Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Хүүхдэд үйлчлэхгүй гэсэн шийдвэр тэднийг хохирогч болгох эрсдэл дагуулж байна

 Гурав, дөрөвдүгээр хорооллын эцэст байрлах “E-MART” худалдааны төвийн орох хаалганы өмнө 10 гаруй насны болов уу гэмээр хүү дагуулсан ээж хамгаалагчтай ярилцаж байгаа харагдана. Дөхөөд очвол 12-оос доош насны хүүхдэд үйлчлэхгүй байгаа тул тус дэлгүүрээр үйлчлүүлэхээс татгалзах, эсвэл хүүхдээ үлдээгээд дотогш орохоос өөр сонголт эцэг, эхчүүдэд байхгүй болсон аж. Тус дэлгүүрийн хамгаалагч залуугийн хэлж байгаагаар өнгөрөгч хоёрдугаар сараас хойш 12-оос доош насны хүүхдэд үйлчлэхгүй байх талаар чиглэл бидэнд ирсэн. Энэ журмыг дагаад 4-5 сарын хугацаа өнгөрч байна. Нэгэнт бидэнд өгсөн үүрэг учраас хүүхэд оруулахгүй байхаас өөр арга алга. Бид дээрээс өгсөн чиглэлийн дагуу л ажлаа хийж байна шүү дээ хэмээн учирлана. 

Харин эцэг, эхчүүд хүүхдээ дагуулаад тус дэлгүүрээр үйлчлүүлэх боломжгүй болсондоо багагүй бухимджээ. “Тэгээд энд хүүхдээ үлдээх газар байгаа юм уу” хэмээн уцаарлангуй асуусан бүсгүйд “Байхгүй л дээ” гэж гэмшингүй хариулж зогсоо хамгаалагчийг буруутгах гэж яарсангүй. Дэлгүүр, үйлчилгээний байгууллагын үүдэнд “хашигдсан” бага насны хүүхдүүдтэй уншигч та ч цөөнгүй удаа таарсан болов уу.

“E-Mart” худалдааны төв 12 наснаас доош насны хүүхдэд үйлчлэхгүй

“Одоо тэгээд яах юм. Хүүхэд оруулахгүй гэж байна шүү дээ” хэмээн өнөөх эмэгтэй охинтойгоо ярилцахад охин нь хошуугаа унжуулаад дурамжхан байгаагаа илэрхийлнэ. “Ядахдаа хүүхдээ үлдээгээд орох газар байгаа бол яах вэ дээ. Гэтэл тийм зай талбай байхгүй байж ингэж болохгүй шүү дээ. Би хүүхэддээ амны хаалт зүүлгээгүй байж танайхаар үйлчлүүлнэ гээд дайраад байгаа бол миний буруу. Гэтэл амны хаалтыг нь зүүчихсэн, гарыг нь ариутгачихсан явж байхад үйлчлэхгүй гэдэг нь ямар учиртай юм бэ. Өнөөдөр миний охины 11 насны төрсөн өдрийн баяр нь. Танайхаас пицца авч өгнө гээд хэд хоногийн өмнөөс хэлчихсэн болохоор зорьж ирж байна. Оруулчих арга байхгүй юу” хэмээн учирласан ч эмэгтэй амжилт олсонгүй. Үнэндээ хамгаалагч түүнийг ойлгоод, оруулбал өөрөө ажилгүй болно. Үйлчлүүлэгч нь дэлгүүр лүү оролгүй буцвал охиноо гомдооно. Ийм л хэцүү сонголтын өмнө ирчхээд шийдэлд хүрэлгүй зогсч байтал өөр нэгэн ээж хүүгээ дагуулсаар итгэлтэй гэгч нь хамгаалагчийн хажуугаар зүтгэв. “Уучлаарай, эгч ээ 12 наснаас доош насны хүүхдэд үйлчлэхгүй байгаа” хэмээн урьдын адил хориглов. Эмэгтэй “Миний хүү өнгөрсөн долоо хоногт 13 нас хүрсэн” хэмээн шийдэмгий хариулав. Түүний хүү биеэр арай жижиг харагдаж байсан юм. “Харахад арай л 12 нас хүрээгүй юм шиг байна” хэмээн хамгаалагч хэлэхтэй зэрэгцэн “Та нар чинь юу яриад байгаа юм бэ. Хүрчихсэн болоод дагуулаад орох гэж байна. Хүүхдийг гаднаас нь хараад 12 нас хүрсэн, хүрээгүй гэдгийг тогтооно гээд зогсч байхаасаа ичээч. Хүнийг ингэж ялгаварлан гадуурхаж болохгүй шүү дээ” гэж хэлчхээд хүүхдээ дагуулан гарч одов. Нээрээ л хатуу чанга дэглэмтэй дайны үед амьдарч байгаа юм шиг гадуур явахдаа хүүхдийнхээ бичиг баримтыг өвөртлөөд явна гэдэг юу л бол. Энэ мэтчилэн маргаан ар араасаа хөврөв. Удалгүй нэгэн ээж мөн л охины хамт үйлчлүүлэхээр орж ирээд арга ядан охиноо үлдээв. Охин нь 10 орчим насных болов уу. “За, миний охин наанаа зогсч бай. Ээж нь хурдан шиг орчихоод гараад ирье. Утасны цэнэг нь дуусах болоогүй биз дээ. Өөр тийшээ явчхав аа” гээд баахан захиас хэлээд оров. Тус дэлгүүрээр үйлчлүүлж, коронавирусийн халдвар авахаас сэргийлэхээс илүү эрсдэлтэй байдалд ээж нь охиноо үлдээв. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Хэдхэн хоногийн өмнө “Хүннү Вила” хотхоны гадаа тоглож явсан охины араас нь гэнэдүүлэн утсыг нь авч одсон залууг эрэн сурвалжилж байгаа талаарх мэдээлэл цахим орчинд хөвөрч байсан. Муугаар бодоход утсаараа оролдон ээжийгээ хүлээх охиноос худал үнэн юм хэлээд утсыг нь авчих хүн байх ч юм бил үү. “Хаашаа ч явж болохгүй шүү” гэх ээжийнхээ үгийг умартан элдэв чамирхалд хууртаад илүү том эрсдэлд орохыг хэн ч тааж мэдэхгүй шүү дээ. Хөл хориогоор далимдуулж “Хүүхдэд үйлчлэхгүй” гэсэн шийдвэр тэднийг хохирогч болгох эрсдэл дагуулж байна. Эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй орхисноос үүдэн ямар нэгэн эрсдэл гарахад хэн хариуцлага хүлээх бол. Хэсэг хугацааны дараа дахиад л хүүхэд оруулахгүй гэсэн маргаанаас үүдэн хэрүүл шуугиан болов. “Тэр удирдлагууддаа хэл. Яахаараа хүүхдээ дагуулаад үйлчлүүлж болдоггүй юм. Ямар нохойгоо дагуулаад орох гэж байгаа биш. Гэртээ хоёр хүүхдээ үлдээчхээд багыгаа дагуулаад гарч ирлээ. Хүүхдийнхээ сүүг авмаар байна. Яачихсан хүмүүс вэ, та нар. Энэ халуунд наашаа цаашаа яваад байх арга алга хэмээн ой хүрч байгаа болов уу гэмээр хүүхэд тэвэрсэн бүсгүй бухимдлаа. Түүнд өөр дэлгүүр орохоос өөр сонголт үлдсэнгүй. Түүнээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар асуухад “Ийм шударга бус зүйл байж болохгүй биз дээ. Хөл хорио тогтоосон нэртэй өөрсдөө түүнийгээ дагаж мөрдөж байгаа нь хаана байгаа юм. Сонгуулийн сурталчилгаа гээд хаа сайгүй л иргэдтэй уулзаж, гар хөл бариад, хоорондоо тэврэлдэж үнсэлцээд явж байгааг бид хангалттай их харж байна шүү дээ. Хүүхдийн маань уудаг сүү дуусчихаад авахаар гарч ирсэн юм. Ах нар нь бас бага насны хүүдүүд болохоор багыгаа тэвэрч гарахаас өөр сонголт байсангүй. Ямар ч эцэг эх хүүхдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулахыг хүсэхгүй. Үнэхээр коронавирусийн халдварыг дотооддоо алдчихсан бол би ингээд явахгүй л дээ. Гэтэл халдварыг дотооддоо алдаагүй гээд өөрсдийнхөө ажлыг сайн хийж байгааг магтаад байгаа дарга нар ард иргэдийг хөл хориогоор далимдуулж бүх шатанд дарамталж байгааг ойлгохгүй байна. Тэгээд өөрсдөө болохоор юун хөл хорио манатай байгааг нүдтэй болгон харж, чихтэй болгон сонсч байна. Ингэж хөл хорио нэрээр ард түмнийг дарлахаа болих хэрэгтэй шүү дээ. Бизнес эрхлэгчдээ дарамталсаар байгаад дампууруулсан. Одоо харах хүн байхгүй байсан ч хүүхдээ орхиж гадуур яв гэж байгаа юм байна” гэсэн юм.
