Б.БЯМБА
Монгол Улсын Их Хурлын өнгөрсөн долоон удаагийн сонгуулиар давтагдаагүй тоогоор нийт 400 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллажээ. Гэвч “Хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй” гэдэг үг хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон зарим гишүүнд юу дуртайгаа хэлж, хийж болох даварсан бодол, задарсан ойлголт өгчээ. Парламентын гишүүд, сайд дарга нарын нэр хүнд ард иргэдийн дунд навс унаж, тэднийг төрийн түшээ хэмээн хүндлэхээсээ илүүтэй хулгайч, луйварчин, авлигач гэхчилэн муу муухайгаар төсөөлж, харах болсон нь худал биш. Ялангуяа, сүүлийн дөрвөн жилд УИХ-д орж ажилласан хүмүүс ямар ёс зүйгүй этгээдүүдээс бүрдсэн байсныг нийгэм даяараа харсан, мэдсэн.
Жишээ 1. “60 тэрбум” хэмээх нэршил Монголын нийгэмд бий болов. 2016-2020 оны сонгуульд үнэмлэхүй олонх болж гарч ирсэн МАН “60 тэрбум” буюу төрийн албыг наймаалцах схемээр ажлаа явуулдаг нь олон нийтэд ил болсон. Энэ хэрэг явсаар эцэст нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэм буруутайд тооцож, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, "Шинэ Монгол хаад" группийн ерөнхийлөгч А.Ганбаатар нарт дөрвөн жилийн хорих ял оноов. Харин намыг тэргүүлж байсан М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас нь “60 тэрбум”-ын схемтэй холбогдуулан буулгасан юм.
Жишээ 2. УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдов. Хамгийн залуу улстөрч хэмээн залуустаа үлгэр дуурайл болох найдлага төрүүлэн сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэргээр хоёр жилийн ял авсан. Энэ нь нэг ч биш, хоёр удаагийн хэрэг байсныг энд тодотгоё.
Жишээ 3. Бизнесийг нуруундаа үүрч явдаг, хамгийн олон ажлын байр бий болгож, өөрсдийн хүч хөдөлмөрөөр амьдралаа тэтгэдэг жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор байгуулсан ЖДҮХС-ийн нэн хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүд өөрсдөө хуйвалдан хувьдаа болон хамаарал бүхий этгээддээ авсан хэрэг илчлэгдсэн.Иргэдийнхээ боломжийг хулгайлсан энэ үйлдэлд УИХ-ын, МАН-ын 49 гишүүний нэр холбогдсон. Үүнээс УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Л.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах шаардлагатай талаар Улсын ерөнхий прокурор санал хүргүүлсэн ч УИХ-ын гишүүд ЖДҮХС-г цөлмөсөн хууль буй үйлдлийг нь олонхоороо түрээ барин өмгөөлж, дөрвөн гишүүнийг улайм цайм хамгаалан авч үлдсэн билээ.
УИХ-ын 49 гишүүнээс өнөөдөр зөвхөн УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг л өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд байгаа юм.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хүсдэг зээл нь 50 сая төгрөг ч хүрдэггүй. Ийм хэмжээний мөнгөөр тэр хүмүүс бизнесээ өргөжүүлж, батжуулж, дор хаяж 2-3 өрхийг авч явдаг. Гэтэл 2016-2020 онд Парламентыг бүрдүүлсэн УИХ-ын “ЖДҮ-д” холбогдсон нэг гишүүн дунджаар 950 сая төгрөг, зарим төрийн удирдах албан тушаалтан бүр тэрбум тэрбумаар нь авсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баримтаар нотлон дэлгэсэн. Хэдий тийм боловч өнөөдрийг хүртэл эл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Энэ нь гэмт хэрэгтнүүд бидний амьдралд нөлөөлөх шийдвэрүүдийг гаргаж, бидний төлсөн татварын мөнгийг захиран зарцуулж байна гэсэн үг.
Жишээ 4. ЖДҮХС-аас авсан мөнгөө хүүлж, иргэдээ шулж байсан увайгүй үйлдэл УИХ-ын эмэгтэй гишүүдээс гарсныг иргэд мөн л харж суув. Ялангуяа, хөдөлмөр эрхлэгчдийн төлсөн татвараар бий болсон Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг эргэлдүүлж байсан “Капитал” банк дампуурснаар иргэд нийтээрээ хохироод буй. Харин УИХ-ын гишүүн эрхэм хатагтай албан үүргээ ичих нүүрэндээ илэг наасан шигээ чуулганы танхимд хууль батлалцан, үг хэлж хэнэггүй сууж чадсаар байгаа нь хачирхалтай. Хууль тогтоогчдод хууль үйлчлэхгүй байгаа нь парадокс!
Гишүүдийн холбогдсон хууль бус үйлдэл үүгээр зогсохгүй. ЖДҮХС-аас гадна “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Боловсролын зээлийн сан” гээд иргэдэд тэгш боломж олгох зориулалттай бүхий л санд тэд гар дүрсэн байв. Хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа УИХ-ын гишүүд нь хамгийн адгийн хэрэгт холбогдохыг иргэд бид ийн үзэв. Харамсалтай нь, тэдэнд хариуцлага тооцох эрх зүйн орчин, зохицуулалт, механизм гэж юм огт алга. Баримт нотолгоог дэлгэн тавьж, гарах гарцгүй болтол нь илчилчхаад байхад л өнөөдөр тэд ажлаа хийсээр, чуулганы танхимаас чанга чанга дуугарсаар л.
Өнгөрсөн онд шинэчлэн баталсан Үндсэн хуульд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн хариуцлагын тухай заалт анх удаа орсон.
Үүний дараа хэлэлцэн баталсан УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гишүүний бүрэн эрхтэй холбоотой заалтуудыг мөн тусгаж, УИХ-ын гишүүний тангарагт дараах өөрчлөлт оруулсан. Тодруулбал, “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэсэн тангарагт “төрт ёс, түүхэн соёлоо хүндэтгэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж тангаргаа зөрчвөл хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн өөрчилсөн.
Ийнхүү УИХ-ын гишүүн гэхээр дураараа дургиж, даварч, дуртайгаа хийж болдог ойлголт ашгүй нэг хумигдав. Гэсэн хэдий ч зөвхөн УИХ-ын гишүүнээр тогтохгүй сайд, дарга нараас авхуулаад төрийн өндөр дээд албан тушаал хашиж буй хүн бүрт хариуцлага тооцдог болох зайлшгүй шаардлага байгааг олон олон хэрэг харуулсаар байна. Ялангуяа, эрх бүхий өндөр албан тушаал хашиж байхдаа гаргасан шийдвэрээс нь үүдэн нийгэмд, иргэдэд хохирол учирсан бол тухайн хүн албан тушаалаасаа буусан ч хариуцлагыг нь үүрүүлдэг байх нь шударга ёсонд нийцнэ. Албан тушаал хашиж байхдаа нэг гарын үсэг зураад, авлига, албан тушаал, элдэв хууль бус хэрэгт холбогдон хувьдаа эд хөрөнгө завшчихаад, эсвэл оймсондоо хавчуулчхаад хуулиас гадуур ердөө ажлаа өгөөд сул явдаг байдлыг Монголын нийгмээс халахыг залуучууд, иргэд шаардаж байна. Төрийн албыг цэвэр, түмний төлөө үнэнчээр зүтгэж байж Монголын төр хүчтэй, ард иргэд амгалан тайван байх бус уу.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН