Ардчиллын дууч, сэтгүүлч С.Цогтсайхан агсны гэгээн дурсгалд зориулсан "АМЬДРАЛ, ТЭМЦЭЛ, УРАН БҮТЭЭЛ" ном уншигчдын хүртээл болсон билээ. Энэ номонд түүний нийтлэлүүдийг эмхэтгэн оруулсан байна. Манай сонин уг номонд орсон нийтлэлүүдээс цувралаар хүргэж байна.
Америкийн нэгэн түүхэн зохиолд газраа яаж хувааж байгааг үзүүлдэг. Өглөө эрт зон олон цугларч, морь тэрэг багшралдаад үдийн хэрд нэгэн зурвас шугам дээр эгнэн байраа эзлэх нь цэргийн жагсаал мэт. Үзэхүл буу агсч, бүрх духдуулсан хүдэр эр чангаар захирч, зурвас шугамнаас нэг алхам урагшилсан хэнбугайг ч нам буудах нь нэн сүрдэм. Тэрээр гарааны дохиог өгдөг бурхан эрхтэй хүн.
Морьд эргэлээ гэх шиг буу тасхийгээд үй мянган хүн зэлүүд уул тал руу морьдынхоо хүчийг сорин бархиралдан дайрлаа. Хүн бүр гартаа гадас атгасан байна. Хэрэв тэрхүү гадсыг өөрийн товлосон газартаа бусдаас өрсч хатгаж чадвал ... тэр газар түүнийх. Нэгэн залуу эр хэт яарсан сэтгэлдээ хөтлөгдөж морьтойгоо жалга руу нисч орхисон нь бусдыг баярлуулав. Гэвч түүний эхнэр тун адтайгаар гадсаа шүүрэн авч унасан газартаа шааж орхив. Дараа нь Дэвид! Чи бид хоёр газартай боллоо гэж чанга орилоход хөлөө санжуулсан нөхөр нь мөлхсөөр ирж нэг гартаа гадсаа чанга нөгөө гараараа эхнэрээ тэврээд эхэр татах нь тэр.
Зохиолд түүхийг үзүүлсэн нь энэ. Ингэж л америкчууд газартай болжээ. Тэд өнөөдөр дэлхий дээр хамгийн зөвөөр амьдарч байна. Тэдний хонь бэлчих газраа бэлчиж, тэд газраа хятадуудад ерөөс худалдаагүй л байна. Саяхан бид тэднийг боолын эзэн, шулаач гэдэг сэн бол одоо Босс л гэх болжээ. Товчоор хэлэхэд газар гэдэг америкчуудыг баян болгож америкчууд газраа баян болгожээ.
Тэгвэл бид чинь яалаа? Гэж уншигч та эргэцүүлж суугаа. Бид эхээс төрөхдөө л газартай байсан. Дээгүүр нь явж болдог, доогуур нь ухаж болдоггүй. Хэний газар вэ? гэхээр Чинийх гэх, минийх юм уу гэхээр Улсын гэх, улсын гэдэг чинь хэний хөрөнгө вэ? гэхээр Чинийх гэх. Бүр учир нь олдохгүй толгой эргэм уул хадны дунд аугаа их газрын газаргүй иргэд бид төржээ.
Монгол хүн гэдэг чинь том том түрийвчтэй, харамсалтай нь тэр нь хоосон иргэд ажээ. Ер нь том том л хоосон түрийвч юм даа. Нохой гэж амьтан байх. Тэр чинь энд тэнд сариад л өөрийнхөө эзэмшил нутгийн хилийг тогтоож явдаг нэгэн. Уул бүхэн нэг нэг эзэнтэй байх.
Тэр нь мэдээж хүн биш л дээ. Ямар нэгэн бар юм уу баавгай, эсвэл нэгэн азарган чоно байх жишээтэй. Тэр ууланд өөр уулын амьтан ирж ан горилвоос амьгүй болно гэсэн үг. Газрыг ан амьтан, америк хүн энэ тэр яагаад ингэж чухалчлаад байгаа юм бэ? Яагаад индиан, монгол хоёр газрыг үл хайхарна вэ? ер нь газраа архиар худалдчихсан индианчуудыг монгол гаралтай гэж ярьдаг нь сонин. За энэ яах вэ, их далайн тухай биш, эх газрын тухай цааш нь ярья. Газар эзэнтэй болох нь өнөөдрийн бидний аврал. Газраа хувьчилж чадвал бид чинь далайд төөрч яваад эх газрын бараа харлаа л гэсэн үг. Хүн газартай болно гэхээр тэндээ төмс тарих юм бодож магад. Аяа, та юуг ч бүтээж болох шүү дээ.
Юуны өмнө та үйлдвэрлэл явуулах, эсвэл оновчтой хөрөнгө оруулалт хийх боломжтой. Үүний тулд мэдээж таны халаасанд олон сая төгрөг байхгүй юм чинь банкнаас зээл авч таарна биз. Ер нь зээлгүй хөлжсөн баян гэж хорвоод үгүй юм. Юм хийе, хэд гурван юм олъё гэвэл зээл авахаас өөр замгүй. Гэвч өнөөдрийн хойд эх шиг монгол банкнаас яаж зээл авах вэ? Хэрэв та ов заль сүйхээгүй бол, хэрэв та дарга эсвэл даргын танил, хамаатан биш аваас зээл авна гэж бүү санагтун.
Хахуульд идэгдсэн энэ банкууд нэг бол хамсаатандаа, нөгөө бол томоохон газрын төлбөрийн батлан даалт, эсвэл барилга байшин, автомашин эд хөрөнгийн баталгаагаар зээл олгодог. Ингэж олгож байгаа банкны систем үндсэндээ буруу, зээл авч буй механизм нь буруу юм. Өнөөдөр барьцаалсан бүхэн байхгүй болж, банк юу ч авч чадалгүй хоцордог Моод дэлгэрээд байна.
Тиймээсээ ч өнөөдөр Монголын банкнууд 65,3 тэрбум төгрөгийн зээлээ эргүүлэн авч чадахгүй шатаж явна шүү дээ. (1995 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар). Зээл авсны зол, өгсний хохь болж, улсын мөнгөн сан дундарлаа. 65,3 тэрбум төгрөгийг тахир дутуучуудын дутууг гүйцээж өгсөн бол? Хүүхдүүддээ зориулсан бол?... гэх мэтээр харамсвал тоочоод барахгүй. Зөвхөн улсын төсвөөс л гэхэд 21 млрд 600 сая төгрөг бусдад зээлдүүлчхээд байна шүү дээ. Эцэст нь луйварчид л завшаад өнгөрлөө. Зээл авахдаа барьцаанд тавьсан машин, байшин шатаж болно, баталгаа гаргаж өгсөн компани дампуурч болно. Эцэст нь зээл ихээр авсан хүн өөрөө үхэж үрэгдэж болно. Хоёр чихийг нь огтолж авахгүй бол банк зээлийн эзнээс юугий нь олж авах вэ дээ?
Улсын сан хөмрөг, төсөв шууд банкнаас хамааралтай. Өөрөөр хэлбэл хөлжих эсэх нь банк юм. Банк бол зээлийн хүүгээр амьсгалж амьдарч, бэл бэнчингээ зузаалж байдаг газар. Гэтэл зээлийн хүү битгий хэл, зээлээ алдчихсан банк яах вэ? Амьсгаа хураахгүйн тулд хамгийн эцсийн мэхээ хийдэг юм. Энэ нь зээлийн хүүгээ нэмэгдүүлдэг арга. Зээл авсан 10 хүнээс долоо нь буцааж өгөхгүй банкийг шатаах магадлалтай байдаг. Яагаад гэвэл, зээлийн барьцаанд бодит бус найдваргүй (машин, хөргөгч, телевизор) эд зүйл тавигдсаныг санах хэрэгтэй. Эрхбиш гурван хүн зээлээ хүүтэй нь эргүүлэн өгч л таардаг. Эдгээр гурван хүний зээлийн өндөр хүүгээр банк өөрийнхөө алдагдлыг нөхөж байдаг. Яагаад өнөөдөр Д.Цолмон гэдэг авгай 2,5 сая доллар залгичхаад буцааж төлөөгүй байхад банк дампуурахгүй байна вэ? Яагаад гэвэл, Цолмонгийн сүйрүүлсэн хөрөнгийг зээлээ буцааж өгч байгаа шударга хүмүүсийн өндөр хүүгээр нөхөн төлж байгаа хэрэг юм. Тийм учраас банк зээлийн хүүгээ өндөр байлга, шатах аюулаас сэргийлэх гондом хэрэглэхийг хүсдэг юм. Гэтэл зээлийн хүү өндөр байхад хүмүүс зээл аваад ямар ч ашиг олохгүй. Хүүгий нь төлөөд өөрөө ядраад л дуусна гэсэн үг. Зээлийн хүү олон янз. Жишээ нь, хамгийн найдвартай зүйлээр баталгаажсан зээлийн хугацааг уртасгаж, хүүг эрс багасгаж болдог.
Хөгжингүй орнуудын банк ямар маягаар зээл олгодог вэ? Бүх зээлийн 90 хувийг газар ба үнэт цаасаар барьцаалан олгож, үлдсэн 10 хувийг бодит бус баталгаагаар олгодог байна. Газраар олгодог зээл нь таван жилийн хугацаатай, сарын хоёр хувийн хүүтэй байх жишээтэй. Харин бодит бус баталгаагаар (хөргөгч, телевизор) олгодог зээл нь Монголбанк шиг өндөр хүүтэй байна. Өнөөдөр манай зээлийн тогтолцоонд газар ороогүй болохоор өндөр хүүтэй байхаас өөр зам байхгүй. Юм хийе, бүтээе гэсэн хүмүүсийн урмыг зээлийн өндөр хүү няц дарж байна. Зориглоод авсан хүний аж ахуй хөгжихгүй мөхөж, өрөнд баригдаад шоронд орж байна. Ингэхээр бид газар гэдэг авралт эхийнхээ хэвлий зулай дээр гишгэлэн, газар дээр шорон барьж, газар дээр бие биенийгээ өрөнд унагаж байгаа юм биш үү?
Газар ...газар гэж гаслаад байгаа минь ийм учиртай. Газрыг хувьчилж монгол хүн бүрд алга дарам газар ногдуулах ёстой. Алга дарам газраа олон янзаар ашиглаж болохоос гадна банкнаас зээл авахад газраараа дэнчин тавих шинэ боломж байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Монгол хүн бүхэн зээл авах боломжтой боллоо гэсэн үг. Хүн бүхний өмнө хөлжих, баяжих, аж ахуй эрхлэх үүд хаалга нээгдэнэ гэсэн үг. Газрын гайхамшигт чанарын тухай дурдъя.
Газрыг нүүлгэж болдоггүй
Газрыг үүрээд явж болдоггүй
Газар шатсан ч байж л байна.
Газрын эзэн үхсэн ч газар хэвээрээ л үлдэх болно.
Газар агшихгүй, сунахгүй, салхинд хийсэхгүй, аянга цохисон ч зүгээр. Атомын бөмбөг дэлбэлсэн ч амилж орхино. (Хирошима хотын жишээг ч хэлж болно шүү дээ).
