Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Хар, саарлыг сүлжилдүүлсэн Монгол

 Өнгөрсөн хагас сайнд нэг найзтайгаа уулзахад "Саарал жагсаалт"-аас болж, түр гацаад байсан хөрөнгө оруулалт "Хар жагсаалт"-д орсноос үүдэж бүрэн цуцлагдлаа гэж байна хэмээн эдийн засагч Б.Дөлгөөн саяхан фэйсбүүктээ бичиж байлаа. “Эдийн засгийн хямралын үед ядаж өөрсдөөс шалтгаалах зүйлээ бид сайн хиймээр байна. Эхний ээлжид ФаТФ-ын саарал жагсаалтаас гарах арга хэмжээг эрх баригчид авчихвал, хар жагсаалтаас гарахад илүү амар болно. Аргачлал дээрээ ч гэлээ бас ингэж орсон байна лээ” хэмээн тэр тайлбарласан юм.

ФАТФ-ын тухай хэдэн үг

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (Financial Action Task Force буюу ФаТФ) нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэхтэй тэмцэх, дэлхийн санхүүгийн системийг хамгаалах бодлого боловсруулж дэлгэрүүлэх үүрэг бүхий Засгийн газар хоорондын хараат бус байгууллага юм. ФаТФ-аас гаргасан зөвлөмж нь дэлхий нийтийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стандарт гэж хүлээн зөвшөөрөгддөг. ФаТФ нь их долоогийн уулзалтаар 1989 онд байгуулагдсан. Одоогоор 35 өндөр хөгжилтэй улс, хоёр бүс нутгийн холбооны гишүүдтэй бөгөөд бүс нутгийн байгууллагуудаар дамжуулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.
ФаТФ-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх 40 зөвлөмжийг улс орон бүр биелүүлэх үүрэгтэй. Энэ зөвлөмжийн биелэлтийг ФаТФ-ын бүсийн байгуул­лагаас тодорхой давтамж­тайгаар харилцан үнэлж, тайлан гаргадаг. Харилцан үнэлгээний тайлангийн дүгнэлтээр тухайн улс зөвлөмжийг биелүүлэх хүсэл сонирхолгүй эсвэл биелүүлэхээс татгалзвал өндөр эрсдэлтэй гэж дүгнэн “саарал” болон “хар жагсаалт”-д оруулж анхааруулах арга хэмжээ авдаг байна.
“Саарал жагсаалтад” орох нь улс орны санхүүгийн системд, улмаар нийт эдийн засагт ноцтой эрсдэл учруулна. Тухайлбал, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах, гадаад зах зээлээс хөрөнгө босгох боломж хумигдах, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө татах зардал нэмэгдэж, банкуудын гадаад гүйлгээ зогсох, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ханш өсөх зэрэг үр дагавартай.

Саарал жагсаалтаас гарах уу?

Хар жагсаалтаас гарах­ын тулд эхлээд саарал жагсаалтаас гарах учиртай. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тавдугаар сарын 29-нд “ФаТФ-аас өгсөн зургаан үүрэг даалгаврыг ажлын хэсэг энэ оны тавдугаар сард цахимаар тайлагнан, амжилттай хамгаалсан болохыг өчигдөр албан бичгээр ирүүллээ. Манай Улс саарал жагсаалтаас гарах боломжоо бүрдүүлж чадлаа” хэмээн жиргэсэн.
“Монгол Улс саарал жагсаалтаас гарах нөхцөл бүрдлээ. ФаТФ-ын Ажлын хэсгээс Монгол Улсад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр өгөгдсөн зургаан арга хэмжээг “Бүрэн биелүүлсэн” гэж дүгнэлээ. Ази, Номхон далайн бүсийн Хамтарсан бүлэгтэй Хууль сахиулах байгууллагууд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Тагнуулын Ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, мэргэжлийн холбоод зэрэг нийт 17 байгууллагын 37 хүний бүрэлдэхүүнтэй баг цахим хуралд оролцож, өгөгдсөн бүх үүрэг даалгавраа амжилттай хамгааллаа” хэмээн тэрбээр тайлбарласан юм. Энэ бүхэн сонгуулийн сурталчилгааны нэг хэсэг байсан уу үнэхээр бид саарал жагсаалтаас гарахаар сайн дүн авсан уу гэдэг нь сонгуулийн дараа тодорхой болох вий. Эхэндээ гадаадын хэвлэлүүдээр “Европын холбооны “Хар жагсаалт”-д Монгол Улс орсон гэх мэдээлэл цацагдахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Албан ёсны мэдээлэл ирээгүй” хэмээн үгүйсгэсэн.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар чуулган дээр “Монгол Улс “Хар жагсаалт”-д орсон хэмээн хүлээн зөвшөөрч байлаа.
Эдийн засагч Х.Батсуурь “ФаТФ, ОУВС бүгд тус тусдаа байгууллага боловч нэг долгионтой юм. Европын холбоо ФаТФ, ОУВС бүгд нэг зорилго чиглэлтэй. Нэг ёсондоо бид саарал жагсаалтаас хар жагсаалт руу орж байна гэсэн үг. ОУВС-гаас манай улсад тодорхой үүрэг даалгавар өгсөн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ард түмнээ хуурсан мэдэгдэл хийж ирлээ. Ард түмнээ хуурч болдог юм шиг байна. Харин Европын холбоог хуурч чадахгүй. Нэгэнт хар жагсаалтад орсон тохиолдолд ФаТФ-аас тавьсан шаардлагуудыг биелүүлж байж гарах болов уу” хэмээн ярьсан удаатай.
Харин ДэФакто Д.Жаргалсайхан “Үнэндээ монголын шүүх засаглал саарал жагсаалтад орлоо гэсэн үг” хэмээн тайлбарлаж байлаа. “АТГ мөрдөж, шалгаад хэдэн зуун хэргийг шүүхэд шилжүүлэх хүсэлтээ прокурорт явуулдаг боловч, тав аравхан хувь нь шүүхэд очдог. Бусад нь яасан тухай прокурор иргэдэд тайлан тавьдаггүй. Шүүхэд очсон хэргүүд бараг бүгд л есөн шидийн шалтаг, шалтгаанаар шүүх хурал нь хойшилсоор, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад хаагддаг гажиг зуршил тогтчихсон. Энэ бол шүүх тогтолцоо шударга үнэнд биш, авлигачдад үйлчлэх болсныг тод харуулж байна. Монгол Улсын прокурор, шүүхийн систем авлигачдын гар хөл болсноос мөнгө угаах хэрэг газар авч, улс дотроо шийдэж чадахгүй хэмжээнд хүрч олон улсын байгууллага саарал жагсаалтад оруулсан нь энэ” хэмээн тэр дүгнэсэн.
ФаТФ-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG) нь Монголд хөндлөнгийн, хараат бус эксперт явуулж 2017 онд мөнгө угаалтын байдалд үнэлгээ хийсэн юм. Тэдний тайланд юунд анхаарах, засахыг тодорхой зөвлөжээ. Харин тэдгээр зөвлөмжийг төр засаг бүрэн биелүүлж чадаагүй учир Монгол Улс саарал жагсаалтад орсон байна.
Уг тайланд юу онцолсныг Д.Жаргалсайхан ийнхүү тодорхойлсон. “Монгол Улс мөнгө угаах гэмт хэргийн аюулд өртөж болохуйц эмзэг байна. Хамгийн өндөр эрсдэлтэй нь залилан, байгаль орчны гэмт хэрэг, татвараас зугтах, авлига байна. Дунд зэргийн эрсдэлтэй нь хар тамхи, хууль бусаар бараа хил давуулах, зохион байгуулалттай гэмт хэрэг, банкны зохицуулалтын эсрэг гэмт хэрэг, хулгай дээрэм гэжээ.
Дээрх төрлийн гэмт хэргүүдээс олсон орлогоо Монголд болон гадаадад угааж байна. Орлого нь Монгол дотроо үл хөдлөх хөрөнгө, автомашин,тоног төхөөрөмж, хэрэглээний бусад өндөр үнэтэй зүйлс худалдаж авахад зарцуулагдаж байна.
Мөн хуулийн этгээдээр дамжуулан барилгын салбарт мөнгө угааж байна. Авлигын мөнгийг голдуу гэр бүлийнхээ гишүүдийн банкны дансаар авдаг. Тэгээд гадаадын банк, оффшор данс, бусад санхүүгийн байгууллагууд руу шилжүүлж байна. Зарим тохиолдолд банкны системээр дамжуулан буцааж Монголд оруулдаг. Монголын хамгийн эмзэг нь банкны салбар” гэж л дээ.
Харин манай эрх баригчид саарал жагсаалтад орсны хамаг лайг Монгол банкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргад үүрүүлж, орхисон. Хоёр дарга солигдсоноор асуудал нь цэгцрэх нь юу л бол. Харин эрх баригчид энэ удаа хар жагсаалтад оруулсан буруутныг тодруулж, хэн нэгэн албан тушаалтнаар туг тахисангүй. МАН-ын засагласан он жилүүдийн төгсгөлд Монгол Улс хар, саарал жагсаалтад орж, өрөнд баригдаж, асуудал, хямралтайгаа сонгуулийн босгон дээр тулж ирлээ. Хямрал дундах улс орныг цэгцлэх үүрэг дараагийн Ерөнхий сайдад ногдох нь байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com