Түүний тухай би мэднэ, бас мэдэхгүй. Ингэж бичихээр гайхах хүн олон. Мэддэгийн учир гэвэл хийсэн, тоглосон киног нь үзэж байсан болохоор л тэр. Хааяа энд тэнд таарч “Энэ чинь нөгөө жүжигчин Баясгалан байна” хэмээн өөр хоорондоо шивэр авир хийх зон олны адил хэмжээнд л “мэддэг” байв. Харин нүүр тулж уулзсаныхаа дараа, цаг гаруй хугацаанд ярилцлага хийснийхээ хойно Ж.Баясгалан гэдэг хүнийг огт мэддэггүйгээ мэдсэн юм. Тэр хэдийгээр энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшиж өрсөлдөж байгаа боловч бид хоёр улс төрийн талаар огт ярилцаагүй билээ. Харин амьдрал ярьсан, хэзээ ч үнэ цэнээ алдахгүй мөнхийн сэдэв болох хайр ярьсан. Тэгэхдээ чин сэтгэлээсээ ярилцсан. Түүний нүдийг харахад үнэн байсан. Ярилцагч маань надад хавтсыг нь нэг л удаа нээвэл буцааж хаахгүйгээр амтанд нь орж бусдыг умартан, шимтэн уншиж дуусгадаг гайхалтай ном шиг санагдсаныг хэлэх хэрэгтэй байх. Магадгүй түүний үзэж туулсан бүхэн, өвчнөө ялах гэж өөртэйгөө хийж байгаа тэмцэл нь ийн бодоход хүргэсэн байж ч болох. Тэр надад “Би тэрэгний тусгай хэрэгцээтэй боловч, түүнээсээ том зорилготой. Тэрэгнээс тусламж авдаг ч түүнийгээ давсан хүсэл тэмүүлэлтэй” гэж хэлсэн.
Ингээд миний “нээсэн” Ж.Баясгалангийн ертөнцөд тавтай морил.
Амьдралын төлөөх түүний “шунал”
Тэр СУИС-ийг төгссөн, жүжигчин продюссер хүн. Гэтэл түүний үзэх хамгийн дуртай кино нь юу гээч. Эхоны бичлэг. Амьдралын хамгийн гоё мэдрэмжийг тэндээс л авдаг гэнэ лээ. Зориод ирсэн бяцхан үрийнхээ хөдөлгөөн бүрийг харж өдөр өдрөөр өсч байгааг нь мэдрэх тэр торгон агшинг юутай ч дүйцүүлэх аргагүй гэж хэлсэн. Харин өөрийнхөө тухай ярихдаа “Би амжилтын төлөө их шунасан байхгүй юу. Амьдралын төлөө биш. Тэр үед амжилтын төлөө хэтэрхий шунасан байдаг. Өнөөдөр бол амьдрахын төлөө шунаж байна. Амжилтын төлөө зүтгэж шунаад ар гэрээ мартах шахжээ. Хэтэрхий том зорилт тавьж, маш их ажилладаг байсан. Бодит амьдралдаа бус, төсөөлөлдөө хөтлөгдөөд амжилтад шуначихаж” гэж тодорхойлсон. Гэхдээ шунал бол тэмцэл гэдгийг ч сануулахаа мартаагүй.
Тийм ээ, өнөөдөр тэр амьдралын төлөө шунаж байгаа. Тэр олдмол бэрхшээлтэй. Гэхдээ хүнд. Эрүүл хүнд аз жаргал ямар байдгийг, алхах ямар байдгийг тэр сайн мэднэ. Харин өвчтэй хүнд энэ бүхэн ямар үнэ цэнтэйг одоо мэдэрч байгаа. Тэр эхлээд 56 эм уудаг байсан бол. одоо 17-г ууж байгаа. Амьдралд шунаж байгаагийн илрэл нь энэ. Амьдралын төлөөх түүний шунал ганц Ж:Баясгалангаар зогсоогүй. Түүний дөрвөн үр нь төрсөн өдрийнхөө бялууны лааг үлээх бүртээ ганцхан аавыгаа бодож, “Аав минь хурдан эдгээсэй. Хөл дээрээ босоосой” гэж хүссээр гурван оныг үдэж байна. Гурван жилийн турш асарсан хань нь ч мөн ингэж л бодож, залбирч байгаа. Тийм болохоор амьдралын төлөө шунахгүй байхын аргагүй.
Сэтгэлээ “сэрээдэж” гаргамаар үе түүнд зөндөө байсан
“Нисванис”-ын Амгаагийн дуулдаг “Сэтгэлээ би сэрээдэж гаргамаар” гэсэн этгээд үгтэй дуу бий. Ж.Бясгалангийн тухайд үнэхээр тийм үе байсан уу гэвэл байсаан. Энэ тухайгаа тэрбээр “Үнэхээр хашгиръя гэж бодоод, сэтгэлээ онгойтол уйлъя гэсэн үе надад олон байсан. Гэвч одоо болтол тэгж чадаагүй. Яагаад гэхээр миний хажууд намайг гэж байгаа тэр олон хүмүүсийн сэтгэлийг гундаамааргүй байна. Би 75 настай аав дээрээ очоод тэврүүлээд уйлмаар санагддаг. Гэхдээ болохгүй. Аав минь нугарчихвал яах юм бэ. Ханийхаа өмнө хамаг бүхнээ сэтгэлээсээ уудалж гаргамаар байдаг. Гэвч сэтгэлийн хат нь суларчихвал яах вэ. Найзууд дээрээ очмоор байдаг. Нөгөөдүүлийнхээ итгэлийг жаахан ч гэсэн дундалчихвал яах юм бэ. Чухам ийм бодлоос болж өнөөдрийг хүртэл дотроо хадгалж “Энэ миний л зовлон болохоос гэж” үүрч явна” гэсэн юм.
Бэлтгэлийн үеэр бэртэл авч, түүнтэй адил тэрэгний тусгай хэрэгцээтэй болсон МУГТ А.Энхээ түүнд нуруу нугасны гэмтэлд хэрэглэдэг, тусгай захиалгаар ирүүлсэн бүсээ өгөхийг хүссэн ч тэр аваагүй. Нэрэлхсэндээ биш, голсондоо бус зүгээр л асар их дэм болох тэр бүсийг авчих юм бол энэ байдалдаа дасчих гээд, бэртэлтэйгээ эвлэрчих гээд байсан учраас татгалзсан хэрэг.
Охиноо гараас нь хөтлөөд нөхөрт нь хүргэж өгөх өдрийг маш ихээр хүсч байна
Хүүхдүүддээ “Ааваасаа ичих юм байхгүй” гэдгийг мэдрүүлэхийг хичээж байгаагаа хэлнэ лээ. Хүү минь ийм аавтай байгаадаа үеийнхнээсээ ичихгүй байх тийм нийгмийг тэр хүсч байгаа. Мөн том охиноо нөхөрт гарахад нь өөрийн гараар хөтлөн алхаж, нөхөрт нь хүргэж өгөхийг маш ихээр хүсч байгаагаа сэтгэл догдлон хэлсэн шүү. Анх аав болох гэж байгаа мэдээ сонсоод хөөрч дүүлж явахдаа тэр өхөөрдөм тоглоомон туулай авсан байдаг. Үнэхээр ч туулай жилдээ хөөрхөн охинтой болж, хорвоогоор дүүрэн аав боллоо хэмээн сэтгэлийн угаас хашгирч тунхагласан. Өдгөө түүний гүнж 21 настай болчихсон гунхаж явна. Харин аав нь “Охиныхоо гараас хөтлөөд ирээдүйн нөхөрт нь хүргэж өгөх” тэр баярт өдрийг тэсч ядан хүлээж, түүнийхээ төлөө өөрөө өөртэйгөө тэмцэж, хүслийнхээ төлөө “шатаж” яваа. Аав болгонд ийм мөрөөдөл байдаг нь нууц биш. Эрүүл хүнд үүнийг биелүүлэх шиг амар зүйл үгүй байх. Харин тэрэгний туслалцаатай аавын тухайд энэ мөрөөдөл амьдралыг учир утгатай болгох том зорилго, зовлонг даван дийлсний бахархал, бэрхшээлийг өмнөө сөгтгөсний их ялалт болох юм. Тэр чаднаа.
Ээжийнхээ ачийг хариулах ганцхан боломж гарч байхад...
Ж. Баясгалан ээжээс тавуулаа. Нэг эгч нь бурхан болоод дөрвүүлээ үлджээ. Түүний ээж элэгний церроз гэсэн оноштойгоор их удаан өвдөж. Монголд эмчлэх ямар ч боломжгүй гэсэн учраас Тайланд явуулсан байна. Энэ тухай “Эмчилгээний мөнгө дутангуут эхлээд ах байраа зардаг, тэгээд манайд ирнэ. Дараагийн удаад эгч зарна. Болохоо байнгуут би зарна. Тэгээд бүгдээрээ аавындаа цугладаг байсан. Нэг гэдсэнд багтаж байсан хүмүүс нэг гэрт багталгүй яахав дээ, тийм биз дээ. Ийм маягаар ээжийнхээ өвчинтэй бүгдээрээ тэмцээд л яваад байсан. Хамгийн сүүлд элэг шилжүүлэх хагалгаанд Энэтхэгт орсон. Элэг шилжүүлэх хагалгаанд орох болоход энд шинжилгээ өгөөд үзтэл бид дөрвийн хэнийх нь ч элэг таараагүй. Тэр үе миний амьдралын аймшигт өдрүүдийн нэг байсан. Ээжийнхээ ачийг хариулах ганцхан боломж гарч байхад таарахгүй гэсэн хариу сонсох ямар аймшигтай гээч. Яг тийм зовлон манай ах, эгч, дүү нарт ч тулгарсан. Тиймдээ ч бид дөрөв эмнэлгийн коридорт гар гараасаа бариад уйлаад зогсч байлаа. Тэр үед үзүүлж байсан нэг айлын таван хүүхэд “Ээждээ элэгнээсээ өгөхгүй” гээд гараад явж байсан. Нөгөө талд нь 46 настай эмэгтэй 21-тэй охиндоо “Элэгнээсээ өгөхгүй” гээд гарч ирж байсан. Эндээс нэг л юмыг сайн ойлгосон. Аав, ээж хоёр минь өөрсдөдөө биднийг ямар их хайртай болгож хүмүүжүүлээ вэ, хүнийг хайрлах ухааныг ямар их өгөө вэ гэдгийг ойлгосон. Лхаасүрэн гэж манай хамаатны залуу байдаг. Тэр залуу донор болж, манай ээжид элэгнээсээ өгсөн. Одоо маш сайхан амьдарч байгаа. Би тэр хүнд үргэлж баярлаж явдаг, үр хойчдоо захьдаг. Хүний амь аварсан бараг эх хүн байхгүй юу. Элэгнээс улбаатайгаар ээжийн минь бөөр бас муудсан байсан. Манай дүү ээжид өрөөсөн бөөрөө өгсөн. Уг нь би бөөрөө өгөх байсан юм. Бөөрөө өгнө гээд бөөн баяр болж байсан тухайгаа ярьвал хүмүүс гайхах байх. Ээждээ тэгж тусална гэдэг миний амьдралд үнэхээр чухал байгаа юм чинь. Гэтэл шинжилгээгээр миний бөөр хэтэрхий сайн, ээжийн маань бие хэтэрхий муу байсан учраас ховхорчихно гээд надаас аваагүй. Тэгээд миний дүүгийнх таарсан юм. Ээждээ амьдрал бэлэглэсэн Уянгаа дүүдээ би маш их баярладаг” гэсэн юм.
Өөртөө зориулж цахилгаан шатгүй оффис бариулсан ч ...
Цагаа тулаад ирэхээр хүн амьдралын төлөө, амьд байхын төлөө үхэн хатан тэмцдэг зантай. Үхлийн хаалгыг нээгээд хааж орхисон хүнд амьдралд шунах олон шалтгаан байх нь тодорхой. Энэ өнцгөөс харах юм бол түүнийг ойлгоход тун хялбар. Амьдралд шунан хоргодох хамгийн эхний шалтгаан нь халамжит хань болоод үр хүүхдүүд нь. “Дэлхийн хамгийн сайхан охиныг би авч суусан” хэмээн ам бардам хэлдэг Ж.Баясгалангийн хувьд эхнэрийнхээ тухай ярих бүрт инээмсэглэж, харц нь хайраар дүүрдэг юм билээ. Тиймдээ ч, сүүлийн хоёр жилийн хугацаанд хайртай эхнэрийнхээ хамтаар “Чин Зүрх”, “Хослон дуулья” хэмээх хоёр сайхан дууг дэлгэцийн бүтээл болгосон нь хүмүүсийн талархлыг хүлээгээд байгаа. Тэр сайхан охиноо өөрийн болгохын тулд олон олон залуустай нэлээдгүй хугацаанд марафонд гүйсэн гэсэн шүү. Марафонд ялагчаар тодорсны ач буянг өнөөдөр тэр үзэж, эдэлж байгаа. Яагаад гэхээр түүнийг гурван жилийн турш 1098 хоног тэргэнцэрийн тусламж авч байхад эхнэр нь уурлах нь бүү хэл, нэг ч удаа бухимдаж үзээгүй гэдгийг сонсоод ханиар нь өөрийн эрхгүй бахархаж сууснаа хэлмээр байна. Тэрбээр хүүхдүүддээ цаг гаргаж, насан туршийн дурсамжийнх нь үндэс суурийг тавьж байгаа холч ухаантай аав.
Ж.Баясгалан осолд орсныхоо дараа амьдарна, босно гээд өөртөө зориулж гурван давхар оффис бариулжээ. Тэгэхдээ цахилгаан шатгүй. Өөрийнх нь өрөө гурван давхарт. Зориудаар ингэж шийдэж. Оффис баригдсан ч одоо хүртэл өрөө рүүгээ орж үзээгүй л байгаа. Нэг удаа орж нэг давхрыг туулсан ч өрөөндөө хүрээгүй буцсан. Үнэндээ чадаагүй хэрэг. Хэзээ нэгэн өдөр алхдаг болоод өөрөө өрөөндөө орно гэсэн зорилго тавьчихсан байгаа.
Тэр “долоо хэмжиж нэг огтолдог” зарчимтай
Архангай аймгийн Тариат суманд төрсөн Ж.Баясгалан Толгойтын дэнжид бага насаа өнгөрөөжээ. Бусдын л адил зүггүйтэж явсан жаал хүү 10-хан настайдаа анхны цалин авч, ээждээ халуун сав авч өгч баярлуулж байсан гэгээхэн дурсамжтайгаар одоогийн Ирээдүй цогцолборт ерөнхий боловсролыг эзэмшсэн байна. Гурван компани үүсгэн байгуулж 150 залууг ажлын байраар хангаад зогсохгүй ар гэртэй нь дааж яваа хүн. Тэрбээр аливаа шийдвэрийг сайтар бодож, эргэцүүлсний эцэст гаргадаг. Өөрөөр хэлбэл, “долоо хэмжиж нэг огтолдог” зарчимтай. Харин нэгэнт шийдсэн бол маш хурдтай, чанартай гүйцэтгэдэг үлгэр жишээ удирдагч. Монголын кино урлагийн салбарт томоохон өөрчлөлтийг авчирсан “Кино драмын А групп”-ийн тэргүүн. Дунд сургуульд орсон бүлтгэр нүдтэй жаалхүү бусдадаа шоглуулчихдаг учраас тулааны урлагийн багшид шавь орсон гэдэг. Ингэж спортын амтанд дурласнаар кэмпо каратэгээр хичээллэж жудо, хийн тамир, фитнесс, экстрим спортоор тууштай хичээллэж байлаа. Азийн 4 дантай хар бүстэй. 14 насандаа “Монголын Гиннесийн амжилт” тэмцээнд багаараа тоосго хагалах үзүүлбэрээр дээд амжилт тогтоож, Дэлхийн Гиннесийн Холбооноос ярилцлага авч байсан түүхийг өөртөө бүтээсэн. Улмаар дөрвөн дугуйт мотоцикл сонирхон оролдож, 2016 онд болсон CFийн нэрэмжит UTB ангиллын бартаат замын уралдаанд оролцон түрүүлж, хичээл зүтгэлийнхээ үр дүнг үзсэн үе ч бий. Тамирчны ялалт хямдхан олддоггүйг тэр дэндүү сайн мэднэ. Тиймдээ ч нэгэн тэмцээний үеэр асар том гэмтэл авч 284 өдөр хэвтэрт байж үзсэн. Нүднээс өөр хөдлөх эрхтэнгүй, хэвтэрт өнгөрүүлсэн тэр хар өдрүүдийг өөрийн тэмцэл, сэтгэлийн хатаар туулан гарч, харанхуйлсан бүхний сэтгэлд гэгээ татуулахаар зүтгэж байгаа тэмцэгч бол Ж.Баясгалан.
Төрийн СЭРҮҮЛЭГ байхыг тэр хүсчээ
ыБизнесмэн хүнийхээ хувьд бүх зүйлийг тэгээс эхэлж байсан үе байхад, мөнгөтэй болсон мөч ч, хиншүү гартлаа шатаж үзсэн үе ч түүнд бий. Өдгөө тусгай хэрэгцээт иргэний нэг болчихсон Ж.Баясгалан “Тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй” гэх мэт үгэнд дургүй юм билээ. Ямартаа л “Хөгжлийн бэрхшээлтэй улс гэж байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй нам гэж байдаггүй”-тэй адил тусгай хэрэгцээт хүмүүс л гэж бий. Тэдний төлөө дуугарах ёстой гэсэн юм. Манай улсад өдгөө 117 мянган тусгай хэрэгцээт иргэн бий. Тэдний 45хувь нь төрөлхийн, 55 хувь нь олдмол бэрхшээлтэй гэсэн статистик байдаг. Тэдний нэг болсны хувьд Ж.Баясгалан тэдгээр хүмүүсийн өмнөөс, гэр бүлийнхнийх нь өмнөөс Төрд сануулах СЭРҮҮЛЭГ байх гэж нэрээ дэвшүүлжээ.
Бусдад үзүүлсэн тусаа зарлах дургүй болохоор шивнэчихье
“Үргээлэг2” дэлгэцнээ гарсан жилдээ “Academy awards- 2016” наадмын Оны шилдэг бүтээл, Гранпри шагнал хүртэж, нийт зургаан төрөлд шилдгээр шалгарсан төдийгүй, тэр жилдээ Каннын кино наадмын зочин киногоор оролцсон амжилтыг дурсахгүй өнгөрч болохгүй. Ж.Баясгалангийн тухайд бусдад үзүүлсэн тус, дэмээ зарлах тун дургүй. Тиймээс энд ганцхан жишээг сэм шивнэчихье. Тэрбээр 2011 оноос хойш бизнесийн орлогоосоо шалтгаалаад, сурлага сайтай ч ар гэрийн боломжгүй, орон нутагтаа эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа, мөн тусгай хэрэгцээтэй оюутнуудыг сонгож сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосоор яваа. Тэрбээр өнгөрсөн арваад жилийн хугацаанд 300 гаруй оюутанд тэтгэлэг өгч, мэргэжилтэй болгожээ. Тэр бас “Буян үйлдсэнээ зарлавал буцчихна” гэдэг хачин зантай. Тийм ч байж магадгүй юм. Ж.Баясгаланг 2019 оны сүүлчээр Клиникийн нэгдсэн III эмнэлэгт хэвтэж байх үед нь масктай эмч бэлэг бариад орж ирсэн нь түүний тэтгэлэгт хамрагдаж байсан оюутан Хүний их эмч болчихоод эргээд өөрийг нь эмчлэхээр ирсэн нь тэр байж. Үнэхээр тэрэнд тэтгэлэг өгсөн энэ тэр гээд байсан бол сэтгэлийн гүнээс талархал илэрхийлэхээр ирэхгүй ч байсан юм бил үү, хэн мэдлээ.
“Үргээлэг” киноныхоо орлогоос 29 дүгээр тусгай дунд сургуульд хүүхдийн автобус бэлэглэж байсан тэрбээр энэ бүгдээ нийгмийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах ёстой компанийн нийгмийн хариуцлага гэж үздэг юм. Татвараа цаг хугацаанд нь төлөх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэй байх, ажилчдаа даатгалд тасралтгүй хамруулах, хог хаягдлыг багасгах зэрэг нь түүний хэвшил болсон зүйл. Тиймдээ ч Ж. Баясгалангийн удирдсан компани нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр 12 удаа, дүүргийн шилдэг аж ахуйн нэгжээр хоёр удаа шалгарч байсан нь энэ бүхний нотолгоо болох биз ээ.
Өглөөний нар угтахын үнэ цэнийг тэр л мэднэ
Тэр өглөө бүр сэрсэндээ, нарыг харсандаа, амьд байгаагаа мэдэрсэндээ баярладаг. Тиймээс дандаа инээмсэглэдэг. Нэгэн цагт амжилтын төлөө шунаж байсан бол одоо амьдралын төлөө шунаж байгаа эр хүн, эцэг хүн. 2017 оны тавдугаар сарын 13. Гараанаас галзуу барс шиг цойлон гарч ч хэдхэн хормын дараа бүх зүйл орвонгоороо эргэж орчлон хөмрөх шиг л болсон тэр цаг үеийг туулаад одоо хавханд орсон хөлөө тас хазчихаад уулын оргил руу дүүлдэг чоно шиг босохын төлөө тэмцэж байгаа хатуужилт нэгэн. Тиймдээ ч өглөөний нар угтахын үнэ цэнийг тэр л мэднэ. Тиймдээ ч нарыг хараад тэр дандаа инээмсэглэдэг юм. Үхэл амьдралын дэнсэн дээр тулж, үхлийн зураасны цаана хөл тавиад эргэж ирсэн хүнд шинэ өглөөг угтаж, шинэ нарыг харах инээмсэглэл байлгүй яахав. Нислэг даахгүй ч байж мэдэх эрсдлийг үүрээд ганцхан “Амьдарна” гэдэг итгэлээр Өмнөд Солонгос улсын Сөүлийн их сургуулийн эмнэлгийг зорьсон хүнд өдрүүдийг ардаа орхисон Ж.Баясгаланд 60 хоногийн дараа “Нугасны чинь 90 хувь гэмтсэн, хэзээ ч алхахгүй, босохгүй, тэргэн дээр суух магадлал ч тун бага” гэх “харгис” үнэнийг сонсох мэдээж амар байгаагүй.
Солонгос эмч нарт тэр юу гэж хэлсэн гээч. “Би Монгол хүн. Би хөл дээрээ босоод, хүүхдүүдээ дагуулаад танай эмнэлэг дээр ирнэ” гэжээ. Үүнийг сонссон солонгос эмч “Тийм боломж байхгүй. Таны гэмтлийн хувьд дэлхийд ийм зүйл бүртгэгдээгүй” гэсэн байна. Магадгүй түүнийг оношоо сонсоод шоконд орж гэж бодсон байж мэдэх юм. Тэгэхэд нь Ж.Баясгалан “Эмч ээ, тэгвэл та тийм тохиолдлыг нь харсан, эмчилсэн дэлхийн анхны эмч болоорой” гэж хэлсэн байдаг. Үнэндээ түүнд итгэлээс өөр эм байсангүй. Мөн “Хөл дээрээ заавал босно” гэдэг зорилго, түүнийхээ төлөө тэмцэх зүтгэл л оргилж байв.Ингэж тэмцэхийнхээ өмнө тэрээр уртын урт долоон сарыг Монголын эмнэлэгт орон дээр шаналж өнгөрүүлсэн юм. Тийм ээ, тэвчээртэй тэгсэн атлаа тэмцэгч чанартай хүнд л тэн тэнгийн зовлон үүрүүлдэг хорвоо шүү дээ.
Эцэст нь хэлэхэд, түүнийг өрөвдөх хэрэггүй. Сэтгэлийн утас чинь хаа нэгтээ доргиж байвал зүгээр л дэмж. Саналаа өг. Тэгэхэд л болно. Тэр өөрөө зорилгоо биелүүлчихнэ. Түүнд итгэж байгаа болохоор эргэлзэх нь илүүц хэрэг.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН