Ардчиллын дууч, сэтгүүлч С.Цогтсайхан агсны гэгээн дурсгалд зориулсан "АМЬДРАЛ, ТЭМЦЭЛ, УРАН БҮТЭЭЛ" ном уншигчдын хүртээл болсон билээ. энэ номонд түүний нийтлэлүүдийг эмхэтгэн оруулсан байна. манай сонин уг номонд орсон нийтлэлүүдээс цувралаар хүргэж байна.
Амьдралдаа олон янзын доромжлол амсч явлаа. Тэр болгоныг тэсдэг л байлаа. Харин энэ л доромжлолыг тэсэх арга байсангүй, өөрийн эрхгүй үзгээ шүүрч авсан минь энэ. ӨГҮҮЛЭХ НЬ: Өнгөрсөн хавар, оюутны нэг өрөөнд загасны шөл, шарсан төмсөө хувааж идэж явсан орос нөхөр Филонов маань Монголд ирээд зочид буудалд байрласан байлаа. Аз дутахад бид орой уулзсан бөгөөд маргааш өглөө нь тэр буцах ёстой ажээ. Анд минь аяншиж алжаасан нь илт. Дотнын хүн эх оронд минь ирчхээд байхад би гар бариад явуулчхаж чадсангүй. Гэнэт уулзсан болохоор бэлтгэсэн юмгүй. Чухам ийм үед л хүний хэрэгцээг хангахаар “ресторан” гэгч үүсч хөгжсөн санагдана. Гэтэл манай улсын хэмжээнд 22 цаг хүртэл ажилладаг ресторан байдаггүй, аль нь ч гэсэн гуанзны нэгэн адил 20 цаг өнгөрөөд хаачихдаг юм байна. Энэ үүднээс авч үзвэл, манайх дэлхийд цор ганц “ресторангүй” улс мөн. Үүгээрээ “бахархаж” болно.
Филонов бид хоёрт үйлчлэх учиртай зочид буудал маань 22 цагт үүдээ янгинатал түгжээд эзгүйрчээ. Үүнд нөхөр минь гайхсангүй. “Бааранд оръё” гэлээ. Эх орныхоо эзэн нь гэж боддог би ихэд гайхаж, Монгол Улсад маань баар гэгч үйлчилгээ бий эсэх талаар баахан эргэлзэв. Аз болж, “баар” гэгч нь байхаар барахгүй, ая дуу болж, ард түмэн цэнгэж байгаа нь дуулдав. Өөрийгөө ихэд хоцрогдсонд тооцож, нөхрийн араас босго давбал,
-Та хаачих нь вэ? Зогс гэсэн дуу гарч бадируун гар баруун мөрнөөс атгаад авав. Хэдэн жилийн өмнө хоол идэхэд халбага сэрээнээс гадна бичиг баримт хэрэг болдог байсныг санаж, үнэмлэхээ үзүүлбэл: -Чи чинь монгол байна шүү дээ. Аль вэ, зайл гэлээ. Харин орос андыг минь уриалгахан залж “орогтун” гэх юм. Ингээд анд нөхөр бид хоёрыг нэвт харагддаг хэрнээ ойртож болдоггүй аймшигт шилэн хаалга тусгаарлав. Учрыг лавлавал, энд монгол хүнийг оруулдаггүй юм гэж монголоор хэлэв.
-Негр хүнийг оруулах уу? гэвэл
-Оруулна. Монголоос бусад дэлхийн бүх хүнийг оруулна гэлээ. Тэгээд бахтай нь аргагүй хөхөрлөө.
-Та монгол хүн үү?
-Тийм ээ, би жинхэнэ халх хүн... Энэ үед үсээ шараар будсан монгол хүүхэн миний хажуугаар тов тов алхалсаар ороод явчхав.
-Энд монгол хүн ордог байх нь ээ?
-Харсаар байтал монгол биш байгаа биз дээ?! гэх нь тэр. Уг нь би монгол хүн болж төрсөндөө гутарч үзээгүй юм сан. Монгол хүн, хүнээс дорд үзэгдэх цаг “социализм” гэгч хүн төрөлхтний эрхийг дээдэлдэг нийгэмд, тэр тусмаа эх орондоо ийнхүү тохиосон нь зүрхийг минь зүсэв.
Гэтэл бас Филонов! Түүнийхээ нүүрийг яаж харна? Миний үргэлж магтан дуулдаг Монгол орны тухай, монгол хүний тухай тэр ямар бодолтой үлдсэн бол?! Тэр чигтээ гүйгээд гэртээ харив. Орос анд минь араас олонтоо хашхиран дуудсан авч эргэж очих нь утгагүй санагдсан. Эрхтэй, эрхгүй хоёр хүний яриа нийцэхгүй биз ээ. Үүгээр “Баар” хэмээх газар үзсэн монгол миний доромжлол дууссангүй. 1989 оны аравдугаар сарын 12-ны өдөр (хаширсангүй) бас л тус зоогийн газар орж, холимог хуурга захиалав. Зэрэгцээ ширээний хүмүүс герман улсад үйлдвэрлэсэн шар айраг уух нь соньхон. Би хоол захиалахын сацуу нэгэн шил шар айраг захиалбал “болохгүй” гэсэн хариу сонсов.
-Яагаад?
-Яагаад гэвэл та монгол хүн байна.
-Монгол ч гэсэн хүн биз дээ?
-Монгол хүнд шар айраг өгөхгүй. Та намайг уурлаагүй дээр хоолоо авахаа бод.
Ээ халаг, юутай их шоовдорлол вэ?! Өөдөөс минь харж суусан орос залуу учрыг гадарлав бололтой нүд ирмэж байна. Тэр Москвагийн циркт ажилладаг Олег гэдэг залуу байсныг хожим нь би мэдсэн юм.
Олег:
-Чи надад мөнгөө өгчих. Чамд шар айраг аваад өгье. Авч өгсний хөлсөнд хувь хүртээнэ биз дээ? гэлээ.
Би түүнд мөнгө өгөв. Ингээд тэр эзний ёсоор хоёр шил шар айраг захиаллаа. Царайлаг монгол бүсгүй үйлчлэгчийн ёсоор үйлчиллээ. Би чингэж хулгайн маягаар хоёр аяга шар айраг уулаа. Үйлчлэгч бүсгүй хариулт мөнгийг шууд надад өгч байгаагаас үзвэл учрыг ойлгожээ. Би түүнээс:
-Монгол хүн ийм доромжлол хүлээж суугаа нь чамд ямар санагдаж байна вэ? гэхэд
-Эвгүй л байна. Гэхдээ дээрээс ингэ гэсэн дүрэмтэй юм чинь би яах билээ??! гэсэн юм.
ТУНГААХ НЬ: Шөнө бүрий холхидог сэгсгэр шар үстэй хэн нь мэдэгдэхгүй хүүхнүүдийг эс тооцвол “Улаанбаатар” зочид буудлын “Баар” гадаадын хүндэт зочдод зориулагдсан ажээ. Тэгвэл монгол хүнд зориулсан “Баар” хаана байна вэ? “Байна” гэж хэлэх хүн гарах л байх аа. Гэвч тэр нь сайндаа 20 цаг 30 минут хүртэл ажилладаг болохоор “Баар” нэртэй гуанз юм. Учир иймээс монголчууд хэн хэнийхээ хэрэгцээг хангахаар, гадаадынхны цэнгэж суугаа Баарын гадна нэг шил архийг 100 төгрөгөөр худалддаг гэнэ.
Ер нь монгол хүн оройн 21 цагаас хойш ууж идэх, наргих цэнгэх эрхээ хасуулсан юм бол түүнийг хууль тогтоомжиндоо оруулах нь зүйтэй. Тэгж эс болно гэвэл байгаа “Баарнуудаа” зориулалтынх нь дагуу 24 цаг хүртэл ажиллуулдаг болоосой. Хүнийг 03 цаг хүртэл ажиллахад хөхиүлдэг хэрнээ 24 цаг хүртэл наргихад нь хааж болно гэдэг халаглал. Нэгэн ухаантан цэнгэлгүй улсыг дэлхийн хамгийн адгийн ард түмний тоонд оруулсан байдаг. Бидний ярих дуртай “интернационализм, тэгш эрх” гэсэн үг үнэхээр хоосон лоозон л биш юм бол монгол хүний цэнгэл бусадтай адил байх шаардлагатай бус уу? Бидний цөөхөн монгол бие биенээ хайрлаж хүндэтгэхгүй аваас бусдын элэг доог болно биз дээ. Төгсгөлд нь хэлэхэд Югослав улсын тусламжаар байгуулж буй зочид буудлыг “Чингис” гэж нэрлэх саналыг би эсэргүүцэж байна. Яагаад гэвэл “Чингис” зочид буудлын “Бааранд” ч юм уу, зоогийн газарт монгол хүнийг мэдээж оруулахгүй. Хот хөдөөгөөс өтгөс хөгшид маань “Чингис”-ээ гэсээр ирнэ. Гэтэл өмнөөс нь “тусгай үйлчилгээтэй”, “зөвхөн гадаадын зочдод үйлчилнэ” гэсэн бичиг хадаастай угтвал тэд маань яаж гонсойхыг төсөөлөхөд амархан биш үү! “Чингис” буурчийн өргөөндөө монгол хүн доромжлуулаад гарахдаа юу бодох бол? Биднээс гадна өвөг дээдсийн маань яс өндөлзөх биз ээ.
Ингэхээр монгол хүн бүрэн эзэн нь байж чаддаг газраа л “Чингис” гэж нэрлэе. Өнөөгийн монголчууд бид өөрийгөө бусдаас доогуур тавьж сурчээ. Юутай доромжлол, юутай харамсал!
1989 он