Эрээн даашинзтай охин дугуйныхаа эрчийг авхуулах гэж байгаа бололтой нэлээн хүч гарган хоёр гурав жийснээ жолоогоо огцом зүүн тийш дараад урдуур ороод ирэв. Тоормосоо гишгээд “Өө яадаг хүүхэд вэ” гэж уулгалаад зогслоо. Зүрх салгалж байх чинь ээ...
Зуслангийн зам даган дугуйгаар хурдлах хөвгүүд охидтой өглөө оройдоо байнга таардаг. Уржигдар өглөө олны нэршлээр “Амьжиргаа цагаан” гэгдэх машины урдуур нэг хүү оронгоо алдав. Том дугуйгаа өгсүүр замд хүчлэн жийхдээ жолоогоо даялзуулж яваад тэгсэн байх. Жолооч ч самбаачлан эсрэг урсгал руу орж хүүгээс бултсан. Өвөлжин гэртээ хоригдоод ч тэр үү, өнөө маргаашгүй цар тахлын хорио дуусах гэж байгаа болоод ч тэр үү аргамжаа таслан, тушаагаа тайлаад зүг зүгтээ хандан жирийхэд хэдийнэ бэлэн болжээ, хүүхдүүд.
Сонгуульд нээлттэй, хүүхдүүдэд хаалттай талбай
Хотын баруун захын хорооллын нэг Толгойтыг зорилоо. Гудамжны үзүүрт байх тоглоомын талбай дахь сагсан бөмбөгийн шийдний кольцог нь авчхаж. Хүүхдүүдийг цуглаж тоглоод, хорио цээрийн дэглэм зөрчсөн гээд хураасан гэнэ. Бас саяхан сонгуулийн сурталчилгааны үеэр дүүрэн хүн цуглуулаад байсан хөл бөмбөгийн талбайг эргүүлээд цоожилчхож. Өглөө гүйх гэж очоод хүүхдүүдтэй хамт нүх олж шургаж орсон тухайгаа магистрын ангийн найз Д.Эрдэнэ-Очир маань учирлалаа. Түүнтэй хамтран “дүрэм зөрчсөн” хүүг Я.Булгантамир гэдэг. 11 настай энэ хүү хөлбөмбөг тоглох дуртай, Мессигийн фэн гэнэ. Дэлхийд алдартай хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг түүний хувьд зуныг мөн ч их хүлээсэн гэлээ. Найзуудтайгаа баг болж тоглоно гээд хүний өгсөн мөнгийг цуглуулж байж цоохор бөмбөг авчээ. Харамсалтай нь олуулаа нийлээд тоглох гэхээр томчууд загнаад “Коронавирус гарчхаад байхад...” гээд уурладаг гэнэ. Я.Булгантамир хүү Засгийн газрын шийдвэрийг чих тавин хүлээж байгаа гэсэн. Эмээ нь дандаа мэдээ үздэг болохоор зурагт үзэж амжихгүй бол эмээгээсээ асуудаг гэсэн. Маргааш яах бол гэсэн хүлээлт түүнд хамгийн их бий. “Каринтин дуусчихвал найзуудтайгаа нийлээд тоглоно. Томчууд загнахгүй гоё” гэснээр бидний яриа дууслаа.
Түүнээс арай бага болов уу гэмээр хоёр гурван охин зайрмаг барьчихсан гудамжны үзүүрт явж байлаа. Өглөө эрт болохоор зарим найз нь гарч ирээгүй байгаа гэнэ. Тэд ч хорио цээрийн тухай нэг их тоохгүй байгаа бололтой. Маск ч үгүй явсан. Ээж, аав нь өглөө ажилдаа явчихсан болохоор нөхөд энүүхэндээ өөр өөрийгөө аргацааж яваа бололтой. Өдөр хурц нар гарахаар гэртээ харьдаг, бас хийж тавьсан хоолыг нь идчихээд хашаандаа тоглодог гэлээ.
Хориог мартсан зуслангийн найзууд
Манай зуслангийн хашаанд дөнгөж төрсөн нярайгаас эхлээд арванхоёрдугаар ангиа төгссөн хөвгүүд охид нийлээд 30 гаруй хүүхэд өнөөдөр өнжиж байна. Тэд өглөө босоод л үе үеэрээ нийлээд жирийлгэнэ. Сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг гээд тоглоом дуусахгүй дээ. Дугуйтай нь дугуйгаа, скүүтэртэй нь түүнийгээ хөлөглөөд завгүй зуны өдрийг өнгөрөөдөг. Энд хорио цээр гэдэг зүйл аль тавдугаар сард мартагдсан. Эхэндээ хэдэн эцэг эх бие биеэсээ жийрхэж зай бариад, хүүхдүүддээ маск зүүлгээд сүйд л байсан. Сүүлдээ халуун наранд малгай өмсгөх гэж тэдэнтэй “байлдахын” хажуугаар юун маск манатай болсон доо. Тэднийг маань дэлгүүр хоршоо ч нэвтрүүлэхгүй, үзвэр үйлчилгээ ч байхгүй болохоор үүнээс илүү яаж хорих билээ. Хэдэн найзтайгаа эрүүл агаарт сэтгэл тайван тоглог гээд зөнгөөр нь орхисон. Хүү охин хоёр өөрийнхөө үеийн Улаанаа, Жижгээ, Биндэръяа, Маргад-Эрдэнэ нартай нийлээд үдээс өмнөжин усаар байлдчихаад, бороо орохтой зэрэгцэн гэртээ цуглан “Тэрбумтан” тоглоод, сая тэнгэр онгойхоор усны гутал углаж аваад гарлаа. Тэд шөнө унтах гэж, өдөр хооллох гэж, өглөө хувцаслах гэж гэртээ орж ирдэг. Зуслангийн зугаатай өдрүүд тэдэнд хориог мартуулж, хүлээстэй сэтгэлийг нь сэргээж, аз жаргалаар бялууруулж байгаа.
Голын эрэг дагасан “арми”
Ойрын өдрүүдийн бороонд Туул голын урсгал ширүүсчээ. Арав гаруй хоногийн өмнө хүүхдүүдтэйгээ очиж тоглож байсан газарт усны түрлэг нэмэгдээд ойртохын аргагүй болсон байна хэмээн замын танил ярилаа. Түүнийг Ж.Сандуй гэдэг. 31 настай түүний хувьд охиноо салхилуулахын тулд ийшээ байнга ирдэг гэнэ. Зургадугаар сарын 27-нд Туул голын эргээр өөд уруу хэсэг явав. Голын зах руу нэвтрэн орох боломжтой хэсэг бүрд машин дүүрчхэж. Бага зэргийн шаварт хий эргэсэн машин ч таарав. Агаарын хэм 27-г зааж голын ус бүлээцсэн болохоор хүүхдүүдээ тоглуулж, өөрсдөө сэрүүцэнгээ майхан хатгаж, ширээ зассан отгууд нэлээн олон байлаа.
Бид “Скай ресорт” амралтын газрын чанх хойно байх хэсэгт машинаа байрлуулаад голын эрэг рүү очсон юм. Аагим зуны халуунд голын сэрүү татам үнэр юутай таатай. Хүүхдүүд ч гүехэн устай газар тоглож, элсээр тоглоод л... Цагдаагийн академийн сонсогч нар бололтой залуус 2-3-аараа эргүүл хийж явав. “Эгч ээ хүүхдээ битгий усанд оруулаарай. Хүмүүс утасдаж дуудлага өгөөд байна гээд биднийг загнаад байна” гэж тэд хүмүүст учирлана. “За ойлголоо” гэх ч тэдний үгэнд орж, майхан саваа хураагаад явах хүн байсангүй.
Туул гол дагуу бяцхан наран шарлагын газар байгуулаад усны хэмжээг нь заасан самбартай, аюулгүй бүсийн тэмдэглэгээ хийгээд тавьчхаж болдоггүй нь гайхалтай. Том хаусууд барихад олддог зөвшөөрөл нь амралт, аялал жуулчлалын бүс болгох гэхээр бүтдэггүй гэх.
Яг үнэндээ нэгдсэн зохион байгуулалтгүй энэ мэтээр дүрэмгүй аашилж гол бараадах нь буруу л даа. Ариун цэврийн өрөө байхгүй хүмүүс ууж идсэнээ хаана гаргах вэ гэдгээс эхлээд асуудал бишгүй. Бургас дагасан хог, шээсний эхүүн үнэрээс эхлээд даанч халагламаар. Хүний хүслийг хорьж дийлэх юу ч байдаггүй мэт л санагдсан. Өвчин тахал, хорио цээр, аюултай нөхцөл байдал юу ч байсан тэдний анхааралд өртөхгүй нь бололтой. Бүр гал түлж, чулуу улайсгаад юу юугүй л баяр наадам хийх нь ээ, энд.
Хориод ч дийлдэхгүй хоногууд айсуй. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр ирүүлдэг мессеж, 11.00 цагий мэдээ ч анхаарал татахаа байсан нь илэрхий. Хил хаалттай, хол газар зорчихгүй болохоор эх орноороо аялна, өвөлжин хоригдсон өдрүүдээ нөхнө гээд л “арми” давшилж байна.
“Нандиа аа,
гарахгүй юм уу”
Өнөө өглөө гэрээрээ дайрч, хувцасаа солиод гарахдаа нэг ийм эртэч нөхөртэй таарав. Найзынхаа тагтны харалдаа хоёр гараа хошуундаа наан дугуйруулаад тэр ийн дуудсан. Удсан ч үгүй Нандиа цухуйн “Одоохон, гоё амттай юм идэж байхад чинь...” гээд л гайхуулах янзтай хариулсан. Нандиа тэгсгээд тэшүүрт дугуйгаа мөрөвчлөөд гараад ирсэн. 10:00 цагтай уралдан наадаанаа эхлүүлж байгаа нь энэ.
Манай байрны сагсны талбайн шийдийг бас л авчихсан. Хавар хүүхдүүд цуглаад байсан юм л даа. Гэхдээ тэд кольцоогүй ч аргаа олчихно лээ. Гар бөмбөгөөр харилцаж, төмсдөөд зогсдог болсон. Тэднийг эцэг эх нь ч, энэ хавийн эргүүлүүд ч хориод дийлэхгүй нь. Аргамжаа нь алдуурч, хорионд чөдөрлөгдөхөө больсон хүүхдүүдийн хүсэл ийм л байна.
Бяцхан зүрхнүүд тоглох талбай хайж яваад тогтоол усанд живж өөд болсныг бид мартах учиргүй. Хорьж хааснаар бус тохируулж, анхааруулж, хяналттай байснаар бид тэднийгээ хамгаална.
Өвчнөөс зугтаж биш түүнтэй нүүр тулж, бүр зохицон аж төрөх он цаг ирж байгаа ч юм уу гэсэн бодол эрхгүй төрөх юм. Хүүхдүүд хөгжихийн тулд хөдөлгөөнтэй байх ёстой. Эрүүл дархлаатай байлгахыг хүсвэл дөрвөн хананы дунд хорих ямар ч боломжгүй. Талбайг нь түгжсэн ч шургаад орно, кольцог нь авсан ч аргалаад тоглоно. Дийлдэшгүй хүмүүс, дэггүй жаалуудад хорио лав үйлчлэхээ больсон шүү, хойшид яахыг түшээд нь мэдэх биз ээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН