөвлөж чаддаг байх ёстой. Энэ бол өнөөгийн боловсролын шинэчлэлийн хүрэх оргил юм. “Alibaba”-г үүсгэн байгуулагч Жэк Ма 2018 оны Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хэлсэн үгэндээ “Бид заах арга барилаа өөрчлөхгүй бол дэлхий нийт зовлонд унах болно. Боловсролын одоогийн тогтолцоо бол мэдлэгт суурилсан бөгөөд бид хүүхдүүддээ роботуудаас давуу байх арга ухааныг хөгжүүлэхгүй байна. Машин хэзээ ч орлож чадахгүй тэрхүү онцгой чадваруудыг нь бид хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн онцолсон.Алдарт Форбес сэтгүүлд бичсэнээр хүүхдүүд маань ухаалаг машинуудтай зэрэгцэн улс орныхоо хөгжлийг түүчээлэхэд бэлэн байхын тулд өмнөх үеийнхнээс өөр боловсрол эзэмших шаардлагатайг онцолжээ. Боловсрол бол аль ч цаг үед нийгмийнхээ хэрэгцээ шаардлагад үндэслэн зорилго нь өөрчлөгдсөөр ирсэн. Энэ удаад ч мөн адил. Тиймээс одоогийн сахилга баттай, мэдлэгт суурилсан тогтолцоог хувь хүний чадвар, сэтгэлгээг хөгжүүлэхэд зориулан өөрчлөхөөс аргагүй болж байна. Мөн бүх шатны боловсролын байгууллагад STEM (Science, technology, ingeneering, mathematics) буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн сургалтыг сайжруулж байж ирээдүйд ажилчин бүр техникийн ур чадвартай болно. Тэрхүү ур чадвараа ёс суртахууны хувьд хэрхэн ашиглах нь маш чухал тул хүмүүнлэгийн ухааны мэргэжилтнүүд ч зайлшгүй шаардлагатай хэвээр байх аж. Дэлхийн эдийн засгийн форумаас 2018 онд гаргасан “Ирээдүйн ажлын байрууд” судалгаанд дурдсанаар гүйцэтгэх захирлууд технологийн ур чадвартай хүмүүсээс илүү шүүмжлэлтэй сэтгэн бодох, хамтран ажиллах чадвартай ажилчдыг хүсдэг аж. Биднээс ялгаатай нь машинууд хүний бүтээлч болон шүүмжлэлт сэтгэлгээ, уран сэтгэмж, нийгэмтэйгээ дасан зохицох чадвар, бусдыг ойлгох чадвар, бие махбодын авхаалж самбааг яагаад ч орлож чадахгүй. Боловсролын систем эдгээр өвөрмөц чадварыг хүүхдүүдэд илүү хөгжүүлж байж хүн, робот хоёр ирээдүйд амжилттай түншилнэ. Америкийн гүн ухаантан Жон Дьюигийн хэлсэнчлэн өнөөдрийн оюутнуудад өчигдрийн арга барил, агуулгаараа хичээл заадаг бол бид тэдний маргаашийг дээрэмдэж байгаа тэрхүү хандлагаа өөрчлөх цаг ирлээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН