УИХ-ын ээлжит сонгууль болоод тав дахь өдөртэйгөө золголоо. Энэ удаагийн сонгуулиар олонхын санал авч, шинэ парламентын танхимын гишүүн болох эрхээ авсан хүмүүс албан ёсоор УИХ-ын гишүүн болж хараахан баталгаажаагүй байна. 2020 оны УИХ-ын сонгууль урьд байгаагүй олон түүхэн амжилтуудыг улс төрийн хуудаснаа бичиж үлдээх нь. Тухайлбал, найм дахь удаагийн УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлсэн 606 хүнээс зургаа нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан нь анхных. Тодруулбал, 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшсэн Н.Номтойбаяр, 13 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат, 28-р тойрогт “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшсэн Х.Бат-Ялалт, 13 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн С.Баярцогт, 17 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Д.Ганболд, 19 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшсэн Б.Бямбасайхан нар цагдан хорионоос сонгуулийн сурталчилгаагаа хийсэн нь Монголын сонгуулийн түүхэн дэх содон тохиолдол болсон.
Тэгвэл эдгээр нэр дэвшигчдээс Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тойрогтоо саналын тоогоор тэргүүлж гарч ирсэн.
Тэрбээр 13 дугаар тойрогт 22865 сонгогчийн санал авч нэгдүгээрт бичигдсэн бол МАН-аас нэр дэвшсэн Ч.Ундрам 22583, Д.Өнөрболор 19412 санал тус тус авчээ. Харин тус тойрогт нэр дэвшсэн, цагдан хорих арга хэмжээ авхуулаад буй С.Баярцогт 14678 санал авч дөрөвдүгээрт бичигдэн зурхайн зураасны ард үлджээ. Ингэж сонгогч олныхоо итгэлийг хүлээж, төр түшилцэх эрхээ халааслаад буй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хорих ангиас төрийн сэнтийд заларсан анхны тохиолдлын эзэн болж байна. Сонгуулийн үйл явцтай зэрэгцэн нэр дэвшигчдийг цагдан хорьсон дуулиан дэгдэж, тэдний дотроос ийнхүү дараачийн парламентын төлөөлөл сонгогдсонтой холбогдуулж, түүний эргэн тойронд өрнөсөн үйл явцаас хүргэхээр шийдлээ.
Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн тухайд...
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нэр дэвшигчийг сонгуулийн ухуулах ажлаа хийж байх үеэр цагдан хорьсон байдаг. Түүнийг хорьсон шалтгаан Ерөнхий сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалаа буруугаар ашиглан уул, уурхайн лицензийг өөрийн мэдэлд авсан хэргээр шалгаж эхэлсэн. Түүний шалгагдаж байгаа уг хэргийг 10 тэрбум төгрөгөөр дүйцүүлэн ШШГЕГ-ын тусгай дансанд байршуулахыг шаардсан. Харин Ж.Эрдэнэбат тус дансанд байршуулах мөнгө байхгүй хэмээсэнд түүнийг цагдан хорьсон гэдэг. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг дүүргийн шүүх 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байдаг. Ингээд шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 11 цаг товлон зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч нараас “Хэргийн материалтай танилцах боломж олгож шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 2-ны өдрийн 11:00 цагт хийхээр товлоод байгаа. Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт гурван удаа хойшлуулаад байгаа нь энэ. Шүүх хурлыг ийн хойшлуулсан ч, тэдэнд урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохоор тогтсон хугацааг хүртэл олонхын санал авсан нэр дэвшигч маань хорих ангид байх бололтой. Ингэж тэрээр шоронгоос сонгогдсон анхны УИХ-ын гишүүн боллоо.
Ж.Эрдэнэбат: Хууль зөрчиж намайг буруутгаад байгааг ойлгохгүй байна
Шүүх хуралдааны тухай Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч н.Оюунцэцэг “Шүүхээс өмнө зургадугаар сарын 4-нд захирамж гарч, 10 тэрбум төгрөгийн барьцаа өг гэж мэдэгдсэн. Монголын шүүхийн түүхэнд ийм их хэмжээний барьцаа шаардаж байгаагүй. Энэ бол хамгийн утгагүй зүйл учир энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөх саналыг шүүхэд тавьсан. Ингэхэд шүүхээс зургадугаар сарын 9-ний дотор барьцаагаа байршуулаагүй учраас зөрчил гэж үзэж, таслан сэргийлэх хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. Энэ бол хууль бус шийдвэр. Цагдан хорих зорилготой байсан учраас богино хугацаанд олох боломжгүй, маш их хэмжээний мөнгө нэхэж, ийм шийдвэр гаргалаа. Их хурлын гишүүн, СЕХ-оос нэр дэвших үнэмлэхээ авсан хүнийг шүүхэд дуудаж, таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь өөрөө хууль бус зүйл. Бид шүүхэд сонгууль дууссаны дараа шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Таслан сэргийлэх арга хэмжээ авчихсан байгаа энэ үед дээд шүүх, ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхгүй. Ийм илт хууль зөрчсөн үйлдэл гаргаж, улс төрийн явуулга хийж байна” гэж байсан бол, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Өнөөдөр Монголын шүүх ямар нэгэн зорилготой намайг буруутгаж байна. Намайг шалгаж байгаа байцаагч нэг ч удаа байцаагаагүй. Би Засгийн газрын 90 дүгээр тогтоолоороо Сэлэнгэ аймгийн Ноён уулыг улсын хамгаалалтад авсан. Харин одоогийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан цаазтай газрын харьяалалтай болгосон. Үүний дараа 91 дүгээр тогтоолоор Тост тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авлаа. Өмнө нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед тусгай хамгаалалтад авсан байсан ч 630 мянган га газрыг л хамруулсан байсан. Харин би уг тогтоолоороо 740 мянга га болгосон. Ингээд энэхүү тогтоолуудаа эрх зүйн хувьд баталгаатай байлгах үүднээс 256 дугаар тогтоолыг гаргасан юм. Уг тогтоол нь хамгаалалтад авсан газруудын үйл ажиллагаа явуулж буй уул, уурхай лиценз эзэмшсэн ААН байгууллагуудыг цуцлах шийдвэр гаргасан юм. Ингэхийн тулд тэдгээр байгууллагуудад мөнгө эсвэл, дүйцүүлэх газрыг олгох сонголтыг тавьсан. Энэхүү тогтоол гарч байж миний өмнөх тогтоолууд хүчин төгөлдөр хэрэгжих учраас бүх байгууллагын лицензийг цуцалсан юм. Энэхүү лицензээ цуцлуулж, мөнгө эсвэл газар авах байгууллагын жагсаалтад надтай холбоотой ямар ч аж ахуй нэгж, байгууллага байхгүй. Өмнө нь “SJS” гэдэг компани хайгуул хийгээд байгалийн баялаг байхгүй байна гээд улсад буцааж өгсөн нэг газар байдаг. Энэ газарт манай дүү хайгуул хийгээд бас л улсад буцааж өгсөн. Ямар ч ашиг орлого олоогүй байхад энэ мэт үйлдлээр намайг буруутгаад байна. Би Ерөнхий сайд байсан хүн. Монголын эрдэнэс баялаг хаана байгааг бүгдийг нь мэднэ. Гэхдээ миний аав надад “Хэзээ ч уул уурхайгаар битгий оролдож байгаарай, алт гэдэг чинь дэлхийн судас, мод битгий огтол, тэр чинь дэлхийн уушги нь шүү” гэж амьд сэрүүн байхдаа захиж байсан. Яагаад өнөөдөр хоёр төрлийн хууль зөрчиж байж намайг буруутгаад байгааг ойлгохгүй байна” гэж мэдэгдэж байлаа.
Тэгвэл шүүхийн
тайлбар нь энэ
“Шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 00 минутад зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн шүүгдэгч Б.Отгонбаатарын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, түүнчлэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс буюу хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүн таслах ажиллагааг зохих ёсоор хүндэтгээгүй, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт авсан хязгаарлал тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ” гэсэн байна.
Гавьяат хуульч Ж.Бямбадорж: Ж.Эрдэнэбатыг нэн даруй
суллаж, уучлалт гуйх хэрэгтэй
Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан, Монгол Улсын гавьяат хуульч Ж.Бямбадорж “Ардчилсан Монгол Улсад хүний эрхийг уландаа гишгэж, шүүгч, шүүхийн нэр хүндийг гутаасан үйлдлийг эсэргүүцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрхэд шүүхийн байгууллага халдсан анхны тохиолдол энэ боллоо. Шүүхээс өөрийгөө хамгаалсан үндэслэлгүй тайлбар хийж байна. Зарим шүүгчийн энэ хууль бус шийдвэрт Н.Номтойбаяр нарыг хамрууллаа.
Шүүхээс Эрүүгийн хуульд заасан торгох ялаас хэдэн арав дахин их барьцааны мөнгө нэхэж байна. Шүүх хууль бус ажиллагаагаа хамгаалж, шүүхээс дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж мэдэгдлээ. Ээлжит сонгуулиар нэр дэвшигчид маш давчуу хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийдэг. Энэ тохиолдлоос өөр ямар хүндэтгэн үзэх шалтгаан байх юм. Харин ч нэр дэвшигчийг хорлосон үйлдэл хийлээ. Ж.Эрдэнэбатыг нэн даруй суллаж, уучлалт гуйх. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог цахимаар хуралдуулж дүгнэлт гаргах. Шүүхийн хууль бус үйлдлээс болж Монгол Улсад улс төрийн болон, эдийн засгийн хориг ирэх вий гэж айж байна” гэсэн юм.
ШУ-ны гавьяат С.Нарангэрэл: Монголын шүүх шударга биш болсны тод баримт
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг баривчлан хорих шүүгчийн захирамж гарсан нь хэрээс хэтэрсэн шударга бус бөгөөд улс төрийн дээрээсээ ирсэн захиалгыг Монголын шүүгчид хэрхэн яаж биелүүлдэг, Монголын шүүх яаж шударга биш болсны нэг тод баримт болж түүхэнд үлдэнэ гэж хуульчийн хувьд, эрдэмтний хувьд үзэж байна. УИХ-ын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуулиар халдашгүй эрхтэй. Халдашгүй эрх гэдэг бол улс төрийн хувьд хэлмэгдэх вий гэдгээс болгоомжилсон дэлхий нийтийн жишиг эрх. Мөн анхны барьцаа гэж 10 тэрбум төгрөгийн асуудлыг ярьсан юм билээ. Энэ мөнгө бол хэмжээлшгүй их мөнгө. Эгэл жирийн иргэний хувьд энэ бол сэтгэлд нь буухааргүй том мөнгө. Тэр тусмаа их хурлын гишүүн, Ерөнхий сайдаар ажилласан төрийн хүн 10 тэрбумыг бариад шүүхэд өгчих мөнгө биш, тэр хүнд ч тийм мөнгө байхгүй. Магадгүй Ерөнхий сайд байсны хувиар танил тал, найз нөхдөөсөө гуйлга гуйгаад бүрдүүлээд өгчихсөн бол эх сурвалжаа хэл гээд л хорьчихно. Дээр нь Сонгуулийн тухай хуульд сонгуульд нэр дэвшээд үнэмлэхээ авсан хүмүүс хамгаалалтад орчихдог. Ийм хүнийг хорьж байна гэдэг бол сонгогчдын сонгох эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Нэмээд хэлэхэд шинээр бүрэлдэх их хурал Монголын шүүхийг шударга, хараат бус, бие даасан болгох тал дээр онцгой анхаарах ёстой цаг үетэй бид золголоо. Энэ бол зөвхөн Ж.Эрдэнэбат гишүүнтэй ч холбоотой асуудал биш, жирийн иргэдтэй хамаатай гэдгийг цохон хэлье” гэжээ.
Ийм бужигнаан хуулийн хяналтын байгууллагын эргэн тойронд болсон ч эцсийн дүндээ Сэлэнгэ нутгийн сонгогч түмэн Ж.Эрдэнэбатад дахин итгэл үзүүлж, төрийн түшээ болгохоор саналаа өгч дэмжлээ. Ер нь Ж.Эрдэнэбат 2012 оноос хойш Сэлэнгэчүүдийн төлөөлөл болсоор өдийг хүрсэн хүн. Түүний хувьд албан тушаалд одтой ч, очсон улс төрийн албан тушаал бүр нь богино настай байдаг. Яагаад ингэж хэлэх болов гэхээр Сангийн сайдаар найман сар ажилласан. Дараа нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН олонх болсноор Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилсон ч, албан тушаал нэг жилийн настай л байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг гурван үндэслэлээр огцруулсан байдаг. Үүнд нэгд, Засгийн газрын нэр бүхий гишүүдийн шууд болон шууд бус хамаарал бүхий компаниудтай концессын гэрээ хийсэн, хоёрт, Хүүхдийн мөнгөний урт хугацаанд тогтвортой олгох нөхцөлийг хааж, иргэдийн итгэлийг алдсан, гуравт, Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдуулсан гэх шалтгаанаар түүний тэргүүлсэн Засгийн газрыг унагаж байсан түүхтэй.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН