Төрийн албыг чадавхжуулахын ач холбогдлын талаар
УИХ-ын гишүүн асан
М.Батчимэгтэй ярилцлаа.
-Шинэчлэгдсэн Төрийн албаны тухай хууль хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хуулийг боловсруулж байсан хүний хувьд өмнөх хуулиас хэр сайжирсан талаар хэлж өгнө үү?
-Төрийн албаны тухай өмнөх хуулийг бодвол концепц, үндсэн санаагаа хэрэгжүүлэх процессыг илүү тодорхой зааж өгсөн. Өмнөх хуульд төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх ёстой гэсэн заалт байсан ч бүтцийн өөрчлөлтөөр халаа, сэлгээ хийх зэрэг процессын алдаа, хуулийн цоорхой байсан. Сонгууль бүрийн дараа маш их халаа, сэлгээ явагдаж, төрийн алба мэргэжлийн бус хүмүүсээр солигддог байлаа.
Энэ удаагийн шинэчилсэн хуулиар энэ шийдэгдсэн гэж харж байгаа. Тухайлбал, яам, агентлаг, газруудын тодорхой албан тушаал дээр томилох, ажлаас чөлөөлөх, ажиллах нөхцөлийг нарийн заасан. Жишээ нь, яамны ТНБД 16-аас дээш, газрын дарга нар 12-оос дээш, хэлтсийн даамал нар наймаас дээш жил ажилласан байх ёстой гэх мэтчилэн. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх нөхцөлүүдийг ч тодорхой зааснаар бүтцийн өөрчлөлт, улс төрийн үзэмжээр ажлаас нь халах нөхцөл энэ хуулиар хаагдсан. Харин хариуцсан ажилдаа удаа дараа хариуцлагагүй хандсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, эсвэл Монгол Улсын иргэний харьяатаас гарсан гэхчилэн чөлөөлөх шалтгаан нөхцөлийг илүү тодорхой тусгасан. Хэрэв хууль зөрчвөл ТАЗ оролцож, алдаагаа засах шаардлагыг шийдвэр гаргах албан тушаалтанд тавих, биелүүлэхгүй бол тухайн албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах үндэслэлтэй болсон.
-Төрийн албаны тухай хуульд тусгаж чадаахгүй чухал зүйл заалт үлдсэн болов уу?
-2012-2016 оны парламентын үед хамгийн их анхаарал хандуулж, урт удаан хугацаанд боловсруулсан хуулийн нэг бол Төрийн албаны тухай хууль. Тухайн үед яригдаж байсан үндсэн санаа нэлээд хэмжээнд тусгагдсан. Харин ТАЗ нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буйтай холбоотой судалгаа хийх, судалгаатай холбоотой төрийн албыг хөгжүүлэх санал дэвшүүлэх эрхтэйгээс гадна хамгийн гол нь эрх ашиг нь зөрчигдөн хууль бусаар ажлаасаа халагдсан төрийн албан хаагчийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, шүүхэд хандах эрхтэй байх ёстой. Ийм эрх олон орны ТАЗ-үүдэд байдаг. Миний бодлоор яг энэ эрхийг дутуу зааж өгсөн гэж боддог. ТАЗ нь төрийн албан хаагчийн өмнөөс шүүхэд хандах эрхтэй байвал энэ хууль илүү тогтвортой байх нөхцөл бүрдэх байсан.
-Үндсэн хуульд Ерөнхий сайд кабинетээ өөрөө бүрдүүлэх заалт оруулсан нь төрийн алба тогтвортой, хариуцлагатай байх үндэс болно гэж үзэж байгаа нь зөв үү?
-Энэ бол маш чухал өөрчлөлт. Хэрэв ҮХНӨ-өөр энэ зохицуулалт хийгдээгүй байсан бол төрийн албыг тогтворжуулах асуудал хүндрэлтэй хэвээр үлдэх байсан. Учир нь Засгийн газрын сайд нарыг 76 гишүүн томилж, огцруулах эрхтэй байсан нь энэ тооны хүмүүсийн улс төрийн нөлөө тухайн салбарт болон сайд нарын ажилд нөлөөлөх боломж бүрдүүлж, улмаар хариуцлагын механизм үйлчлэхгүй хэн үүнийг хүлээх нь тодорхой бус байсан. Харин Ерөнхий сайд өөрөө томилгоогоо хийдэг болсноор бүх хариуцлагыг хүлээх эрх зүйн орчин бүрдэж байна. Нөгөө талаар, УИХ Засгийн газрын сайд нарыг томилох эрхгүй болсон хэдий ч Ерөнхий сайдын өөрийнх нь бүрдүүлсэн кабинетийн гишүүд алдаа мадаг гаргавал Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг парламентаар авч хэлэлцэх хуулийн заалттай.
Өмнө нь “Хариуцлагагүйн зуд нүүрлэлээ” гэж бид ярьдаг байсан бол одоо бүгд тодорхой болсон. Улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшлийг авч явдаг төрийн хамгийн чухал салаа мөчир нь гүйцэтгэх засаглал. Одоо бүх хариуцлага Ерөнхий сайдад ирсэн учраас Засгийн газраа сайн ажиллуулъя, салбараа сайн авч явдаг сайд нар томилъё гэж бодохоос биш танил тал харж, улс төрийн нөлөөгөөр томилгоо хийхгүй л болов уу. Эргээд сайд нар нь Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээж буй учраас салбартаа илүү мэргэжлийн хүн томилно. Энэ нь төрийн албанд хариуцлагын гинжин шатлал бий болгож байгаа юм.
-Өнгөрсөн хугацаанд 800 орчим төрийн албан хаагч хууль бусаар ажлаасаа халагдсан нь АТГ-ын мөрдлөгөөр тогтоогдсон. Энэ нь шинэчилсэн хууль бодит байдал дээр хэрэгжихгүй, нөгөөтээгүүр, төрийн албыг ханцуйндаа наймаалцдаг асуудал байсаар буй биш үү?
-Төрийн албыг наймаалцсан гэх асуудлыг ТАЗ, хуулийн байгууллага бодитоор үнэн, мөнийг нь эцэслэн тогтоох ёстой. “60 тэрбум”-ын асуудал үнэн бодит уу, эсвэл улс төрийн тэмцэл дагасан хов жив үү гэдгийг нэг талд нь гаргаж, ямар албан тушаалуудыг хэдэн төгрөгөөр зарсан бэ гэдэг баримтыг шүүх, хуулийн байгууллага олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Түүнчлэн их чухал зүйл бол УИХ-ын үндсэн чиг үүрэг нь хууль тогтоохоос гадна, баталсан хууль тогтоомж нь хэрэгжиж байна уу гэдэг хяналт тавих үүрэгтэй. Өнөөдрийг хүртэл парламентын дутуу хийж ирсэн томоохон ажил нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ муу хэрэгжүүлж ирсэн явдал. 2012-2016 оны УИХ-ын үеэр ҮХНӨ-ийг ярьж байхдаа бид парламентын хяналтын чиг үүргийг тодорой процессоор нь хуульчилж өгөхгүй бол хуулийн хэрэгжилтэд хяналт тавихгүйгээс болж баталсан хуулиуд цаасан дээр үлдэж байна. Цаашдаа төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг Их хурлаас шаардаж байх ёстой. Тэр тусмаа Ерөнхий сайд бие даасан эрх мэдэлтэй болсон өнөө үед Их хурлын хяналтын чиг үүрэг юу юунаас илүү чухал.
-Сүүлийн үед “Түр орлон гүйцэтгэгч” гэдэг ажлын байр олноор бий боллоо. Энэ хүмүүс жинхлэгддэггүй атлаа тодорхой шийдвэр гаргаж, төсөв зарлагадах эрхтэй байна. Төрийн албаны тухай хуульд үүнийг зохицуулсан ямар зүйл заалт байна вэ?
-Төрийн албаны тухай шинэчлэгдсэн хуульд түр орлон гүйцэтгэхтэй холбоотой тодорхой заалт бий. Хүүхэд төрүүлсэн, зургаан сараас дээш хугацаагаар сургуульд явах гэх мэт хүндэтгэх шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд тухайн хүний ажил үүргийг өөр албан хаагч орлон гүйцэтгэх тухай заалт тодорхой бий. Гэтэл хуульд заагаагүй үндэслэлээр албан тушаалд томилох үзэгдэл байгаа нь бас л нэг хуулийн цоорхойг ашиглаж буй үйлдэл. Өөрөөр хэлбэл, хуулийг зөв ойлгож, мөрдөхгүй байгаагийн сул тал юм. Дахиад хэлэхэд, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, аудит хийх ёстой УИХ, ТАЗ нь баталсан хуулийнхаа оновчтой хэрэгжилтэд хяналт тавьж ажлаа хийх ёстой.
-Төрийн алба төрлийн алба болж буй талаар иргэд маш шүүмжлэлтэй хандаж байна. Эрх мэдэлтнүүдийн хүүхэд өндөр албан тушаалд томилогдож, хуульд заасан мерит зарчим хэрэгжихгүй байна. Үүний тод илрэл нь ГХЯ, дипломат алба болж, үр дагаврыг нь нийтээрээ хүртэж байна?
-Тухайн албан тушаалтны хамаарал бүхий этгээд гэсэн хуулийн хэллэг байдаг. Үүгээр төрөл садан, үр хүүхэд гээд хамаарал бүхий этгээдийг нэг салбарт хамт ажиллахыг хуулиар хориглосон байдаг. Түүнээс биш эцэг эх нь улс төрд алба хашдаг айлын хүүхэд төрийн албанд ажиллаж болохгүй гэдэг заалт байхгүй. Үндсэн хууль, хүний эрхийн конвенцэд хүнийг шашин шүтлэг, арьс өнгө, нас хүйсээр нь ялгаварлаж ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь хаах ёсгүй гэж заасан. Гол нь Сонирхлын зөрчлийн хууль зөрчигдөж байна уу, үгүй юу гэдэгт анхаарал тавих ёстой. Тухайлбал, нэг салбарт ажиллаж болохгүй гээд өөр салбарт хамаарал бүхий этгээдээ томилуулдаг гэсэн шүүмжийг хэлээд байна шүү дээ. Үүнийг төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, кодоор зохицуулах ёстой. Тиймээс хяналт тавих үүргээ олон нийт, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид хийх хэрэгтэй. Түүнээс биш хуулийн хүрээнд хэний ч хүүхэд, хаана ч ажиллах боломжтой, гол нь хууль зөрчөөгүй л бол шүү дээ.
-Төрийн албанд боловсон хүчний залгамж халааг бэлдэж, дөнгөж сургууль төгссөн хүмүүсийг авах ёстой гэж ярьдаг. Үүний тулд эрх зүйн орчныг нь яаж бүрдүүлэх вэ?
-Маш чухал асуулт. Энэ бол ТАЗ-ийн хүний нөөц бүрдүүлэх бодлоготой холбоотой. Төрийн албанд ажиллах хүний нөөцийг бэлтгэх үүрэг Төрийн албаны тухай хуулиар ТАЗ-д бий. ТАЗ нь төрийн албаны шалгалтыг жил бүр зохион байгуулж, хүний нөөцөө бүрдүүлж, тохирсон албан тушаалд нь томилох чиглэл өгдөг. Монгол Улсын Засгийн газраас 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн нэг бодлого нь дэлхийн топ 100 сургуульд тэнцсэн оюутнуудад Төрийн сургалтын сангаас тэтгэлэг олгох хууль байсан. Уг нь энэ хуулиар дамжуулан төрд ажиллах хүний нөөцөө бэлтгэж, чадваржуулж авах боломжтой юм. Тухайлбал, эрүүл мэнд, зам тээвэр, хот байгуулалт гэх мэт салбар бүрт нарийн мэргэжлийн боловсон хүчнүүдийг бэлтгэх шаардлагатай судалгааг ТАЗ-өөс авч, топ-100 сургуульд тэнцсэн иргэнд тэтгэлэг өгөх хууль байлаа.
Үсрэнгүй хөгжсөн, ялангуяа, Азийн орнууд залуучуудаа нэр хүндтэй, чанартай сургуульд олноор нь бэлтгэдэг. Жишээ нь, түүний эхлүүлсэн 1000 инженер бэлтгэх, үүн дээр дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцсэн монгол оюутнуудад төрөөс тэтгэлэг олгож байсан бодлого нь хүндээ, улс орныхоо ирээдүйд оруулсан маш том хөрөнгө оруулалт байлаа. Тиймээс Засгийн газрын болон ТАЗ-ийн хүний нөөцийн салбар бүрийн судалгаатай уялдуулан энэ тэтгэлгийг олгоод, тухайн сурсан чиглэлээр нь ажиллуулбал төрийн бодлого, шийдвэр мэргэшсэн, чадварлаг хүмүүсийн боловсролд тулгуурлан шүүлтүүртэй, оновчтой гарч ирнэ. Ингэснээр сайн хууль, сайн бодлого төрөх нөхцөл бүрдэнэ.
-УИХ-ын сонгууль болоход хэдхэн хоног үлдээд байна. Энэ удаагийн парламентын гишүүн ЖДҮ, 60 тэрбум, концесс гэх мэт олон хэрэгт нэр холбогдлоо. Эдгээр төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох механизм хуульд алга. Таныхаар яавал эдгээр хүмүүсийг илүү хариуцлагатай болгох бол?
-УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох механизм нь ардчилсан Монгол оронд одоогоор сонгууль л байна. Тиймээс сонгогчид, тэдний боловсрол хамгийн чухал. Одоогоор УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тодорхой хариуцлагын тогтолцоо бүрдээгүй байна. Тэгэхээр дөрвөн жилд хийх сонгогчдын сонголт хариуцлагатай байж гэмээнэ гишүүдэд бид шаардлага, хяналтаа тавьж чадна. Ахиад ҮХНӨ-ийг дурдъя. Энэ удаагийн өөрчлөлтөөр бий болсон нэг чухал заалт нь төрийн санхүү, мөнгөний хуваарилалтад Их хурлын оролцоог хязгаарлаж өгсөн явдал. Төсвийн алдагдал, зардлыг нэмэгдүүлэхгүй, дур зоргоор мөнгө хуваарилж болохгүй гэж заасан. Тэгэхээр ҮХНӨ амьдралд хэрэгжихийн хэрээр Засгийн газрын эрх мэдэл нэмэгдэж, УИХ хяналтын чиг үүргээ гүйцэтгэх хуулиа хэрэгжүүлж явах нь чухал байна. Нөгөө талдаа, өнөөдөр манай ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн ил тод байдал, эрх чөлөө, хууль, шүүхийн байгууллагын хараат бус байдал, шударга зарчмаар ажилладаг байх болон иргэд, сонгогчдын хариуцлагатай байдал улстөрчдөд тавих гол хараа хяналт болж байна шүү дээ, одоогоор.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН