Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Шоронжсон сонгууль

Б.БЯМБА

 Санал хураалт эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Харамсалтай нь, ард түмний сонгох эрхэд халдсан аймшигтай сонгууль болж байна гэж дүгнэхэд хэтийдэхгүй нь. Урьд өмнө ингэж олноор нь цагдан хорьсон тохиолдол үгүй билээ. Өнгөрсөн сарын сүүлчээс эхэлж, 20 гаруй хоног үргэлжилж байгаа “нэр дэвшигчдийг намнах ажиллагаа”-нд одоогийн байдлаар зургаан хүн (Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Х.Бат-Ялалт, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан) өртөөд байна. Тэдний гэм буруутай, эсэхийг шүүгчээс өмнө шүүж, өмөөрч, хамгаалах гэсэнгүй. Гагцхүү яагаад яг сонгуулиар, кампанит ажлынх нь үеэр цагдан хорив гэдэг анхаарал татаж буй хэрэг.
Хамгийн сүүлд хоригдсон АН-ын гишүүн С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарын хувьд Оюу толгойн болон “Дубайн” гэгддэг гэрээтэй холбоотой шүүгдэж байгаа хэмээн хүн бүр ойлгож буй. Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг манай Засгийн газар 2009 онд байгуулсан. Магад энэ цаг үеэс эхлэн 10 гаруй жил сайн, муу хэлүүлж, амтай болгоны ярианы сэдэв болж, мэдэхгүй ч хүнгүй мэт эл гэрээг байгуулсан Засгийн газрын тэргүүн, Сангийн сайд, дараа нь Дубайд байгуулсан төлөвлөгөөнд ажил хариуцсан албан тушаалтны хувьд гарын үсгээ зурсан хүмүүс хамтдаа шүүхийн өмнө зогсч буй учраас ингэж ойлгохоос ч аргагүй. Гэхдээ энэ хэргийг хууль, хяналтын байгууллага 2018 оны эхээр шалгаж эхэлсэн. Харин “Оюу толгойн” гэх тодотголтой уг хэрэгт холбогдуулан долоон хүнийг шүүж буйгаас гурван нэр дэвшигчийг цагдан хорьсон нь энэ. Угтаа Оюу толгойн олдог хоёр төгрөг тутмын нэг нь Монголд үлддэг. Үнэхээр энэ гэрээ буруу байсан бол Оюу толгойг зогсоохгүй яасан юм бол. Гадаадын хөрөнгө оруулагчдаас Оюу толгой л өнөөдөр Монголд үлдээд байна. Нэгэн үе Оюу толгой хоёр жил таг зогссон үед манайх эдийн засгийн хувьд ямар байдалд орлоо. УИХ, Засгийн газар нь тэвдэн хоёр удаа тогтоол гаргаад Оюу толгойг яаралтай хөдөлгөж байсан. Нэг ёсондоо тогтоолын дагуу гүйцэтгэл хийсэн хүмүүс өнөөдөр бас л буруутан болоод шүүгдэж байна. С.Баярцогтын эхнэр Ч.Нарантуяа “Миний нөхөр 1990 оны сонгуулиас хойш найм дахь удаагийн сонгуульд оролцож, бүгдэд нь Сэлэнгэ нутгаасаа дэвшсэн. Би нөхрийнхөө сонгуульд нэг ч удаа оролцож үзээгүй. Анх удаа ийнхүү нүүр хагарч үг хэлж байна. Үнэхээр Монгол Улсад ямар ч хууль цаазгүйгээр гэм зэмгүй хүнийг гурав дахь удаагаа хорьж байна. Гэр бүлийн хувьд маш их дарамтад ороод байна. Би багш хүн. Улс төрөөс хол байх байр суурь баримталдаг. Гэвч энэ удаа гарцаагүй нөхрийнхөө төлөө үг дуугарахад хүрлээ” гэв. Харин түүний ээж О.Бадам гуай хэлэхдээ “Оюу толгойн гэрээг хийсэн биш олон түмэнд муу хэлэгдэж явна. Худал зүйлийг мянга давтвал үнэн болдог гэдгийг яас махандаа тултал мэдэрч байна. Муу юм хийсэн хүмүүст муу юм шингэдэг. Гэхдээ бид муу зүйл хийгээгүй. Хүүгээ буруу зүйл хийгээгүй байхад уйлаад яах вэ. Миний хүү эх орондоо битгий хэл нэг хүнд ч муу зүйл хийхгүй. Хүн гүтгээд байгаа хүмүүсийг л харин шийтгэдэг хууль номоор нь явуулмаар. Улстөрч хүний ар гэрийг хариуцахад их тэвчээр шаардана. Миний муу охин үзээгүй юмаа үзэж байна. Ёстой ухаантай, эрдэм ном сурсан тулдаа л тэвчээр заадаг байх” гэв.
Ийнхүү шалгагдаж эхэлснээсээ хойш наад тал нь найман сар, цаашлаад гурав, дөрвөн жил орчим хууль, хяналтын байгууллагаар “явсан” эдгээр хэрэг бөөн бөөнөөрөө сонгуулийн үеэр шүүгдэх гэж байгаа нь гайхаш төрүүлээд байгаа юм. Эдгээр хэргийг өмнө нь яагаад шийдэж болоогүй юм бэ?
Тэрчлэн Сэлэнгэд УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрогт нэр дэвшиж буй Ж.Эрдэнэбат гишүүнийг сонгуулийн сурталчилгааны үеэр баривчилсан. Шүүх түүнээс 10 тэрбумын барьцаа байршуулахыг шаардсан байдаг. Угтаа Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрх хэвээр байгаа. Нэр дэвших үнэмлэхээ авснаас хойш Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй цагдан хорихыг хуулиар хориглосон. Нэр дэвшигчийн эрхийг хязгаарлахдаа Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл ч авсангүй. Монгол Улс хуулиар нэр дэвшигчийн баталгааг хангаж өгсөн байдаг. Ерөөс нэр дэвшигчдийг цагдан хорьсон асуудалд алхам бүрд асуултууд гарсаар байна. Нэг тойрогт өрсөлдөж байгаа, хамгийн өндөр рейтингтэй яваа нэр дэвшигчдийг заавал нэг дор, бүр тэгээд сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ цаг үед шүүж, заримыг нь хорих болов?
Бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр мөн шоронгоос сонгуульд өрсөлдөж байгаа. Тэдэнд холбогдуулаад байгаа хэргээ сонгуулиас өмнө хэлэлцэж болоогүйн учир юу вэ? Тэртэй тэргүй УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй хүнийг барьж хорьж болоод байгаа юм бол ЖДҮ-чдээ ч гэсэн ялгаагүй яллах ёстой. Хачирхалтай нь өөр, өөр хэрэгт яллагдагчаар татагдан хууль шүүхийн хаалга татаж байгаа энэ хүмүүсийн хэрэг яг нэг цаг үед, сонгуулийн сурталчилгаа эхэлсэн хойно болж байгаа нь л анхаарал татаж байна.
Дээр нь энэ нэр дэвшигчид сонгуулиар гарч ирэх магадлалтай хүмүүс. 10 тэрбум гэх тоо ямар учиртай юм бол. Бүгд ийм хэмжээний мөнгө гаргаад өгчих боломжгүй учраас барьцаа болгож байршуулахаар зориуд арван тэрбум гэсэн тоо хэлсэн юм болов уу. Ардчиллын анхдагч нар, лидерүүд нь ар араасаа баригдаж, шүүхийн хаалга татаж эхэллээ. М.Энхсайханыг оруулаад Ч.Сайханбилэг, С.Баяр, Ж.Эрдэнэбат гээд Ерөнхий сайдуудаа барихыг нь барьж, шүүхэд дуудахыг нь дуудлаа. Ямартай ч Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг нь энэ юм болов уу. Энэ өшөө авалт хэзээ дуусах юм бол. Монголын их улс төржилт хэзээ нэг улс орныхоо төлөөх уралдаан болох юм бол. МоАХ-ны үе үеийн гишүүд, залуучууд, иргэд өнгөрсөн бямба гарагт “Дарангуйлагчийг давраахгүй” уриан дор жагсаал цуглаан хийсэн. 1980 оноос нэг намын дарангуйллыг таслан зогсоож, ардчилсан нийгмийг байгуулахаар тэмцэж, зорилгодоо хүрсэн. Гэтэл өнөөдөр ахиад дарангуйлал үүсэх нөхцөл байдал бий болчхоод байна. 30 жил тэмцэж олсон ардчиллын үнэ цэнийг олон нийтэд хүргэж, хойч үедээ үлдээхийн тулд жагсч байна хэмээн ардчиллын анхдагчид хэлж байна. АН-аас Хэнтий аймагт нэр дэвшигч Э.Бат-Үүл “Нэр дэвшигчдийг цагдан хорьж байгаа нь ард түмэнд засгийн эрх мэдэл бий гэдэг Үндсэн хуулийн зарчмыг уландаа гишгэж, шүүх хараат бусаар биш захиалгаар ажилладаг болохоо харууллаа. Ард түмний сонгох хамгийн чухал эрхэнд халдлаа. Энэ эрхийн дээр шүүх, хуулийн байгууллага гарчхаад байна. Үнэндээ дарангуйлагчийг хууль ёсны мэт харагдуулах хулхи сонгууль болох гэж байна. Нэр дэвшигчдийг 48 цагийн дотор чөлөөлөхгүй бол сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч болохгүй. Учир нь чөлөөт, ардчилсан сонгууль биш боллоо” гэсэн. Түүний хэлдэг түмэн зөв.
Энэ бүхнээс улбаалан Дархан, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт жагсаал цуглаан өдөр алгасахгүй болж байна. Дарханы иргэдийн хувьд “Нэр дэвшигчдийг баривчилж байгаа нь хууль бус үйл ажиллагаа. Сонгуулийг дуустал нэр дэвшигч нарыг эрх тэгш оролцох боломжоор хангах хэрэгтэй. Б.Бямбасайхан нь эдийн засгийн мундаг мэдлэгтэй, улс орондоо ихийг хийж бүтээх хүн. Тиймээс сонгуулийн үйл ажиллагаанд оролцуулах ёстой гэж үзэж байна” хэмээсэн. Манай эрх баригчид “Өөрсдөөсөө өөр хүнтэй танилцах боломжгүй” сонгууль хийж байна. Танигдаад ирмэгц нь бөөнөөр боорлон дайрч байна. Боорлож дийлэхгүйгээ шоронд аваачиж байна. Ийм учраас хамгийн их нулимуулж байгааг нь л хамгийн зөв хүн гээд бодоход буруудахгүй.
Уг нь Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг бүртгэх, эсэхийг шийдэхдээ цагдаа, шүүх, тагнуул зэрэг олон байгууллагаас лавлагаа, мэдээлэл авч, судалсны үндсэн дээр үнэмлэхийг нь олгодог. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35.2-т “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсвэл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээн заасан. Нийт ард түмний сонгох, сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг улс төрийн шударга бус өрсөлдөөнөөс хамгаалахын тулд нэр дэвшигчдийн эрх зүйн байдлыг олон улсын эрх зүйд нийцүүлэн манайх хуулиар баталгаажуулсан хэлбэр нь энэ. Харин нэр дэвшигчдийг цагдан хорьсон энэ бүх үйл ажиллагаа сонгуулийн төв байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хийгдэж буй, эсэх нь өнөө хэр тодорхойгүй. Ядаж л сонгуулийн төв байгууллага ганц ч тайлбар хийсэнгүй. Улс төрийн нам, эвслийн зүгээс тус байгууллагад шаардлага, мэдэгдэл хүргүүлж, нэр дэвшигчид, тэдний сонгогдох, ард, иргэдийн сонгох эрхийг хамгаалахыг хүссэн ч таг чиг.
Харин энэ зуур уг заалтыг хуульчид янз бүрээр тайлбарлаж буй. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг цагдан хорьсон гэж нэр бүхий хуульчид үзэж, хууль, шүүхийнхнийг илт буруутгаж байгаа. АН-ын удирдлага мэдэгдэл хийж, Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр ийм үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэмээн хатуу анхааруулав. Нөгөө талаас хэдийн шалгаж, яллагдагч нар нь тодорхой болсон, шүүх хурлыг нь товлочихсон хэрэгт УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35.2 дахь заалт ямар ч хамаагүй хэмээн зарим нь тайлбарлах аж.
Хэн ч, аль ч нам, эвсэл юу ч гэж тайлбарласан байлаа ч ардчилсан улсын бүх нийтийн сонгууль нь оролцогч улс төрийн хүчнүүд, нэр дэвшигчид, эсвэл төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой төдий асуудал биш. Өөрөөр хэлбэл, АН, МАН-ын, эсвэл бие даан нэр дэвшсэн хүнийг баривчилж, цагдан хорилоо гэж харах нь хэт өрөөсгөл юм шүү. Энэ бол ард түмний засгийн бүх эрх мэдлийг хэрэгжүүлэх арга зам. Сонгох, сонгогдох нь Монгол Улсын иргэний үндсэн эрх. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зорилго нь зөвхөн сонгууль явуулахтай холбоотой бус, сонгох, сонгогдох эрхийг баталгаатай хангахад оршдог.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com