Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчдын хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлого олон улсын зүгээс ямар үнэлгээ авсныг харцгаая. Манай улс дэлхийд байж болох эдийн засгийн бүх хоригт орж түүхэндээ хараар бичигдэх нь тодорхой боллоо.
2017 оны 12 сарын 5 өдөр
Европын Холбооны: Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалтад оров.
2019 оны 10 сарын 18 өдөр
Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх ФАТФ-ын Саарал жагсаалтад оров.
2020 оны 5 сарын 7 өдөр
Европын Холбооны хар жагсаалтад оров.
ФАТФ гэж ямар байгууллага вэ?
1989 оны долдугаар сард Парист болсон “Их долоо”-гийн уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч, үндэсний эрх ашгийг хамгаалж, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх санаачилга гаргаснаар Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (Financial Action Task Force on Money Laundering-FATF) буюу ФАТФ үүссэн түүхтэй. ФАТФ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дэлхийн стандартыг боловсруулдаг, засгийн газар хоорондын бие даасан байгууллага юм.
ФАТФ-аас гадна тус байгууллагын загварын дагуу дэлхийн бүс нутгуудад байгуулагдсан найман бүлэг байгууллага бий. Тус байгууллагын нэгдсэн хуралдаан жилд гурван удаа болж голлох шийдвэрүүдийг гаргана. Мөн бүс нутаг хариуцсан бүлгүүдийн хуралдаанаас гарах шийдвэр ч түүнээс дутахааргүй чухал. ФАТФ гишүүн улс орнууддаа стандартын 40, тусгай есөн зөвлөмжийг хүргүүлж, мөрдөн ажиллахыг шаарддаг. Ойролцоогоор 4-5 жилд улс орнуудын тайланг хэлэлцэн үнэлгээ өгдөг байна.
Монгол Улсын хувьд ФАТФ-ийн гишүүн биш ч Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан бүлэг /APG/-ийн гишүүнээр 2004 онд элссэн юм. ФАТФ болон ОУВС нь хоорондоо хамааралгүй, өөр зорилго чиглэлтэй байгууллагууд боловч хамтран ажилладаг. ОУВС шийдвэр гаргахдаа ФАТФ-ийн шийдвэрийг заавал тооцдог билээ.
ФАТФ, ОУВС нь чухам юу хүсээд байна вэ?
2019 оны аравдугаар сард Францын нийслэл Парис хотод болсон FATF-ийн хурлаар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэр гарсан талаар Bloomberg агентлаг мэдээлсэн. Ийнхүү Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн гадаад гүйлгээ хяналтад орж, төлөх тариф нэмэгдэж хязгаарлалттай болсон. Мөн манай улсын олон улс дахь нэр хүнд муудаж, гадаадын хөрөнгө оруулалт эрс багасах эрсдэл огцом нэмэгдсэн.
ОУВС-гийн ажлын хэсэг 2019 оны зургадугаар сарын сүүлчээр Монгол Улсад ажиллаж, зөвлөлдөх яриа хэлэлцээг хийсэн юм. Ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб, ОУВС-гийн зургадугаар шатны үнэлгээг эцэслэх асуудал хүлээгдсэн хэвээр байгааг анхааруулсан. Нэгд, арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байдалд аудит хийж тухайн нэмэгдүүлсэн хөрөнгө нь хууль ёсны эсэхийг тогтоох. Хоёрт, Төв банк хяналт шалгалтын үйл ажиллагаагаа сайжруулахыг сануулсан юм.
Ийнхүү олон улсын хоёр байгууллагаас Монголбанканд тавьж буй шаардлага маш тодорхой байна.
Манайх дотоод гадаадын талаасаа элдэв самуунгүй, шашин, үндэстэн хооронд мөргөлдөөнгүй, элдэв террорист бүлэглэлийн үйл ажиллагаа бүртгэгдээгүй тайван улс. Энэ нь манай давуу тал.Гэвч Манай улсын экспортын орлого сүүлийн жилүүдэд огцом өсч байгаа. Уул уурхайн орлогын тодорхой хэсэг нь хилийн чанадад, тодруулбал “оффшор”-т үлдэж байгаа нь нууц биш болсон. Тухайлбал, саяхан Эрдэнэт УҮГ болон Өмнөд Африкийн Стандарт банк хоорондын арбитрын шүүхийн маргаанаас нэг зүйл тодорхой болсон. Эрдэнэтийн зэсийн баяжмалын орлого тус банкаар дамждаг байж.
Тэр орлогын хэдэн хувь нь үлдэж, хэдэн хувь нь манай улсад орж ирснийг хэн ч мэдэхгүй, мэдэх ч аргагүй. Манай хууль хүчнийхэн ч энэ асуудлыг шалгахад хүчин мөхөстөх юм билээ. Гэхдээ ганц зүйлийг баттай хэлэхэд зэсийн баяжмалын орлогын тодорхой хувь хилийн цаана үлдсэн байх маш өндөр магадлалтай. Ийм “Бохир схем” олон жилийн турш үргэлжилж ирсэн байдаг. Түүгээр зогсохгүй үүнтэй төстэй схем манай бусад түүхий эдийн борлуулалттай холбоотойгоор оршин байгааг үгүйсгэх аргагүй юм. Олон улсын санхүүгийн байгууллагууд чухам энэ асуудалд хяналт тавих механизмтай болохыг шаардаж, шахаад байгаа гэдэгтэй би санал нэг байна.
СААРЛААС ХАР ЖАГСААЛТ РУУ
Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д багтаад яг хагас жилийн дараа Европын холбооны “хар жагсаалт”-д орлоо. Энэхүү “хар” жагсаалтад бичүүлдэг хэд хэдэн үндэслэлийн нэг нь Монгол Улсын дипломатуудын хар тамхины сүлжээнд багтаж зөөвөрлөсөн явдал зүй ёсоор орно. Учир нь хар тамхины худалдааны орлогын тодорхой хувь терроризмыг санхүүжүүлэхэд зарцуулагддаг нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Мөн татвар нуун дарагдуулах болон мөнгө угаах гэмт хэрэг, шударга бус өрсөлдөөнийг дэмжих зэргээр аливаа улсын эдийн засагт сүүдрийн эдийн засгийг дэмждэг гэж үздэг.
Хар жагсаалтад Монгол Улс орсноор манай иргэд, ААН-үүд дэлхийн улс орнуудад олон улсын картаар гүйлгээ хийж чадахгүйд хүрнэ. Европын Холбооны улсад картын үйлчилгээ зогсож банкуудаар төлбөр тооцоо хийхэд мөнгөний шилжих хугацаа уртасна. Шимтгэлийн дүн өсөх тул Орос, Хятадын банкуудаар дамжуулан гүйлгээ хийхээс өөр аргагүй болжээ. Гадаадаас олж болдог байсан валютын хямд үүсвэр олдохоо больж, хөрөнгө оруулалтууд зогсож байна. Энэ нь манай зах зээлд валютын эрэлтийг нэмэгдүүлж, ханш хөөрөгдөнө. Ханшийн өсөлт инфляцыг өсгөж иргэдийн амьдралд шууд нөлөөгөө өгч эхэлнэ. Гадаадаас хөрөнгө татаж үйл ажиллагаа явуулж байсан компаниуд бизнес ажилгүйчүүдийн эгнээнд ажилчдаа оруулна. Худалдааны салбарын ААН-үүдэд бараа татан авалт, төлбөр тооцоон дээр хугацаа алдаж, гүйлгээний шимтгэл нь ч нэмэгдэх бөгөөд энэ эрсдэлийн төлбөр иргэдийн худалдан авдаг бараанд шингэж үнэ өснө.
Харин Монгол Улсын хувьд орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагаа муудах нь тодорхой боллоо. Улмаар төлбөр тооцооны хувьд хоёр хөршөөс хэт хамааралтай болохоос өөр гарц үлдсэнгүй. Олон улсын санхүүгийн үнэлгээний “Moody’s” агентлаг манай улс хар жагсаалтад багтсаны дараа долоо хоногоос л Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг “Тогтвортой”-оос “Сөрөг” болгож бууруулах шийдвэр гаргажээ. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар найдваргүй, эрсдэлтэй гэх ангилалд багтах нь тэр.
Ирэх дөрвөн жилд Засгийн газар, гадаад бондын 2.9 тэрбум ам.доллар, Монголбанкны своп, бусад төрийн болон төрийн бус компаниудын 11 орчим тэрбум ам.долларын гадаад өрийг төлөхөөр хүлээгдэж байна. Ийм боломж Монголын эдийн засагт байхгүй. Шинээр бүрдэх Засгийн газар гадаад өр төлөх хугацаагаа сунгахаас өөр арга алга. Монгол Улсын эдийн засгийг үүрч явдаг түүхий эдийн үнэ ханш унаж байна. Цар тахалтай холбоотой улс орны өр улам нэмэгдэж эхэллээ. Оны эхний улирлын дүнгээр эдийн засаг 10.7 хувиар агшлаа. Энэ нь зах зээлийн нийгэмд шилжсэн гучин жилд тохиогоогүй хар үзүүлэлт. Өр төлбөр хийх хуримтлал бүрдүүлж чадаагүй учраас олон улсын захаас дахин санхүүжилт авахаас өөр арга зам бидэнд харагдахгүй байна. Хар жагсаалт байтугай Саарал жагсаалтад ч багтаагүй улс орнууд хөрөнгө босгохын зовлонг амсдаг. Харин Монгол Улс ихээхэн өр төлбөрийн асуудалтай дээрээ нэмээд илүү хүнд нөхцөл байдалд орсон байна. Томоохон хөрөнгө оруулагчид хар, саарал жагсаалтад багтсан оронд татгалзсан хариу өгнө. Тэд алгаа тэнийлээ гэхэд өндөр үнэтэй хөрөнгө оруулалт буюу өндөр хүүтэй зээл л олдох биз. Ийнхүү Монгол Улс өрийн хямралд баттай ороод зогсохгүй дампуурах нь бараг тодорхой болчихлоо. Эрх баригчид Монгол Улсын экспортын түүхий эд бүтээгдэхүүний ханш өссөн, гадаадын хөрөнгө оруулагчдаас хөнгөлттэй зээл урсч байсан нэн таатай үед буюу өнгөрсөн гурван жилд улсын эдийн засгийг жинхэнэ утгаар нь хэвтүүлчхээд байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН