Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
АХМАДААСАА ГУРАВ ДАХИН ОЛОН ЗАЛУУ БҮГД САНАЛАА ӨГВӨЛ ТӨР ЭРГЭНЭ

Хэдхэн хоногийн дараа Монгол төрийн сонгууль боллоо. “Солихгүй бол сонгуулиар яадаг юм” гэдэг хэлц үг хүртэл гарчээ. Сонгууль гэдэг сонгох гэдэг үгээс гаралтай. Сонгогдож буй хүмүүс нь солигддог ч харин сонгож буй хүн амын бүтцэд нэг их өөрчлөлт гардаггүй. Хүн амын бүтцэд ордог үндсэн өөрчлөлт 18 нас хүрээгүй хүмүүс нэмэгдэнэ, өтөл насанд очсон хүмүүс бурхны оронд одсон бол хасагдана. Бусад нь амьд мэнд яваа бол ерөнхийдөө сонгох эрхээ эдэлнэ. Гэхдээ 2020 оны сонгуулийн хувьд гадаадад амьдарч буй монголчууд болон коронавирусийн хөл хорионд байгаа иргэд зэрэг хэсэг бүлгийнхний сонгох эрх “хоригдож” үндсэндээ товчхон сонгууль болох бололтой.
Харин “хэн сонгууль өгч 76 түшээг сонгоод байна вэ?” гэдэг дээр дараа нь жинхэнэ нутаг жалгаараа үзэлцдэг тал бий. Мөн шинэ залуу үеийнхэн, эмээ өвөөгөөрөө сонгууль өгүүлдгээс болж үеийн үед хөгшдийн төлөөлөл төр барьж байна гэсэн яриа ч байдаг. Дөрвөн жилийн өмнө, түүний өмнөх дөрвөн жилд ч сонгууль өгч байсан хүний үзэгний үзүүр хаашаа эргэнэ төр тийшээ эргэх магадлалтай. Учир нь сонгуулийн насныхан нүүгээд явчхаагүй хойно сонголт л мэдэх хэрэг ажээ. Сонгогдох хүнийг, сонгох хүн нь солих бүрэн эрхтэй байна гэсэн үг.

Тиймээс сонгуулийг хэдэн настай, ямар хүйстэй хүмүүс өгдөг вэ гэдэг дээр бяцхан ажиглалт хийхийг оролдлоо. Монгол Улсын сонгогчдын сонгуулийн идэвх нь, нас ахих тусам нэмэгдэж байгаа доорх зургаас харагдана. Гэхдээ хүн амын насны бүтцээр нь харах юм бол бидний “хэнхэг” хэмээдэг ахмад настнуудын тоо хүн амын бүтцэд харьцангуй бага жин дарж байх юм. 2016 оны сонгуулийн жилд ойролцоогоор 192 мянган залуучууд 18-21 насны бүлэгт дэвшиж сонгууль өгөх эрхтэй болсон бөгөөд 18-25 насны залуучуудын 46.7 хувийг эзэлж байна. Гэхдээ сонгууль өгсөн байдлаас нь харахад 18-25 насны залуучуудын сонгуулийн идэвх хамгийн муу байна. Энэ насны залуусын хоёр хүн тутмын нэг нь өнгөрсөн сонгуулиар саналаа өгөөгүй гэсэн үг. Насны бүлэг ахих тусам сонгуулийн идэвх нэмэгдэж байгаа бөгөөд 60-аас дээш насныхны хувьд 100 хүн тутмын 97 нь санал хураалтад оролцжээ.
Гэхдээ 65-аас дээш насныхан хүн амын хамгийн бага хувийг эзэлнэ. Тухайлбал 2019 оны байдлаар 20-24 насныхан 240 орчим мянга байхад 60-64 насныхан 96 мянга гаруй байна. Мөн 25-29 насныхан 277 мянга байгаа бол 65-69 насныхан 55 мянга, харин 30-34 насныхан 300 мянга орчим бол 70-аас дээш настнууд 80 мянга байна. Эндээс харахад залуусын хүн амд эзлэх жин ахмад настнуудаас хэд дахин их байна. Харин 2016 оны сонгуулийн дүнгээс харахад сонгогчдын хүйсийн хувьд эмэгтэйчүүдийн 76.6 хувь, эрэгтэйчүүдийн 70.6 хувь сонгуульд саналаа өгчээ. 2016 оны сонгуулийн энэ ирцээр “Энэ нь эмэгтэйчүүд илүү хариуцлагатай, илүү идэвхтэй байгааг илтгэж байна” хэмээн дүгнэжээ. Учир нь хүн амын судалгаанаас харахад сонгуулийн насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээсээ нас нь ахих тусам олон болж байгаа юм.


Жишээгээр тайлбарлая. Сүүлийн 10 жилийн судалгааг харахад эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээсээ 2-4 мянгын хооронд олон төрдөг байна. Гэтэл яагаад ч юм өсвөр наснаасаа эхлэн монгол эрчүүдийн тоо цөөрсөөр өтөл насанд хүрэхэд ганц хоёр мянга биш арваад мянгын зөрүүтэй болж байна. Санамсаргүйгээр 2012 оныг харахад 0-4 насны хүүхэд эрэгтэй нь 154 мянга, эмэгтэй нь 150 мянга байснаа 15-19 насанд хүрэхдээ эрэгтэй нь 125 мянга, эмэгтэй нь 127 мянга болсон байв. Харин 40-44 насанд хүрэхдээ эрэгтэй нь 94 мянга, эмэгтэй нь 103 мянга болжээ. Энэ хүмүүс 70-аас дээш насандаа эрэгтэй нь 28 мянга, эмэгтэй нь 41 мянга болсон байв. Эрчүүдийн ихэнх хувь нь хаачих нь энэ вэ? Үүний цаана сонгогчийн санал өгөх асуудлаас “өөр асуудал” нуугдаж байгаа нь харагдана. Ялангуяа жил жилийн хүн амын тоог харахад хөвгүүд өсвөр насандаа охидоосоо цөөрдөг байх юм. Эмэгтэйчүүд идэвхтэй болохоороо илүүтэйгээр сонгуульд оролцоод байна гэж дүгнэх нь өрөөсгөл. Эрчүүд эмэгтэйчүүдийн сонгуульд хандах хандлага бараг ижил гэхэд буруудахгүй.


Харин өмнө өгүүлснээр 18-25 хүртэлх насныхны сонгуулийн ирц 50 хувьтай байдаг бол 60-аас дээш насныхны ирц бараг 100 хувь шахам байна. Гэхдээ залуус ахмадуудаасаа гурав дахин олон. Ийм л сонгууль болдог байх нь.
Сонгогчдын хувьд сонгуульд хандах хандлага нь хүйсээсээ биш нас, боловсролоосоо их хамаардаг аж. Гэхдээ их сонирхолтой дүр зургууд ч бас байна. УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээс харахад санал хураалтын оргил цаг нь өдрийн 13.00 цаг байна. Энэ цагт 152.8 мянган хүн саналаа өгч, 11-15 цагийн хооронд нийт санал өгсөн сонгогчдын 47.3 хувь буюу 673.6 мян хүн санал хураалтад оролцсон байна. Монголчууд яагаад их үдэд сонгуулиа өгдөг юм бол. Хүмүүс зав муутай оройтож унтаж бас оройтож босдог. Сонгуулийн өдөр нийт хүмүүс амардаг учраас хангалттай унтаж аваад босч хоол цайгаа идээд сайхан аашаа хөдлөхөөр сонгуулийн санал авах байрыг зорьдог ч байж болох юм. Харин энд нэг дэмий жишээ дурдахад оройтож харуй бүрий цагаар саналаа өгөхөөр яваа ганц нэг, хэсэг бүлэг хүн саналаа өгөхөөсөө илүүтэй өөр юм хайж явах магадлал өндөр байдаг гэсэн шүү.
Намар орон нутгийн сонгууль болно. Бас л адилхан хариуцлагатай сонгууль. Орон нутгийн сонгуульд сонгогчид хэрхэн ханддаг вэ? Сүүлийн үеийн судалгаагаар орон нутгийн сонгуульд сонгогчдын нас ахих тусам сонгуулийн идэвх нэмэгдэж байгаа гэжээ. 2016 оны сонгуулийн жилд ойролцоогоор 16.9 мянган залуус 18-21 насны бүлэгт дэвшиж сонгууль өгөх эрхтэй болсон нь 18-25 насны залуучуудын 43.6 хувьтай тэнцэж байна. Мөн л 18-25 насны залуучуудын сонгуулийн идэвх хамгийн муу буюу 32.6 хувьтай байна. 26-40 насны хүмүүсийн 35.9 хувь, 41-55 насны хүмүүсийн 49.0 хувь нь сонгуулийн санал хураалтад оролцсон байна. Сонгуулийн идэвх хамгийн өндөр 56, түүнээс дээш насны сонгогчдын идэвх 66.0 хувь байжээ. Хүйсийн хувьд эмэгтэйчүүдийн 49.4 хувь, эрэгтэйчүүдийн 41.7 хувь сонгуульд саналаа өгсөн байна. Их хурлын сонгуультай бараг төстэй дүр зураг.


Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2020 оны хагас жилийн байдлаар Монгол Улсын нийт хүн ам 3,296,866 түүнээс эрэгтэй нь 1,619,573, эмэгтэй нь 1,677,293. Эмэгтэй нь эрчүүдээсээ жараад мянгаар илүү.
Гэхдээ Улсын Их Хурлын гишүүн болон төрийн яам агентлагт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл нь 15 хувь ч хүрдэггүй. Энэ тоо бас л нэгийг өгүүлнэ. Жишээ нь 2012 оны УИХ-ын сонгуульд 11 нам, хоёр эвслээс болон бие дааж нийт 544 хүн нэр дэвшсэнээс 354 нь сонгуулийн 26 тойрогт нэр дэвшиж, үүнд 84 эмэгтэй өрсөлдсөнөөс зургаан эмэгтэй ялалт байгуулсан бол жагсаалтын 190 нэр дэвшигчийн 90 нь эмэгтэй байснаас таван эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогджээ.
Энэ удаагийн УИХ Ардчилсан үндсэн хууль батлагдсанаас хойш хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүнтэй байгаа. 2012 оны Улсын Их Хуралд 11 түүний өмнөх 2008 онд ердөө ч гуравхан эмэгтэй гишүүн сонгогдож байжээ.


Энэ жил нийт 606 нэр дэвшигч УИХ-ын сонгуулийн тухай хуулиар өрсөлдөж байна. Үүний 455 нь буюу 75 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24,9 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна. Энэ тоог 2016 оны Улсын Их Хурлын сонгуультай харьцуулахад нийт эмэгтэй нэр дэвшигчдийн тоо нэг хувиар буурчээ. 2016 онд 498 нэр дэвшигчид байсан бөгөөд тэдний 74 хувь нь эрэгтэй, 26 хувь нь эмэгтэй байсан аж.
Сонгогчдын олонх нь эмэгтэйчүүд харин төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллахаар нэр дэвшиж буй хүмүүсийн дийлэнх нь эрчүүд. Тиймээс сонгогчид байгаа хүмүүсээсээ л сонгож таарна. ХХ зууны хоёрдугаар хагасаас дэлхийн эмэгтэйчүүд улс төрд хангалттай оролцож чадахгүй байгааг шүүмжлэн тэмцэх болсон билээ. Энэ хандлага руу манай улс аажуу ч гэсэн дөтөлж л явна. Гэхдээ эмэгтэй нэр дэвшигчдийг гаргасангүй гэхээсээ илүү өөрсдөө өрсөлдсөнгүй, өрсөлдсөн нэгийгээ эмэгтэйчүүд нь дэмжихгүй байна гэх буруутгалыг эмэгтэйчүүд өөрсөд дээрээ тохох нь зөв гэдгийг судалгаанууд харуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com