Монгол Улс уул уурхайд суурилсан эдийн засагтай. Манай улсын гадаад худалдааны 90 орчим хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70-75 хувь, ДНБ-ий 23-25 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг уул уурхай дангаараа бүрдүүлдэг. Түүнчлэн шууд бусаар буюу дам нөлөөллөөр дэд бүтэц, түлш, эрчим хүчний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийн сацуу бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрэлтэд асар их нөлөө үзүүлдэг. Эрдэс баялгийн салбараас 2016 онд 930.8 тэрбум төгрөг, 2017 онд 1,831.1 тэрбум, 2018 онд 2,329.4 тэрбум, 2019 онд 2,920 тэрбум төгрөгийн орлогыг тус тус улсын төсөвт төвлөрүүлжээ. Учир нь түүхий эдийн үнэ ханш өссөнтэй холбоотой манай экспорт 2016 онд 4.9 тэрбум, 2017 онд 6.2 тэрбум, 2018 онд 7.0 тэрбум, 2019 онд 7.6 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна.
Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш өсөхөд манай эдийн засаг дагаад өсдөг бөгөөд буурахад мөн ялгаагүй буурдаг болохыг дээрх жишээнээс анзаарч болно. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш өсөөд зогсохгүй, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.доллар орж ирснээр 2017-2019 онуудад Монгол Улсын эдийн засаг өсч дэвжих, улмаар аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа жигдэрч, иргэдийн орлого нэмэгдэх боломжтой болсон юм. Ийм сайхан боломж зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн түүхэнд манай улсад бараг тохиогоогүй гэдгийг онцлох нь зүйтэй.
У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар ийм таатай нөхцөлд хэрхэн ажиллав гэдгийг эрх баригчдын худал хуурмаг хоосон яриа бус, харин макро эдийн засгийн бодит статистик үзүүлэлтүүд үнэн зөвөөр харуулж чадах билээ.
Эдийн засаг түүхэнд байгаагүй агшив
Зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн түүхэнд манай улсын эдийн засаг 1990-1994 болон 2009 онд хасах үзүүлэлттэй буюу эдийн засгийн уналттай гарч байсан. Харин өнөөгийн эрх баригчид 2016 оны II улиралд 1.4 хувийн өсөлттэй эдийн засгийг хүлээж аваад өнгөрсөн дөрвөн жилийн турш "элгээрээ хэвтсэн эдийн засаг"-тай байсан гэж нотлохыг оролдож “бархирсан”. Одоо ч зарим нэгнийх нь амнаас энэ үг салаагүй л явна. Тэдэнд өөрсдийн толгой дээрх бухлаа хар гэж зөвлөж байна. Учир нь 2020 оны эхний улиралд эдийн засаг хасах 10.7 хувьд хүрч, Монгол Улсын сүүлийн зуун жилийн түүхэнд байгаагүй огцом уналт хийчхээд байна. 2020 онд манай улсын эдийн засаг агшиж сөрөг үзүүлэлттэй гарах нь тодорхой болжээ. ОУВС болон Дэлхийн банкнаас гаргасан таамаглал ч ийм байгаа юм. Энэ байдалд хүргэхэд өнгөрсөн жилүүдэд УИХ-д үнэмлэхүй олонх байсан МАН-ын гишүүд, У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газрын хэрэгжүүлсэн “бай”-гаа оноогүй төсөв, сангийн болон мөнгөний бодлого нөлөөлжээ.
Түүхэнд байгаагүй их хэмжээний төсвийн алдагдалтай он жилүүд
2016 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олонх болсон МАН-ын парламент өнгөрсөн дөрвөн жилд нийт есөн их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг баталжээ. Төсвийн алдагдал бол өр. Тиймээс төсвийг батлахдаа тухайн жилийн алдагдлаа нөхөхийн тулд авах өрийн дээд хэмжээг ч мөн хуульчлан баталдаг юм. Түүнийг дараах хүснэгтээс харвал:
Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч Засгийн газар “үйлдвэрлэж” байсангүй. Өөрөөр хэлбэл, хамгийн их улс төрждөг улс төрийн хүчин өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд бодитойгоор аюул занал учруулах хэмжээний өрийг ирээдүй хойчдоо өвлүүлсэн нь энэ. 2012-16 онуудад 6-7 их наяд төгрөгийн хэмжээнд тогтвортой эргэлдэж байсан төсвийн зарлага 2020 оны төсөвт 13 их наяд 872 тэрбум төгрөгт хүрч хоёр дахин данхайжээ.
