Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Дуугүй тэмцэгч туйлдаж байна

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт арван жилийн өмнө шинээр баригдсан нэгэн байранд өрх тусгаарлан аж төрдөг М.Мягмарсайханы гэрээр уншигчдадаа зочлуулъя. Түүний нас 41, эхнэр гурван хүүхдийн хамт аж төрдөг. Мэргэжлийн урлагийн байгууллагад 14 настайдаа дагалдан жүжигчин болж, 18 настайдаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цолыг тогтоосон рекордоороо хүртсэн авьяастан. Гэргий нь сэтгүүлч. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсч, оюутан байх дөрвөн жилтэйгээ нийлбэл 17 жил ажил хөдөлмөр эрхэлж яваа бүсгүй. Тэдний амьдрал жирийн. Гэхдээ хорвоогийн аливаа сайхан жаргал гэрт нь цэцэглэж, үрс нь өсч, өндийн өөрсдөө ч илүү шуналгүй, байгаадаа сэтгэл хангалуун явна. Энэ нийгмийн жирийн нэгэн айлын хувьд дундажийн хэмжээнд амьдрахыг хичээх ч зүй бус тогтолцоо тэднийг ядуугийн гишгүүр лүү үргэлж түлхдэг.

Санхүү

Тогтмол ажил эрхэлдэг эхнэрийн цалин энэ айлын хувьд хамгийн баталгаат орлогын эх үүсвэр. Нөхөр нь чөлөөт уран бүтээлч учраас захиалгат тоглолт, гадаадад ажиллах гэрээ, уран бүтээлийн орлого ашгаас санхүүждэг. Арван жилийн өмнө жилийн найман хувийн хүүтэйгээр Төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц хөтөлбөрт хамрагдаж байртай болсон тэдний хувьд эдийн засгийн хамгийн том үзүүлэлт нь энэ. Унах унаатай. Нийтийн жишгээр хамгийн бага шатахуун зарцуулдаг Приус маркийн автомашин унадаг. Лизингээр аваагүй учраас сар бүр төлөлт хийнэ гэх асуудалгүй. Гэхдээ тэд өмнө нь хоёр ч удаа лизингээр машин авч байсан бөгөөд үндсэн төлөлтөөс давсан хүү нь маш их чирэгдэл учруулсан учраас зээлээр машин авахгүй байхыг хичээх болжээ. Залуу гэр бүлүүдийн давдаг даваа, эдэлдэг аз жаргал, туулдаг зовлон зүдгүүрийн бүгдийнх нь ард тэд мөр даран гарсан. Монголын өнөөгийн нийгэм залуу хүн болоод залуу гэр бүл, хөдөлмөрч жирийн нэгэн айлд хүртэл ямар ээлгүй байгааг ойлгуулахын тулд ерөнхий дүр зураглалыг энэ хүртэл нуршлаа. Энд бас нэг зүйл онцолбол энэ өрхийн тэргүүн архи огт хэрэглэдэггүй. Тэгэхээр архи ууж, өрхийн орлогоосоо үрдэггүй, аливаа нэг буруу зуршлаар санхүүгээ хүндрүүлдэггүй давуу талтай.

Тооцоо

Сарын цалин болоод нэмэлт орлогоо дунджилбал сард 2.200.000 төгрөг болно. Мэдээж зарим сард үүнээс бага байх нь бий. Нэмэлт орлоготой буюу нөхөр гадагшаа гэрээт тоглолтоор явсан үед үүнээс 2-3 дахин нугаларсан орлоготой байх тохиолдол бий. Өсөх насны гурван хүүхэдтэй айлд хувцас, тоглоом, гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл худалдан авах зардал нэлээд өндөр байдаг. Дундаж орлоготой сард татвар, НДШ-ээ төлөөд үлдсэн мөнгөнөөс байрны лизингэд 300 мянга, байр, цахилгаан, СӨХ, кабель, интернэт, гар утасны төлбөрт мөн л 300 орчим мянган төгрөг төлдөг. Зуслангийн байр түрээслэж тэндээ цахилгааны төлбөр төлж байгаа учраас үүн дээр мөн 300 мянган төгрөг нэмэгдэнэ. Шатахууны зардалд сард 200 мянган төгрөг зориулдаг. Өдөр тутам ажилд явдаг эхнэр нь хоол болон ойр зуурын зардалд 200 гаруй мянган төгрөг мөн л зарцуулна. Тухайн сард хэн нэгэн ойр дотнын хүний төрсөн өдөр болж, ажил явдал гарахгүй бол 100-200 мянган төгрөг хэмнэгддэг ч хэрэглээний зардал багагүй энэ айлд бэлэн мөнгө илүү гарч үлдэх нь ховор. 40+ настай болсон энэ өрхийн тэргүүний хувьд ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан байнга бэлтгэл хийж, спортоор хичээллэхийг чухалчилдаг. Тэрбээр гэргийнхээ хамт сард 80 мянган төгрөгийг фитнес зааланд төлдөг. Өдөр тутмын хэрэглээндээ 300 орчим мянган төгрөг нөөцөлдөг ч энэ нь хангалттай биш. Үүнд оройдоо хүүхдүүдээ зайрмаг эсвэл ундаа, өглөөд талх, боов авах мөнгө багтаж буй. Хамгийн сүүлд эднийх нэг гулууз хонины мах 270 мянган төгрөгөөр авсан. Энэ махыг сар хэрэглэх нормтой. Ингээд нөгөө дундаж гэж тооцсон хоёр сая гаруй төгрөг нь дуусна даа. Энд хувцасны зардал, гэр ахуйн хэрэглээний зүйлс багтсангүй. Тэгэхээр тогтмол орлогоосоо давсан нэмэлт мөнгө олох аргыг эхнэр, нөхөр хоёр үргэлж сийлнэ. Вок, саван, цэвэрлэгээний бодис, принтерийн хор, цагны зайнаас эхлээд өдөр, сараар тооцож авдаггүй зүйлс ч зөндөө. Ямартай ч мань хоёрт орлогоосоо давсан зарлага гаргах эрх байхгүй тул танах үедээ танаад, тавих үедээ тавиад л амьдарч яваа.

Хуримтлал

Хуримтлал гэдэг зүйл тэгтэй тэнцэнэ. Сар бүр хүүхдийн хадгаламжиндаа мөнгө хийхийг зорьдог ч илүү гардаггүй. Харин хүүхдэд улсаас олгодог 20 мянган төгрөгөө хуримтлуулж байгаа. Гурван хүүхдийнх нь хадгаламж тэдний өмч учраас ийшээ илүү харж билүү долоохгүйг хичээнэ. Нэг үе телевизор, угаалгын машинтай айл хүүхдийн мөнгөнөөс хасагдаж хагас жил гаруй хугацаанд энэ орлого тасалдсан. Өнгөрсөн жилээс эхлэн Засгийн газар есөн төрлийн зүйлд татвар ногдуулахдаа бяцхан иргэдийнхээ хадгаламжийн хүүг хүртэл хамруулчихсан. Татварын дараах орлогоосоо чадан ядан хүүхдийн хуримтлалдаа нэмэрлэх ч төр нь татвар авчихдаг болохоор шударга бусын харгуй тэдэнд ойр тодрон харагддаг.
Эхнэр, нөхөр хоёр хуримтлалтай болохыг хүсдэг ч одоогоор боломж бүрдэхгүй л явна. Өлсөөд ч хамаагүй хуримтлуул, олохдоо биш зарахдаа учир нь байдаг гэх теоромууд энэ айлын амьдралын жишээтэй лав нийцдэггүй. Үнэндээ байртай машинтай, эзэмшсэн мэргэжилтэй, онцгой авьяастай гэгдэх жирийн хос ингэж амьдарч байхад түрээсийн болон нийтийн байранд, энгийн хар бор ажил хийж зүтгэж байгаа монголчууд маань хэрхэн зовж буйг бодохоор зүрх шимширнэ. Тэд ажлын машин биш хүн шүү дээ. Хийсэн ажлынхаа үр шимээр хуримтлуулж, аялж, амьдарч, инээж, хөөрч, үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлж явах учиртай сан.

Иргэндээ ээлгүй төр

Эзэмшсэн мэргэжлийнхээ оройд нь биш ч тэргүүн эгнээнд нь ажиллаж байгаа тэдний хувьд санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан хамтдаа гадаадад хар ажил хийсэн түүх ч бий. Тэр улс нь Солонгос. Анх цагийн ажил хийчхээд наймхан цагийн дотор монгол мөнгөөр 170 мянган төгрөг олчхоод тэр хоёр хэчнээн их урамшсан гээ. Дараа нь бүр энэ цалингаа нөхөр нь дангаараа олдог болсон. БНСУ-д нэг цагийн ажлын хамгийн бага хөлс 8350 вон буюу 19200 төгрөг. Айл нүүлгэдэг ажил хийхэд нөхөр нь өдөрт 120-130 мянга вон буюу 270-280 мянган төгрөг олчихно. Эхнэр нь сарын 1.6 сая вон буюу 3.7 сая төгрөгийн цалин авч байсан. Солонгос дахь хүнсний бүтээгдэхүүний үнэ монголоос хол зөрүүгүй. Үхрийн цул мах 8000 вон буюу 17000 төгрөг байгаа. Ингээд бодохоор Монгол хэмээх сайхан эх орондоо бид ямархан хөдөлмөрийн мөлжлөг дунд амьдарч байна вэ. 700-800 мянган төгрөгийн цалингаараа хүргэн ядаж амьдарч байгаа биднийг нэг кг мах 12000-13000 төгрөгөөр авахдаа тултал нь хямраах ямар ч утга учир байдаг юм бэ дээ, ойлгомжгүй.
130 гаруй мянган монгол хүн гадаадад амьдардаг гэсэн тооцоо байдаг. Тэдний 40 гаруй хувь нь Солонгост бий. Гуравхан сая монголчуудаас ийнхүү сүрэглэн харийг зорьсон шалтгаан нь амьдрах орчин нөхцөл, орлоготой холбоотой.

Хахууль ба нууц орлого

Төрийн албан хаагчдын цалин бага ч боломжийн хэмжээнд амьдарч байгаа олон хүн бий. Тэд магадгүй нэмэлт орлогоор л ийнхүү аж төрдөг болов уу. Тэгвэл сурвалжилгын гол баатрын хувьд тийм боломж байхгүй. Түүний үзүүлбэрийг тоглуулахын тулд хэн ч хахууль өгөхгүй. Харин үнэ хөлсөө л тохирдог. Сэтгүүлч эхнэр нь ч ижил. Төрийн өмнөөс боож үхдэг оготнын үлгэрээр тэр шударга нийгмийг цогцлоохын төлөө зорьж яваа. Үр хүүхдүүд нь үлдэх хорвоод бурууг хийхгүй, бусдыг хохироохгүй, шударга бусаар хөлжихгүй гэж тэр зөрүүдэлснийхээ төлөө үе тэнгийн найз нөхдөөсөө зарим зүйлээр дутмаг, ядмаг яваа. Үүндээ ч нэг их гонсойдоггүй нь аз.

Эрүүл мэнд

Сар бүр цалингийнхаа хоёр хувийг улсын нийгмийн даатгалд төлдөг тэдний хувьд үүнээс хүртсэн үр шим бага. Яаралтай үед буюу гарцаагүй нөхцөл байдлаар төлбөртэй үйлчилгээ авах нь олонтоо. Хүүхдийн нэг шүд ломбодуулахад эмчилгээтэйгээ дунджаар 50 мянган төгрөг болдог. Тэгэхээр 11, 8, 2 настай гурван хүүхдийн шүдний эмчилгээ хэр их болохыг тооцох боломжтой. Нөхөр нь өнгөрсөн жил өвдөгний зөөлөн эдийн хагалгаанд орох болоод судлахад 5.000.000 төгрөг болохоор байсан. Азаар Швейцарьт гурван сар гэрээт тоглолт хийгээд тухайн үедээ тус улсад эрүүл мэндийн даатгал төлж, эргээд өвдөгний хагалгаагаа тэндээ даатгалаараа хийлгэчихсэн. Маш сайн анхаарч уншсан бол гуравхан сар эрүүл мэндийн даатгал төлснийхөө хариуд л ийм үйлчилгээ авчихсан хэрэг. Харин Монголд яах билээ? Тэд Монголд төлсөн ЭМД-аар энэ үйлчилгээг авч болох ч улсын эмнэлэгт хямддаа л 1.5 сая төгрөг зарцуулах байсан.
Эхнэр нь бага охиноо төрүүлээд 28 хан хонож байхдаа анх удаа нярайн шарлалтаас болж эмнэлэгт хэвтсэн. Хүүхдээ төрүүлэхээс бусад үед эмнэлэгт олон хонож үзээгүй түүний хувьд эмнэлгийн коридорт төмөр орон дээр хүүхдээ тэврэн хоносон хоёр шөнө, дараа нь арван ээж, 11 хүүхэдтэй өрөөнд амьсгаа бачууран үдсэн тав хоног аймшигтай байсан. Онц сурч, сайн ажиллаж, бүх сайнаараа хичээчхээд дөнгөж төрсөн нярайтайгаа хүртсэн түүний зовлон энэ.
Байгалийн баялаг, аманд багтахгүй том тоогоор яригдах орлого ашигтай улсын иргэн гэчхээд хүүхдээ арай дөнгүүр эмнэлэгт эмчилчихдэггүй төр засагтаа гомдон тэр бачуурсан. Саяхан бас охиноо эмнэлэгт авч хэвтэхдээ хүүхдүүд өлсч үхдэг улсад амьдарч байгаадаа эмтэрсэн. Үнэндээ аль ч Засгийн газар, ЭМЯ Монголд хүн өлсч үхэхгүй гэж мэдэгддэг ч аажим аажмаар хүнс тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүд хэдэн зуугаараа өвдөж, шаналж, хүнд эмгэг тусч насан туршдаа шаналдгийг тооцож үздэггүй. Тэдэнд шүүх эмнэлгийн дүгнэлт, статистик тоо, хийрхсэн худал үзүүлэлтүүд л чухал.
Цаасан дээр эх орноо мандуулж байх хооронд нь тэр үлгэрийнх нь дүр болсон “буратинонууд” энд тэндээс өр зээл тавьж, өвчин туссан нэгнээ эмчлүүлэх гээд эх оронд нь байхгүй үйлчилгээг эрэлхийлж, хил дамнан гуйлгачилж явна. Даанч гаслантай.

Боловсрол

Хамран сургах тойргийг нь хэн нь хаана бодож, тооцоолдгийг энэ айлын эхнэр нөхөр хоёр гайхаад бараагүй. Гэрээс нь 500 метрийн зайд байрлах цэцэрлэгт тэднийх харьяалагддаггүй. Бүр баруун тийшээ ухарч хоёр километр явж хүүхдээ цэцэрлэгт өгөх хуваарилалттай. Энэ гажуудалтай эвлэрч, ажлаасаа өглөө хоцорч болохгүй учраас тэд хоёр томыгоо цэцэрлэгт оруулахдаа тус бүрд нь 200-300 мянган төгрөгийн хандив төлж орон тоонд багтаасан. Энэ намар бага охин нь цэцэрлэгт орох ёстой ч арван жилийн өмнө баригдсан тэдний хорооллыг хамгийн хол байх нэг цэцэрлэгт хамруулдаг учраас арга буюу жилийн өмнөөс М.Мягмарсайханы ээжийн хаяг дээр гэр бүлээрээ шилжин ирж гэртээ арай ойр цэцэрлэгийн хамран сургах тойрогт багтчихаад байгаа. Гэхдээ сугалаа сугалж азаа үзнэ шүү дээ. Аз таарахгүй бол хувийн цэцэрлэгт, төлбөртэй сургах нь.
Сургууль ч ижил. Хахуулиар цэцэрлэгт орж төгссөн хоёр том нь мөн л харьяаллын бус сургуульд явдаг. Томыгоо сургуульд ордог жил багаас нь англи хэлтэй, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд оруулъя гэж сонгосон ч элсэхэд нь 1.8 сая төгрөг байсан төлбөр 3.6 сая болохтой зэрэгцэн тэд хүүхдээ жирийн сургууль руу шилжүүлжээ.
Хамгийн сэтгэл эмтэрмээр түүх энд бий болж байгаа. Эрх мэдэлтэй, илүү орлоготой хүмүүсийн хүүхдүүд жилийн 20 гаруй мянган долларын төлбөртэй, маш сайн хөтөлбөртэй сургуульд сурч байхад жирийн айлын хүү тавдугаар ангид орж байж л англи хэлний цагаан толгой заадаг ЕБС-д сурч байна. Тэгш бус боловсролын ялгаварлан гадуурхалт энд л жинхнээсээ бий болж байгаа. Эцэг эх нь байж хүүхдүүддээ тэр сайн боловсролыг эзэмшүүлж чадахгүй яваа нь хамгийн аймаар эмгэнэл гэж М.Мягмарсайхан ярьсан. Магадгүй энэ байдлаасаа болж өөр улсад амьдрах тухай ч тэд бодож байсан гэсэн.
Мэдээж жирийн сургуульд сурдаг хүүхдүүдээ жилдээ 1-2 удаа тусгай сургалтад хамруулах нь тэдний зорилго. Хааяа орлого ахиу байвал тэд ийм л зүйлд мөнгөө зарцуулдаг.
Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг дарга сурагчдын автобусны шинэ маршрут гаргаж, хичээл тарах, цуглах цагаар хэчнээн хүүхдэд үйлчилж буйгаа тоо баримттайгаар ярьсан. Энд нөгөө хамран сургах тойргийн гажуудлыг давхар харагдсаныг тэр анзаарсан болов уу. Үнэндээ Баянхошуу, Толгойтод амьдардаг хүн ядаж нэгдүгээр хороололд, нэгдүгээр хороололд амьдардаг нь дөрвөн замын чиглэлд байх арай илүү сургалтын бааз, хөтөлбөртэй дунд сургуульд хүүхдээ сургахыг хичээдэг нь нууц биш.
Ядаж л ирээдүйн иргэдээ ингэж ялгаварлалгүй тэгш боловсрол олгож, дэлхийд өрсөлдөх чадвартай болгоход энэ төр засаг анхаарч болдоггүй юм болов уу.

Амьдрал үргэлжилсээр

Өсч дэвжихийг зорьдог нь хүний хүслэн. Тэд арван жилийн дараах амьдрал, хүрэх оргил, хүсэл тэмүүллээ зураглачхаад давшиж явна. Буу нь сумгүй ч эх орноо хамгаална гээд байлдаж яваа цэрэг шиг л...
Хүүхдүүдээ өлсгөж, тогонд цохиулж, усанд живүүлж, шонд даруулж алдаг нийгэмд тэд өөрийнхөөрөө аль болох чин шударгаар амьдрах гэж бартаатай замд хөлийнхөө шөрмөсийг зөөллөн алхаж, зүтгэж явна. Өнөөдөр амьдрал сайхан байгаа тухай ам уралдан ярьж, сонгуулийн сурталчилгааны хэдхэн хоногт тоосонд дарагдаж, наранд түлэгдснээ гайхан жиргэж байгаа эрхтэн мяндагтнууд аа ! таны эдэлж байгаа эрх ямбыг жирийн нэгэн М.Мягмарсайханых шиг монголын өрхүүд бий болгож байгаа юм шүү. Тэднийг сайхан амьдруулж, цалингаараа цатгалан, омголон, хангалуун байлгах үүрэг нь та нарт ногддогийг дахин сануулж сурвалжилгаа жаргаая. Бусдын төлөө чилээх сэтгэл, зориулах цаг, тэмүүлэх зүрхгүй бол Төрийн жолоо атгана гэж бүү тэмүүл. Та энэ олон хүнийг сайхан амьдруулж чадах менежер мөн болбоос өнгөрсөн онуудад юу хийж, хаана явснаа бас дахин нэг бодож үзээрэй.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com