Газар хамгийн найдвартай. Ийм зүйлээр хүнд дэнчин тавьж болно. Ийм зүйлд банк итгэж болно. Хүмүүс зээл авах болно. Мөнгөтэй хүн гараа хумхиад зүгээр суудаггүй. Монголчуудыг залхуу гэдэг. Энэ бол хөдөлмөрлөх нөхцөл, сонирхлыг нь өдөөж өгч чадаагүй төр засгийн бодлогын гай мөн. Юманд хайнга, хийсэн ч яах вэ, больсон ч яах вэ гэдэг сэтгэлгээтэй улс болжээ. Хөдөлье, бүтээе гэсэн хэн бүхэнд зээл хэрэгтэй байна. Тэдэнд зээл өгөхгүй байна. Тэгээд залхуу гэж нэрлэн залхаан цээрлүүлж, хойрго хэмээн хочлон дуудаж байна. Монголчууд ажилсаг. Зүгээр робот шиг ажилладаггүй, сэтгэж ажиллаж чаддаг.
Зах зээлийн захад хөл тавимагц саятан болсон буман хүн, мянган малтай болсон мянган хүний жишээ үүнийг батална. Ганзагын наймаагаар бид цаашид яагаад ч өөдлөхгүй. Ганзага хаагдаж, Гахай турах нь гарцаагүй. Хүссэн хүсээгүй, хүлээсэн хүлээгээгүй бид дотооддоо үйлдвэрлэл явуулахаас өөр аргагүйд хүрнэ. Энэ нөхцөл газар хувьчилснаар эхэлнэ. Нөхцөлийг монголчууд бид л бүрэлдүүлнэ. Хүн бүрийн оролцоотойгоор биелүүлнэ. Олон хүнд зээл өгснөөр олон банк бэлжинэ. Банк бэлжсэнээр улс баяжиж, ядаж төсвийнхөн өндөр цалин авна шүү дээ. Их далайн уснаа төөрч яваа бидэнд эх газрын бараа харагдаж байна. Хонгилын үзүүрт гэрэл харагдлаа... гэх. Холгүйхэн эх газрын бараа харагдаж байхад хонгилоор яваад ч яах юм билээ. Газар дээр буудай тарьж, газраараа зээл аваад түүгээрээ тээрэм авч гурил, дараа нь талх үйлдвэрлэн зараад бэлжиж болно. Юуг ч хийж яаж ч сэтгэж болно. Бүх газраа хувьчлахгүй нь мэдээж. Улсын мэдлийн газар тодорхой хувийг эзлээд байж л байх болно. Улс газраа гадаадын өндөр хөгжилтэй оронд түрээслүүлбэл ядарсан бидэнд л ашигтай. Олон мянгаараа ажилгүй суугаа, одоо яах вэ? юу хийх вэ? гээд санааширч суугаа, мөнгө олохын тулд хулгай дээрмийн мөрд орж байгаа хүн бүрийн өмнө шинэ үүд хаалга, гадны соёлт ертөнц нээгдэнэ.
Газар хувьчлахын эсрэг гар өргөж, гадныханд газраа худалдлаа, хонио хаана бэлчээх вэ? гэж мунгинаж суугаа хүмүүст хандаж хэлэхэд малаа дагасан хүн мал болж, малаа дагуулсан нь хүн байдаг юм гэмээр байна. Хувьчлалаар хүртсэн алга дарам газраа хужаад худалдчих монгол гарахгүй, хуулиар хориглоод гаргахгүй.
Хүмүүс минь, бид хэдий болтол шүүдрийн дусал мэт хүртээлтэй ягаан талсалбар, хөх тасалбар, үнэт цаасны хувьчлалд хууртах билээ? Барихад барьцтай, гишгэхэд мөртэй, амьдралд хэрэгтэй, хөлжихөд бэнчинтэй газрын хувьчлалыг чухалчилъя.
Хөдөлж хөлжих үндэс - ЗЭЭЛ
Зээлийн үндэс - ГАЗАР
Газаргүй бол - ЗЭЭЛГҮЙ
Зээлгүй бол - ДЭЭЛГҮЙ
1995 он