Эндээс гараад хорооллын эцсийн автобусны буудлын ард байрлах “Дүүхээ” төвийг зорилоо. Тус худалдааны төвийн үүдээр ормогц махны лангуу бий. Тус лангууны ард байрлах ханын хэсэгт “0-12 насны хүүхэд дагуулж яваа хүнд үйлчлэхгүй” хэмээсэн анхааруулга нүдэнд тусав. Харин бодит байдал дээр тус худалдааны төвөөр хүүхдээ дагуулан үйлчлүүлж байгаа хүмүүс олон байлаа. Бага насны хоёр хүүхэд дагуулсан ээж хүнсээ цуглуулж яваа бололтой. Нэг гартаа тортой зүйл барьсан бол нөгөө гартаа бага хүүгээ тэвэрчээ. Ээжийгээ хүнс авах зуур том хүү нь нааш цааш гүйн ээжийнхээ хяналтаас гарчихна. “Хөөе хөөе” хэмээн ээж нь сандарч энд ч тооцоогоо төлөх, тэнд ч хүүхдээ өргөх, авсан хүнсээ өргөх, ахыг нь нүднээсээ салгахгүй байх үүрэг хүлээж байгаа нь тийм ч амар харагдаагүй. Мэдээж түүнд туслах хүн байсан бол ингээд явахгүй нь ойлгомжтой. Хүүхдүүдээ дагуулаад хүнсээ цуглуулахаас өөр сонголтгүй болохоор, хэцүү гэдгийг нь мэдэж байсан ч зах руу ирсэн байх. Харин энэ ээжид өнөөх үүдэнд байсан бичиг “E-Mart” худалдааны төв шиг хатуу чанга үйлчилсэн бол яах байсныг таашгүй нь.

Хөл хорионы үеийн хамгийн том хохирогч нь хүүхэд болж байна

Ээж аав, эмээ өвөөгөө дагаж яваа 10 гаруй насныхан ч олон байна. “Та үүдэнд 0-12 насны хүүхэд дагуулсан хүнд үйлчлэхгүй гэсэн бичиг харсан уу” хэмээн 10 гаруй насны охиноо дагуулсан эмэгтэйгээс асуув. “Харсан харсан. Одоо тэгээд хүүхдээ дагуулж явахаас өөр арга бидэнд байхгүй болоод л ингээд явж байна. Чи хар л даа энэ хавиар хүүхдээ дагуулсан хүмүүс байгаа биз дээ. Энэ хөл хорио чинь бүр утгаа алдаж байна. Өвлийн хүйтнээс авхуулаад гадагшаа ч гарахгүй гэртээ хоригдсон хүүхдүүд урин дулаан цагт бас гарч орж тоглох гээд байна. Гэтэл энэ төрийн толгойд байгаа хүмүүс чинь сонгууль гээд хот, хөдөөгүй хүмүүс цуглуулаад уулзалт хийгээд л яваад байна шүү дээ. Саяхан тэр талбай дээр барьсан усан оргилуурын нээлт гээд бараг л шоу зохиосон байна лээ шүү дээ. Тэгчхээд хүүхдүүдийг болохоор гарч болохгүй, орж болохгүй гээд байдаг нь ямар учиртай юм бэ. Сая охиноо дагуулаад энэ хажууханд байдаг хоолны газраар үйлчлүүлэх гэсэн чинь хүүхдэд үйлчлэхгүй гэнэ. Угтаа бол үнэхээр тэр халдварт өвчин нь гадуур тархчихсан бол томчууд бид гадуур явж байгаад орой нь гэртээ ирэхээрээ хүүхдүүддээ тараана л биз дээ. Гэтэл яахаараа аав ээжид нь үйлчлээд хүүхдүүдэд үйлчилдэггүй юм бэ. Энэ бол хүүхдийг ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг. Угаасаа хөл хорионы үеийн хамгийн том хохирогч нь хүүхэд л боллоо шүү дээ. Тоглоомын талбай дээр тоглуулж болохгүй гээд түүнийг нь архичид эзэгнэсэн. Гэрээсээ гарахгүй байсаар дэлгэцийн хамааралтай болж байна. Одоо бүр амны хаалт зүүлгэчхээд байхад үйлчлэхгүй гэж ялгавартай хандаж байна. Тийм сүрхий юм бол дарга цэрэггүй, том жижиггүй хөл хорионы үеийн дэглэмээ барьчих. Дарга даамлуудад үйлчилдэггүй хөл хорионы золиос хүүхдүүд болж байна” гэв. Бидний яриаг анхааралтай сонссож байсан охин эмээгийнхээ авсан жаахан махыг чадлынхаа хэрээр өргөн араас нь дагаж харагдана. Тус худалдааны төв ойр орчмынхоо хүнсний дэлгүүр, худалдааны төвөөс үнийн хувьд хэдэн төгрөгөөр татуу байдаг учраас иргэдийн хөл хөдөлгөөн их байдаг. Харин тус төвийн гадна бага насны хүүхдийг нэгэн эмэгтэй саатуулж зогсоно. Ээж нь удахгүй гараад ирнэ хэмээн захын дотогш хараа тавьж, тэрэгнийхээ хажуунаас холдолгүй нааш цааш холхино. Ямартай ч хүүхдээ саатуулах хүнтэй гарч ирсэн бас нэгэн ээж тус захаас яаравчлан худалдаа хийж байгаа бололтой. Дагаж мөрдөх эсэх нь хамаагүй ч ямар ч байсан худлаа үнэн анхааруулга бичих нь зүйн хэрэг гэж бодсон уу “0-12 насны хүүхэдтэй хүнд үйлчлэхгүй” хэмээн ханандаа наасан ч хүүхэдтэй хүмүүстээ хүндрэл учруулахгүй үйлчлэх нь тус төвийн зарчим бололтой.
Үнэндээ хөл хорио үйлчилж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг эргэлзмээр дүр төрх хэвшил болов. Урин дулааны цаг ирсэн болохоор хүүхдүүдээ гадуур дагуулаад гарах эцэг, эхчүүд ч олон болж. Гэхдээ хэнэггүй зан гаргаж амны хаалт зүүлгээгүй хүн алга. “Өргөө” кино театрын автобусны буудал дээр есөн настай болов уу гэмээр охин дагуулсан эмээ хажууд минь суудал хуваалцан суув. Охин эмээгийнхээ гараас чанга гэгч нь атгачхаад амны хаалтаа ягштал зүүсэн байна. Харин тэдний цаана зогсох 20 орчим насны охин гэнэт нүдэнд тусав. Уруулаа улаан хүрэн өнгөөр будчихсан, амны хаалтгүй зогсч байгаа нь ийнхүү анхаарал татсан хэрэг. Хөлдөө цагаан кэт өмсч улаан өнгийн шорт, цагаан фудболктой өөртөө итгэлтэй өсвөр насны охин амны хаалтнаас залхсан бололтой. Магадгүй амны хаалтаа авч шидчихээд, улаахан уруулаараа гайхуулж коронагүй үеийн эрх чөлөөг амтлахыг хүссэн ч байж болох.

Хүүхдүүдэд томчуудын адил үйлчилгээ авах эрхийг нь олгоё

Хороолол, Зайсан чиглэлийн автобусанд суухаар охин дагуулсан эмээ бид хоёр зэрэг ухасхийв. Автобусны урд талын хаалгаар суух дарааллаа хүлээх зуур хүүхдийн тэргэн дээр ой орчим насных болов уу гэмээр хүү суулгачихсан эмэгтэй өнөөх автобусны дунд хаалгаар суух хүсэлтээ илэрхийлэн, жолоочийн толинд дохиж харагдав. Дунд талын хаалга онгойход түүнд дотор байсан хүмүүс ороход нь тусалж харагдана. Ёстой ч нэг халуун өдөр хамрынхаа дунд хөө түрхчихээд, нүцгэн шалдан явахаасаа ч ичихгүй, амандаа ундаатай угжаа хийчихсэн яваа энэ бяцхан амьтанд атаархах шиг. Хүн болгон хүүг өхөөрдөнө. Хамгийн гол нь амны хаалт ч үгүй олон нийтийн тээврийн хэрэгслээр тууж яваа түүнд хариуцлага тооцож зүрхлэх хүн байгаа болов уу. Ээж нь автобусан дотор байгаа хүмүүсээс санаа зовсон аятай харагдана. Ээж, хүү хоёрт таксинд суух мөнгө байсан бол нийтийн тээврээр зорчихгүй байсан нь мэдээж. Амны хаалтыг нь зүүлгэхийг оролдох боловч аль хэдийнэ авч чулуудчихаад амандаа угжаа хийхийг чухалчилж байгаа энэ хүү ээжтэйгээ хаанаас хаа хүрэхээр ямар хэрэг зориг өвөртлөн явааг таашгүй. Хойшлуулшгүй хэрэг гарсан болоод л зүтгэж яваа бололтой. Яг одоо зорчиж яваа нийтийн тээврийн унаанд бага насны 5-6 хүүхэд явна. Үүдэн хэсэгт 4-5 насны болов уу гэмээр хүүгээ өвөр дээрээ суулган яваа эрэгтэйн утас дуугарав. “Билгүүнээ юу, хамт л явж байна. Хэнтэй үлдээх вэ дээ. Дагуулаад л явахаас өөр яах вэ. Зүүлгэсэн зүүлгэсэн. Цайны цагаас өмнө авчирч өгөөрэй гэсэн болохоор нь яараад гарлаа. За гайгүй байлгүй дээ” хэмээн яриа өрнүүлж байснаа “За, за данс руу 20 мянган төгрөг хийчхээрэй. Гадаа халуун байна. Удахгүй энэ Билгүүнээ чинь ундаа уумаар байна, юм идмээр байна гээд явахгүй байх” гээд яриагаа дуусгав. Аав, хүү хоёр хэн нэгний цайны цагаас өмнө амжуулах ажилтай яваа бололтой.
Бага насны хүүхдүүдээ дагуулаад гадуур явна гэдэг амаргүй ажил гэдгийг надаар хэлүүлэлтгүй хэн бүхэн л мэдэж байгаа. Тэдний хүслийн жагсаалт дуусахгүй. Ам ангаад байна, хоол идмээр байна, бие засмаар байна, ийм ч тоглоом авна, тийм ч зайрмаг долооно, ядраад байна, халууцаад байна, унтмаар байна... Ийм байхад хэн ч хүүхдээ дагуулаад олон нийтийн газраар аагим халуун өдөр дэмий сэлгүүцэхийг бодохгүй. Гэтэл тэдэнд үйлчлэх дэлгүүр, хоолны газар, худалдааны төв алга. Өдөржин ангаж цангасаар харихаас өөр сонголт алга. Хөл хорионы хохирогч хүүхэд болох ёсгүй. Тэдэнд томчуудын адил үйлчилгээ авах эрхийг нь олгоё.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com