“Транспаренси интернейшнл” ТББ-ын тэргүүн Л.Төр-Одтой ярилцлаа.
-Танай байгууллагын зүгээс Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийсэн. Энэ талаараа танилцуулаач?
-Авлигатай тэмцэх газарт бид зургаан чиглэл, 50 гаруй үзүүлэлтээр нарийвчилсан үнэлгээ хийсэн. Үүн дотроо улс төрөөс хараат бус байж чадаж байна уу, төсөв санхүүжилт нь хангалттай байна уу, мөрдөн байцаагчдын ур чадвар хэр байна мөн нөгөө талаас олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу гэдгийг цогцоор нь авч үзсэн. АТГ-ын өөрийн ажлын гүйцэтгэл 77 хувь байгаа ч хөндлөнгийн үнэлгээгээр 59 хувьтай гарсан. Эцсийн бүлэгт ямар дүгнэлт гарсан гэхээр АТГ-ын үйл ажиллагааг улс төр болон улстөрчдийн хяналтаас салгах шаардлагатай. Мөн АТГ-ын удирдлага нь улс төр, бизнесийн бүлэглэлээс хараат бус байж гэмээнэ энэ байгууллагыг удирдаж чиглүүлэх боломжтой болно гэж үзсэн байгаа.
-АТГ улстөрөөс хараат, үүгээр зогсохгүй нөгөө намынхаа гишүүдийг намнадаг хэрэгсэл болж байна гэсэн хардлагыг танай судалгааны үр дүн батлаад өгсөн байна шүү дээ. Тэгэхээр энэ байдлаас бид яаж гарах вэ?
-Ерөөсөө авлигал гэдэг чинь улстөрийн намын, сонгуулийн санхүүжилтийн асуудлаас үүдэлтэй байна шүү дээ. Төрийн бодлогын түвшинд үйлдэж байгаа авлигын асуудлыг НҮБ дараах байдлаар томьёолсон байгаа юм. “Төрийн байгууллагад өндөр түвшинд шийдвэр гаргаж байгаа албан тушаалтнууд төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд зувчуулж, ашиглах энэ үйлдлийг өндөр түвшний авилгал” гэж нэрлэсэн. Тэгэхээр АТГ өндөр түвшний, том хэмжээний авлигалын хэргийн араас хөөмөөр байна. Бүтэц орон тоог нь шинэчлэн батлаад, авлигын хэргийг ангилж, зохистой хуваарилалт хийх хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн хүрээний авлигын хэргийг ЦЕГ, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хариуцаад явж болно шүү дээ. Үүнээс гадна хөрөнгө орлогын мэдүүлгийн ангиллыг сайжруулах, үнэлдэг аргыг өөрчлөх хэрэгтэй. Олон улсад зарлагад суурилсан ХОМ авдаг байх жишээтэй. Мөн олон улсын сайн туршлага гэвэл ард иргэд төрийн бүх түвшний байгууллагад өөрсдийн хараа хяналтаа байлгах ёстой. Эдгээр хүмүүс төрийн байгууллагууд дээр, төсвийн зарцуулалт, хөрөнгө орлогын мэдүүлэг дээр, худалдан авах ажиллагаан дээр хяналт тавьдаг бүтэц бий болгоё гэх мэт санал санаачилга гаргаад байна.
-АТГ-аас шалгасан хэргүүд эцсийн үр дүнгээ үздэггүй, хэрэгтэн ял авдаггүй, прокурор дээр гацдаг, хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг асуудал их байна?
-Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын хүрээнд авлигалын хэргээр мэргэшсэн хуульч, прокурор, мөрдөн байцаагч, шүүгч нарыг бэлтгэж гаргаж ирэх хэрэгтэй байна. Цаашилбал, авлигал албан тушаалын хэргээр дагнасан шүүх байгуулж болох юм. Ийм эрхзүйн зохицуулалт Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд бий. Захиргааны хэргийн шүүх гэж байгуулагдсантай адил. Дэлхийн улс орнуудад авлигал авсан өндөр албан тушаалтнууд ял авдаг, торны цаана суудаг жишиг бий. Манайд энэ зүйл нээлттэй боловч УИХ-ын гишүүд энэ тал дээр идэвх санаачилга гаргах зориг дутаж байна.
Хөөн хэлэлцэх хугацааны тал дээр гэвэл Австрали улс эрхзүйн шинэлэг зохицуулалт бий болгоод байна. Тодруулбал авлигалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг нь хамгийн их юм уу, хязгааргүй болгож өгсөн. Үүнийг бид ч гэсэн хууль журамдаа тусгаж өгөх нь зүйтэй болов уу.
-Авлига албан тушаалын хэргийг хянаж, шалгаж, мөрдөж, шүүж байгаа хуулийн байгууллагын албан тушаалтнууд гадны нөлөөнд автдаг гэсэн хардлага яваад байдаг?
-Өнгөрөгч долоо хоногт болсон “Хуульчдын форум”-ын үеэр авлигын хэргийг хянан шийдвэрлэхэд хуульчийн хараат бус байдлыг хамгаалах нь сэдвээр салбар хуралдаан зохион байгуулагдсан. Хууль, шүүхийн байгууллагад ажиллаж буй таван мянга гаруй албан тушаалтныг бүгдийг нь авлигал авдаг гээд шууд хэлж болохгүй л дээ. Бидний харж буйгаар таваас арван хувь нь авлигалын сүлжээнд холбогдсон юм уу, шахалт дарамтаар, санаатай санаандгүй байдлаар үйлдэл хийж байна гэж дүгнэсэн. Үүний дээр ҮАБЗ-өөс гарсан шийдвэрийг үндэслэж шүүх, прокурорыг чөлөөлөх тухай хуулийн өөрчлөлт байна. Энэ бол шүүх эрх мэдлийн хараат бус байдалд шууд халдаж байгаа хэлбэр юм. Тэгэхээр хуульчид өөрсдөөсөө эхэлж шинэчлэлийг хийх ёстой. Мөн энэ чиглэлээр дагнан мэргэшүүлэх зайлшгүй шаардлага байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
-Та түрүүнд авлигал төрийн бодлогын түвшинд хийгдэж байна гэсэн. Тэгэхээр бидэнд авлига гэгч чөтгөрийн тойргоос гарах боломж байна уу?
- Өнгөрсөн жил “Нээлттэй нийгэм форум”, “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” гэх мэт хэд хэдэн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтраад “Шилэн нам” санаачилгыг бид гаргасан. Улстөрийн нам нь өөрийнхөө санхүүжилтийг ард иргэдэд тайлагнадаг, хэнээс хэдий хэмжээний хандив авснаа ил тод болгоё гэсэн агуулгатай. УИХ-д суудалтай гурван нам энэ санаачилгад нэгдэж гарын үсгээ зурсан байгаа. Бусад намууд ч нэгдэж байна. Гэхдээ зүгээр нэг гарын үсэг зураад орхих биш үйл хэрэг болгох хэрэгтэй. “Шилэн нам” санаачилгаас УИХ-ын гишүүн С.Бямбацогттой саяхан уулзсан. Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болоод намын санхүүжилтийн тухай хуулийг төслийг боловсруулж, багц хуулийн түвшинд шийдвэрлэх ёстой талаар хэлэлцсэн. Ингэж байж нийгэмд бугшсан, аалзны тор авлигалын асуудал шийдэгдэх боломж бүрдэнэ гэж бид үзэж байгаа. Мөн улстөрчдөд хандсан уриалга, шаардлага зайлшгүй хүргүүлэх ёстой. Манай улс 2020-2024 онд томоохон үр дүнтэй өр төлбөрийг барагдуулахад 13.3 тэрбум ам.доллар хэрэгтэй байна гэдэг мэдээллийг нэгэн улстөрч мэдэгдэж байсан. Тэгвэл тэр их мөнгөний хэдэн хувь нь авлигалд явсан юм бэ гэдгийг бид бодох л хэрэгтэй. Үүнээс гадна татвар зувчуулалтаар хичнээн нь явж байгаа юм. Тухайлбал, Нидерландын улс дамнасан корпорацуудын судалгааны байгууллагаас “Оюу толгойн хяналт” ТББ-тай хамтраад судалгааны дүнгээ гаргалаа. “Рио Тинто”, Оюу толгой компаниас 252 сая ам.долларыг татвараас зугтаалгаж, зувчуулсан гэсэн мэдээлэл хийсэн. Энэ мөн л авлигын хэрэг шүү дээ. Тэгэхээр энэ их мөнгөнийхөө ядаж арван хувийг дагнасан шүүх байгуулахад зарцуулъя гэдэг санаачилга дээр хууль, хяналтын байгууллага нэгдээд байна.
-Авлига, албан тушаалын хэргийг мэдээлсэн иргэд өөрсдөө хохирч үлддэг жишиг манай улсад байдаг. Энэ тал дээр танай байгууллагаас шинэ санаачилга гаргасан. Энэ талаараа тодорхой ярина уу?
-Бид 2018 оноос авлигын эсрэг шүгэл үлээгчийг хамгаалах асуудалд анхаарал хандуулж байгаа. Одоо хуулийн төслийн хэмжээнд яригдаж байна. Ардчилсан оронд иргэд ямар нэг айдас хүйдэсгүйгээр авлигалын хэргийг мэдээлж байх ёстой. Тийм болохоор иргэдийг, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хамгаалдаг, урамшуулдаг цогц бодлого байх ёстой гэж харж байгаа.