Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Монголд архитектурын дурсгалт барилга хуруу дарам бий

Улаанбаатар хотноо “Соёлын өв архитектурын дурсгалыг гамшиг эрсдэлээс хамгаалах нь” сэдэвт зөвлөгөөн боллоо. БСШУЯ болон БНСУ-ын соёлын өвийн захиргааны хооронд байгуулсан соёлын өвийн салбарт хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд уг зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж буй нь энэ юм. Зөвлөгөөнд БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд болон манай улсаас Соёлын өвийн үндэсний төв, Ус цаг уур орчны шинжилгээнийй төв, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын урлагийн зөвлөл зэрэг холбогдох байгууллагууд болон хөдөө орон нутгийн судлах музейн төлөөллүүд оролцсон юм. талууд Монгол Улсын соёлын өв тэр дотроо архитектурын дурсгалуудыг гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшгийн менежмэнтийн тогтолцоо зэрэг сэдвүүдээр зөвлөлдөж буй нь энэ юм. Оролцогч талууд уг зөвлөгөөнөөс их үр дүнг хүлээж байна. Учир нь манай улсад соёлын өвд бүртгэлтэй архитектурын дурсгалт барилгууд хуруу дарам цөөхөн байдаг бөгөөд эдгээр барилгуудыг харж хамгаалах, нөхөн сэргээх арга туршлага, бодлого дутмаг явж ирсэн юм. Уг зөвлөгөөний үеэр зарим оролцогчидтой уулзаж ярилцсан юм.

 


Малчид соёлын дурсгалт барилгад малаа хашдаг тохиолдол бий

Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат


-Соёлын өв архитектурын дурсгалыг гамшиг эрсдэлээс хамгаалах нь зөвлөгөөний ач холбогдлын талаар та ярина уу?
-БСШУСЯ-аас энэ онд соёлын өвийг хамгаалах чиглэлээр цуврал хэлэлцүүлэг зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Манай оронд ямар гамшиг эрсдэлүүд их байна эдгээр эрсдэлээс хэрхэн сэргийлэх, бусад улс орны туршлагаас судлах үүднээс энэ зөвлөгөөнийг манай улс анх удаагаа хийж байна. Товчоор хэлбэл соёлын өвийг хадгалах, хамгаалахтай холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад энэ зөвлөгөөн ач холбогдлоо өгнө гэж итгэж байна.
Солонгосын тал гурван жилийн өмнө гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай хэлтэс байгуулсан. Газар хөдлөлт, салхи, чийг ихтэй газар учраас тэдний туршлага бидэнд чухал. Тухайлбал СӨҮТ Солонгос улсын дээрх байгууллагуудтай хамтарч Дундговь аймгийн Үнстийн хийд, Архангай аймгийн Өөлд бээсийн хүрээ Заяын хүрээ гэх мэт дурсгалт уран барилгын гурван хэмжилтийн зургийг гаргаж мэдээллийн сан бий болгох зэрэг ажлуудыг хийж байна.

-Түүхэн дурсгалт барилгуудад сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйлүүд нь юу байна вэ?
-Олон зууны суурин иргэншилтэй орнуудыг бодох юм бол Монгол түүхэн дурсгалт уран барилга цөөнтэй. Одоогийн байгаа энэ барилгуудад хүмүүсийн хүчин зүйлс ихээр нөлөөлдөг. Тухайлбал хөдөө орон нутагт малаа хаших, хоргодох зориулалтаар ашиглах гэх мэт. Хот сууринд бол төлөвлөлт хийхдээ эдгээр барилгуудын сүр барааг халхалж барилга барьдаг. Улаанбаатар хотод эдгээр барилгуудыг тойроод өндөр байшин эсвэл гэр хороолол байж байдаг. Энэ нь үнэ цэнийг байхгүй болгодог. Манайд газар хөдлөлтийн эрсдэл байхгүй ч харин галын эрсдэл маш их. Цахилгааны шугамын ил далд монтаж гэх мэтээс болоод Дашчойлон хийдийн хуучин цирк шатсан шүү дээ.
Судалгаагаар Улаанбаатар хот долоон баллаас дээш газар хөдлөлтийн бүсэд байдаг. Гэтэл энэ баллаас дээш хөдөлбөл модон бүтээцтэй барилга эрсдэлд орно. Бурхны авралаар манайд хамгийн дээд тал нь таван балл хүртэл газар хөдлөхгүй л байгаа болохоос. Мөн шороон шуурга, салхи одоогийнхоос хүчтэй шуурахыг хэн ч таашгүй. Монгол 1957 оны Баянхонгорын газар хөдлөлтөөс хойш л газар хөдлөлтийнхөө мэдээллийн баазыг бий болгосон улс. Өмнө нь газар яаж хөдөлж байсныг бид мэдэхгүй. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлж бэлэн байдалд байх, хамгаалах арга техникийг олон улсаас суралцах нь чухал.


-Цөөн барилгууд гэж байна. Эдгээр барилгуудыг хамгаалах, хадгалах, сэргээх суурь судалгааг бүгдийг хийж чадсан уу?
-Энд холбогдох газруудын төлөөлөл зөвлөлдөж байна. Судалгааны ажлууд эхэлж байна. Манай улс энэ талын туршлага бага учраас хийж эхэлж байгаа нь сайшаалтай. Яг одоо бүрэн гарсан үр дүн бол алга.

 

Арван жил шүүхдэж байж олж авсан газрыг таван жилийн хугацаатай олгосон

Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн


-Чойжин ламын сүм музейн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярина уу?
- Чойжин ламын сүм музейн хувьд энэ жил 111 жилийн ой тохиож байна. Энэ урт удаан хугацааг туулсан түүхэн дурсгалт барилгыг хадгалж хамгаалж үлдэх, сэргээн засварлах, хадгалалт хамгаалалтын орчин нөхцөлийг сайжруулах шаардлага тулгамдаад байгаа. Түүхэн дурсгалт барилгыг судалгаа шинжилгээний үндсэн дээр сэргээн засварлах шаардлагатай. Тиймээс Солонгосын соёлын үндэсний хүрээлэнтэй хамтраад 2D, 3D уран барилгын хэмжилзүйн судалгаа буюу 400 гаруй хуудас бүтээлийг гаргах гэж байна. Бид Монголын урлагийн зөвлөлтэй хамтраад Австралийн иргэн Рожер Перри гэдэг хүний санхүүжилтээр Чойжин ламын сүм музейд учирч буй эрсдэлүүдийг тодорхойллоо. Хоёр жилийн хугацаанд хийсэн уг судалгаагаар есөн төрлийн эрсдэл байгааг тодорхойлсон. Энэ дагуу эрдэмтэд зөвлөмж боловсруулсан. Энэ бол соёл урлагийн байгууллагуудын хувьд хамгийн анхны нарийвчилсан судалгаа болсноороо онцлог. Энэ жил МСS компанийн санхүүжилтээр “Өв эрдэнэ” гэдэг төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслөөр Чойжин ламын сүм музейн зураг төсөвтэй болж музейн орчны тохижилтын зураг төслийг хэрэгжүүлж байна. Хуучин манай улс сэргээн засах газартай байсан. Өмч хувьчлалаар энэ газар байхгүй болсноос хойш түүхэн дурсгалт газрыг судалж шинжилдэг эрдэмтэд болон тэр газарт ажиллаж байсан хүмүүс нь тэтгэвэртээ гарчихсан. Бид сэргээн засварладаг мэргэжилтнүүд, байгууллагыг бий болгох шаардлагатай. Соёлын үндэсний төв маань түүхэн дурсгалт барилгуудыг харьяалдаг болох гэж байх шиг байна.


-Одоо энэ судалгаандаа тулгуурлаад энэ сүм музейг хамгаалж сэргээхэд тулгараад байгаа бэрхшээл нь байна?
-Мэдээж юуны өмнө төсөв хөрөнгийн асуудал яригдана. Түүхэн дурсгалт барилгуудыг сэргээн засварлахдаа хуулиараа тусгай зөвшөөрөлтэй компани хийх ёстой. Монголд зөвшөөрөлтэй арваад компаниас жишээ нь вааран дээвэртэй барилгыг засдаг хоёр гуравхан компани байдаг. Энд мэдээж мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, хөндлөнгийн хяналт орж ирэх зэрэг ажлын цар хүрээ маань томорч байна. Байдал нааштай байгаад баяртай байгаа.


-Бороо орохоор гялгар уутаар бүтээдэг, хөх тоосго нь уначихаар нөхөн сэргээх мэргэжилтэн түүнийг хийх технологи нь байдаггүй гэх мэт асуудлууд яригддаг. Өнөөдөр бодит байдалд ямар байна?
-111 жил болсон барилга учраас цууралт өгсөн, чимэглэлүүд унасан, өнгө будаг гандаж гундсан байдалтай байгаа. Гялгар уутаар бүтээдгийн хувьд бол Чойжин ламын сүм музейд сэргээн засварлагч гэсэн орон тоо байдаггүй. Хуулиараа бид гар хүрэх эрхгүй байдаг. Тиймээс бид дээд байгууллагадаа уламжилдаг, хөөцөлддөг ажилтай. Гэтэл энэ маань шийдэгдээгүй байж байтал дээврээс бороо гоожих гэх мэт асуудал үүснэ. Бид гэрийнхээ дээврээс бороо гоожиход мөнгө байхгүй ээ гээд суудаггүйтэй адил арчилж хамгаалж, ажиллаж байгаагийн хувьд зах руу гүйгээд гялгар уут авчирч дээврээ бүтээж, элсээр хучсан тохиолдлууд бий. Доторх үзмэр нь норох эрсдэл учраад байхад гараа хумхиад суугаад байх сэтгэл зүрхтэй хүмүүс бид биш шүү дээ. Хөх тоосгын тухайд гэвэл манай музейн хэрмэн хашаа болон багана, суурь хөх тоосго, дүүргэлт нь түүхий тоосгоор хийгдсэн байдаг. 1960-аад оны засвараар дотор нь улаан тоосгоор хийсэн байгаа. Олон улсын Хаартад орчин үеийн шинэ технологийг ашиглаад далд байгаа хэсгийг шинэчилж засч болно гэсэн дүгнэлт гарсан. Энэ тал дээр хүмүүс эргэлзэж байгаа бол манай музей дээр ирээд сэргээн засварлалтын ажилтай танилцаж болно. Манай Ядам сүмийн хойд талын хэрмэн хашаа энэ хэл амнаас болоод засагдаагүй үлдсэн. Тэр маань өнөөдөр нэлээн хазайлт өгчихсөн мэргэжлийн хяналтын байгууллагаас засах шаардлага ирээд байна.

-Энэ зуны хувьд ямар байдалтай байх нь вэ?
-Гялгар уутаар бүтээсэн сүмээ засварлаж байна. Манайх таван сүмээс бүтдэг. Түүний гол сүмтэй залгаа сүмийн дээврээс борооны ус гоождог байсныг тендерт шалгарсан компани засварлаж байна.

-Өмнө нь танай сүмд сэргээн засварлахаар олгогддог төсөв хөрөнгө гэж байсан уу, төсөвтэй болж байгаа юу?
-Чойжин ламын сүм музейд сэргээн засварлах ямар нэгэн төсөв байдаггүй. Сэргээн засварлагч гэж орон тоо байхгүй учраас ямар нэгэн үйл ажиллагаа хийх эрхгүй гэсэн үг.

-Чойжин ламын сүм музейн газрын асуудал өнөөдөр ямар байдалтай байгаа вэ? Танай газар дээр барилга барьсан хувийн компаниуд газраа чөлөөлж өгсөн үү?
-Засгийн газрын 2001 оны тогтоолоор манайх хоёр га газартай музей. Миний бие 2010 онд энэ байгууллагад захирлаар ирэхэд газрын гэрчилгээгүй, кадастрын зураггүй явж ирсэн байсан. Хотын төвийн А бүсэд байгаа түүхэн дурсгалт газар ийм байж боломгүй гэж хайж яваад 609,5 метр квадрат буюу ганцхан гол сүмээр нь хийчихсэн кадастр олж авсан. Ингэж хөөцөлдөж явсаар бид газраа нэг га болгож чадсан. Нэг га гэдэг маань манай хэрмэн хашаан доторх юм. Дээрх Засгийн газрын тогтоолыг Хууль зүйн яамаар шалгуулсан. Шалгуулахад 2001 оны тогтоол хүчинтэй байгаа гэсэн хариуг авсан учраас бид сүм музейн газрыг хоёр га-гаар нь тогтоож өгөөчээ гэдэг асуудлыг зохих байгууллагуудад тавьсан.Гэтэл аль хэдийнэ 4-5 байгууллага энэ газар дээр байшин барилгаа барьчихсан байсан. Газрыг нь давхцуулаад олгочихсон.
Эцэст нь бид ямар ч байсан хоёр га-гаараа газрын гэрчилгээтэй, кадастрын зурагтай болж чадсан. Гэтэл энэ гэрчилгээг манайд тавхан жилийн хугацаатай олгосон. Энэ хугацаа нь 2015 онд дууссан. Гэрчилгээгээ сунгуулахаар хандтал манайх газрынхаа асуудлаар дөрвөн байгууллагатай шүүхийн маргаантай байсан. Ингээд бид 10 жил явлаа. Манайх баруун өмнө байсан жижиг улаан байшинг болон баруун хойно байсан байшинг буулгуулсан. Арван жилийн турш гурван шатны шүүхээр явж байж манай газрын асуудал шийдэгдлээ. Гэтэл манай сүмд хуульч өмгөөлөгчийн орон тоо байхгүй. Том том компанитай газрын давхцалын асуудалтай, тэдний өмгөөлөгч гэж ямар хүмүүс байх нь тодорхой. Олон байгууллагад хандсаны эцэст Сүхбаатар захиралтай “Монгол өмгөөлөгч” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүйгээр манайхыг өмгөөлж өгөхөөр болсон. Өнөөдөр ийм байдалтай л явж байна.

-Одоо ямар асуудал үлдэв?
-Одоо манай хойно байгаа “Блю скай” манай эзэмшлийн талбай дээр машины зогсоол ажиллуулдаг. Энэ газрынхаа төлөө манайх бас шүүхэд хандсан байна. Улс гэж байгаа бол, бодлого гэж байгаа бол соёлын нандин өвийнхөө газрыг эргүүлж авна гэдэг зарчмаар хандаагүй газаргүй хөөцөлдөж ажиллаж байна.

 


Шашны аяллаар жуулчдыг татах боломж байгаа

Эрдэнэ Зуу музейн захирал Н.Төмөрбаатар

 

-Эрдэнэ Зуу музейд насжилтаас үүдсэн цууралт, суулт гэх зэрэг эрсдэл үүсэх нь хэр зэрэг байгаа вэ?
-Эрдэнэ Зуу хийд маань 430-аад жилийн түүхтэй соёлын өв болсон барилга. Байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалсан суулт өгөх, цуурах зэрэг гэмтлүүд гардаг. Сүүлийн жилүүдэд засварын ажлууд хийгдэж байгаа ч бүрэн хэмжээнд хийгдэж чадахгүй байгаа. Хамгийн анх 1945 онд улсын хамгаалалтад авч нэг, дараа нь 1966 онд музей болоод мөн 1970 оны орчим сэргээн засварлалт хийгдсэн байдаг.

-Өнөөдөр танай музейг хамгаалж хадгалахад гол бэрхшээл нь юу байна вэ?
-Аялал жуулчлалын бүс буюу хэд хэдэн тусгай хамгаалалтын бүсэд байдаг учраас гайгүй. Шашны үйл ажиллагаа хамт явагддаг учраас сүсэгтэн олны буруу, мухар сүсэг бишрэлээс үүдсэн эрсдэл маш их байдаг. Хэчнээн анхааруулга самбар тавиад ч нэмэргүй сүү цагаан идээ, тос наах, цацах гэх мэт барилгын чанар үзэмжинд маш муугаар нөлөөлж байна.

-Аялал жуулчлалаас олсон орлогоо музейн хадгалалт, хамгаалах зэрэг үйл ажиллагаанд ашиглах боломж байдаг уу?
-Энэ жилээс хоёр сайдын хамтарсан шийдвэр, тогтоол гарлаа. Соёл урлагийн байгууллагуудын олсон болон нэмэлт орлогоо өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглах эрх нээгдэж байна. Энэ нь музейн хадгалалт хамгаалалт, нөхөн сэргээлт, эрдэм шинжилгээний ажилдаа зарцуулах боломж нээгдэж байна.

-Аялал жуулчлал талаасаа танайх ямар ажлууд хийж байгаа вэ?
-Хархорин, Эрдэнэ зууг түшиглэсэн Торгоны зам, Туурайн төвөргөөн зэрэг эвэнт арга хэмжээнүүдийг хамтарч хийж байгаа. Мөн шашны аяллаар жуулчдыг татах боломж байгаа.

 

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com