Монгол Улсын иргэн бүр 30 сая төгрөгийн өртэй боллоо
Өрийн удирдлагын тухай хуульд, Монголбанк болон Сангийн яам Монгол Улсын гадаад өрийн хэмжээг улирал тутам гаргаж, олон нийтэд мэдээлэх заалт бий. Монгол Улсын гадаад болон дотоод өрийн хэмжээг хэн нэгэн эрх мэдэлтний амнаас сонсох шаардлагагүй. Монголбанк болон Үндэсний статистикийн хорооны сайтаас харах боломжтой. Mongolbank.mn, 1212.mn зэрэг сайт дээр Засгийн газрын болон Монгол Улсын нийт өрийн хэмжээ дараах байдалтай байна.
Монгол Улсын нийт өр 2016 оны зургадугаар сарын 30-ны өдөр 24 тэрбум 260 сая ам.доллар байснаа 2020 оны гурван сарын 31 байдлаар 30 тэрбум 461 сая ам.долларт хүрч дөрөвхөн жилийн хугацаанд зургаан тэрбум 201 сая ам.доллар буюу бараг 17 их наяд төгрөгөөр өссөн байна. Цар тахалтай холбоотой хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 5.2 их наяд төгрөгийн өрийг нэмж тооцвол хийж гавьсан юмгүйгээр Чингис бондыг зургаа нугалах хэмжээний өр тавьчхаж.
2012 онд нэг хүнд ногдох өрийн хэмжээ 12 сая төгрөг байхад УИХ-д олонх болсон Ардчилсан нам хамтарсан Засгийн газрыг байгуулж асар их хэмжээний бүтээн байгуулалт хийсэн. Гэвч 2016 онд МАН өрөөр айлгаж, өрийн дарамтаас гаргах амлалт өгч сонгогдсон. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд асар их хэмжээний гадаад өр өндөр хүүтэйгээр тавьсан ч ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй эрх баригчдын “Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо” гэдэг өнгөрсөн УИХ-ын сонгуулийн хар пиар нь өдгөө “Иргэн бүрд 30 сая төгрөгийн өр ногдох” болтол нэмэгджээ..
Мөнгөний бодлого нь “мөхсөн” улс
Валютын ханш өдөр ирэх тусам чангарч аж ахуй нэгжүүд болон ард иргэдийн нуруун дээр ачаа нэмэгдсээр байна. Монголбанкнаас зарласан ам.долларын нэрлэсэн ханш 2016 оны зургаан сарын 30-ны өдөр 1,982 төгрөгтэй тэнцэж байсан бол 2020 оны зургаан сарын 19-ний өдөр 2,819 төгрөгт хүрч монгол төгрөг даруй 40 хувиар суларч өмнөх 30 жилийн түүхэнд байгаагүй рекорд тогтоогоод байна. Ханшийн энэ галзуурал хаа хүрэхийг хэн ч таамаглах аргагүй. Экспорт нэмэгдэж, гадаадын санхүүгийн байгууллага, донор орнуудаас авч байгаа тэрбум, тэрбумаар хэмжигдэх хатуу валют хаашаа орсныг ч мэдэж байгаа хүн У.Хүрэлсүхийн Засгийн газарт лав алга.
Монгол Улсын нийт импортын 70 хувь нь ам.доллароор хийгддэг ба хэрэглээний сагсны 40 хувьд импортын бараа эзэлж байна. Тиймээс, гадаад валютын ханшийн чангаралт, тэр тусмаа ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангаралтаас шалтгаалж импортын бараа болон өргөн хэрэглээний барааны үнэ өсч улмаар энэ нь иргэдийн амьдралд шууд сөргөөр нөлөөлж байгааг энд нурших илүүц биз ээ.
Дэлхий дахин “хялайж” эхэллээ
Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчдын хэрэгжүүлсэн эдийн засгийн “бодлого” олон улсын зүгээс ямар үнэлгээ авсныг харцгаая. Манай улс дэлхийд байж болох эдийн засгийн бүх хоригт орж дэлхийн улс орнуудын хамгийн сүүлийг мушгижээ. Ийм шившигт байдалд зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш мөн л орж байсангүй.
-2017 оны 12 сарын 5 өдөр: Европын Холбооны Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалтад оров.
-2019 оны 10 сарын 18 өдөр: Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх ФАТФ-ын Саарал жагсаалтад оров.
-2020 оны 5 сарын 7 өдөр: Европын Холбооны Хар жагсаалтад оров.
“Хар” жагсаалтад орсон хэд хэдэн үндэслэлийн нэгд, Монгол Улсын дипломатууд хар тамхины сүлжээнд орж, зөөвөрлөсөн асуудал зүй ёсоор орно. Учир нь хар тамхины худалдааны орлогын тодорхой хувь терроризмыг санхүүжүүлэхэд зарцуулагддаг нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Мөн татвар нуун дарагдуулах болон мөнгө угаах гэмт хэрэг, шударга бус өрсөлдөөнийг дэмжих зэрэг нь аливаа улсын эдийн засагт сүүдрийн эдийн засгийг дэмждэг гэж үздэг. Монгол Улс хар жагсаалтад орсноор Европын Холбооны улсад мөнгөний картын үйлчилгээ зогсч банкуудаар төлбөр тооцоо хийхэд мөнгө шилжих хугацаа уртасна. Шимтгэлийн хэмжээ ч өснө. Валютын хямд эх үүсвэр олдохоо больж, хөрөнгө оруулалтууд зогсч байна. Ингэснээр манай зах зээлд валютын эрэлт нэмэгдэж, ханш хөөрөгдөнө. Ханшийн өсөлт инфляцыг өсгөж иргэдийн амьдралд шууд нөлөөлж эхэлнэ. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хаалгаа барьж ажилчдаа цомхотгоно. Худалдааны салбарын ААН-үүдийн бараа татан авалт, төлбөр тооцоон дээр хугацаа алдагдаж, гүйлгээний шимтгэл нь ч нэмэгдэх бөгөөд энэ эрсдэлийн төлбөр иргэдийн худалдан авдаг бараанд шингэж үнэ өснө.
Ирэх дөрвөн жилд Засгийн газар, гадаад бондын 2.9 тэрбум ам.доллар, Монголбанкны своп, бусад төрийн болон төрийн бус компаниудын 11 орчим тэрбум ам.долларын гадаад өрийг төлөх үүрэгтэй. Ийм боломж Монголын эдийн засагт байхгүй. Монгол Улсын эдийн засгийг үүрч явдаг түүхий эдийн үнэ ханш унаж байна. Өр төлбөр хийх хуримтлал бүрдүүлэх боломжоо салхинд хийсгээд, “өрөнд живсэн” манай улс дэлхийн санхүүгийн зах зээл дээрээс дахин санхүүжилт босгохоос өөр арга гарцгүй болжээ. Гэтэл Хар жагсаалт байтугай Саарал жагсаалтад ч багтаагүй улс орнууд хүртэл хөрөнгө босгохын гашуун “зовлон” амсдаг. Тиймээс манайд асар өндөр хүүтэй, маш бага хэмжээний санхүүжилт босгох л бяцхан боломж үлджээ. Энэ нь Монгол Улс гадаад өрийн хямралд орсныг батлаад зогсохгүй дампуурах нь тодорхой болсныг харуулах үзүүлэлт юм.
Экспортын орлого огцом өсч, гадаад валютын зээл их хэмжээтэй цутгасан, гадны эдийн засгийн элдэв хориггүй, улс төрийн аливаа сонгуульгүй, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтгүй ийм таатай үед Монгол Улсын эдийн засаг огцом агшиж, төсвийн алдагдал хэдэн их наядаар нэмэгдэн архагшиж, төсвийн зарлагаа хоёр дахин данхайлгаж, гадаад өрөнд живүүлж, валютын ханшаа алдаж эдийн засаг дампуурсныг эдийн засгийн макро үзүүлэлтүүд харуулж, дэлхий нийт хүлээн зөвшөөрлөө. “Сэлэм эргүүлж” наадахаас өөр ид шидгүй “эрх хүүхэд” Монгол Улсын эдийн засгийг гурван жилийн хугацаанд гучин жилээр хойш татах хэмжээнд хүргэчхээд байгаа “нүцгэн үнэн” энэ юм. “Буруу эрхэлсэн хүүхэд, бухын хүзүүнээс хатуу” гэж монголчууд эртнээс сургаж ирсэн билээ. Энэ үг хэчнээн үнэн болохыг өнгөрсөн дөрвөн жилийн амьдрал бидэнд хангалттай харууллаа. Зах зээлийн нийгэмд шилжсэн гучин жилийн түүхэнд Монгол Улсын бие даасан эдийн засгийн дархлаа ингэж сульдаж, дордож байсангүй. Одоо хангалттай. Үүнээс цааш ухрах зам алга. Дэлхийд “Азийн Венесуэль” хэмээн цоллогдохгүй байх цорын ганц боломж иргэд бидэнд үлдлээ. Энэ нь 2020 оны УИХ-ын сонгууль.
Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөө 2020 оны УИХ-ын Сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулсан Ардчилсан намын нэр дэвшигч бүрийг дэмжиж саналаа өгөхийг уриалж байна. Таны сонголт Монгол Улсын ирээдүйг сонгох мэргэн сонголт байх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.
ЭХ СУРУВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН