Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
С.Энхжаргал: Хорин хүн бүртгэлтэй хаяган дээр ээж, охин хоёр л байсан

 Иргэний нийгмийн байгууллагууд сонгуулийн үйл явцад хөндлөнгийн ажиглалт хяналт эхлүүлсэн талаараа мэдээллээ. “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ” хяналт хийж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн мониторингийг "Глоб интернэшнл" ТББ хийдэг бол сонгуулийн автоматжуулсан систем, сонгогчдын бүртгэлтэй холбоотой мониторингийг "МИДАС" төрийн бус байгууллага хариуцаж байгаа юм. Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторингийг "Бодлогод залуусын хяналт" ТББ хийж байна. Энэ удаагийн сонгуулиар нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг хийж эхэлжээ. Үүнд "Эрэн сурвалжлагчдын төлөө төв" ТББ хяналт тавьж байна. Түүнчлэн санал хураах, дүн гаргах үйл явцын ажиглалт гэсэн таван чиглэлээр мониторинг буюу хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж байгаа ажээ.

Сонгуулийн санал тоолох машинд болон сонгогчдын нэрсийн жагсаалтад хяналт тавьж байгаа “МИДАС” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргалын мэдээллийг хүргэе.

-"МИДАС" ТББ 2012 оноос сонгуулийн санал тоолох төхөөрөмжид хөндлөнгийн хяналт хийж ирсэн. Энэ удаагийн сонгуульд санал тоолох төхөөрөмжөөс гадна сонгогчдын нэрсийн жагсаалтад хөндлөнгийн хяналт хийж байна. Мөн регистрийн дугаар, иргэний үнэмлэх цуглуулахтай холбоотой мэдээлэл өгье.
Сонгогчдын нэрсийн жагсаалттай танилцах, тулгалт хийх асуудлаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт төвлөрч ажиллахаар болж байгаа. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 28 хорооноос хоёр тойрогт хуваагдсан зааг дээрх дөрвөн хороодоос сонголт хийж, 19 хэсгийн хороодыг сонгож, хаягийн хяналт шалгалт хийлээ.


10 хүн бүртгэлтэй хаягийг шалгахад эзгүй балгас болсон байшин байв

11 хэсгийн хорооны сонгогчдын нэрсийн жагсаалттай цаасан хэлбэрээр танилцсан. Цахим хэлбэрээр шалгах боломжгүй зөвхөн цаасан хэлбэрээр танилцах боломжтой учраас маш их ажиллагаатай. Эдгээрээс 11-ийг нь хаягийн зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж, тохиолдлуудыг шалгасан. Одоогийн байдлаар бидний харсан, илрүүлсэн зүйл ийм байна.
Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд Эрдэнэтолгойн 50 дугаар гудамжинд нэгэн хашаа байшинд 10 хүн бүртгэлтэй. Шалгахад байшин нь балгас болсон, хүн амьдардаг шинжгүй, онгорхой хоосон эзгүй хашаа байсан.
Дараагийн тохиолдол Баянзүрх дүүргийн тавдугаар хороо. Моносын нэгдүгээр гудамжинд 49 хүн бүртгэлтэй хаяг байсан. Манай хүмүүс яваад олоогүй ирсэн. Дараа нь шалгуулахад “Зөв амьдрах ухаан” ТББ тэнд байрладаг юм билээ. Жараад хүнтэй, сонгуулийн насны 49 хүн байдаг гэсэн мэдээллийг тулгаж үзсэн.
Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Монелийн арванхоёрдугаар гудамжинд 20 хүн бүртгэлтэй, хоёр түр хасав тэмдэглэгээтэй байсан. Шалгахад тус хаяган дээр зөвхөн сонгуулийн насны, ээж охин хоёр байсан. Нөхөр нь хамт амьдардаг ч хөдөөгийн хаяган дээр бүртгэлтэй. Энэ айл уг хаяган дээрээ арван жил болж байгаа. Өмнө байсан хүмүүсийг хасуулахаар хүсэлт гаргадаг ч нөгөө улсууд нь өөрсдөө ирдэггүй юм билээ.
Бас нэг сонин тохиолдол байв. Яг ижил нэр, овогтой, регистрийн дугаарын сүүлийн орон зөрүүтэй тохиолдол байсан. Гайхаад очиж үзэхэд нэг айлын ихэр хүүхдүүдэд ижил нэр өгсөн байж таарав. Өмнө нь гарч байсан луйврууд дээр иймэрхүү тохиолдол байсан. Гэхдээ ихэр бус хүмүүсийн регистрийн дугаар зөрүүтэй байдаг. Энэ удаа яах аргагүй ийм тохиолдол байдаг гэдгийг харсан. Хамгийн бэрхшээлтэй зүйл нь сонгогчдын нэрсийн жагсаалтыг зөвхөн нүдээр харж болно. Олшруулахыг хориглодог. Зарим хэсгийн хороон дээр тэмдэглэл хийхийг зөвшөөрдөггүй. Ой тогтоолтын аваргууд шиг 60-70 хүний материалыг цээжилж тогтоож авах чадвар зарим үед шаардагдаж байсан.
Бид нэгэнт давхардал хайж байгаа учраас дижитал хэлбэрээр байвал илүү боломжтой. Зэргэлдээ хороог сонгодог нь энэ хороонд байгаа хүн дараагийн хороонд давхардсан бүртгэл байгаа эсэхийг шалгах зорилготой. Үүнийг нүдээр хараад шалгах боломжгүй. Тодорхой хэмжээнд олгогдсон боломжийн хүрээнд энэ шалгалтыг нүдэн баримжаагаар хийгээд явж байна.Өөрөөр хэлбэл бүрэн гүйцэд шалгаж байна гэж хэлэх бололцоогүй.
Сонгогчдын нэрсийн жагсаалтын асуудлын талаар хэдэн үг хэлье. Та бүхэн санаж байгаа байх. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг хаяг дээр ижил нэртэй, регистрийн дугаарынх нь эхний хоёр үсэг нь өөр, арын хоёр тоо нь өөр хаяг бүртгэгдсэн байсан. Тухайн үед ийм регистрийн дугаартай хүмүүс сонгууль дахиж өгөөд байна гэдэг асуудал яригдсан боловч араас нь мөшгөөгүй орхисон. Дараа нь 2018 онд тэр хаягаар очиж шалгахад хорооны Засаг дарга нь “Манай хороонд ийм нэр, хаягтай хүн амьдарч байгаагүй, одоо ийм хүн амьдарч байгаа” гэсэн тодорхойлолт өгсөн. Өөрөөр хэлбэл тэр хүмүүс хороонд бүртгэлгүй, тэр хаяг дээр огт байдаггүй болж таарсан.
Сая burtgel.gov.mn хаяг нээгдэхэд шалгаж үзэхэд нөгөө хоёр регистртэй хүний нэг нь бүр алга болчихсон. Тэр хаяган дээр байгаа, эсвэл түр хасав гээд мэдээлэл гарч ирдэг. Харин энэ хүн ерөөсөө алга болчихсон. Тийм хүн байдаггүй учраас устгасан байх магадлалтай. Нөгөө хүн нь яг тэр хаяган дээрээ гарч ирсэн. Хаягаар нь очиход хашаанд амьдарч байгаа хүн “Тийм хүн байдаг юм. Манай найзын нөхрийн аав” гэсэн. Бэрийнх нь регистрийн дугаарыг харахад бэрээсээ нэг насны зөрүүтэй хадам аав болж таарсан. Амьдралд янз бүрийн юм байдаг гэж бодоод, хүүг нь судлахад регистрийн дугаараараа бол хүү нь ааваасаа нэг ах байсан. Энэ нь асуудал үүсгэж байгаа юм. Дээр нь тэр хашаанд амьдарч байгаа хүн хүмүүс ирэхээр ингэж хэлнэ гээд маш өндөр бэлтгэлтэй, найзынхаа эхнэрийн овгийг ч мэдэж байсан. Энэ улсуудыг ямар хөдөлгөөн хийх нь вэ гээд дахин шалгаж үзэхэд сэжигтэй нөхөр “түр хасав” тэмдэглэгээтэй болчихсон. Тухайн иргэн хилээр гарсан гэдэг тамгатай бичиг авч байж Улсын бүртгэлийн газар сонгогчийн нэрсийн жагсаалтаас хасах ёстой. Байхгүй байх магадлалтай хүн хилээр гарсан гэхээр үнэхээр хилийнхэн тийм бичиг өгчхөв үү. Эсвэл Улсын бүртгэлийн газар ийм бичиг хийчхэв үү. Энэ зөрүүтэй мэдээллийг шалгахад бидний эрх мэдэл хүрэхгүй. Улсын бүртгэлийн газар, Тагнуулын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороонд энэ баримтуудыг нэгтгэж албан бичиг өгсөн. Албан бичиг өгөөд арваад хонож байгаа ч хариу ирээгүй байна. Саяхан Улсын бүртгэл рүү утасдаад хариу авах гэсэн боловч хариулаагүй. Иймэрхүү байдалтай байна. Ийм тохиолдлууд байж магадгүй юм байна гэдэг үүднээс шалгах шаардлагатай байгаа юм.
Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой сайн өөрчлөлтүүд ч байна. Улсын бүртгэл дээр байгаа нэгдсэн мэдээллийн баазыг хэсгийн хороо руу салгах ажлыг өмнө нь Улсын бүртгэлийнхэн өөрсдөө хийдэг байсан бол одоо Мэдээлэл холбоо технологийн газар, Тагнуулын ерөнхий газрынхан очиж, тодорхой хэмжээгээр хяналт тавьдаг болсон байна лээ. Энэ ажил тавдугаар сарын 30-наас өмнө хийгддэг учраас бид оролцож чадаагүй. Хэдийгээр салгалтыг харж байгаа ч дээр хэлсэнчлэн регистрийн дугаартай шинэ хүн үүсгэсэн байхад шалгалтаар илрэхгүй.
Дахиад нэг өөрчлөлт гэхээр нам эвслүүдэд сонгогчдын нэрсийн жагсаалтыг CD-гээр өгдөг. Нэлээд замбараагүй дараалалтай, хайлт хийхэд хүнд байдалтай өгдөг. Зөвхөн хайлт хийж болохоор, хайлт хийхдээ регистрийн дугаараар, тодорхой хаягаар хайлт хийдэг. Өөрөөр хэлбэл нягтлах боломжийг хаасан байдлаар өгсөн гээд намууд мэдээлэл хийж байсныг та бүхэн сонссон байх.
Хэт нууцлал яриад, луйвраа тодорхой хэмжээгээр дарах гэсэн оролдлого байж магадгүй гэсэн хардлага төрүүлж байгаа.


Сонгогч хаягийн бүртгэлээ шалгаж, хаана санал өгөхөө харах боломжтой

Иргэн www.burtgel.gov.mn гэсэн хаягаар ороод, хаяг чинь зөв эсэхийг шалгаж, хаана санал өгөхөө харах бололцоотой. Хэсгийн хороондоо очиж, танай хаяган дээр хэчнээн хүн байгааг шалгаарай. Ялангуяа орон сууцанд амьдардаг хүмүүст хэлэхэд танай хаяган дээр олон хүн байвал сарын төлбөр чинь их гардаг шүү. Сонгуулиар далимдуулаад үүнийг очоод шалгачих хэрэгтэй. Нам, эвслүүд сонгогчийн нэрсийн жагсаалтыг анхааралтай шалгах учиртай.
Дараагийн тулгамдсан асуудал регистрийн дугаар, иргэний үнэмлэх цуглуулах ажил энэ жил нэлээд хавтгай яваад байна. Арай надаас асуугаагүй, миний ойр тойронд байдаг хүмүүсээс энэ талаар нэлээд асуусан байсан. Сонгогчдын регистрийн дугаар цуглуулаад, хэнд санал өгснийг нь мэдэх боломжгүй. Бүртгэлийн машин, санал тоолох төхөөрөмж хоёр тусдаа ажиллагаатай. Регистрээр бүртгэлийн дугаар авч, зөвхөн саналын хуудсаа л авдаг. Саналын хуудсан дээр регистрийн дугаар огт байдаггүй. Мэдэхгүй улсуудыг айлгах тактик барьж, иймэрхүү маягаар ажиллаад байна. Тийм болохоор саналаа хэнд өгснийг мэдчихнэ гэж болгоомжлохгүйгээр саналаа өгөөрэй. Бас регистрийн дугаарыг юунд ашиглаад байна гэхээр сонгуулийн хандивын тайлан гаргахад хандив өргөж байгаа хүмүүсийн регистрийн дугаар, ямар зориулалттай вэ гэдгийг нь бичдэг. Үүнд ашиглаж байна. Үүнийг та бүхэн сурвалжлаад үзээрэй. Банкуудад очихоор баахан регистрийн дугаар барьсан хүмүүс 100 сая төгрөгөө тав таван саяар нь хуваагаад, хүмүүсийн нэр дээр шилжүүлэг хийж байгаа тохиолдлууд бий. Бүр 500 хүний регистрийн дугаар барьж ирээд, гүйлгээ хийхийг оролдсон тохиолдол байсан тухай надад нэгэн эх сурвалж ярьсан. Банк ийм гүйлгээ хийхээс татгалзсан байна лээ. Дараа нь аудитын газар ч шалгахдаа нэгдсэн журмаар шилжүүлэг хийж үү гэдгийг анхаарах ёстой. Энэ бол сэжигтэй тохиолдол. Сонгуулийн тухай хуульд оруулсан бас нэг өөрчлөлт нь хандивын тайлангаа сонгуулийн дараа биш өмнө нь гаргаж байгаа. Хууль бус үйлдэл хийгээд байгаа хүмүүс сонгуулийн өмнө нэр дэвших эрхээ алдаж магадгүй.
Ер нь регистрийн дугаар, иргэний үнэмлэхийн хуулбараа бусдад өгөөд байгаа хүмүүс анхаараарай. Ихэнх онлайн үйлчилгээ, банк нууц үг солихдоо таны регистрийн дугаарыг асуудаг. Иргэний үнэмлэхний QR кодыг хуулбарлаж, бусад үйлчилгээнд ашиглах эрсдэлтэй.
Сонгогчдын нэрсийн жагсаалттай яаж танилцах тухай журамд нарийвчилж заагаагүй.Сонгуулийн хуулиар нам эвсэлд сонгогчийн нэрсийн жагсаалтыг харах боломж олгодог ч бие даагчдыг орхигдуулсан. Цаашдаа бие даагчдад тэгш боломж олгох ёстой.

Санал тоолох төхөөрөөмжид тест хийсэн

Санал тоолох төхөөрөмжтөй холбоотой хийсэн ажлаа танилцуулъя. Санал тоолох төхөөрөмжийн хувьд СЕХ-той 2012 оноос эхлэн ажилласан. Эхэн үедээ нууц гээд ойртуулдаггүй байсан. Сүүлдээ харьцангуй нээлттэй болсон. Хөндлөнгийн хяналт хийхээр 19 нам, эвслээс тав нь л өргөдөл өгсөн байна лээ. Тэд л энэ машиныг шалгаж байгаа гэсэн үг. Дээр нь ТББ-уудаас зөвхөн манайх шалгах өргөдөл өгсөн. Энэ жилийн сонгуулийн онцлог 2008 оных шиг томсгосон тойргоор явж байгаа. Тооллогын систем чухал учраас санал тоолох машинд илүү анхаарах шаардлагатай. 2008 оны долдугаар сарын 1-ний будилаан юунаас болсныг бүгд мэдэж байгаа. Ийм будилаан дахин гаргахгүйн тулд хянах шалгах шаардлагатай.
Мандатын тооноос дутуу болон илүү бөглөвөл саналын хуудас хүчингүй гэж тооцдог болсон. Нэг тойрогт доод тал нь 18 дээд тал нь 38 нэр дэвшигч бий. Энэ нь санал тоолох үйл явцыг нэлээд төвөгтэй болгож байгаа. Бие даагчид бас маш олон. Бид АН-ын төлөөлөгчтэй хамтарч санал тоолох төхөөрөмжийн тест хийсэн. Увс аймгийн 16 дугаар тойргийн 58 дугаар хэсгийн төхөөрөмж дээр саналын хуудас уншуулж шалгасан. МАН Завхан аймгийн хоёр мандаттай есдүгээр тойргийн 86 дугаар хэсгийг шалгасан. Дээр нь цаг өөрчлөх, цахилгаан тасарвал яах вэ, модем залгаж мэдээлэл шалгах, серверт ирсэн дүнг шалгах, CF картын зургийн файлыг тулгах, нэг картыг сугалсан үед машин ажиллаж байна уу гэх мэт шалгалт хийсэн. Нам, эвслүүд хөндлөнгийн хяналтанд идэвхтэй оролцохгүй бол нэр төдий, зарим нь ач холбогдол өгөхгүй байснаа дараа нь болохгүй байна гэж асуудал тавьдаг. Загвар хуудас фэйсбүүкээр явж байгаа. Загвар хуудас бар кодгүй яваа. Бар код өгчихвөл хэвлэх боломжтой. Мөн Төв аймагт болсон үйл явдлаас болоод бар кодгүй хэвлэж байгаа гэсэн цуурхал явж байгаа, тийм юм байхгүй. Төв аймагт болсон явдал хэвлэлийн компанийн алдаа байсан. Үүнийг нээлттэй зарлахгүй байх шиг байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com