Хүн болж төрсний нэг учир шалтгаан нь үр хүүхдээ үзэж, үргэлжлэлээ үлдээх гэж ойлгодог. Элэг зүрхнээс хайр ундраах энхрий үрс минь бидний амьдралыг учир утгатай болгож, үүрэг хариуцлагыг аяндаа ухамсарлуулдаг. Хүүхдийн инээд цалгисан орчин хэчнээн гэрэл гэгээтэй байдаг билээ. Хүүхдийн баясгалант дуу хөөр цалгисан газар цэцэг хүртэл сайхан ургадгийг та мэдэх үү. Гэтэл бидний хайраас мэндэлсэн тэр цэцэгсийг тасчин хаядаг, тэрсүүд мунхаг хүмүүс олон байна, өнөөгийн Монголд.
Нээлттэй нийгэм форумын захиалгаар Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн профессор, багш нар бага насны хүүхдийг хүчиндэх, алах гэмт хэргийн судалгааг Монголд анх удаа хийжээ. Судалгаанд дурдагдсан баримт, анхаарах зүйлсийн талаар олон түмэнд хүргэх нь зүйтэй гэж бодож байна.
УИХ-аас Эрүүгийн хуулийг 2002, 2015 онд шинэчлэн найруулж, 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэ хуульд хүүхдийн эрх ашгийг хамгаалах, ялангуяа бага насны хүүхдийг алах болон хүчиндэх үйлдлийг хүнд, онц хүнд гэмт хэрэгт тооцож, оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоож ирсэн.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд “Бага насны хүүхэд” гэдгийг 14 насанд хүрээгүй хүнийг ойлгохоор хуульчилсан байгаа. ЦЕГ-ын 2019 оны тоон мэдээллээс үзэхэд гэмт хэргийн улмаас 111 хүүхэд нас барсан тоо мэдээ байна. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын байгууллага болох “Хүүхдийг ивээх сан”-гаас жил бүр эрхлэн гаргадаг “Хүүхдийн эрх чөлөөний төлөв байдал” судалгаагаар 2018 онд Монгол Улс 100,000 хүн амд 1.4 хүүхдийн амь нас хохирсон үзүүлэлтээр 176 орноос 76-д оржээ. Уг судалгаагаар гэмт хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирч буй нөхцөл байдалд үндэслэн тухайн улс дахь хүүхдийн аюулгүй байдлын түвшинг тодорхойлдог.Үүнээс харахад 1,2 сая хүүхэдтэй Монгол энэ ирээдүйнхээ төлөө нэг их анхаардаггүй нь харагдаж байх шиг.
Хүүхдийн эсрэг бие махбодын болон бэлгийн хүчирхийллийн талаар хэд хэдэн судалгааны ажил урьд нь хийгдсэн байдаг ч, тэр судалгаанууд нь зөвхөн 18 насанд хүрээгүй хүмүүсийг л хамарч байж. Өөрөөр хэлбэл, бага насны гэж нарийвчилсан судалгаа гарч байсангүй.
Харин энэ удаагийн судалгааны ажил нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн хамгийн ноцтой хэлбэр болох бага насны хүүхдийг санаатай алах тохиолдлыг анх удаа хүчиндэх гэмт хэрэгтэй хамтатган судалснаараа онцлог бөгөөд эдгээр төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, оногдуулсан ялын бодлого, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эсэхэд дүн шинжилгээ хийснээрээ онцлогтой болсон ажээ. Ер нь 14 насанд хүрээгүй хүүхдийг алах болон хүчиндэх үйлдэл хийж байгаа нь тухай этгээдийн ёс суртахууны доройтол, нийгмийн хөгжлийн түвшинг илтгэх үзүүлэлт гэж судалгааны багийнхан үзсэн байна. Өндөр хөгжилтэй улс орнуудад 14 насанд хүрээгүй хүүхдийг алах гэмт хэрэг төдийлөн бүртгэгддэггүй бол харин манай улсад тогтмол бүртгэгдэж байгаа нь анхаарал татсан асуудал болж байна.
Баримт
2015 онд долоон гэмт хэрэгт есөн хүүхэд, 2016 онд хоёр гэмт хэрэгт хоёр хүүхэд, 2017 онд найман гэмт хэрэгт есөн хүүхэд, 2018 онд гурван гэмт хэрэгт гурван хүүхэд, 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар нэг гэмт хэрэгт нэг хүүхэд тус тус хохирсон байна. Үүнээс 2015 онд долоо, 2016 онд нэг, 2017 онд найм, 2018 онд гурван бага насны хүүхэд хохирч, нас барсан байна.
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг харьцангуй ихэсчээ
Судалгаанаас үзэхэд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг бага насны хүүхдийг алах гэмт хэргээс харьцангүй ихээр бүртгэгдэж байна. Тухайлбал, 2015 онд 134 гэмт хэрэгт 139, 2016 онд 140 гэмт хэрэгт 143, 2017 онд 183 гэмт хэрэгт 187, 2018 онд 235 гэмт хэрэгт 238, 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 110 гэмт хэрэгт 112 хүүхэд тус тус хохирчээ. Үүнээс 2015 онд 54, 2016 онд 63, 2017 онд 79, 2018 онд 111 бага насны хүүхэд буюу одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар 14 насанд хүрээгүй хүүхэд хохирсон байна. Жил ирэх тусам өгч байгаа энэ тоо юу өгүүлнэ вэ. Танд нэгийг бодогдуулж, эмзэглэл харуусал төрүүлж байна уу.
Өөрийгөө хамгаалах чадваргүй сургуулийн өмнөх насны болон бага, дунд ангийн сурагчид, нахиалж эхэлж байгаа бяцхан үрс цоморлигоо ч нээж амжилгүй мунхаг нэгний гарын үзүүрт хэлмэгдэж, хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байгаад сэтгэл эмтрэхгүй байх аргагүй.
Хэрэгтэнд оногдуулах ялын хэмжээг бууруулсан байна
2002 оны Эрүүгийн хуульд хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд оногдуулах хорих ялын хэмжээг 5-10 жил байсныг 2-8 жил болгон ялын дээд болон доод хэмжээг бууруулжээ. Мөн онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүнд 15-25 жилийн хугацааг 12-20 жил болгон цаазын ялыг халж, бүх насаар нь хорих ял оногдуулахаар тусгасан байдаг. Эндээс үзэхэд, хорих ялын хэмжээг зөөлрүүлсэн нь илт харагддаг юм. Улсын Дээд шүүхээс гаргасан судалгаанаас харахад 2012-2018 онуудад анхан шатны шүүх хүчиндэх гэмт хэргийг нийт 1695 хүнд холбогдох 1441 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн 2018 онд шийдвэрлэсэн хүчингийн хэрэг, ял шийтгүүлэгчийг 2012 оны мөн үетэй харьцуулахад өссөн байдаг.
Сүүлийн зургаан жилийн дүнгээс үзэхэд бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг нийт хүчингийн гэмт хэргийн 31.4 хувь, ял шийтгүүлэгчийн 28.3 хувийг эзэлж байгаа нь анхаарал татах, түүнчлэн цаашид онцгой анхаарал хандуулах асуудал болжээ гэдгийг ямар нэг тайлбаргүй хэлээд өгнө. Хүчиндэх гэмт хэргийн 33 хувь нь бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн байна.
Судалгааны баг нийт 108 хэргийг түүвэрлэн судалжээ
Энэ төрлийн гэмт хэргийн ялын бодлогод дүн шинжилгээ хийх зорилгоор бага насны хүүхдийг алсан 40, бага насны хүүхдийг хүчиндсэн 68, нийт 108 шүүхийн шийтгэх тогтоолыг түүвэрлэн судалжээ. Шүүхээс таслан шийдвэрлэсэн хүчиндэх гэмт хэргийн ялын бодлогыг өмнөх Эрүүгийн хуультай харьцуулан үзвэл, нэг удаагийн үйлдлээр хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан хорих ялын бодлого 4.7 жилээр суларсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн хүнд оногдуулсан хорих ялын бодлого 1.5 жилээр чангарсан, удаа дараа хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан хорих ялын бодлого 3.7 жилээр суларч, бүх насаар хорих ял оногдуулаагүй, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэж хүчиндсэн хүнд оногдуулсан хорих ялын бодлого 6.3 жилээр, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулсан хорих ялын бодлого 4.4 жилээр тус тус чангарсан байна. Нийт оногдуулсан ялын бодлогыг авч үзвэл, хорих ялын бодлого 0.7 жилээр чангарсан, цаазаар авах ялын оронд хэрэглэхээр хуульчилсан бүх насаар хорих ялыг хэрэглээгүй байна.
Судалгааны багийн дүгнэлт дээр нэмж хэлэхэд, 13 настай охиныг хүчиндэж амийг нь хороосон хэрэг хоёр жил гаруйн хугацаанд шалгагдаж, гурван шатны шүүхээр хянагдаж, хуульд заасан журмын дагуу зохих ял шийтгэлээ авчээ. Ингэхдээ тэр бүр шүүхээс ногдуулаад байдаггүй бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна. Энэ нь бага насны хүүхдийг хүчирхийлж, амь насыг нь бүрэлгэсэн алуурчдад төрийн гэсгээлийг үзүүлсэн, ийм үйлдэл хийхийг санаархагчдад анхааруулга болсон шийдвэр юм.
Бага насны хүүхдийг алах гэмт хэрэгт оноох ял ч буурсан
Бага насны хүүхдийг алах гэмт хэрэг үйлдэж, 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн хэрэгт дунджаар 22.2 жилийн хугацаагаар хорих эсвэл цаазаар авах ял оногдуулж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт дунджаар 14.2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байгаа нь өмнөх хуультай харьцуулахад ялын бодлого 7.9 жилээр зөөлөрсөн байна.
Судалгаанаас үзэхэд, бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэргийн шалтгаан, нөхцөл нь нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн таагүй орчин, хоёрдугаарт, эцэг эхийн хараа хяналт сул байдал, гуравдугаарт, хүүхэд хамгааллын тогтолцоо бүрэн бүрдэж, үйл ажиллагаа нь жигдрээгүй, дөрөвдүгээрт, ахуйн хүрээний архидалт, тавдугаарт, нийтийн сүлжээний хяналтгүй байдал, зургадугаарт, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, долдугаарт хохирогчийн гэнэн итгэмтгий зан зэрэг багтдаг байна.
Тухайлбал, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 38.2 хувь, хүүхдийг алах гэмт хэргийн 40 хувь нь хүүхэд өөрийн амьдардаг гэртээ халдлагад өртсөн бол бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 30.9 хувь, бага насны хүүхдийг алах гэмт хэргийн 27.5 хувь нь хамаатан садан, эцэг, эхийн найзын гэрт халдлагад өртжээ.
Судалгаанаас үзэхэд, өөрийн төрсөн хүүхдээ хүчиндсэн тохиолдол 2.9 хувь, төрсөн хүүхдээ алсан тохиолдол 42.2 хувийг тус тус эзэлж байна. Харин дагавар хүүхдээ хүчиндсэн тохиолдол 19.1 хувь, төрөл, садангийн хүний хүүхдийг хүчиндсэн тохиолдол 17.6 хувийг эзэлж байгаа бол дагавар хүүхдээ алсан тохиолдол 15 хувь, төрөл, садангийн хүний хүүхдийг алсан тохиолдол 12.5 хувийг тус тус эзэлж байна. Тухайлбал, гэр бүл салж, хоёр дахь амьдрал зохиосонтой холбоотойгоор дагавар хүүхдээ үзэн ядаж удаан хугацаанд зоддог байснаас хүүхдийг алсан тохиолдол 25 хувь, өөрийн төрсөн хүүхэд биш гэсэн шалтгаанаар бага насны хүүхдийг хүчиндсэн тохиолдолд 40.2 хувийг эзэлж байна.
Гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг нуугдмал шинжтэй байгаа нь гэмт хэрэг давтан үйлдэгдэх, удаан хугацаанд үргэлжлэх шалтгаан, нөхцөл болдог.
Ийм гэмт хэргийг хэн үйлддэг вэ?
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 98 орчим хувийг эрэгтэй, бага насны хүүхдийг алах гэмт хэргийн 55 хувийг эрэгтэй, 45 хувийг эмэгтэй хүн үйлдсэн байна. Мөн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүний 50.0 хувь, бага насны хүүхдийг алах гэмт хэрэг үйлдсэн хүний 62.5 хувийг 19-30 насны хүн эзэлж байгаа бол 51-74 насны хүмүүс бага насны хүүхдийг хүчиндсэн тохиолдол 12 орчим хувь байна. Харин бага насны хүүхдийг 51-ээс дээш насныхан алсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Судалгаанаас үзэхэд, бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүний 90 орчим хувь нь бүрэн дундаас доош, 53 хувь нь бүрэн бус дундаас доош боловсролтой, 85 орчим хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 70 орчим хувь нь орон нутагт төрж, өссөн, 16 орчим хувь нь урьд нь ял шийтгэгдэж байсан хүмүүс байна.
Харин бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 90 орчим хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагддаг, сэтгэц, бие махбодын хувьд эрүүл, хүчиндэх гэмт хэргийн хувьд 13-14 насны хүүхэд халдлагад өртсөн тохиолдол 75 орчим хувь, хүүхдийг алах гэмт хэргийн хувьд 8-10 насны хүүхэд хохирсон тохиолдол 85 хувь, энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын хамгийн бага нь 1 настай хүүхэд байна. Мөн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 95 орчим хувь эмэгтэй хүүхэд байхад хүүхдийг алах гэмт хэргийн хувьд 65 орчим хувь мөн эмэгтэй хүүхэд байгаа юм.
Мэргэжлийн багийнхны гаргасан судалгаа ийм байна. Бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгтэнд цаазын ял оноох санаачилгыг Ерөнхийлөгч Х.Баттулга гарган холбогдох хуульд нэмэлт оруулахаар Хууль зүйн яаманд 2017 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр санал хүргүүлж байжээ. Харамсалтай нь, Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг Хууль зүйн яамнаас дэмжээгүй бөгөөд , ямар нэг санаачилга гаргалгүй өдийг хүрээд байгаа.
“Амнести” олон улсын хүний эрхийн байгууллагын тайланд тусгаснаар 2018 онд цаазын ялтай улс орнууд 690 орчим хүнийг цаазалснаас 145 нь хүүхдийн хүчирхийлэл үйлдэгчид байжээ. Энэтхэг улс зөвхөн хүүхдийн хүчирхийлэгчдэд зориулж цаазын ялыг сэргээхээр хууль боловсруулж байгаа нь дэлхийд анхдагч жишээ болоод байгаа юм. Энэ бүхнээс санаа авч, эргэн тойрноосоо сургамж авч, балчир үрсээ хамгаалах ажилд ханцуй шамлан орох цаг болжээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН